Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/673

 

 

 

 

  2024             06             06                                         2024/ДШМ/673

 

    Т.Н д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч Г.Баттогтох,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр эсэргүүцлээр Т.Н д холбогдох 2305 03674 0229  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Н  нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчмоос таксинд сууж, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн урд талын зогсоолд хүргүүлэхдээ тухайн таксины жолооч болох хохирогч Т.Г ийг “манай гэрийнхэнд миний архи уусныг хэллээ” гэж уурлан улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Т.Г ий гарт байсан утсыг булаан авч, улмаар шидэж дэлгэцийг нь хагалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокуророос: Т.Н н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Төмөрдаваагийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Н д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Г  нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Цэнгэлбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:  “...Хэрэгт авагдсан баримтаар Т.Н  нь хохирогчийн нүүр лүү цохиж, гарт нь байсан гар утсыг булааж, улмаар шидэж гэмтээсний улмаас дахин ашиглаж хэрэглэх боломжгүй болгосон, зарим эд хөрөнгийг сэргээн засварлах шаардлагатай болгож, үүний улмаас хохирогчид бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан болох нь хохирогч Т.Г ы эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө 01:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар сургуулийн орчимд хоёр хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь аваад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн хажууд байрлах байранд ирсэн. Тухайн иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор гэрийн хаягаа зааж өгч чадахгүй байна хаана хүргүүлэхээ мэдэхгүй байхаар автомашин дотор орилж хашхираад явсан. Гэрийн хаягаа зааж өгч чадахгүй байхаар нь өөрөөс нь сайн асууж байгаад ****  гэсэн дугаар өгөхөөр нь холбогдоход тухайн таксигаар үйлчлүүлж байсан хүний эхнэр байсан тул гэрийн хаягаа зааж өгөөд хүргэж өгөх үед манай эхнэрт яах гэж хэлсэн юм гээд уурлаад миний хамар хэсэг рүү цохисон болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Намайг автомашинаас буух үед миний гар утсыг булааж авч шидээд нүүр хэсэг рүү цохисон. Миний гар утас эвдэрсэн байна.

Таксигаар үйлчлүүлж байсан 60 орчим насны эрэгтэй хүн миний эхнэрт хэлсэн байна гэж хэлээд уурлаад миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохихоор нь машинаасаа буух үед цохисон хэсэгтээ дахиад гараараа нэг удаа цохисон. ...Миний хамраас цус ихээр гарч байна. Хамар дотогшоо чихэгдсэн байдалтай миний толгой ихээр өвдөж байна. Би гомдолтой байна. Надад учирсан хохирлоо барагдуулмаар байна. Миний гар утсыг авч шидсэн. Эвдсэн гар утасныхаа хохирлыг барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн гэрч А.А ийн "...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ний шөнө унтаж байхад ирсэн хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Гафурөн нь таксинд хүн аваад гэрт хүргэж өгсөн настай хүн хамар луу цохиод утас аваад шидсэн гээд утас нь асахгүй дэлгэц хагарсан байсан. Гафурөн ах толгой өвдөөд байна гэхээр нь би халуун буулгах эм өгөөд унтуулсан. Гафурөн ах удалгүй хөдөө яваад ирэхээр нь та утсаа яасан гэж асуухад дэлгэцийг нь янзлуулаад зарсан гэж байсан. Өөр сайн зүйл сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-723/7934 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Гэвч шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргахаар байхад хохирогч бусад хөндлөнгийн гэрчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь хэсэг 2.5 дахь заалтад заасан “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийн яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулга” -ыг тусгана гэж заасан байхад яллах дүгнэлтэд дурдсан дээрх яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Н н өмгөөлөгч Ц.Батбэх давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг хуульд заасан арга хэлбэрээр бэхжүүлсэн нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь цаг хугацааны болон хууль зүйн үр дагаврын хувьд хууль зөрчсөн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, түүний удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй гээд тухайн хэрэгт ихээхэн зөрчлүүд байсан.

Гэхдээ прокурорын нотолсон гэж үзэж байгаа бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн үйлдлийн тухайд хохирогч гар утсаа яллагдагчийн ямар үйлдлийн үр дүнд эвдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй байна. Хохирогч анх цагдаагийн байгууллагад хандаж мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө гар утсаа эвдүүлсэн талаар огт дурдаагүй байдаг. Яллагдагчид хуульд заасан эрхийг нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан хэр нь түүнээс 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэг авч хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл нь бусдын эд хөрөнгийг устгасан уу, аль эсвэл эвдэлсэн үү гэдгийг ялгаж зааглаж тогтоох, цаашлаад энэ эд зүйл нь хууль бус, эд зүйлийг устгах гэмтээх санаатай ямар үйлдлийн улмаас эвдэгдсэнийг тогтоохыг зүй ёсоор шаарддаг. Гэвч энэ асуудал энэ хэрэгт огт шалгагдаагүй.

Эд зүйлээ хэрхэн эвдүүлснээ хохирогч зөрүүтэй мэдүүлж мэдүүлэг өгсөн, түүний биед учирсан гэмтлийг ч хэдэн удаа ямар үйлдлийн үед гэмтэл учруулснаа зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг дээр бичигдсэн байгаа. Хохирогчийн хэдэн сарын зайтай мэдүүлэг цэг, таслалгүй адилхан байгаа нь нотлох баримтын эргэлзээг бий болгож байна.

“...намайг авто машинаас буух үед миний гар утсыг булааж авч шидээд нүүр хэсэг рүү цохисон...” болон “...миний хамар руу цохихоор нь би буугаад хамраа бариад байж байтал миний гар утсыг булааж аваад шидсэн...” гэдэг үйл баримт нь хоорондоо зөрүүтэй байна. Энгийнээр бол хамраа бариад байж байгаа хүний гараас гар утас булаах үйлдэл яаж хийгдэх вэ?.

Яллагдагч өөрөө тухайн цаг хугацаанд хэрхэн цохисноо санадаггүй, гэхдээ хохирогчийн гомдолтой байдлыг ойлгож хохирлыг барагдуулсан хандлагыг ашиглан хууль зүйн зөвлөгөө аваагүй, мэдэхгүй байдлыг нь далимдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гарсан байдгийг нь хэргийн материалаас харах боломжтой.

Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, яллагдагчийн гэм бурууг тогтоох хуульд заасан арга хэрэгслийг харвал яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэж зөвшөөрснөөр хэргийг нотолсон гэж дүгнэх, өөрөөр нь хэргийг нотлуулахыг хориглодог.

Эд хөрөнгийг устгасан эсхүл эвдэлсэн талаар нотлох баримтгүй тул тохирох хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Хохирогч мэдүүлгээрээ эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн гэж прокурор эсэргүүцэлдээ бичжээ. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа нотлох баримтын эх сурвалжийг нь зааж тогтоосон бол үнэлж нотлох баримтаар тооцох асуудал байдаг. Үүнд мэдүүлэг ч хамааралтай. Харин хохирогчийн мэдүүлэгт ямар үйл баримтын талаар дурдаад тэр дурдагдсан үйл баримтын нотлох баримт нь байхгүй бол эх сурвалж нь тодорхойгүй гэж тооцдог. Энэ ойлголтыг зөрүүтэй тайлбарлаж байгааг зориуд дурдаж байна. Хохирогч болон түүний дүүгийн мэдүүлэг нь ямар нотлох баримттай уялдаж, нотлох баримтаар батлагдсан гэдэг нь хэрэгт байхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Н н өмгөөлөгч Г.Баттогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэж байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгийг үндэслэж шийдвэрээ гаргасан. Прокурорын эсэргүүцэлд утастай холбоотой асуудлыг шүүх дүгнээгүй гэсэн байна. Хэрэгт байхгүй баримтыг шүүх дүгнэх боломжгүй. Хэрэгт утас авагдаагүй, түүнийг эвдсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар хохирогчийн дүүгийн мэдүүлгээр нотлогдож байна гэж ярьж болохгүй. Мэдүүлэг нь нотлох баримтаа заах ёстой гэж үзэж байна. Утас нь хэрэгт авагдаагүй, эвдэрсэн эсэх нь мэдэгдэхгүй байхад утсанд нь гэмтэл учирсан, энэ талаар шүүх шийдвэрлэх ёстой гэж байгаа нь буруу. Иймээс анхан шатны шүүх тус хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Прокуророос хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар юу өөрчлөгдөх нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан баримтууд тодорхой байна. Эдгээрийг дахиж нөхөж хийх гээд байна уу, эсхүл ямар ажиллагаа явуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Иймд прокурорын эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Н г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Н г 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн хэдий ч Т.Н г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Т.Н н үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Т.Г ы “...манай эхнэрт яах гэж хэлсэн юм гээд уурлаад миний хамар хэсэг рүү цохисон. Намайг авто машинаас буух үед миний гар утсыг булааж авч шидээд нүүр хэсэг рүү цохисон. Миний гар утас эвдэрсэн...” гэсэн, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А.А ийн “...шөнө унтаж байхад ирсэн ба хэдэн цагт ирснийг нь санахгүй байна. Таксинд хүн аваад гэрт нь хүргэж өгсөн настай хүн хамар руу цохиод утас аваад шидсэн гээд утас нь асахгүй, дэлгэц нь хагарсан байсан. Гафурөн ах толгой өвдөөд байна гэхээр нь би халуун буулгах эм өгөөд унтуулсан. Гафурөн ах удалгүй хөдөө яваад ирсэн ба ирэхээр нь та утсаа яасан гэсэн чинь дэлгэцийг нь янзлуулаад зарсан...” гэсэн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-723/7934 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр Т.Н  нь хохирогч Т.Г ы гар утсыг гэмтээсэн болох нь нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ тодорхой заагаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч Т.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/298 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.МӨНХӨӨ

                                   ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА

                                   ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ