Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

 

 

 

 

 

   2024        05           29                                         2024/ДШМ/29

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч *******ий өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2339005180044 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 1 давхарт *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч *******ий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үндэслэл нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцэх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг ба анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь шүүгдэгч *******ий гэмт хэрэгт холбогдох үеийн өсвөр үеийн нас, сэтгэхүйн ухамсар, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, санаа, зорилго зэрэгт тохироогүй байна.

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно" гэж заасан байна.

Тус зохицуулалтын дагуу 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэгт насанд хүрсэн боловч сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа хүний хувьд хэрэглэж болох онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүмүүжиж, танин мэдэх, оюун ухааны чадавхаа сургалтын хөтөлбөрийн дагуу олж байсан, эрх зүйн ухамсар, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүйн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд *******ийг өсвөр насны хүүхдэд тооцон Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ерөнхий ангийг хэрэглэж шийдвэрлэж  өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 19 настай нас биед хүрсэн, сэтгэц оюун ухааны хувьд болон болж буй үйл явдлын үр дагаврыг ойлгох чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, шүүгдэгч *******д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 1 давхарт *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол (хавтаст хэргийн 6 хуудас),

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 7 хуудас),

- Насанд хүрээгүй хохирогч *******ы зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “…2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагт тус сумын дотуур байрны фитнесийн өрөөнд найзын хамтаар ороход зүс таних ******* намайг дуудан “дүү аятайхан байгаарай, ам хэлээ бодож байгаарай” гэж хэлээд нүүрэн тус газар толгойгоороо мөргөсөн. …миний хамар хавдаж, мурийсан …гомдолтой байна…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас),

- *******ий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор өгсөн: “…2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд …*******, ******* нарыг …байрны 1 давхарт гараад *******д хандан “дүү нар яагаад араас худлаа юм яриад байна, ярих зүйл байгаа бол нүүрэн дээр хэлчих” гээд *******ыг нүүрэн тус газар нь баруун гараараа алгадсан, тэгэхэд *******, ******* хоёр намайг нийлээд зодсон. Тухайн зодооны үед ******* намайг толгой дээрээс цохиод байхаар нь толгойгоороо мөргөсөн нь үнэн. Миний буруу. …би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 хуудас),

- Гэрч Г.*******ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: ”…2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр …******* эргэж хараад ардаа зогсож байсан *******ы нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөсөн…” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 13 хуудас),

- Насанд хүрээгүй хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үеэр Хэнтий аймаг Өмнөдэлгэр суманд байх төрсөн аав *******ын гэрт очиж хэд хоног амарсан юм. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз *******ын хамтаар сумын дотуур байранд байх фитнест бэлтгэл хийхээр очиход зүс таних ******* гэдэг залуу байсан ба бид хоёрыг харчхаад “2 дүү яах гэж байгаа юм, та хоёртой тооцоотой шүү” гэж хэлээд тухайн фитнесээс бид хоёрыг дагуулаад гарсан. Дотуур байрны гадаа ******* бид хоёрт хандаж “та 2 хэл амаа мэдэж яваарай” гэхээр нь би “яасан юм бол” гэж асуутал ******* “чимээгүй сонсож бай” гэж хэлээд *******ын хацар хэсэг рүү нь 1 удаа алгадсан. ******* *******ий баруун гар хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод хоорондоо барьцалдаж авсан. Би тэр хоёрыг салгах гээд хоорондоо зууралдаж байгаад салгатал ******* миний хамар хэсэг рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Миний хамраас цус гарч мурийсан ба ******* байр руугаа яваад орчихсон. Тэгэхээр нь сумын цагдаад мэдэгдсэн. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 хуудас),

- Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд гаднаас ******* болон ******* нар орж ирсэн. ******* тэр хоёртой юм ярьж зогсож байгаад “тамхи татлаа” гэж хэлээд тэр гурав гарсан. Ингээд удалгүй тус байрны нэг давхарт дуу, чимээ гараад байхаар нь нэг давхар руу буухад *******, *******, ******* нар хоорондоо зодолдсон байдалтай зууралдаад байж байхаар нь миний бие дундуур нь ороод “одоо боль” гэж хэлээд тэр гурвыг салгасан. Тэгээд миний бие *******ыг салгаад “дүү одоо болио, яагаад хоорондоо зодолдоод байгаа юм” гэж хэлэхэд ******* рүү хандан “Баби би чамайг бол ална шүү, дахиад уулзана аа” гэж хэлээд байсан. Ингээд тухайн зодооныг салгаад *******ийг аваад Фитнес заал руу орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 хуудас),

- Насанд хүрээгүй гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын сүүлээр …би найз *******ы хамт сумын дотуур байрны фитнесийн өрөө рүү орсон юм. ...манай сумын *******, нар бэлтгэл хийгээд байж байсан. ******* бид хоёр дээр ирснээ “2 дүүтэй уулзаатай, дагаад гараад ир” гэсэн. Тэгээд бид хоёр ******* ахыг дагаад байрны 1 давхар руу буугаад хаалганы үүдэнд ирэхэд “2 дүү яасан яасан гэнээ, ална тална гэж ирсэн гэлүү” гээд намайг шууд алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гар руу нь цохиод, ******* ахыг тэврээд авсан. Тэгсэн *******, *******ыг заамдаад авсан. Тэгсэн ******* “тавиач” гээд *******ий толгой орчим руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд ******* ах *******ы хамар руу мөргөчихсөн. …*******ы хамраас нь цус гарч байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 хуудас),

- Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 565 дугаартай “...1.2. *******ы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 39-40 хуудас),

- ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна, одоо яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Өмнөдэлгэр сумын сургуулийн хуучин дотуур байранд фитнесийн өрөө байдаг юм. Тухайн өдрийн 13 цагийн үед фитнесийн өрөөнд ороод дасгал хийж байхад манай сумын *******, ******* нар гаднаас орж ирэхээр нь би тэр хоёртой фитнесийн өрөөнд уулзаад “2 дүү хамт гаръя, гараад уулзах юм байна” гэж хэлсэн. ... урьд нь ******* утсаар ярьж байхдаа намайг” ална, зодно” гэх зэргээр олон юм яриад байсан болохоор тэр өдөр фитнесийн өрөөнд таараад тэр хоёрыг дагуулаад гарсан юм. Тэгээд тэр хоёртой дотуур байрны үүдэнд гараад “дүү нар яагаад араас худлаа юм яриад байна, ярих зүйл байгаа бол нүүрэн дээр хэлчих” гээд *******ыг нүүрэн тус газар нь нэг удаа алагдсан. Тэгсэн тэр хоёр над руу дайраад намайг хоёр талаас миний толгой, нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би хоёр гараараа тэр хоёрыг заамдаж аваад түлхсэн. Тэгсэн ******* салж өгөхгүй араас цохиод байхаар нь би заамдаж татаад толгойгоороо мөргөчихсөн чинь ******* хамраа бариад тонгойсон. Тэр үед 2 давхраас танил ах бууж ирээд бид гурвыг салгасан. Тэгээд би тай 2 давхар руу гарсан. Дараах нь *******ы аав цагдаад дуудлага өгчихсөн байсан. ...би *******д эмчилгээний мөнгө гээд 3,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 58 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ. 

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол  үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан энэ зохицуулалт нь зөвхөн шүүгдэгчийн насаар тодорхойлогдохгүй, харин хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд дээрх хуулийг хэрэглэж болох талаар тусгасан зохицуулалт юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ бүрэн дунд боловсролтой, 19 настай байсан байх ба оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн адил байж, аливаа үйлдлийн үр дагавар, юмс үзэгдлийн мөн чанарыг  ойлгох чадвар дутмаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Г.БОЛОРМАА