Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 66

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч: Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн******* овогт Д.А од холбогдох 1826001050064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,******* овогт Д.А  

Шүүгдэгч Д.А  нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, 83-07 тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Манай ах хөдөөнөөс ирсэн байсан ба Б.Ж  ыг ахад гэртээ өдөр очоод хоол цай хийгээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр хоол цай хийж өгөөгүй байсан. Би ажил дээрээ ажлын хүмүүстэй архи уусан байсан. Тэгээд орой гэртээ очоод эхнэр Б.Ж  ыг зодсон байсан. Б.Ж   гараад айлын ахаар эмнэлэгт хүргүүлсэн байсан. Тухайн үед би тасарсан байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй. Өөрийн гаргасан алдаа дутагдлаа ойлгож ухаарсан. Миний буруу гэв.

Хохирогч Б.Ж   мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед намайг унтаж байтал гэрийн хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгож өгөхөд манай хамтран амьдрагч Д.А  согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирэхээр нь би хаачаад ирж байгаа юм бэ? гэхэд нүүрс буулгачихаад ирлээ гэхээр нь би худлаа яриад бай гэхэд намайг шууд хоолойноос багалзуурдаад ална гээд дайрсан. Тэрхэн зуур би ухаан алдсан байсан. Тэгээд би нэг сэрэхэд орон дээрээ хэвтэж байхаар нь босож ирээд яаж байгаа юм бэ? гэхэд Д.А  миний өмнөөс чамайг ална гэхээр нь битгий тэг гэхэд намайг юугаар цохисон нь мэдэгдэхгүй нэг зүйлээр л нэг удаа миний баруун нүд, баруун зовхи, баруун хөмсөг хэсэгт цохисон. Тэгээд би дахин ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд босоод иртэл миний нүүр хэсгээс цус гарчихсан байхаар нь би бие засчихаад ирье гэж хэлээд гараад айлынхаа ахаар эмнэлэгт хүргүүлсэн. Миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа гараараа цохисон. Мөн толгой руу 1 удаа цохиж 2 удаа багалзуурдсан. Намайг ухаан алдсан байхад нэлээн зодсон юм шиг байна лээ. Толгойн тус хэсэг хагарсан 6 оёо тавиулсан. Мөн баруун нүдний доод хэсэгт язарсан. Хэдэн оёо тавьсныг нь мэдэхгүй байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 6-9 хуудас/,

Гэрч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Ж   ганцаараа уйлаад манай гэрт ирсэн. Ж  ы баруун талын нүд орчим нь хавдчихсан, нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь юу болсон талаар нь асуухад нөхөр Д.А тойгоо хэрэлдээд зодуулсан гэж хэлсэн. Би Б.Ж  ыг аймгийн БОЭТ-ийн түргэн дээр аваачиж өгсөн. Б.Ж  ы баруун нүдний дээд болон доод хэсэгтээ сэтэрчихсэн юм шиг л харагдаад байсан. Нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан тул сайн анзаарагдаагүй. /хх-ийн 10-11 хуудас/,

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Д.А  нь миний төрсөн дүү бөгөөд тухайн хэргийн талаар сайн мэдэхгүй. Манай дүү Б.Ж   гэх эмэгтэйтэй танилцаж нэг гэрт хамт амьдраад 1 жил болоогүй байгаа. Манайхаар ирж байгаагүй. Би ч гэрт нь очиж байгаагүй. Хоорондоо ямар харилцаатай байдаг талаар мэдэхгүй. Д.А  нь 8 дугаар анги төгссөн. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи тамхи хэрэглэдэг, ажилд сайн, урьд өмнө нь том тэрэгний жолооч хийдэг байсан. Хүнтэй харьцах харилцаа сайтай, цэргийн алба хааж байсан. Уг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг гэх газар ээж 2 ахын хамт амьдардаг байсан. 2017 оноос Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Б.Ж   гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Манай дүү Д.А од эд хөрөнгө гээд байх өөрийн нэр дээр байдаг зүйл байхгүй. /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би болсон хэргийн талаар сүүлд нь өөрийн дүү Б.Ж  аас сонссон. Би өөрийн биеэр бол хараагүй. Эмнэлэгт хэвтэж байхад нь харсан. Б.Ж   нь Өвөрхангай аймгийн Богд суманд 8 дугаар анги төгссөн. Богд суманд дэлгүүрийн худалдагч хийж байсан. Олон нийтийн ажилд идэвхитэй, цагдаагийн газар олон нийтийн цагдаа хийж байсан. Олон нийтийн дунд зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Зан аашийн хувьд хүнтэй зөв харьцдаг, харилцааны түвшин өндөртэй, 2 хүүхэдтэй бөгөөд сүүлд суусан Д.А  нь 2 хүүхдийнх нь хойд эцэг нь юм. Надад ямар нэгэн зүйл хэлж байгаагүй болохоор урьд өмнө хэрүүл маргаан хийж байгаагүй байх гэж бодож байна. Энэ хоёр нэг гэрт ороод удаагүй байгаа. /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би болсон хэргийн талаар сүүлд дүү Б.Ж  аас сонссон. Хэрэг явдлыг бол өөрийн нүдээр хараагүй. Эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзсан. Б.Ж   Өвөрхангай аймгийн Богд суманд амьдарч байгаад аймгийн төв рүү орж ирээд 6-7 жил болж байгаа. Б.Ж   нь жаахан түргэн зантай, хүнтэй зөв харьцаатай, олон нийтийн ажил арга хэмжээнд идэвхитэй оролцдог, аливаа юмыг зохион байгуулахдаа сайн. Би Б.Ж  ыг эмнэлэгт байхад нь очиж уулзахад нүүрийг нь их л муухай болгосон байсан. Манай дүү одоо тухайн хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Тэгэхээр хоорондоо эвлэрсэн байх. /хх-ийн 18-19 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №160 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Ж  ы биед тархи доргилт дух, доод зовхи хэсэгт шарх, баруун нүд хүзүү хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22 хуудас/,

Хохирогч Б.Ж  аас “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт,

Шүүгдэгч Д.А ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 122, Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-50, 53 хуудас/,

Шүүгдэгч Д.А ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.А  нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг 83-07 тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ж  ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Ж  ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ж  ы 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 22 цагийн үед намайг унтаж байтал Д.А  согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирэхээр нь би хаачаад ирж байгаа юм бэ? гэхэд нүүрс буулгачихаад ирлээ гэхээр нь би худлаа яриад бай гэхэд намайг шууд хоолойноос багалзуурдаад ална гээд дайрсан. Тэрхэн зуур би ухаан алдсан байсан. Тэгээд би нэг сэрэхэд орон дээрээ хэвтэж байхаар нь босож ирээд яаж байгаа юм бэ? гэхэд Д.А  миний өмнөөс чамайг ална гэхээр нь битгий тэг гэхэд намайг юугаар цохисон нь мэдэгдэхгүй нэг зүйлээр л нэг удаа миний баруун нүд, баруун зовхи, баруун хөмсөг хэсэгт цохисон. Тэгээд би дахин ухаан алдсан байсан. Тэгээд сэрээд босоод иртэл миний нүүр хэсгээс цус гарчихсан байсан. Гэрч Б.Жаргалын Ж  ы баруун талын нүд орчим нь хавдчихсан, нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь юу болсон талаар нь асуухад нөхөр Д.А тойгоо хэрэлдээд зодуулсан гэж хэлсэн. Гэрч Д.Тогооцэрэнгийн манай дүү Д.А  нь Б.Ж   гэх эмэгтэйтэй танилцаж нэг гэрт хамт амьдраад 1 жил болоогүй байгаа. Гэрч Долгормаагийн би болсон хэргийн талаар сүүлд нь өөрийн дүү Б.Ж  аас сонссон. Эмнэлэгт хэвтэж байхад нь харсан. Гэрч Найданхоролын Б.Ж  ыг эмнэлэгт байхад нь очиж уулзахад нүүрийг нь их л муухай болгосон байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №160 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Ж  аас “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.А од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Д.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч******* овогт Д.А ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А од 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ