| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0056/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Х.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 61
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч: Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Ц од холбогдох 1826000290040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Г.Ц
Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хорооллын 03-07 тоот хашааны гадна талд байрлуулсан өөрийн эзэмшлийн 81-90 УНВ улсын дугаартай хар өнгөтэй, Тоёота Камри автомашиныг хулгайд алдсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би тухайн үед эхнэртэйгээ маргалдсан байсан. Эхнэр сална гээд машинаа унаад гарсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз утсаар яриад чи хот явах гэж байгаа юм уу? гэхээр нь би тэр үед тоглоод байна гэж бодоод ажил дээрээ очсон. Тэгтэл манай эхнэр хүнээр машинаа унуулаад Улаанбаатар хот явах гэж байна гэсэн мэдээлэл надад ирсэн. Би 2 хүүхэд, өвчтэй эх, бас хадам эх болон сэтгэцийн өвчтэй хүүхдийг нь хардаг. Тухайн үед ар гэрээ гэх өвчтэй болон хүүхдүүдээ асрах гээд сэтгэл санаа бухимдуу ажлаа ч хийхэд хүндрэлтэй байсан болохоор цагдаагийн газарт машинаа хулгайд алдчихлаа гэсэн худлаа дуудлага өгсөн. Өвлийн цаг байсан болохоор буцааж авчрах гэж л ийм үйлдэл хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж ийм гэмт хэрэг үйлдсэн. Гэрчээр худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Ингээд хэлчихвэл эргүүлээд аваад ирэх байх гэж бодсон. Цаашид анхаарч амьдрах болно. Миний буруу гэв.
Шүүгдэгч Г.Ц 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед ажил дээрээ очиж байж байгаад охины төрсөн өдөр болж байсан учир гэртээ 09 цаг өнгөрч байхад буцаж ирсэн. Тэгээд би гэрийнхээ хашааны үүдээ хаагаад машинаа баруун зүгт харуулж тавьчихаад гэртээ ороод 11 цаг болох гэж байхад ажил руугаа явах гээд гараад иртэл миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ манай найз нар унаад явчихсан юм байх гэж бодоод ажил руугаа алхаад очсон. Тэгтэл 13 цаг 16 минутын үед манай дүүгийн 91188177 дугаарын утаснаас манай найз Батбаатар гэх залуу залгаад чи хаашаа явж байгаа юм бэ? Хот руу гарч яваа юм уу? гэхээр нь би үгүй ээ, сумандаа байна гэхэд чиний машин надтай Ягаан толгойн засмал зам дээр зөрлөө гэсэн. Тэгэхээр нь би найзыгаа надаар тоглоод худлаа ярьж байгаа юм болов уу гэж бодож байгаад 15 цаг болох гэж байхад Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар руу залгаж мэдээлэл өгсөн. Гэрчээр мэдүүлэхдээ миний машины түлхүүр машин дотор ажлын хувцасны энгэрийн карманд байдаг. Би түлхүүрээ чиптэй учир машиндаа ороод старт дараад машин асчихдаг учир нэг их машинаасаа холддоггүй. Тухайн үед бол би машинаа хашааны гадна үлдээгээд машин дотроо түлхүүрээ үлдээж машинаа түгжээгүй байсан. Хар өнгийн Камри маркийн 2007 онд үйлдвэрлэсэн 2015 онд Монголд орж ирсэн 81-90 УНВ улсын дугаартай автомашин байгаа. Би эхнэрээсээ салаад 10 орчим хонож байна. Манай салсан эхнэр хүн явуулж миний автомашиныг хулгайлсан гэж бодож байна гэж мэдүүлэг өгсөн.
Шүүгдэгч Г.Ц 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Г.С тэй гэр бүлийн маргаан болсон. Тэгтэл миний эзэмшлийн Гантогоо гэх хүний нэр дээр байдаг, 81-90 УНВ улсын дугаартай, хар өнгийн Тоёота Камри маркийн автомашиныг бичиг баримтын хамт надаас аваад сална гээд унаад явсан. Тэгээд өчигдөр 13 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймагт айлд орж ирээд нэг залуугаар машинаа унуулчихсан хот руу явлаа гээд гарсан гэж Цагаанаа гэх С-н дүү залгаад хэлсэн. Тэгэхээр нь би машинаа эхнэр С ээс авахын тулд Цагдаагийн байгууллага руу залгаж постон дээр зогсоолгохын тулд машинаа сая алдчихлаа гэж худал мэдээлэл өгсөн. Би цагдаагийн байгууллагад худал мэдээлэл, мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна. Манай эхнэр Г.С өөрөө тухайн үедээ би бага хүүхдээ өөр дээрээ авна. Улаанбаатар хотод очиж ажил хийнэ гээд байсан. Тэгэхээр нь би хүүхдээ өгөхгүй, чи болохгүй бол машинаа аваад явдаа л гэж хэлсэн. Би машинаа аваад яв гэсэн нь үнэн. Би эхнэрийгээ хот руу явуулахгүй машинаа авахын тулд цагдаад машинаа алдчихлаа гэж худал мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. /хх-ийн 8-11 хуудас/,
Гэрч Д.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний болон 10-ны өдрүүдэд миний машинд сууж ажил дээр ирээд байгаа. Хэзээнээс машин нь байхгүй болсон талаар мэдэхгүй. /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос амралтаараа Өвөрхангай аймгийн Уянга суманд 12 цагийн үед ирсэн. Тэгтэл тухайн үед Г.Ц ах гэртээ байхгүй байсан ба намайг орж ирснээс хойш 20-30 минутын дараа гэртээ орж ирээд ах нь машинаа алдчихлаа, сая аймагт явж байна гэж манай найз ярьж байна, утас нь холбогдохоо больчихлоо тэгэхээр нь чиний утасны дугаарыг өгчихлөө, чи Батбаатар гэж хүн миний утсаар ярьсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй цагдаагаас залгахаар нь би намайг аймагт Б ахтай явж байхад Батбаатар ах миний утсаар яриад байсан. Г.Ц ахын машиныг аймагт харлаа гэж байсан гэж цагдаад утсаар ярьсан. Ц ах тэгж хэлээрэй гэж хэлсэн ба би тухайн үед бол машинаа алдсан юм байх л гэж бодож хэлсэн. Сүүлд нь би үнэн бодит байдлыг мэдсэн. Г.Ц ах эхнэр Г.С тэйгээ хэрэлдэж маргалдаад эхнэр нь машинаа унаад бичиг баримтуудаа бүгдийг нь аваад явсан гэж хүүхдүүд нь надад хэлсэн. /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Г.Ц той хэрэлдээд нөхөртөө уурлаад нар жаргаж байх үед машинаа аваад Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг Азжаргал гэх эмэгтэйн гэрт нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл байж байгаад өглөө 10 цаг болж байх үед машиндаа бензин хийгээд гэртээ очиж 2 хүүхэд дээрээ орчихоод аймаг руу ганцаараа гараад явсан. Намайг гэрээрээ орох үед Г.Ц байхгүй байсан ба ажил руугаа явсан байсан. Машин унаад гарсныг Г.Ц мэдсэн. Тээврийн хэрэгслийг одоогоос 2 жил орчмын өмнө авч байсан. Тухайн машиныг манайх нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа. /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би болсон хэргийн талаар мэдэхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой манай гэрт манай найз Г.С машинаа унаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад нөхөртэйгөө муудчихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд манайд 3 хоночихоод 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манайхаас аймаг явлаа гээд гарсан. Манайд байх хугацаандаа ч гэсэн өдөр нь машинаа унаад л гардаг байсан. Тэгээд орой нь ирж хоночихоод байдаг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө гарснаас хойш манайхаар дахиж ирээгүй. /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 81-90 УНВ улсын дугаартай автомашиныг 2013 онд Улаанбаатар хотоос худалдаж аваад өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй Гантогоо гэх найзынхаа нэр дээр Улаанбаатарын дугаартай авч байсан. Тухайн автомашиныг худалдаж авах үедээ Өвөрхангай аймгийн дугаар авахгүй гэж Улаанбаатар хотод хаягтай Д.Г гэх найзынхаа нэр дээр дугаар авч байсан. Одоо тухайн машин Г.Ц гэх хүний эзэмшилд байгаа ба би 2016 оны 09 дүгээр сард зарсан. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр байгаа нэрийг нь шилжүүлээгүй байгаа. Г.Ц гэх хүнд тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр зарж бүх тооцоог авч дуусгасан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн өглөг, авлага байхгүй. /хх-ийн 25-26 хуудас/,
Шүүгдэгч Г.Ц ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/185 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36, 38 хуудас/,
Шүүглэгч Г.Ц ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хорооллын 03-07 тоот хашааны гаднаас өөрийн эзэмшлийн 81-90 УНВ улсын дугаартай хар өнгийн Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг хулгайд алдсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Ц ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Д.Чанцалын Г.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний болон 10-ны өдрүүдэд миний машинд сууж ажил дээр ирээд байгаа. Гэрч *******гийн Г.Ц ах гэртээ орж ирээд ах нь машинаа алдчихлаа, сая аймагт явж байна гэж манай найз ярьж байна, утас нь холбогдохоо больчихлоо тэгэхээр нь чиний утасны дугаарыг өгчихлөө, чи Батбаатар гэж хүн миний утсаар ярьсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй цагдаагаас залгахаар нь би намайг аймагт Батбаатар ахтай явж байхад Батбаатар ах миний утсаар яриад байсан. Г.Ц ахын машиныг аймагт харлаа гэж байсан гэж цагдаад утсаар хэлсэн. Г.Ц ах эхнэр Г.С тэйгээ хэрэлдэж маргалдаад эхнэр нь машинаа унаад бичиг баримтуудаа бүгдийг нь аваад явсан гэж хүүхдүүд нь надад хэлсэн. Гэрч Г.С ийн намайг гэрээрээ орох үед Г.Ц байхгүй байсан ба ажил руугаа явсан байсан. Машин унаад гарсныг Г.Ц мэдсэн. Гэрч Г.Азжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 06-ны орой манай гэрт манай найз Г.С машинаа унаж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад нөхөртэйгөө муудчихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд манайд 3 хоночихоод 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манайхаас аймаг явлаа гээд гарсан. Гэрч *******ы одоо тухайн машин Г.Ц гэх хүний эзэмшилд байгаа. Би 2016 оны 09 дүгээр сард зарсан гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Г.Ц од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Г.Ц ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Г.Ц од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Г.Ц ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц од 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Г.Ц од оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ц од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ