Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

Г.Л, Д.И нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгч Г.Л, Д.И,

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Д.Б (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Л, Д.И, шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч М.Э нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Г.Л, Д.И нарт холбогдох эрүүгийн 2316000850169 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

 

Ж ургийн овогт Г.Л нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, ............. боловсролтой, ............ ажилтай, “Х-А” ресурс ХХК-д ............ ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ............. сум, ........... баг ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РН................. регистрийн дугаартай,

 

Г овогт Д.И нь Монгол улсын иргэн, халх, 20... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, ........ боловсролтой, ........... мэргэжилтэй, Есөнбулаг сумын ... -р цэцэрлэгт ............ ажилтай, ам бүл ..., нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн .............. сум, ............ баг ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДЖ................... регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Г.Л-г Д.И-тэй бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын ... -ны өдрийн 18 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн .............. сумын ............ багийн ... - ... тоотод байрлах өөрийнхөө гэрт Б.Э-ийн эзэмшлийн гар утсанд интернэт банк суулгаж өгөх нэрээр түүний эзэмшлийн ХААН банкны 53.............. тоот данснаас 670,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр ............. аймгийн ............ сумын ... дугаар багийн харьяат Б.П-ийн ХААН банкны 59.................. тоот дансанд шилжүүлж, Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансаар дамжуулан Г.Л-ийн ХААН банкны 50................ дугаарын дансанд Б.П-аар шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

 Шүүгдэгч Г овогт Д.И-г Г.Л-тай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын ... -ны өдрийн 18 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн ............. сумын ............ багийн ... - ... тоотод байрлах өөрийнхөө гэрт Б.Э-ийн эзэмшлийн гар утсанд интернэт банк суулгаж өгөх нэрээр түүний эзэмшлийн ХААН банкны 53................ тоот данснаас 670,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр ............. аймгийн .............. сумын ... дугаар багийн харьяат Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансанд шилжүүлж, Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансаар дамжуулан Г.Л-ийн ХААН банкны 50................ дугаарын дансанд Б.П-аар шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүгдэгч Ж ургийн овогт Г.Л, Г ургийн овогт Д.И нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, Д.И нарыг тус бүрийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Л, Д.И нарт оногдуулсан тус бүрийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Л, Д.И нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л, Д.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Э-ийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож ...шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Л-ийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Г.Л нь .......... аймгийн харьяат бөгөөд 2 сар тутамд нутаг явж ах дүү нар дээрээ очиж өндөр настай ээжийгээ эргэж тойрдог.

 

Г.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд холбогдох хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Би ............. аймгийн ............ сумын харьяат ойрын хэдэн жил аав, ээждээ очиж чадаагүй. Аав өвчин зовлон их ороодог, бие нь ядруу байгаа. Надад анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж, тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгөхийг туйлын их хүсч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт туйлын их харамсаж байгаа гэжээ.

 

Шүүгдэгч Д.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Г.Л “хадам аавыг надад их муу юм байна лээ” гэж Г мөрдөгч хэлээд хэрхэн мэдүүлэг өгөх талаар надад зөвлөж хэлсэн. Тэгээд камертай өрөөнд дагуулан орж мэдүүлэг хөтлөж, зөвлөж хэлсний дагуу би Д.И рүү хэргээ чих, П-ийн данс руу Д.И шилжүүлсэн гэж мөрдөгч Г-ийн зааж өгсний дагуу мэдүүлгээ өгсөн гэж Г.Л надад хэлсэн. Би тухайн үед Г.Л-г чи хүн гүтгэлээ гэж муудалцаж байсан. Г.Л-г нойлын өрөө рүү дагуулж ороод танай хүүхэд чинь хэдэн настай билээ гэж асуухад нь 1 ой, 2 сартай гэхэд эхнэр чинь торгуулиад өнгөрнө энэ талаар хэнд ч хэлж болохгүй шүү гэсэн байсан. Г мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, зориуд хуурамч нотлох баримт бүрдүүлж, хэргийн материалд хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илт зөрчсөн. Прокурорт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөгч зөрчиж байна гэж удаа дараа хүсэлт гаргасан ч прокурор Х.Г хүсэлтийг хүлээж аваагүй. Прокурор Х.Г, хэргийн оролцогч Т нар нь нэг нутгийн хүмүүс. Т-ын үндсэн хаягийг яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн материалд хуурамчаар үйлдэж Улаанбаатар хотын иргэн болгож, хэргийн материалд байгаа хүмүүсийн мэдүүлгийг прокурор үгүйсгэж хэт нэг талыг барьсан. Нэмэлт ажиллагаа хийгээгүй, прокурор мөрдөгчид даалгавар өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, намайг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн. Иймд эрүүгийн 2316000850169 дугаартай Д.И надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

         Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

         Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй байх тул шүүгдэгч Д.И-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Г.Л-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2023 оны 03 дугаар сарын ... -ны өдрийн 18 цаг 45 минутад Б.Э-ийн ХААН банкны 53................ тоот данснаас 670,000 төгрөгийг ............ аймгийн .......... сумын ... дугаар багийн харьяат Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансанд шилжүүлж, Б.П-ийн уг данснаас Г.Л-ийн ХААН банкны 50................ дугаар дансанд Б.П-аар шилжүүлж шүүгдэгч Г.Л авсан, хэрэг шалгагдах явцад 670,000 төгрөгний хохирлыг буцаан төлж барагдуулсан үйл баримт гэрч Б.П-ийн “...найз Г.Л танихгүй хүнээр 670,000 төгрөг хийлгэж өөрийн данс руу авсан. Цуг ажиллаж буй хүмүүсийн цалинг тавих гэсэн юм гэсэн”  1 х/х 103 дахь талд авагдсан мэдүүлэг , хохирогч Б.Э-ийн “миний интернэт банкны кодыг эхнэр мэднэ, найз Д.И-ээр 2023 оны 03 дугаар сарын 29-нд интернэт банк нээлгэж, кодыг солиулж авсан. Гар утас оролдож байгаад буцааж өгсөн” гэх хэргийн 1х/х 86 дахь талд авагдсан мэдүүлэг, яллагдагч Г.Л-ийн “эхнэр Д.И-тэй видео калл хийж ярьсан. Т ирж цай уухдаа, нөхөр Б.Э-ийн утсыг блок хийсэн тухай ярьсан. Яасан гэнээ гэж лавлахад нөхөр Б.Э-ийнх нь интернэт банкны нууц үг, хэрэглэгчийн хаяг ............, .......... гэж санаандгүй хэлсэн, бас 6 оронтой тоо хэлсэн тэр кодоор нь А-23 маркийн утсаар орж 670,000 төгрөгийг Б.П-ийн дансанд чимд гэсэн утгаар шилжүүлж, Б.П-аас өөрийн дансаар авч үрээд дуусгасан” гэх 1 х/х 149 дахь талд авагдсан мэдүүлэг нь түүний ХААН банкны 53................ тоот 1х/х 5 дахь талд авагдсан, Б.П-ийн ХААН банкны 59................ тоот 1 х/х 16 дахь талд авагдсан,  Г.Л-ийн ХААН банкны 50................ тоот 1 х/х 22 дахь талд авагдсан дансны хуулгуудаар нотлогдсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Л-г Б.Э-ийн 670,000 төгрөгийг нууц далд аргаар түүнд мэдэгдэхгүйгээр авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлтэй, үйлдсэн хэргийн нөхцөл байдал ялтны хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Д.И нь тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийг хянан шалгах явцдаа хууль зөрчсөн цагаатгаж өгнө үү гэж, хохирогч Б.Э давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг тооцож өгнө үү гэх тайлбар гаргажээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гэр бүлийн гишүүд болох Г.Л, Д.И нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар мэдүүлэг авахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг сануулалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-т заасныг тус тус зөрчиж мэдүүлэг авсан. (1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар тал Г.Л-г яллагдагчаар татаж, эрх үүрэг тайлбарлаж авсан мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр тал Д.И-г яллагдагчаар татаж, эрх үүрэг тайлбарлаж авсан мэдүүлэгт) 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар тал Г.Л-г яллагдагчаар татаж, эрх үүрэг тайлбарлаж авсан мэдүүлэгт хэрэгт ач холбогдол бүхий түүний эхнэр болох Д.И нь хохирогчийн 670,000 төгрөгийг гэрч Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансанд шилжүүлсэн талаар хэрэгт ач холбогдолтой үндэслэл бүхий байж болох, бусад нотлох баримтаар нотлогдохуйц мэдүүлгийг өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хууль зөрчиж авсан мэдүүлэг байх тул нотолгооны чадварыг алдагдуулжээ. Аливаа хэрэгт шүүх хөндлөнгийн байр сууринаас хандах, мөрдөх, яллах байгууллагын чиг үүргийг хуулийн байгууллагууд нэгдмэл байр сууринаас хэрэгжүүлэх нь зохимжгүй байна.

Ажлын цагаар гэрчээр Г.Л-аас мэдүүлэг аваагүй өглөөний 08 цагт мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх гомдол үндэслэл бүхий байна. Хэргийн 1 дүгээр хавтаст хэрэг 96-98 дахь тал.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэд Г.Л-г хууль зөрчиж авсан мэдүүлгийг  үнэлж  түүнийг буруутгажээ.

Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайн хэрэгт хамтран оролцогч Г.Л, Д.И нарт яллах дүгнэлт үйлдэхдээ “2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 45 минутад Говь-Алтай аймгийн .............. сумын ........... багийн ... - ... тоотод байрлах өөрийнхөө гэрт Б.Э-ийн эзэмшлийн гар утсанд интернэт банк суулгаж өгөх нэрээр түүний эзэмшлийн ХААН банкны 53................ тоот данснаас 670,000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр ........... аймгийн .......... сумын ... дугаар багийн харьяат Б.П ХААН банкны 59................ тоот дансанд шилжүүлж, Б.П ХААН банкны 59................ тоот дансаар дамжуулан Г.Л-ийн ХААН банкны 50................ дугаарын дансанд Б.П-аар шилжүүлж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж яллагдагч тус бүрийн үйлдлийг нарийвчлан тогтоогоогүй, 2 хүний үйлдлийг үг үсгийн зөрүүгүйгээр үйл баримтыг нэрлэн заасан, хэн нь санаачилсан, хэн нь ямар үйлдлээр хатгаж, хамжин оролцсон болохыг тогтоож, яллах дүгнэлт үйлдээгүй байна.

 

Хэргийн үйл баримт зөрүүтэй гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд яллагдагч Г.Л /хэргийн 98,146 дахь талд өгсөн мэдүүлэгтээ/ 2023 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод цахилгаан станцад дагалдан хийж байсан. Гэрч Б.Т-ын мэдүүлэгт /хэргийн 91 дэх тал/ ... Д.И нь нөхөр 1 хүүхдийн хамт амьдардаг, нөхөр нь Г.Л гэдэг хүн байдаг. Улаанбаатар хотод ажилладаг гэж мэдүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт /хэргийн 135 дахь талд/ ... шүүгдэгч Д.И нь гэмт хэрэгт санаатай нэгдэн оролцсон болох нь талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Эрх зүйн дүгнэлт болсон уг хангалттай гэх нөхцөл байдал нь хэний ямар мэдүүлэг тайлбар бусад баримтаар хэрэгт хамаарал, ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлаар хэрхэн тогтоогдож буйд үндэслэл бүхий үнэлэлт өгөөгүй. Шийтгэх тогтоолд тухайлбал гээд дурдсан мэдүүлгүүдийн  яллагдагч Г.Л-ийн эхнэрийн үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь түүний үйлдлийг шууд заасан боловч хууль зөрчин авагдсан ба бусад мэдүүлгүүд түүний гэм бурууг шууд нотлоогүй данснаас мөнгө шилжсэн байдлыг гэрчилсэн агуулгатай байна.

 

Шүүгдэгч Д.И-г гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч үйл баримтыг үнэлж дүгнээгүй, ямар үүрэг оролцоотойгоор хэрхэн уг хэрэгт оролцсон байдлыг тогтоогоогүй байна. Шүүгдэгч Д.И-н хувьд гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байх тул түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.И-н үйлдэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

 

Хохирогч Б.Э-ийн ХААН банкны 53................ тоот данснаас 670,000 төгрөг Б.П-ийн ХААН банкны 59................ тоот дансаар дамжиж улмаар  Г.Л-ийн ХААН банкны 50................ дугаарын дансанд шилжин орсон байдал нь уг гүйлгээ хийгдсэн тус банкны хуулгуудаар нотлогдсон байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэр бүлийн хүмүүс болох холбогдогчдыг анх байцаахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөх ажиллагааны жишиг шаардлагыг хангаагүй мэдүүлэг авсан, уг мэдүүлэг нь харьцангуй бодит байх магадлал өндөр хэдий  ч нотолгооны чадвар алдагдсан,  шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар талд авагдсан Г.Л-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн дээр дурдсан мэдүүлгийг үнэлсэн, “уг мэдүүлэгт эхнэр Д.И нь 670,000 төгрөгийг Б.П-ийн данс руу шилжүүлсэн талаар мэдүүлсэн байсан.” Г.Л-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн дараагийн мэдүүлгээс тухайн хэргийг бүлэглэн үйлдээгүй өөрөө дангаар  үйлдсэн гэж, өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн, хэрэгт авагдаж шүүх шийтгэх тогтоолд дурдсан хохирогч Б.Э, гэрч Б.П, гэрч Б.Т-ын зэрэг бусад мэдүүлгүүд Г.Л-ийн гэм бурууг шууд нотлоогүй харин мөнгө данснаас шилжигдсэн талаар дурдсанаас түүний гэм бурууг шууд заагаагүй байна.

 

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаж гэмт хэрэгт холбогдогч Д.И-н үйлдлийг ялган зааглаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтын дүгнэлт, хууль зүйн дүгнэлтийг нарийвчлан хийгээгүй, хэрэгт нэг гэр бүлийн эхнэр, нөхөр холбогдсон, хохирогч Б.Э-ийн данснаас алдагдсан 670,000 төгрөгийг шүүгдэгч Г.Л зарцуулж, буцаан төлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан байдал нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, гэрч Б.П, Г.Л-ийн Хаан банкны  дансны хуулгуудаар тогтоогдсон тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг шинэчилэн тогтоох боломжгүй, холбогдогч этгээдүүд нь тухайн хэргийг хуульд заасан хугацаанд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй байх тул хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд хэргийг нэмэлт ажиллагаанд буцаахгүйгээр хэргийг энэ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Г.Л-ийн хохирол нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Э-ийн түүний сэтгэцэд учирсан хохирлыг үнэлээгүй гэх гомдлын тухайд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр “хуульчилсан тул 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.И-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатган зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж ургийн овогт Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Д.И-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г ургийн овогт Д.И-г цагаатгасугай” гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Л-г 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтаас “Д.И нарт” 3 дахь заалтын “тус бүрийг” гэсэн хэсгийг хасч “Г.Л” гэснийг “Г.Л-д” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

     ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                          Ш.Б