| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2025/0029/З |
| Дугаар | 122/ШШ2026/0004 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 122/ШШ2026/0004
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд би, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдоос ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0723323 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ******* аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Соронзонболд би, ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илрүүлсэн “...“******* *******” ХХК нь мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөн...” гэх зөрчлийн талаарх 07 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч “******* *******” ХХК-д 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан 0723323 дугаартай шийтгэлийн хуудсыг хянав.
Дээрх гомдол, мэдээлэлд Мал эмнэлгийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08-03-03/180-07 дугаартай хяналт шалгалтын удирдамж, холбогдогчийн мэдүүлэг, ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/22 дугаартай тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд цугларчээ.
Цугларсан баримтуудад дүгнэлт хийхэд Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт баталгаажуулалтын газрын дарга, улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08-03-03/180-07 дугаартай “Мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээний гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгуулах тухай” төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болох “******* *******” ХХК-ийн бруцеллёз өвчний дархлаажуулалтын материалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/22 дугаартай “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулах тухай” тушаалын 2 дахь заалтад “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад охин тугал, хурга, ишгийг хамруулах ажлыг багийн Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд тус тус үүрэг болго”-гэснийг зөрчиж 51 өрхийн 3818 толгой төл малыг эр, эмгүй вакцинжуулсан, тарилгад хамруулаагүй өрх үлдээсэн болох нь холбогдогчийн зөрчлөө хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилсан байдаг.
Эрх бүхий албан тушаалтан Б.Ариунсүх нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болох “******* *******” ХХК нь ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/22 дугаартай “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулах тухай” тушаалыг зөрчиж, 51 өрхийн 3818 толгой төл малыг эр, эмгүй вакцинжуулсан, тарилгад хамруулаагүй өрх үлдээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдогч “******* *******” ХХК-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох”-оор хуульчилсан бөгөөд холбогдогчийн үйлдэл нь мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн зөрчлийн шинжид хамаарахгүй байхад зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны зарчимд харшилж байна.
Тодруулбал: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дархлаажуулалтыг гэрээт, эсхүл дайчлагдан ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж холбогдох заавар, журмын дагуу хийнэ” гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/47 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мал, амьтны бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар”-ыг мөрдөж ажиллаагүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөрчилд тооцохоор хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтан нь ******* аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А/22 дугаартай тушаал зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцож, бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Иймд хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0723323 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх би ******* аймгийн прокурорын газрын прокурорын 44 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд нь ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0723323 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүх нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0723323 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.
Иймд хэргийн хариуцагч ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдын ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхэд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан ******* аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Ариунсүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0723323 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зөрчлийн хэргийн хяналтын прокурор Б.Соронзонболд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД