Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

 

 

 

 

   2024        05           29                                         2024/ДШМ/28

 

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.пүрэв,

Шүүгдэгч *******, *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Анхбаяр, С.Нарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.пүрэвийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2339000000390 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг "Дөрөөтийн даваа" гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******ийн эзэмшлийн адуунаас шунахайн сэдлээр 3 буюу олон тооны бүдүүн насны адууг машин механизм буюу ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, *******эд 4.200.000 (дөрвөн сая хоёр зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан,

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "Өргөний ар" гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******ын эзэмшлийн үхрээс шунахайн сэдлээр 4 буюу улаан охин шүдлэн, улаан халзан охин шүдлэн, хар зүсмийн охин шүдлэн, улаан халзан охин бяруу зэрэг олон тооны малыг машин механизм буюу ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, *******т 4.700.000 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

- шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Гаасүрэнгийн 1-108 тоот хашаанаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим *******н эзэмшлийн цагаан, улаан өнгийн кросс "тс200рго” маркийн улсын дугааргүй мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 3,500,000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.пүрэвээс шүүгдэгч *******, ******* нарын бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар, шүүгдэгч *******гийн хулгайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газраас ******* Одонхүү, Шинэбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “хохирогч *******ийн 3 тооны адууг хулгайлсан” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

- шүүгдэгч овгийн ******* Одонхүү, овгийн Шинэбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч овгийн ******* Одонхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус тус 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 (нэг) жил, 30 (гуч) хоногийн хугацаагаар тогтоож,

 

- шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 400,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж,

 

- шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мотоциклийг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.пүрэв давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг "Дөрөөтийн даваа" гэх газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******ийн эзэмшлийн адуунаас шунахайн сэдлээр 3 буюу олон тооны бүдүүн насны адууг машин механизм буюу ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан хулгайлж, *******эд 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч *******ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******ийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогддог.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******э нь яллагдагч *******ыг “өмнө нь утсаар ярьсан, зөвшөөрлөөр адуугаа өгсөн” гэдэг боловч хохирогч нь цагдаагийн байгууллагад 3 тооны адуу хулгайд алдсан талаар бичгээр гомдол гаргасан, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “3 адуугаа хайгаад олохгүй байгаа, цагдаагийн байгууллагад хандах гэж байхад хэсгийн төлөөлөгч 3 тооны адууны толгойны зураг харуулахад миний алдсан адуу мөн байсан" гэсэн атлаа өмнөх мэдүүлгээ шүүхийн хэлэлцүүлэгт гэнэт өөрчилсөн нь ойлгомжгүй, ямар учраас мэдүүлгээ өөрчилсөн талаараа үндэслэлтэй, хэргийн үйл баримттай таарсан тайлбар хийж чадаагүй байна.

Шүүх уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийнхээ үндэслэлийг хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хэрхэн няцаасан болох нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.

Нөгөөтэйгөөр шүүгдэгч *******, ******* нар нь *******ын 4 тооны үхрийг хулгайлсан үйлдлээ "эмээ ы үхрийг авсан гэж ойлгосон", мөн шүүгдэгч ******* нь *******н эзэмшлийн цагаан, улаан өнгийн “кросс тс200рго” маркийн мотоциклыг хулгайлсан үйлдлээ "*******н хүүхэд болох тай мотоцикл авах талаар өмнө нь ярьж тохирсон байсан" гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх..." заалтыг журамлаж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

Хохирогч *******ын 4 тооны үхэр алдагдсан. Шүүгдэгч ******* эмээгийнхээ үхэртэй андуурч авсан гэх боловч хаанаас ямар насны ямар зүсмийн үхэр авсан талаараа, “эмээ аваарай гэж хэлсэн” ч гэх юм уу нэмж шалгах үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй. Харин ч *******тай таарчхаад цагдаагийн байгууллагад баригдахгүйн тулд махаа хээр хаяж мөрөө буруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нараар тухайн газрыг нь заалгуулж хэргийн газарт нөхөн үзлэг хийх ажиллагаа явуулсан.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон...” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу хийгдсэн ажиллагаануудыг судлаад шүүхийн шатанд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаалгах саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоцикл хэний эзэмшлийнх болохыг тогтоогоогүй байсан.

Прокурор яллах байр суурийг барьж ажилласан. Учир нь шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээнгүүт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгээд хэргийг шүүх рүү шилжүүлж байна. Гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөгч, прокурор тогтоох ёстой. Шүүгдэгчийн гэм бурууг бодитой тогтоосон гэж үзэхгүй байна. Жишээлбэл мотоциклын эзэмшигч нь хэн бэ гэдгийг тогтоогоогүй байж шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон.

Хохирогч *******ын 4 тооны үхрийн асуудал яригдаж байна. ******* “....4 тооны үхрийг ажил хийснийхээ төлбөрт ажиллаж болох уу...” гэж ахаасаа асуухад нь ах нь зөвшөөрөөд “...очоод ажилла....” гэж хэлэхээр нь 4 тооны үхэр ажилласан байдаг. *******гийн эмээгийнх 400 гаруй үхэртэй айл. Шүүгдэгч нар нь *******ын 4 тооны үхрийг шунахайн сэдлээр хулгайлаагүй, андуураад ажилласан асуудал болсон. Мөрдөгч, прокурор, шүүхээс гэм буруугаа хүлээгээд орвол эрүүгийн хариуцлага хөнгөрөх талаар тайлбарласан учир гэм буруугаа хүлээж орсон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлохоор заасан. Шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж харж байна. Учир нь шүүгдэгч нар нь шунахайн сэдлээр тухайн үхэр, адууг хулгайлсан бол зарж борлуулаад ашиг олох байсан. Гэтэл 4 тооны үхрийг *******ынх гэдгийг мэдээд айсандаа махыг нь хаясан байдаг.

Мөн “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор заасан байдаг. Прокурор хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, дан ганц яллах талаа барьж хэргийг шалгасан. Прокурор шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг бүрэн тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгааг буруу гэж үзэж байна.

Хохирогч *******э “...би адуу аваарай гэж хэлэхийн хувьд хэлсэн, тухайн үед согтуу байсан болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгийг өгсөн байсан. Тухайн үед хамт байсан хүмүүс нь *******ийг “адуу аваарай” гэж хэлснийг сонссон, гэвч тэр хүмүүсийг шалгаж, гэрчийн мэдүүлэг аваагүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн.

Хохирогч *******ын болон шүүгдэгч нарын мэдүүлэгт үхрийн эврийн талаар тодруулсан, энэ нь хэргийн газрын үзлэгт авагдсан үхрийн эвэртэй зөрдөг.

******* руу яриад “...мотоциклыг чинь унагаагаад эвдэлчихлээ, яах вэ...” гэхэд “...эвдэрхий мотоцикл авахгүй, төлж өгөөрэй...” гэсэн байдаг. Энэ талаар тодруулахаар мөрдөгчид хүсэлт тавихад ажиллагаа хийгээгүй. Энэ нөхцөл байдлыг заавал тогтоох шаардлагатай.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт  буцааж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээж прокурор буцааж шийдвэрлэвэл шүүгдэгч *******, ******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нэг ч удаа зөрчиж байгаагүй” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцэлд биш, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд тайлбар хэлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоох зарчим алдагдсан учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна.

Хохирогч *******ын 4 тооны үхэр алдагдсан нь үнэн, гэхдээ энэ алдагдсан нь гэмт хэргийн шинжтэй эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл хохирогч *******ын 4 тооны үхэр, хохирогч *******ийн 3 тооны адуу алдагдсан гээд шууд хулгайн гэмт хэргээр шалгаад явчихсан. Хохирогч *******ын 4 тооны үхрийн хувьд шүүгдэгч нь эмээгийнхээ үхрээс 4 тооны үхэр ажиллаад мөнгө болгож мотоциклынхоо үнийг төлөх зорилготой байсан хэдий ч *******ын үхэр гэдгийг мэдээд айсандаа махыг нь хээр хаячсан байдаг. Шүүгдэгчийн эмээгийнх хохирогч *******ынхтай орон зайн хувьд ойр байдаг уу, үхрийг нь андуураад авах боломжтой юу гэх мэт яллах, хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг бүгдийг нь цуглуулж хэргийг шалгах байсан.

Хулгайд алдагдсан гэх мотоциклын тухайд хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд “...би хүүдээ энэ мотоциклыг худалдаж авч өгсөн...” гэж,  шүүхийн шатанд “...манайх энэ мотоциклыг гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэдэг...” гэж тус тус мэдүүлсэн. Гэрч “...би энэ мотоциклыг унадаг ...аав намайг энэ мотоциклыг аваарай гэж хэлсэн...” гэж мэдүүлдэг. Хулгайд алдагдсан гэх мотоцикл нь , ******* хоёрын хэнийх нь өмчлөлийнх гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг шалгаж тодруулаагүй.

Мөрдөгч, прокурор хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Шүүгдэгч нарын хохирогч *******ын 4 тооны үхэр, *******ийн 3 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг нэгтгэж шалгаад яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй.

Хохирогч *******ын 4 тооны үхэр, хохирогч *******ийн 3 тооны адууг нэг үйлдлээр аваагүй, нэг өдөр 2 үйлдлээр авсан үргэлжилсэн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах нь зүйтэй байсан.

Прокурор үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхойлоогүй. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бүлэглэж” үйлдсэн гэж зүйлчлээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзсэн.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж заагаад мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд “гэмт хэргийн гүйцэтгэгч”, 3.3 дугаар зүйлд “гэмт хэргийн зохион байгуулагч”, 3.4 дүгээр зүйлд “гэмт хэргийн хатгагч” 3.5 дугаар зүйлд “гэмт хэргийн хамжигч”-ийг тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч *******ын “....би *******ын 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд хамаагүй, ...би өөрөө хариуцна ...чи зүгээр л туслаад өгөөч гээд гуйгаад байхаар нь тусалсан...” гэсэн мэдүүлгээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хамжигчийн шинжийг агуулсан юм шиг харагддаг.

Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулахаар заасан.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа юм уу, яг аль хуулийг хэрэглээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж, дараа нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.  

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэвэл шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны хавар хохирогч *******н туслах ажилтан байсан. Хохирогч ******* хүү таа мотоцикл авч өгсөн гэж байна. т өвөө, эмээ нь мотоцикл авч өгсөн.

*******ын 4 тооны үхрийн хэрэгт ******* хамааралгүй. Би мотоцикл авах гээд мөнгө хэрэгтэй байна гэж *******т хэлэхэд ******* “би ахаас 3 тооны морь авах юм, чи ажиллаад өрөө дарж бай, дараа нь надад мөнгийг нь өгөөрэй” гэж хэлсэн.

Намайг орой хадлан дээр байж байтал үхэр маань ус руу гүйгээд ганцаараа дийлэхгүй болохоор нь хашаад хоносон. Маргааш нь үхрээ хашаанаас нь гаргахад танихгүй 4 тооны үхэр  байсан. Тэгээд ******* сумаас 3 тооны адуугаа авчраад ажилласан.

Манай сумын хэсгийн төлөөлөгч , Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч хоёр бид хоёрыг хэлтэс дээр барьж авчраад маргааш нь хэргийн газрын үзлэг хийж ирээд, мэдүүлэг авахгүйгээр *******ыг Цэнхэрмандал сум руу авч явсан. Цагдаа бид хоёроос мэдүүлэг авахдаа “чи тэгсэн биз дээ, хэргээ хүлээ” гэх мэтээр зодож дарамталсан. гэх цагдаа надаас мэдүүлэг аваагүй, *******ыг аваад шууд Цэнхэрмандал сум руу явсан” гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ дэслэгч намайг 10 дугаар сарын 04-ний өдөр Цэнхэрмандал сум руу авч яваад 10 дугаар сарын 12-ны өдөр буцааж явуулсан. Гэтэл надаас 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэг авсан мэтээр он сараа бичсэн байна. Надаас 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлэг аваагүй атлаа *******гийн мэдүүлэг дээр тулгуурлаж миний мэдүүлгийг зохиож бичсэн байна.

Би цагдаад 4 тооны үхэр ажиллахад байгаагүй, 3 тооны морь ажиллахад *******тэй хамт байсан талаараа мэдүүлсэн боловч мэдүүлэг чинь аль хэдийн явчихсан гэж хэлсэн. 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөдэлгэр суманд очиход цагдаа “*******гийн хам хэрэг гэсэн баримт дээр гарын үсэг зур” гэхээр нь зурчихсан чинь дараа нь “одоо ингээд мэдүүлэг чинь болсон” гэж хэлсэн.

3 тооны морины тухайд *******э ахыг цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр очиход нь би байгаагүй, ******* байсан учир *******э ах тийм мэдүүлэг өгсөн байсан. Анхны мэдүүлэг нь ийм учиртай. Би байсан бол авах ёстой хүн нь авсан байна гэх байсан. төлөөлөгч *******г ганцаараа хулгай хийсэн гэж ойлгуулсан байсан. *******э ах намайг 3 тооны адуу аваарай гэж хэлсэн байсан” гэв.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.пүрэвийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг,

- 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгахаар хуульчилжээ.  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарын “хохирогч *******ийн 3 тооны адууг хулгайлсан” гэх хэргийг хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн 3 тооны адууг хохирогчийн зөвшөөрсний дагуу авсан буюу “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ улсын яллагчийн дүгнэлтэд дурдагдсан хохирогч *******ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1 хавтаст хэргийн 3 хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 7-10 хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэргийн 11-21 хуудас), хохирогч *******ийн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 26-27 хуудас) зэрэг нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тусгаагүй, шүүх хуралдаан дээр шүүх хуралдаан даргалагчийн асуусан “...холбогдсон хэргийн талаар хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа зүйл байна уу...” гэсэн асуултад шүүгдэгч нар “...хүлээн зөвшөөрсөн...” гэсэн агуулга бүхий хариулт өгснийг хэрхэн дүгнэж байгаа болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан “...авч явсан адууны махаа нуусан, хаясан гэх нөхцөл байдал...” байгаа эсэх, хууль ёсны дагуу тухайн адууг өөрийн өмчлөлд авсан бол яагаад хаях, нуух болсон шалтгааны талаар үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...хохирогч ...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох... эрхтэй...” гэж, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэж тус тус заасан байхад хохирогч *******, ******* нарт 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй /баримт хэрэгт хавсаргаагүй/, оролцох эсэхийг нь тодруулаагүй, хохирогч нарыг хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, 1.13 дугаар зүйлд заасан “шүүхэд хандах” эрхийг нь зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлд товыг мэдэгдсэн мэтээр тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Талууд болон шүүхэд дуудагдсан оролцогч, бусад оролцогч хүрэлцэн ирсэн эсэхийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй оролцогчийн шалтгааныг мэдэгдэнэ” гэх заалтыг зөрчсөн байна.

 

5. Иймд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.пүрэвийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар санал гаргасан ба тус шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

                                   

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ