| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0060/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-04-23 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 67
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б ,
Шүүгдэгч: Д.О , Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овогт Дашдолгорын О , ******* овогт Доржийн Б нарт холбогдох 1826000390046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дайчин овогт Д.О
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овогт Д.Б
Шүүгдэгч Д.Б нь Д.О тай бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.О ийн урьд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн “Талархал, Баярын бичиг, Дурсамж” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгөхөөс өмнө зориуд засварласан,
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор иргэний хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Амьдралдаа хар толботой боллоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд он, cap нь бүдгэрсэн байхаар нь тодруулах гэж балаар дээрээс нь зурсан. Би ээжээрээ овоглодог болохоор Б үсгийг Д үсэг болгож өөрчилсөн. Гурван ширхэг баримт бичгийг засварласан. Би Д.Б гээс ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох гэсэн юм, тэгтэл зарим жилийнх нь лавлагаа гардаггүй, туслах арга байна уу? гэж асуусан. Надад туслахын тулд Д.Б баярын бичиг, талархалын нэрийг сольсон байсан. Би засвартай гэдгийг нь мэдсээр байж шүүхэд өгсөн. Өөрөө ч хэрэгт ороод найз нөхрийгөө ч хэрэгт холбогдуулсандаа маш их гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Д.О ийн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бид шифийн холбоотой ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Худалдаанаас болон миний зүгээс Д.О т сайн ажилласан, ур чадвараар нь шагнал урамшуулал болон талархалын бичиг өгдөг байсан. Надаас Д.О өөрийнхөө ажилласан жилээ шүүхээр тогтоолгох гээд материал дутаад байна, туслаж дэмжих зүйл байна уу? гэхээр нь найздаа туслах гэж байгаад ийм зүйл боллоо. Тухайн үед би Д.О т 2 баримт бичиг засварлаж өгсөн. Тухайн үед Д.О т олон талархал, баярын бичиг байдаг байсан. Д.О ийнх дээр үед гэр нь шатаад бичиг баримтууд нь устсан. Мөн архиваас нотлох баримт олдохгүй болохоор нь өөрт байсан баярын бичиг, талархалыг нөхөн олгож байна гэж бодоод л засварлаад өгчихсөн. Би 1977 оны талархалын бичиг, 1984 оны талархалын бичиг зэргийг засварласан. Д.О бид хамт ажиллаж байсан найзууд тул найздаа туслах гэж ийм зүйл хийсэн болохоор мөнгө аваагүй. Өөрийн хуулийн мэдлэг дутмагаасаа болж ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Одоо хууль хүчтэй чанга болсон гэдгийг ойлгож ухаарсан. Өөртөө маш их гэмшиж байгаа. Өмнө нь бид хамт ажилладаг байхдаа бие биедээ тусладаг байсан. Түүний нэг адил найздаа туслаж байна гэж бодсон гэв.
Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай нөхөр Д.Б 1951 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Эхээс 5-уулаа бөгөөд айлын 4 дэх хүүхэд. Тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Мэргэжлээрээ олон жил сум орон нутагтаа ажилласан. Д.Б зан аашийн хувьд хүнд тусархуу дөлгөөн, найз нөхдийн дунд нэр хүндтэй, нийгмийн идэвхи сайтай. /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.Б г сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс мэддэг болсон. Д.Б нийгмийн идэвхи сайтай хүн. Иргэн олон нийтийн зөвлөлийн гишүүн, Хөршийн холбооны ахлагч зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаа. Д.Б хүнд их тусархуу, үүрэг даалгавар сайн биелүүлдэг. /хх-ийн 42-43 хуудас/,
Шинжээч Д.Гүен мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Шинжилгээнд ирүүлсэн Баярын бичиг 2 ширхэг, Талархал 2 ширхэг, Дурсамж 1 ширхэг баримт бичгүүд нь жинхэнэ эх хувиараа байсан ба цаасны төрөл, өнгө, цаасны элэгдэл зэрэг шинж тэмдгээрээ уг баримт бичгүүд нь хуурамч биш болох нь тогтоогдсон байгаа. Д.О нь “Өв-Нарийнтээл сумын Эх-орон нэгдлийн 2 дугаар бригадын зөвлөл 1989-09-17” гэсэн бичвэрийн төгсгөлтэй баримт бичгийн нэрийг хусаж арилган Б.О гэж бичсэн байсан. Мөн хоёр ширхэг талархал баримт бичгийн он, cap, өдрийг хусаж арилган хар өнгийн бичгийн хэрэгслээр сольж бичсэн байсан. Харин Д.Б нь “Нарийнтээл сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга Шагдарсүрэн” гэсэн төгсгөлтэй баярын бичгийн нэр болон он, cap, өдрийг хусаж арилган хар өнгийн бичгийн хэрэгслээр сольж бичсэн. Мөн Дурсамж Өвөрхангай аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар 1977-05-10 гэсэн бичвэрийн төгсгөлтэй баримт бичгийн нэрийг хусаж арилган Д.О гэж сольж бичсэн байсан. Дээрх баримт бичгэн дээр байсан нэр болон он, cap, өдрүүдийг сольсон нь дараах шинж тэмдгүүдээр илэрч байсан. Үүнд өмнөх цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр бичсэн бичгийн хэрэгслийн үлдэгдэл, цаасны нэвчилт, өнгөний ялгарал, цаасны цооролт гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байсан. Дараах шинж тэмдгүүдийг шинжээчийн дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэх боломжтой. Уг засварласан баримт бичгүүдийн цаад талд байх хуучин бичвэрүүдийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл баримт бичгүүдийг засварлах явцад /хусах, баллуурдах/ хуучин байсан бичвэрүүд нь цаасан дээрээс арилсан, зарим баримт бичгэн дээр үлдсэн хэсгүүд нь ямар тоо, үсэг, үг бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Хэрэв боломжтой байсан бол дүгнэлтэнд баримт бичиг дээр хуучин бичвэр нь /тоо, үсэг, үг/ байсан эсэхийг тусгах байсан. /хх-ийн 73-74 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №25 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн бичиг баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн уг баримтууд нь жинхэнэ. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх О гэх нэрнүүдийг хар өнгийн бичигч хэрэгслээр өмнөх цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр бичсэн нэрийг арилган бичсэн тул хуурамч, талархалын 2 бичиг, 1 баярын бичиг дээрх он cap өдрүүдийг хар өнгийн будагч бичгийн хэрэгсэл ашиглан өмнөх он cap өдрийг арилган шинээр бичсэн тул хуурамч. Баримтууд дээрх бичвэрүүдийн цэг болон таслал дээр тодруулга хийх зорилгоор хар өнгийн бичгийн хэрэгслээр чанга дарж нэвчүүлэх болон цооролт үүсгэж нэмж бичсэн тул баримтууд дээр нэмэлт засвар оруулга хийсэн байна. /хх-ийн 52-54 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №29 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь нэг төрлийн цаасан дээр хэвлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрх нэр болон он cap өдрийг Д.Б гээс авсан загварууд нь: 1984.09.11 гэсэн он cap өдөртэй Баярын бичгэн дээрх гарын үсэг болон он cap өдрийг, Дурсамж гэсэн гарчигтай баримтын гарын үсгүүдтэй тохирч байна. Д.О аас авсан загваруудтай нь: Баярын бичиг гэсэн гарчигтай он cap байхгүй баримтын гарын үсгийг, 2 ширхэг байгаа талархалын бичгийн гарын үсэг, он cap өдрүүдтэй тохирч байна. Д.Б , Д.О нар нь шинжилгээнд ирүүлсэн баримт бичгүүд дээрх нэр болон он сарыг сольж бичиж засварласан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд нь Д.Б , Д.О нараас авсан загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Шинжлэгдэж байгаа баримтууд дээр бичсэн хүний нэр, он, cap, өдөр, гарын үсэг зэргийг хар өнгийн бүдүүн болон нарийн 2 өөр гардаг тосон бал болон үзгэн балаар бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бичиг баримтан дээр анх цэнхэр өнгийн бичигч хэрэгслээр нэр болон он cap өдөр бичсэн байсныг /баллуур, цаасны хутга гэх мэт зүйлээр/ хусаж арилган засварласан байна. /хх-ийн 60-65 хуудас/,
Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх би Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэтгэвэрт гарах гээд хүсэлт өгсөн ба ингэхдээ ажилласан жилээ тогтоолгох гэхэд миний улсад ажилласан жил 23 жил 9 cap байсан. Би хөдөлмөрийн дэвтэртэй бөгөөд үүн дээр бичигдсэн ажиллаж байсан талаарх байдлаа баталгаажуулах гэж архиваас баримт материал хайсан боловч зарим хэсэг нь олдоод зарим нь олдохгүй аймгийн архив дотор байж байтал Д.Б тэй тааралдсан. Ямар ажлаар явж байгаа болон тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа хэлсэн. Тэгтэл Д.Б өмнө нь авч байсан баярын бичиг болон талархал байвал болдог юм гэж хэлэхээр нь би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу өөрт байгаа талархал болон баярын бичгээ захисан. Үүнээс өмнө 1989 онд манай гэр шатаж миний өмнө авч байсан шагнал устсан ба үлдсэн нь 2 ширхэг талархал 1 баярын бичиг байсан. Үүнийгээ авч ирүүлээд хартал 2 ширхэг талархалын он cap нь бүдгэрчихсэн байхаар нь би өөрөө балаар тодруулчихсан. Мөн 1989 оны 09 дүгээр сарын 17-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдлээс өгч байсан баярын бичигт Т.О гэсэн байсныг нь баллуурдаж байгаад Б.О болгоод засчихсан. Тэгээд Д.Б д миний он дутаад байна гэхэд Д.Б өөрт байсан 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Дурсамж”, 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгосон гэх “Баярын бичиг” зэргийг надад өгсөн. Ингэхдээ эдгээр надад өгсөн 2 баримт бичгэн дээр байсан өөрийнхөө нэрийг арилгаад миний нэрийг бичиж засварлаж өгсөн. Тэгээд эдгээр баярын бичиг, талархал, дурсамж зэрэг 5 ширхэг баримтыг би Д.Мөнхтуяа шүүгчийн туслахад өгсөн. Тухайн үедээ би хуурамч юм хийж байна гэж бодоогүй. Ажилласан жилээ тогтоолгохоор өмнө нь ажиллаж байсан гэдгээ баталгаажуулах гэж уг баримт бичгүүдийг засварлаж шүүхэд гаргаж өгсөн. Буруу юм хийснээ ухаарч гэмшиж байна. Миний буруу. /хх-ийн 81-82 хуудас/,
Яллагдагч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх миний сайн таньдаг хүн болох Д.О надтай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын архивын газарт таарсан. Тэгтэл Д.О нь би өндөр насны тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлээд явж байна. Миний ажиллаж байсан жилийн зарим жилүүдийн лавлах материал дутуу байна. Мөн тухайн ажиллаж байсан жилүүдийнхээ нотлох баримт бичгийг шүүх гаргаж өг гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр нь би чамд өмнө нь авч байсан баярын бичиг болон шагнал урамшууллын юм зөндөө байгаа биздээ? тэрийгээ яасан юм бэ? гэхэд Д.О 1989 оны өвөл манай гэр бүрэн шатчихсан болохоор миний өмнө нь авч байсан шагнал урамшууллын зүйлүүд утсгагдсан гэж хэлсэн. Би Д.О т тухайн үедээ өөрийн авч байсан шагнал урамшууллын зүйлээсээ өгч тусалъя гэж бодсон. Тэгээд би өөрийн авч байсан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга Шагдарсүрэн 1984.09.11 гэсэн баярын бичиг, Өвөрхангай аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар 1977.05.10 гэсэн төгсгөлтэй Дурсамж зэрэг баримт бичгүүд дээр байсан өөрийнхөө нэрийг баллуураар баллуурдаж арилгаад Д.О ийн нэрийг бичээд өгчихсөн. Уул нь найздаа тусалж л байна гэж бодсон. Энэ хоёр баримтыг би засварласан. Энэ хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. /хх-ийн 84-85 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, шүүгдэгч Д.Б гийн Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга, Өвөрхангай аймгийн автотээврийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/91 тоот албан бичиг, /хх-ийн 1, 100-101, 119 хуудас/,
Шүүгдэгч Д.О ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 109 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 92-93 хуудас/,
Шүүгдэгч Д.Б гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 985, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1115, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 178 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, Өвөрхангай аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарууд, 1981 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Талархал” /хх-ийн 89-90 хуудас/,
Шүүгдэгч Д.О ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 хуудас/,
Шүүгдэгч Д.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б , Д.О нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д.О ийн урьд ажиллаж байсан байдлыг Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгохоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Талархал, Баярын бичиг, Дурсамж” зэрэг нотлох баримтуудыг зориуд засварласан,
Мөн шүүгдэгч Д.О нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьд ажиллаж байсан байдлаа Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгохоор хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ тус тус хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шинжээч Д.Гүенгийн Д.О нь “Өв-Нарийнтээл сумын Эх-орон нэгдлийн 2 дугаар бригадын зөвлөл 1989-09-17” гэсэн бичвэрийн төгсгөлтэй баримт бичгийн нэрийг хусаж арилган Б.О гэж, мөн хоёр ширхэг талархал баримт бичгийн он, cap, өдрийг хусаж арилган хар өнгийн бичгийн хэрэгслээр сольж тус тус бичсэн байсан. Д.Б нь “Нарийнтээл сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга Шагдарсүрэн” гэсэн төгсгөлтэй баярын бичгийн нэр болон он, cap, өдрийг хусаж арилган хар өнгийн бичгийн хэрэгслээр сольж бичсэн. Мөн Дурсамж Өвөрхангай аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газар 1977-05-10 гэсэн бичвэрийн төгсгөлтэй баримт бичгийн нэрийг хусаж арилган Д.О гэж сольж бичсэн байсан. Дээрх баримт бичгэн дээр байсан нэр болон он, cap, өдрүүдийг сольсон нь өмнөх цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр бичсэн бичгийн хэрэгслийн үлдэгдэл, цаасны нэвчилт, өнгөний ялгарал, цаасны цооролт гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байсан гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №25, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №29 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Д.О , Д.Б нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.О , Д.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Б г бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, шүүгдэгч Д.О ийг бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.О , Д.Б нар нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийг тусгайлан заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О , Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.О , Д.Б нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,
Шүүгдэгч Д.О , Д.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,
Мөн шүүгдэгч Д.О , Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дурсамж 1 ширхэг, Талархал 2 ширхэг, Баярын бичиг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,
Шүүгдэгч Д.О , Д.Б нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О , Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Д.Б г бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, шүүгдэгч Дайчин овогт Д.О ийг бүлэглэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О , Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.О , Д.Б нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О , Д.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Д.О , Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Дурсамж 1 ширхэг, Талархал 2 ширхэг, Баярын бичиг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О , Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О , Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ