Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 109/ШШ2025/0062

 

 

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2025/0062

 

 

 

  Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н дүгнэлттэй, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-т холбогдох захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М шүүхэд гаргасан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтдээ: Тус аймгийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У нь Тариат сумын Хүүхдийн цэцэглэгт мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархах, малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Тариат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.З-д 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Хэрэгт цугларсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, холбогдогч Ш.З, гэрч У.Б мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Тариат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.З зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба төрийн үйлчилгээний алба гэж ангилсан байна. Мөн хуулийн 14дүгээр зүйлийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.2 дах заалтад зааснаар боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл,урлаг, спорт  зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгчийг төрийн үйлчилгээний албанд хамруулахаар хуульчилсан бөгөөд сумынх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн албан хаагч мөн байна.Төрийн өмчийн хуулийн этгээд, төрийн албан хаагч нь зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан  сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ            хэрэгжүүлсэн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэх хуулийн зохицуулалт үйлчилж байна. Гэтэл Архангай аймгийн Тариат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.Золзаяа нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг Зөрчлийн тухай хуультай давхардаж буй эсэхийг шалгаж тогтоолгүй эсэхийг шалгаж тогтоолгүй хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн төрийн албан хаагч нь хүүхдийн цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа хангах үүрэг ажлын чиг үүрэгт нь тусгагдсан эсэх, хэрэв тусгагдсан бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болно. Дээрх нөхцөл байдлыг нотлох ажиллагаа хийгдээгүйгээс гадна зөрчлийг хэн ямар зорилгоор үйлдсэн болох нь тодорхойгүй буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, эсхүл хүний буруутай үйлдэл байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байжээ. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэснийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэх нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, зөрчлийг хэн үйлдсэн нь тодорхойгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-н холбогдогч Ш.З-д шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

2. Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтэд “... эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэх нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй, зөрчлийг хэн үйлдсэн нь тодорхойгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Уу-н холбогдогч Ш.З-д шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-с Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-гт холбогдуулан гаргасан “... Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-н холбогдогч Ш.З-д шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

 

2. Архангай аймгийн Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан захиргааны байгууллагад хамаарна.

 

3. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-т холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

4. Маргаан бүхий актын тухайд, Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.Уу-н 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудаст “Холбогдогч Ш.З-н үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 13.9.2.-д заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсугай” гэжээ.

 

5. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Мээпам шүүхэд гаргасан дүгнэлтдээ “... Архангай аймгийн Тариат сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Ш.З нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг Зөрчлийн тухай хуультай давхардаж буй эсэхийг шалгаж тогтоолгүй эсэхийг шалгаж тогтоолгүй хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан үндэслэлгүй байна. Тухайн төрийн албан хаагч нь хүүхдийн цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа хангах үүрэг ажлын чиг үүрэгт нь тусгагдсан эсэх, хэрэв тусгагдсан бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болно. Дээрх нөхцөл байдлыг нотлох ажиллагаа хийгдээгүйгээс гадна зөрчлийг хэн ямар зорилгоор үйлдсэн болох нь тодорхойгүй буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, эсхүл хүний буруутай үйлдэл байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-н холбогдогч Ш.З-д шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

6. Хариуцагч Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У нь прокурорын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай дээрх дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” гэж, 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,” гэж, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

            8. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   9. Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М-н гаргасан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-н холбогдогч Ш.З-д шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 0731645 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 124 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Архангай аймгийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Б.У-н зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 А.ТҮВШИНТУЛГА