Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01702

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01702

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20ы өдрийн 184/ШШ2021/02270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Бын хариуцагч Э.Х ХХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие хариуцагч Э.Х ХХК-ийн толгой компани болох Москва комплекс ХХК-д 2018 оны 4 дүгээр сараас цахилгааны инженерээр шилжин томилогдож ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр ажиллуулахгүй, ажлаас халсан гэсэн чиглэл өгч хэвийн ажиллах боломжгүй болгож ажлын багаж хэрэгслийг хураан авч ажлын байранд нэвтрүүлээгүй. Үүнээс хойш ажиллаж чадахгүй байсан болохоор намайг ажлаас халсан талаар тушаалаа гаргаж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч гаргаж өгөхгүй байсан учраас 2018 оны 11 сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоож, 620 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Э.Х ХХК нь өнөөдрийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй буюу ажилд аваагүй. Иймд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 11 сарын цалин 13 200 000 төгрөг, ээлжийн амралтын 800 000 төгрөг нийт 14 000 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Х ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б манай компанид анх 2014 онд ажилд орсон. Компанийн нэр өөрчлөгдсөн буюу Э.Х ХХК болсон 2018 оноос хойш нэхэмжлэгч манай компанид ажиллаж байгаа. Манай компани нь мод боловсруулах үйлдвэрийг анх Монгол улсдаа байгуулаад Тайланд улсаас инженерүүд авч ирж ажилчдаа сургаад ажиллуулсан. Энэ үүднээс ажилчидтай урт хугацаатай буюу 10 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Ц.Б ажил их тасалдаг байсан. 7 хоногийн 2-3 өдөр тасалдаг, ажилчидтайгаа нийлж архи уудаг байсан. Үнэтэй тоног төхөөрөмж дээр ажилладаг инженер байсан болохоор Ц.Быг ажлаас халдаггүй байсан. Ц.Б нь 2018 оны 08 дугаар сараас ажилдаа ирэхгүй алга болсон. Үүнээс болж манай байгууллагад цахилгааны инженер байхгүй, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа доголдоод нэг хэсэг зогссон байсан. Гэтэл Ц.Б гэнэт шүүхэд нэхэмжлэл өгчихсөн байсан. Өөрөө ажилдаа ирээгүй байж цалин авна гээд нэхэмжлэл өгчихсөн. Уг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрээс манай байгууллагад албан тоот ирсэн учир манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг нь тушаагаад, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн залруулга хийгээд шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэж өгөөд 2019 оны 12 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан юм. 2019 оны 03 дугаар сард шүүхийн шийдвэр гарангуут 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 8 дугаар сарын 31-ний өдрөөр гэж нөхөж тушаал гаргасан юм. Тэгээд ажилд нь эргүүлэн томил гэсэн шүүхийн шийдвэр гармагц 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон тушаал гаргасан. Тушаалыг гаргасны дараа нягтлан бодогчоор Ц.Бтай яриулаад тушаалаа ирж ав гэж хэлэхээр тушаалаа ирж аваагүй. Ц.Б нь шүүхийн шийдвэр гараагүй байхад Кашмери холдинг ХХК-д ажилд ороод, хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нийгмийн даатгал төлөөд ажиллаж байсан байж 2019 оны 11 дүгээр сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа би Ц.Б руу яриад ажилдаа ирж ажиллах юм уу гэж асуухад би юу гэж одоо ажиллах юм бэ гэж хэлсэн. Ингэж хэлснээс нь хойш 7 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Манай зүгээс 2019 оны 05 дугаар сар болон 11 дүгээр сард явуулсан тушаалуудаа Ц.Б рүү шуудангаар явуулж, өөрт нь утсаар хэлсэн. Ц.Бын гэрийн хаяг өөрчлөгдсөн байна гээд буцаад ирсэн байсан. Тэгэхээр нь Ц.Бтай холбоотой байдаг ажилчдаасаа гэрийнх нь хаягийг аваад ажилд орсон тушаалаа ирж аваарай гээд удаа дараа албан тоот явуулсан. Ц.Б нь тушаалаа ирж ав гэхэд аваагүй, өөрөө огт ажил хийх сонирхолгүй байсан, өөр ажилд орчихсон байж одоо ингээд цалингаа нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манай байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлчихсөн, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Албан тоотуудыг 2019 оны 06 дугаар сараас хойш явуулсан. Энэхүү бичгийг явуулснаас гадна Ц.Б руу утсаар олон удаа ярьж, олон удаа зурвас бичсэн. Ажиллаагүй хүнд цалин өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Х ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 16 800 000 төгрөгийн болон ээлжийн амралтын 800 000 төгрөгийн олговоруудыг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, Ц.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Э.Х ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 290 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.Х ХХК-иас 290 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бад олгож, 25 200 төгрөг гаргуулан улсын орлогод шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзал, түүний өмгөөлөгчөөс гаргасан хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6, 34.3.7-д заасан өмгөөлөгчийн эрхийн ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл зохигчид тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг бүрэн тодруулахгүй, талуудын мэтгэлцээнээс гарсан үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийхгүй юм бол шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх шаардлагагүй юм.

1. Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 9 сараас 2019 оны 3 сар нийт 7 сарын олговор 8 400 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1,128.1.5 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Тодруулбал, Ц.Б нь анх 2018 оны 11 сарын 29-ний өдөр шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 200 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 800 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 620 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 334 867 төгрөг нийт 954 867 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Дээрхээс дүгнэхэд Ц.Бын одоогийн нэхэмжлэлийн зарим шаардлага буюу 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарыг дуусталх 7 сарын олговор 8 400 000 төгрөг нь өмнөх маргааны шийдвэрийн цаг хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Ц.Б нь анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 9,10,11 дүгээр сарын цалинг нэхэмжлэх, анхан шатны шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2019 оны 1-3 дугаар сарын цалингаа нэхэмжлэх бүрэн боломжтой байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. Иймд нэгэнт ажилгүй байсан дээрх хугацааны олговорыг нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Ц.Бын нэхэмжлэлийн 2019 оны 4,5,6,7,8,9,10 дугаар сарын 31-нийг дуусталх 7 сарын цалин 8 400 000 төгрөгийн шаардлагыг дараах үндэслэлээр шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлийн 69.1-т "Энэ хуулийн 36.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэвч уг заалтыг баримтлах үндэслэл бүрдээгүй байсан гэж үзэж байна. Учир нь энэхүү заалт бол шүүхээс ажилтныг ажилд нь эгүүлэн томилсонтой холбогдуулан ажил олгогчийн хууль бус тушаалын үр дагаврыг арилгах агуулга бүхий заалт бөгөөд уг заалтыг шүүх ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийн хамт баримталж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийддэг билээ. Харин ажилтныг ажилд эгүүлэн тогтоох, түүнчлэн ажилгүй байсан хугацааны олговор олгох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гарсан хэдий ч ажилтан өөрөө ажилдаа эргэж орохгүй гэж байгаа тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхгүй юм. Учир нь Ц.Быг ажилд томилох тухай мөн өдрийн огноотой ажилд томилох тухай тушаал хавтаст хэрэгт огт байхгүй бөгөөд ажилд эгүүлэн томилох тушаалыг нөхөн томилсон хэмээн хариуцагчийн төлөөлөгч мэдүүлээгүй.

Харин 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ц.Быг тушаал гаргалгүй ажлаас халсан хэмээн дүгнэсэн тул Э.Х ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Быг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халснаар тооцох тухай 22 дугаар тушаалыг нөхөн гаргасан болохоо тайлбарласан. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /х.х-ийн 196-р тал/ Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халсан тухай шийдвэрийг гаргасан талаараа мэдүүлж байсан болно. Улмаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаар тушаалаар Ц.Быг ажилд эгүүлэн томилж, ажилд томилсон тушаалаа ирж авахыг удаа дараа харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Ийнхүү утсаар мэдэгдэж байснаа баталгаажуулахаар 2020 оны 02 дугаар сарын 06, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч Ц.Б хүлээн авсан хэмээн шуудангийн дугтуй, хүлээн авсан мэдэгдпийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж орохоос татгалзсан нь түүнийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг албадан гүйцэтгүүлэхээс татгалзсан нь хуульд заасан журмын дагуу нэгэнт албадан биелэгдсэн шийдвэрийг дахин биелүүлэхийг шаардах эсхүл биелүүлээгүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй байхад хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс хариуцагчийг "...албан хэрэг хөтлөлтийн заавар болон стандартад нийцүүлэн бичиг хэргээ хөтөлдөггүй гэх агуулгатай дүгнэлт хийсэн хэрнээ өөрөө шийдвэрийг огноо болон дугаарыг 2020 оны хэмээн буруу бичиж алдаа гаргасан.

Нэгэнт ажилтан цалин хөлс шаардах эрхгүй тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, ээлжийн амралтын олговор олгох үр дагавар үүсэхгүй юм. Иймд хэт нэхэмжлэгч талыг баримтлан хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь Э.Х ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 800 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 800 000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 15-16/

Хэрэгт Ц.Б нь Э.Х ХХК-нд холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажиллуулаагүй, ажлаас халсан тушаалыг бичгээр гаргаж өгөөгүй үндэслэлээр шүүхэд гомдол гаргасныг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 587 дугаар шийдвэрээр шийдвэрлэж уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 5-11/

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон тухай баримт хэрэгт авагджээ. /хх 218/

Нэхэмжлэгч нь анх ажлаас халагдсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг өмнөх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг сарын дундаж цалин хөлс болох 1 200 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн. Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 587 дугаар шийдвэрээр цалингийн асуудал шийдвэрлэгдсэн гэж маргажээ. /хх 1, 15-16/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-дах хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа нөхцөлд тухайн асуудлаар дахин шүүхэд хандахгүй юм.

 

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дээрх шүүхийн шийдвэрээр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор буюу ажлаас үндэслэлгүй халагдсан үр дагаврыг шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд шүүх шийдвэрлэх буюу олговрын хэмжээг нэхэмжлэгч тодорхойлсон байна.

 

Иймд хариуцагчийн өмнө шүүхийн шийдвэрт шийдэгдсэн асуудлаар дахин олговор олгогдсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу Ц.Быг ажлаас дахин чөлөөлсөн өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

 

Иймд дээрх хугацааны цалин олговорт 9 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 7 200 000 төгрөгт холбогдох хэсэг болон ээлжийн амралтын олговор болох 800 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэв. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралтын олговрыг биечлэн ажилласан ажилтанд олгох юм.

 

Мөн хариуцагчийн ажилтныг 5 дугаар сард тушаал гарган ажилд нь авсан боловч өөрөө ирээгүй гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй, Ц.Бад тушаалыг албан ёсоор танилцуулсан, зохих журмын дагуу хүргүүлсэн гэх баримтгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 9 дүгээр сарын 20 гэсэн огноотой байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж зэрэгтэй харьцуулан үзвэл дээрх огноо нь техникийн шинжтэй алдаа байх тул шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт огноог 2021 оны 9 дүгээр сарын 10 гэж өөрчлөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20ы өдрийн 184/ШШ2021/02270 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад 16 800 000 төгрөг гэснийг 9 600 000 төгрөг гэж, 800 000 төгрөгийн олговрыг тус тус гаргуулан гэснийг нэхэмжлэлээс үлдэх 7 200 000 төгрөг болон ээлжийн амралтын 800 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж

2 дахь заалтад 290 950 төгрөг гэснийг 168 550 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД