Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01703

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01703

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20ы өдрийн 102/ШШ2021/02340 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн хариуцагч Т.М ХХК-д холбогдуулан гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 528 512 705 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М ХХК нь Баянгол дүүрэг 3 дугаар хороо У ХХК-ийн байранд 2011 оноос хойш түрээсээр үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж олон жил хамтын ажиллаж байгаа. У ХХК нь Т.М ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Хан Уул дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У ХХК-ийн хамаарал бүхий Бест товер ХХК-ийн газар дээр Т.М ХХК-ийн захиалгаар оффис, агуулах, засвар үйлчилгээ явуулах цехийн барилга барихаар харилцан тохиролцож Санамж бичиг нэртэй хэлцэл байгуулсан. Хэлцлээр У ХХК нь оффис, агуулах засвар үйлчилгээ явуулах нийт 8 000 мкв барилга байгууламж барих үүрэг хүлээж Т.М ХХК нь тухайн баригдсан барилга, байгууламжуудыг 10-аас доошгүй жил түрээслэхээр харилцан тохиролцсон. Мөн уг газарт барилгын ажил эхлэх шав тавьж хамтран ёслол үйлдэж итгэл үнэмшил төрүүлсэн. У ХХК нь тухайн тохирсон газарт барилгын ажлын зураг төсөл хийлгэх ажилдаа орж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т.М ХХК-ийн үйлдвэрийн барилгын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталснаас хойш зураг төсөл хийлгэх явцад тус компанийн зүгээс олон дахин өөрчлөлт оруулах санал ирж тухай бүрт нь хамтран хурал хийж харилцан тохиролцон баримтыг үйлдэж явсан. Мөн шаардлагатай барилгын материалуудыг гадаад улсаас авч ирэхээр захиалга өгөх, дулаан цэвэр бохир ус, цахилгаан холбоо, дохиоллын техникийн нөхцөлүүд болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч газар шорооны ажил буюу суурийн бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн.

Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэж байх цаг хугацаанд хариуцагч тал хэлцлийг цуцлах талаар санал гаргаж байгаагүй атлаа тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсний дараа 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр цуцалсан талаар мэдэгдсэн. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Санамж бичиг нэртэй хэлцлээр хариуцагчийн захиалгаар нэхэмжлэгч барилгыг барьж гүйцэтгээд үүнээс 8000 м.кв газрыг түрээслүүлэхээр тохирсон. Сүүлд нь түрээсийн гэрээний хэлбэрээр үнийг төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагчаас барилгын зураг төслийн ажил боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний дагуу Бест товер ХКК-аас АСҮ ХХК-нд төлсөн 19 000 000 төгрөг, Цог золбоо ХХК-нд төлсөн Бест товер ХХК-ийн орон сууц, үйлчилгээний хотхоны төмөр бетон суурь болон анкер боолт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ А блок үнэ 5.000.000 төгрөг, Бест товер ХХК-аас Арц суварга ХХК-нд газар шорооны ажил гүйцэтгэх гэрээний үнэд төлсөн 81 600 000 төгрөг, Бест товер ХХК-аас БАГ МБ констракшн ХХК-нд төлсөн барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнэ 4 375 000 төгрөг, АСҮ констракшн ХХК-аас Барилгын хөгжлийн төвд төлсөн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээний үнэ 3 513 520 төгрөг, У ХХК-аас барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үнэд төлсөн 233 000 000 төгрөг, ган бүтцийн бүтээгдэхүүн үйлдвэр, гэрээний үнэ 182 024 185 төгрөг нийт 528 512 705 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М ХХК-ийн зүгээс санхүү бизнес, үйл ажиллагаа хариуцсан захирал, У ХХК-ийн захирал нар тус компанийн Хан Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт оффис, агуулахын зориулалтай нийт 8000 мкв талбайтай ажлын барилгыг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 01 дугаартай санамж бичиг байгуулан гарын үсэг зурсан. Санамж бичгийг үйлдсэн хэдий ч энэ нь эрх зүйн үр дагаврын хувьд заавал дагаж мөрдөх шинжийг агуулахгүй баримт бичиг ба үндсэн гэрээг байгуулахаас өмнө талууд хоорондын тохиролцоог сануулах зорилготой, үндсэн гэрээ биш. Дээрх байршилд үл хамаарах шалтгааны улмаас барилга баригдах боломжгүй болсон тул У ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар авагдсан төслийн байршилд барилга барихыг санал болгосон. Гэвч шинэ байршилд барилга барих ажил нь цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай бидэнд мэдэгдсэн. Олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичигт дурдсан нөхцөлийн дагуу түрээсийн гэрээ байгуулах асуудлаар удаа дараа уулзалт хэлцэл хийгдсэн боловч түрээсийн гэрээний үндсэн нөхцөл дээр тохиролцоонд хүрч чадаагүй. Тухайн газрыг уул уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээний төв, оффис, сэлбэгийн агуулахын зориулалтаар ашиглах, газрын эрхийн гэрчилгээ, холбогдох зөвшөөрлүүд авагдаагүйн улмаас талууд 2020 оны эхээр хэлэлцээрээ зогсоосон. Гэтэл нэхэмжлэгч нь өөрсдийн компаниас хэрэгжүүлж байгаа төсөлд зарцуулсан зардал 528 512 705 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Нотлох баримтуудаас үзэхэд Бест товер ХХК-ийн 61420 мкв талбайд орон сууц, сургууль, цэцэрлэг барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Бест товер ХХК-ийн орон сууц, үйлчилгээний хотхон загвар зургаас үзвэл орон сууцны барилга 8 блок сургууль, цэцэрлэг, оффисс, худалдаа үйлчилгээний барилга 9 блок хүүхдийн тоглоомын талбай, спорт заал, ил болон газар доорх зогсоол бүхий цогцолбор хотхон барихаар төлөвлөсөн байна. Нэхэмжилж байгаа мөнгө нь энэхүү төсөлтэй холбогдуулан тус компанийн гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс байна. У ХХК болон Бест товер ХХК-ийн төсөлд гаргасан зардлыг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ ямар гэрээний үндсэн дээр, ямар гэрээний харилцааг зөрчсөн, цуцлагдсан гэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэл анхнаасаа үндэслэлгүй. Харин талууд холбогдох яриа хэлэлцээр хийж байхдаа ажиллагааны бодит ажиллагааг хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой хүний нөөц, хүмүүсээ гаргаж уулзалтуудад цаг хугацаагаа зарцуулж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад аль аль тал хичээл зүтгэл гаргасан гэдэг дээр бид маргаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хариуцагч Т.М ХХК-нд холбогдох хохиролд 528 512 705 төгрөг гаргуулах нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 800 513 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: У ХХК нь Т.М ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У ХХК, Бест товер ХХК-ийн эзэмшил газар дээр Т.М ХХК-ийн захиалгаар оффис, агуулах, засвар үйлчилгээ явуулах цехийн иж бүрэн барилга барихаар харилцан тохиролцож Санамж бичиг нэртэй хэлцэл байгуулсан. Шүүх дээрх баримтыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу эрх үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдээгүй, хууль зүйн үр дагаврыг бий болгох хүсэл зорилго агуулагдаагүй тул хэлцэл гэж үзэхгүй гэж буруу дүгнэсэн төдийгүй Санамж бичигт У ХХК нь Т.М ХХК-ийн захиалгаар оффис, агуулах, цехийн барилга барих, дотор заслыг тохижилтын хэмжээнд хийх, Т.М ХХК нь тухайн барилгыг түрээслэж түрээсийн төлбөрийг 1 м.квадратыг 10 ам.доллараар 10-аас дээш жилийн хугацаагаар түрээслэх байдлаар хөлсийг төлөхөөр талууд гол нөхцлийг тохиролцсон ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Хариуцагч тал У ХХК-д хүргүүлсэн 2020 оны 8 сарын 20-ны өдрийн ADM/2020/047, 2020 оны 9 сарын 9-ний өдрийн ADM/2020/53 дугаар албан бичгүүдэд хэлцэл байгуулсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн, талуудын хооронд байгуулсан Санамж бичигт заасан үүргээ биелүүлж нэхэмжлэлд дурдсан ажлуудыг хийсэн, энэ байдлыг хариуцагчтай харилцан зөвшилцөж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх өдрийг 2022 оны 9 сарын 22-ны өдөр байхаар тогтсоныг цахим шуудангаар илгээснийг хүлээн авсан, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Санамж бичигт У ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн, Т.М ХХК-ийн захирал Ларри Пикин нар гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хэлцийг байгуулсанд тооцохоор заасан хуулийн шаардлагыг хангасан юм. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж болохоор заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, У ХХК-ийн зүгээс зөвхөн Т.М ХХК-ийн захиалгаар 8000 м.кв хэмжээтэй агуулах, оффис, цехийн барилга байгууламжийг барихын тулд Бест товер ХХК-тай газар эзэмших эрхээ солилцож, барилгын бүхий л шаардлагатай зураг төслийг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу эрх бүхий этгээдээр хийлгэж их хэмжээний зардал гаргаж хийгдсэн барилгын зураг төслүүдийг Т.М ХХК-д танилцуулсан, тухайн хийгдсэн барилгын зургуудад хариуцагч тал гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа, барилгын газар шорооны ажлыг талууд лам, хар оролцуулж ёсолсоноос эхлээд барилгын суурийн ажлууд хийгдсэн, тухайн барилгад шаардлагатай материал болох ган бүтээцийг БНХАУ-ын захиалан авчруулахаар урьдчилгаа мөнгийг шилжүүлж барилгын бүхий л ажлууд хэвийн явагдаж байтал Т.М ХХК, Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамж-32 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг бүрэн засварлаж орсон байдлаа ковид-19 шалтгаан гэж халхавчилж манай компанийг харилцан тохиролцсон ажлуудыг хийж байгааг мэдсээр байж хамтын үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх бололцоогүй гэж мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн хувьд ашиг олох нь бүү хэл хэлцлийн дагуу зарцуулсан хөрөнгө болох барилгын зураг төсөлд 256 375 000 төгрөг, магадлалын зураг хийлгэхэд 3 513 520, газар шорооны ажил хийлгэхэд 81 600 000 төгрөг, ган бүтээцийн бүтээгдэхүүнийг БНХАУ-руу захиалж урьдчилгаа 182 024 185 төгрөг төлсөн, төмөр бетон суурь болон анкер боолт суурилуулах ажлын урьдчилгаанд 5 000 000 төгрөг, нийт зардал 528 512 705 төгрөгийн хэмжээнд хохирсон гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын үндэслэлийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Т.М ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны үр дагавар буюу хохиролд барилгын зураг төслийн ажил боловсруулах гэрээний дагуу Бест товер ХКК-аас АСҮ ХХК-нд төлсөн 19 000 000 төгрөг, Цог золбоо ХХК-нд төлсөн Бест товер ХХК-ийн орон сууц, үйлчилгээний хотхоны төмөр бетон суурь болон анкер боолт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ А блок үнэ 5 000 000 төгрөг, Бест товер ХХК-аас Арц суварга ХХК-нд газар шорооны ажил гүйцэтгэх гэрээний үнэд төлсөн 81 600 000 төгрөг, Бест товер ХХК-аас БАГ МБ констракшн ХХК-нд төлсөн барилгын зураг төсөв боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнэ 4 375 000 төгрөг, АСҮ констракшн ХХК-аас Барилгын хөгжлийн төвд төлсөн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээний үнэ 3 513 520 төгрөг, У ХХК-аас барилгын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үнэд төлсөн 233 000 000 төгрөг, ган бүтцийн бүтээгдэхүүн үйлдвэр, гэрээний үнэ 182 024 185 төгрөг нийт 528 512 705 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний харилцаа үүсээгүй гэж татгалзжээ.

 

Хэрэгт Санамж бичиг нэртэй бичгийн баримт авагдсан, талууд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаангүй байна. /хх7/

 

Т.М ХХК нь У ХХК-ийн байранд 2011 оноос хойш түрээсээр үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж олон жилийн хамтын ажиллагаатай байсан талаар талууд тайлбарласан. /хх1-2/

 

Санамж бичигт У ХХК-ийн газар дээр Т.М ХХК-ийн захиалгаар оффис, агуулах цехийн барилга барих санамж бичгийг байгуулав гэжээ. /1хх 7/

 

Талууд цаашид урт хугацааны түрээсийн гэрээ байгуулах талаар тохиролцсон байх бөгөөд уг санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд удаа дараа яриа хэлэлцээр уулзалтууд хийж байсан болох нь зохигчдын тайлбар болон [email protected], [email protected] нарын и-мэйл хаягт хийсэн үзлэгээр тогтоогдсон. /2хх 6-31/

 

Т.М ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхгүй талаар мэдэгджээ. /хх 47/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдаж, учирсан хохирлыг арилгуулах гэж тодорхойлон маргасан.

.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26, 6 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох зарчмын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг удаа дараа тодруулсан байх тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв боловч уг шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийг хэрэглэж дүгнээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны үр дагавар буюу хэлэлцээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн гэх архитектурын зураг төлөвлөлт, газар шорооны ажил, худалдан авалт хийсэн бараа материал үнэ, ажлын хөлс зэрэгт 521 522 700 төгрөг гаргуулахаар тодорхойлсон. /хх 1-2/

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах шатны шүүх дээр тодруулсан нөхцөл байдлууд анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлийн талаар мэтгэлцсэн нөхцөл байдалтай тохирч байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын тодорхой үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч хөлс төлөхөөр хүсэл зоригоо тодорхой илэрхийлж нэгдсэн байх ёстой. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

 

Талуудын санамж бичгээс үзэхэд талууд урт хугацааны түрээсийн гэрээ байгуулж ажиллахаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлс төлөх, хариуцагч нь ашиг үр дүн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх талаар заагаагүй байна.

 

Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх юм. Талууд түрээсийн гэрээ бус харин ирээдүйд түрээсийн гэрээ байгуулах, үүний тулд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн обьектыг засан сайжруулахаар урьдчилан тохиролцсон байна. Тодруулбал, гэрээ байгуулах тухай тохиролцсон байна. Иймд гэрээ байгуулагдаагүй, хэлэлцээний шатанд зогссон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгчийн тодорхойлсон оффис, агуулах цехийн барилгыг цаашид хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх заалт дээрх санамж бичигт байхгүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын хөлсний хэмжээ, гэрээний зүйл буюу ажлын үр дүнгийн талаар тохиролцоогүй байхад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Санамж бичиг нь гэрээ байгуулахын өмнөх, цаашид гэрээ байгуулна гэж итгэл үнэмшил төрүүлж болохуйц баримт бичгүүд үйлдсэн байгаа болохоос ажил гүйцэтгэх гэрээ биш байна.

 

Харин талуудын хооронд гэрээний урьдчилсан үе шат буюу бэлтгэл шат явагдсан байсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ энэ асуудалтай холбон тайлбарлаагүй тул гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүсэх үүргийн асуудалд энэ шийдвэр хамаарахгүй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн заалтыг заагаагүйг залруулж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон агуулгаар тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь захиалагчийн буруугаас гэрээ цуцлагдсан, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ашиг сонирхолтой байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээгээр шаардах эрх үүсдэг. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20ы өдрийн 102/ШШ2021/02340 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Т.М ХХК-д холбогдуулан хохиролд 528 512 705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 800 513 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД