Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 122/ШШ2025/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Чинберри” ХХК, РД:5905532

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Чинберри” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сагсай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүн-Ирвэд, хариуцагч ******* сумын Засаг даргын өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

 

1.1. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар захирамжаар ******* сумын ******* боомтод 10 га талбай бүхий газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай “Чинберри” ХХК-д эзэмшүүлсэн.

1.2. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 дугаар захирамжаар  Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй тул тус сумын 1 дүгээр багийн нутаг ******* боомтод байрлалтай “Чинберри” ХХК-д өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн  2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.3. Нэхэмжлэгч “Чинберри” ХХК-иас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байна.

 

           Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:     

                  

2.1. Нэхэмжлэгч “Чинберри” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа “Чинберри” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000304074 дугаартай гэрчилгээтэй, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Уг компани нь авто машинаар ачаа тээвэрлэх, бөөний худалдаа, автомашин засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, геологийн суурь судалгаа, зөвлөгөө, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй.

Тус компаниас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд ******* аймгийн ******* сумын ******* боомтод бүс нутагт хадлан бэлтгэх, бэлтгэсэн хадлан болон экспортод гаргах өвс ургамлыг ариутгах зорилгоор өвсний экспортын зориулалтаар терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах төсөл боловсруулж ажиллаж байна. Уг төслийн хэрэгцээнд ариутгалын байгууламж барих, нөөц өвс хадгалах агуулах барихад шаардагдах 10 га газрыг ******* боомтод олгож бидний ажилд туслахыг хүсэж 2023 онд тус сумын Засаг даргад албан ёсоор хүсэлт гаргасан юм.

Компаниас гаргасан хүсэлтийн дагуу ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарч, уг тогтоолыг үндэслэн ******* сумын Засаг дарга ******* 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамж гаргаж, тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 10 га газрыг өвсний экспортын зориулалтаар терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зорилгоор “Чинберри” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай захирамж гаргасан юм.

Дээрх захирамжийн дагуу тус олгогдсон газарт манай компани төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж, хөрөнгө оруулалт оруулсан байсан юм. Үүнд: Өвс тэжээлийг өндөр температурт, өндөр даралтаар халдваргүйжүүлэх зориулалт бүхий лаборатори, Өндөр даралтын уурыг сэнсээр хуйлруулан ариутгах байгууламж 25.5м*30.5м хэмжээ бүхий 600 м.кв сэндвичин барилга, 20 метрийн урт 150 тонн ачаа даах Авто пүү /жин/, өвс ачиж буулгах машин
техникүүд /6 ширхэг 25 маркийн ковш/, 6 метрийн өргөнтэй, 15 метрийн урттай 90
м.кв талбай бүхий ажилчдын амрах байр, гал тогоо, 5м*3м хэмжээ бүхий 15 м.кв
талбай бүхий гал командын байр, 14м*4м хэмжээ бүхий 56 м.кв талбай бүхий 2
оффисын байр, 6м*4м хэмжээ бүхий 24 м.кв талбай бүхий 1 оффисын байр,
6м*3м хэмжээ бүхий 18 м.кв талбай бүхий харуулын байр, 80000 м.кв /8 га/ газарт
төмөр хашаа, 6 км газраас эрчим хүчний эх үүсвэрийг татаж дэд бүтэц бий
болгосон, нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн болно.

“Чинберри” ХХК-д 10 га газар олгосон сумын засаг даргын захирамж
гарсны дараа газрын цахим систем, газар ашиглах гэрээ хийх, газрын гэрчилгээ
олгох ажлыг улсын хэмжээнд зогсоосон Засгийн газрын шийдвэр гарсан гэж сумын
засаг даргын тамгын газраас манай компанитай газар ашиглах гэрээ хийж, газрын
гэрчилгээ бичиж олгоогүй байсан юм.

Гэтэл ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар “Чинберри”
ХХК-д 10 га газар эзэмшүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна.

Манайд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон үндэслэл нь “газрын
цахим системээр шийдвэрлэгдээгүй тул” гэсэн ганцхан үндэслэл зааж хүчингүй
болгожээ.

“Чинберри” ХХК-д олгосон газрыг цахим системд бүртгэх нь Засаг дарга,
түүний тамгын газар, газрын даамлын эрх, үүргийн хүрээнд хамаарах асуудал
бөгөөд манай компанийн зүгээс газрыг цахим системд оруулах, бүртгэх ямар ч эрх
мэдэл байхгүй юм.

“Чинберри” ХХК нь дээрх газрыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж
буй хууль тогтоомжийн хүрээнд төсөл боловсруулж, албан ёсны хүсэлтээ тавьж,
сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын засаг даргын захирамжийн
дагуу авсан бөгөөд уг газрыг авахдаа, авсан газар дээрээ хашаа барих, цогцолбор барилга байгууламж барих болон бусад үйл ажиллагаа явуулахдаа хууль тогтоомж зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, хууль бус үйлдэл огт гаргаагүй болно.

Харин ч Монгол Улсад урьд нь хэрэгжиж байгаагүй, одоо ч байхгүй цорын
ганц төсөл болох “өвсний экспортын зориулалтын терминал ариутгах байгууламж
бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс” байгуулах төслийг санаачлан хэрэгжүүлж
эхэлсэн юм. Манай компанийн ашиглаж буй газрыг 2024 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд оруулж дахин баталсан байна.

Үүнд ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор сумын 2024 оны
газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан бөгөөд хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан юм. Энэхүү тогтоолын
хавсралтын 19-д ******* сумын 1 дүгээр багт хуучин манайд олгосон координат
нэгж талбар) болох Х=5075066,299; Х=5075410,708; Х=5075526,929;
Х=5075186,411; Ү=437474,892; Ү=437256,160; Ү=437471,318; Ү=437692,089 дугаартай газрыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, газрын тосны бүтээгдэхүүн, импортлох, хадгалах агуулах барих 10 га газрыг олгохоор төлөвлөгөөнд тусгасан байна. Ийнхүү манай компанийн эзэмшилд авсан газрыг 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж, батлагдсан учир манай эзэмшилд үлдээж, бид ашиглах боломжтой юм байна гэж үзэж байсан юм.

Гэтэл 2024.06.07-ны өдрийн 01/710 дугаартай албан бичгээр аймгийн Засаг
дарга М.Идэрбат нь “Чинберри” ХХК-д мэдэгдэл ирүүлж, “Сумын Засаг дарга
танай компанид 15 жилийн хугацаатай 10 га газрыг эзэмшүүлэхээр хууль бус
захирамж гаргасан байна. Уг хууль бус захирамжийг хүчингүй болгох талаар
******* сумын Засаг даргад албан тоот хүргүүлж, 2023 оны 10 дугаар
сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/235 дугаартай
сумын Засаг даргын захирамж гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар
зүйлийн 57.3 (зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан,
эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл,
дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө), 57.4
(Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл,
дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох
зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.) гэсэн заалтын дагуу тус газрыг 2024
оны 6 сарын 15-ны дотор чөлөөлөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгийг
ирүүлсэн юм.

“Чинберри” ХХК нь ******* сумын Засаг даргын 2023 оны 10 сарын
31-ний өдрийн А/235 дугаартай Захирамжийг манайд албан ёсоор ирүүлээгүй
боловч, нэгэнт аймгийн Засаг даргын албан бичиг ирсэн тул сумын Засаг дарга
Г.*******ы 2023 оны 10 сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй
болгох тухай” А/235 дугаартай захирамж, газар албадан чөлөөлөх шийдвэрийг эс
зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай үндэслэлээ дурдаж Газрын тухай хуулийн 60
зүйлийн 60.1.1, 60.3, 61.1-т заасныг үндэслэн аймгийн Засаг даргад 2024 оны 6
сарын 17-ны өдөр гомдол гаргасан юм.

Аймгийн Засаг дарга М.Идэрбат нь манай гомдлын хариуг 2024 оны 7 сарын
9-ний өдрийн 01/872 дугаартай албан бичгээр ирүүлснийг 2024 оны 7 сарын 16-ны
өдөр хүлээн авсан юм. Аймгийн Засаг даргын “Гомдлын хариуг хүргүүлэх тухай”
албан бичигт ******* сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох
шаардлагыг хангах боломжгүй тухай дурдаж, үндэслэлээ бичиж хариу ирүүлжээ.
Аймгийн Засаг даргын уг хариуг эс зөвшөөрч, ******* сумын Засаг даргын
А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.1-т
заасныг үндэслэн танай шүүхэд хандан дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж
байна. Үүнд:

******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 сарын
31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь:

А. Манай компани нь сумын Засаг даргад албан ёсоор бичгээр хүсэлт
тавьж, төсөл хөтөлбөрөө боловсруулан өгч, хууль тогтоомжийн хүрээнд тус
сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын 2023 оны 8
сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийн дагуу ашиглахаар авсан юм. Энэ шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд манай компанийн зүгээс ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хууль зөрчөөгүй болно.

Б. Манай компани гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгож, ашиглуулах нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн, хуулийн хүрээнд олгогдсон ажиллагаа гэж бид үзэж байна.

В. Тус компани нь уг ашиглуулахаар олгосон газар дээр хашаа татах, агуулах, терминал барих зэргээр 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монгол улсад урьд өмнө нь хэрэгжиж байгаагүй, бүс нутагт хадлан бэлтгэх, бэлтгэсэн хадлан болон экспортод гаргах өвсийг ариутгах зорилгоор “өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах төслийн хүрээнд ажлуудаа хийж” уг газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Компанийн хүч хөдөлмөр шингэсэн, асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, өчнөөн зардал гаргасан, Монгол улсад онцгой чухал хэрэгцээтэй төслийг таслан зогсоож байгаад бид гомдолтой байна.

Г. Газрын тухай хуульд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 зүйлд нэг бүрчлэн заасан байна.

... “Чинберри” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан долоон үндэслэлээс алийг нь ч огт зөрчөөгүй, хууль зөрчсөн ямар нэг хууль бус үйл ажиллагаа явуулаагүй юм. Гэтэл сумын Засаг дарга нь дээрх долоон үндэслэлийн аль нь ч байхгүй байхад манай компанид өөрөө газар олгоод, уг газар олгосон захирамжаа өөрөө Газрын тухай хууль зөрчиж хүчингүй болгож байгааг хууль бус үйл ажиллагаа, Газрын тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Д. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заажээ. Дээрх хуулийн 40.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй, тийм үндэслэл байхгүй байхад манай компанид газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгосныг хууль бус учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа.

Нөгөө талаар сумын Засаг дарга нь 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг манай байгууллагад ирүүлээгүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, бидэнд мэдэгдээгүй өдийг хүрсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, бидний гомдол гаргах эрхийг хангаагүй хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Бид энэ асуудлыг газар албадан чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын албан бичиг ирснээр мэдэж, түүнийг үл зөвшөөрч, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох тухай гомдлыг
аймгийн Засаг даргад гаргасан байгааг шүүх анхаарч үзнэ гэдэгт найдаж байна.

Е. ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.******* 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамж гаргаж манайд газар олгосон 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо “Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолын 2.1 дэх хэсгийг зөрчин газрыг “цахим системээр шийдвэрлэгдээгүй тул” гэх үндэслэл зааж, өөрийн захирамжийг хүчингүй
болгожээ. Энэ үндэслэлийг эс зөвшөөрөх үндэслэл нь:

    - Аж ахуйн нэгжид олгосон газрыг “газар ашиглах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх” асуудлыг Засгийн газраас уг тогтоолоор төрийн байгууллага болох Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, бүх шатны нэгжийн засаг дарга нарт өөрт нь даалгасан тэдний өөрсдөө хийж, гүйцэтгэх ажил, үүрэг байна. Ийм учраас сумын Засаг дарга, түүний тамгын газар, газрын даамлын хийж гүйцэтгэх ёстой, эрх хэмжээнд хамаарах, чиг үүрэгт багтаж байгаа асуудлыг өөрсдөө хийж хэрэгжүүлээгүй байж, захирамжаа хүчингүй болгож, аж ахуйн нэгжийн эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь хууль бус шийдвэр гэж үзнэ.

Тус сумын Засаг дарга газар олгохдоо дээрх цахим системээр шийдвэрлэх ёстой байсан нь аж ахуйн нэгжид хамааралгүйгээс гадна газар эзэмших эрх олгосны дараа ч гэсэн уг системд бүртгэх, баталгаажуулах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нь Засаг даргын хийх, хариуцах ажил бөгөөд уг ажлаа хууль тогтоомжийн хүрээнд хийгээгүй, хэрэгжүүлээгүй байж, манай компанийн эрх ашгийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

- “Чинберри” ХХК-ийн хувьд Засаг даргын хүчин төгөлдөр захирамж гарч, манайд 10 га газар олгосон хууль ёсны шийдвэртэй учир уг газарт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ захирамжийг хүчингүй болгох шийдвэрт манай компанийн гэм буруу, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа огт байгаагүй байхад хүчингүй болгох шийдвэр гаргасан байгааг зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргаж байна.

Ё. ******* сумын Засаг дарга газар эзэмших захирамжийг хүчингүй болгох захирамж гаргахдаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд заасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийн аль нь ч байхгүй байхад хуулиа зөрчиж, зөвхөн Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр болсон байна гэж үзнэ. Учир нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хувьд хууль бол үйлчлэх хүчин чадлын хувьд Засгийн газрын тогтоолоос илүү хүчин чадалтай, үйлчлэлтэй эрх зүйн акт юм. Ийм учраас
сумын Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн
заалтыг биш Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгож байгаа нь хууль бус байна. Уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, зөвшөөрөгдсөн газар тул захирамжаа хүчингүй болгохгүйгээр цахимд бүртгэж, улсын бүртгэлд оруулж баталгаажуулах боломж нь засаг даргад өөрт нь бүрэн байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурдагдсан дээрх үндэслэлүүдээр ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.******* 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

... Иймд ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******ы гаргасан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус үндэслэн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сагсай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******ы 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах асуудлаар “Чинберри” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гаргасан нэхэмжлэлүүдийн гол шаардлагуудыг өмнөх анхан шат болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нэг бүрчлэн тайлбарласан тул одоо товч байдлаар тайлбарлая. “Чинберри” ХХК тухайн А/188 захирамж гарах цаг үе буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсад нэлээн хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд буй. Түүний нэг чиглэл болох өвс, тэжээлийн хадлан бэлтгэж, БНХАУ-д экспортод гаргах зориулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор ******* аймгийн ******* сумын Засаг дарга Г.*******д албан ёсоор хүсэлт гаргаж, газрын асуудлаа шийдвэрлүүлж, 10 га газрыг эзэмших зөвшөөрлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол болон сумын Засаг даргын захирамжаар “Чинберри” ХХК-д олгосон. Гэтэл уг захирамж гарсны  дараа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумын Засаг дарга байсан Г.******* А/235 тоот захирамж гаргаж, анх гаргасан А/188 тоот захирамжийг хүчингүй болгосон байсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хадлан тэжээл бэлтгэж, бэлтгэсэн хадлан тэжээлээ ариутган хадгалж, улмаар БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг дамнан эрхэлдэг. Энэ зорилгоор төсөл сонгон шалгаруулж, ******* аймгийн ******* сумын *******ийн боомтод Монгол улсад цорын ганц байгаа өвс тэжээл ариутгаж, экспортлох зориулалттай гаалийн хяналтын цогцолборыг бий болгосон байдаг. Тухайн 10 га газрыг эзэмшүүлэх захирамжаа хүчингүй болгосон учраас “Чинберри” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл хязгаарлагдмал болж  үйл ажиллаагаа маань доголдсон. 

            Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалттай байсан компани хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэж, хурлаар нь хэлэлцүүлж, Засаг даргын захирамжийн дагуу авсан газар дээрээ 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулан, Гаалийн хяналтын цогцолбор бий болгосон. Энэ Гаалийн хяналтын цогцолбор нь Монгол улсад байдаг цорын ганц цогцолбор байгаа. Гэтэл сумын Засаг дарга энэ үйл ажиллагааг явуулах газрын зөвшөөрлийг хүчингүй болгох захирамж гаргасан нь тухайн компанийн ажил хэвийн үргэлжлэхэд асуудалтай болсон. Сумын Засаг дарга энэхүү захирамжийг гаргахдаа өөрөө хууль, тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа. “Чинберри” ХХК 10 га газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль,  Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг Монгол улсын нэг ч хууль тогтоомжийг зөрчөөгүй, зөрчсөн ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа огт явуулаагүй байхад өөрийнхөө гаргасан газар эзэмших зөвшөөрлийг олгосон захирамжийг хүчингүй болгосон байсан. Тус захирамжид уг газар олгох үйл ажиллагаа цахим системд шийдвэрлэгдээгүй байна гэж заасан байсан. Газар олгох үйл ажиллагааг төр эрхэлж, хэрэгжүүлдэг. Цахим системд бүртгэх нь  Засаг дарга, сумын хурлын өөрсдийнх нь үүрэг, эрх хэмжээний асуудал. Тиймээс цахим системд бүртгэгдээгүй гэж үзэж, газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгож байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хүчингүй болгож байгаа үндэслэл нь хууль бус байна.

            Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Тус хуулиар гадаадын иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхтэй. Монгол улс бүх гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад газар эзэмшүүлж ирсэн. Энэ бол түүх юм. А/188, А/235 тоот захирамжууд гарах үед энэ компани гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан. Энэ эрх зүйн байдал өнөөдрийн байдлаар өөрчлөгдсөн байгаа. 2024 онд “Чинберри” гэх ХХК нь дотоодын хуулийн этгээд болсон. Монгол улсын иргэн Бат-Очир гэдэг хүн 100 хувь хувьцаа эзэмшдэг дотоодын компани болсон байсан ч өнөөдөр Бэхбат гэх хүн 100 хувь хувьцаа эзэмшдэг Монгол улсын хуулийн этгээд болсон байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, Монгол улсын хуулийн этгээд Монгол улсад Үндсэн хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрхтэй. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль бус байна гэж захирамжаа хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй, мөн аймгийн Засаг дарга түүнийг нь зөв гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж бид нэхэмжлэл гаргасан. “Чинберри” ХХК Монгол улсын дотоодын хуулийн этгээд учраас Монгол улсын үндсэн хууль, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрхийг эдлэх ёстой. Ийм эрх зүйн шинэ орчин бүрдчихсэн байхад зөвхөн эзэмшүүлэх гэдэг үг байна гэсэн үндэслэлээр сумын засаг дарга болон ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 

            ******* сумын Засаг дарга олгосон газраа хүчингүй болгосон А/235 тоот захирамж гаргасан тухайгаа “Чинберри” ХХК-д огт мэдэгдээгүй, хувийг нь хүргэж танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл нуучихсан. Үүнийг хэзээ мэдсэн гэхээр, 2024 оны 06 дугаар сард аймгийн Засаг даргаас тус компанид бичиг очиж, аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргасан. Гэвч аймгийн Засаг дарга нь хүлээж аваагүй учраас ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

А/188 тоот 10 га газар эзэмшүүлэх захирамж гарсан ч газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй, газрын цахим системд бүртгэх ажиллагааг ******* сумын Засаг дарга, түүний тамгын газар болон ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийгээгүй. Энэ бол “Чинберри” ХХК-ийн үүрэг биш. Төрийн үүрэг. Төрд хамаарах эдгээр газарт ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг. Өнөөдөр Монгол усад эрх зүйт тогтолцоотой төр үйлчилж, нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг цаг үед амьдарч байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зохицуулах нь хүчинтэй юм уу? Монгол улсын хуулиар зохицуулах нь хүчинтэй юм уу? гэдэг асуудал яригдана. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж одоог хүртэл газар эзэмшүүлэх гэрчилгээ өгөхгүй, гэрээ хийхгүй,  цахим бүртгэлд бүртгэхгүй байгаа нь хууль бус байна. Тийм учраас А/235 тоот захирамжийг үндэслэлгүй, хууль бус байна гэж үзэж хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай оролцож, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүн-Ирвэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай давхцуулахгүйгээр товч тайлбарлая гээд, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/188 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Тус захирамжийн 3 дахь хэсэг дээр “...Газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрыг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулах, хуулийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосугай” гэж Засаг дарга нь  захирамжаараа үүрэг болгосон юм байна. Тус захирамжийн дагуу Засаг даргаас үүрэг болгосон ажиллагаа бол огт хийгдээгүй. Газрын цахим системд бүртгэгдээгүй байгаа нь иргэний бус хуулийн этгээдийн хийх ажил. Өөрсдөө хууль бус эс үйлдэхүй гаргаад, тэр нь биелэгдээгүй учраас Монгол улсын үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч хуулийн этгээдийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...газар эзэмших, ашиглах, өмчлөх...” гэсэн эрхэд шууд халдаж байгаа үйлдэл гэж ойлгож байна.

Дараагийн асуудал нь А/235 тоот дугаартай хүчингүй болгосон захирамж байгаа. Тус захирамжийн удирдлага болгож байгаа зүйл заалт дээрээ сонсох ажиллагаа хийлгэхийг даалгасан байдаг. Гэтэл хавтаст хэргийн материал болон хариуцагч талаас ирүүлсэн тайлбаруудыг харж үзвэл хариуцагч хууль ёсны эрх ашгаа хамгаалах, санал гаргах боломжоор нь огт хангаагүй, тус захирамж гарсыг ч мэдээгүй байсан. Тэгэхээр “Чинберри” ХХК нь газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон тухайн нөхцөл байдлыг огт мэдээгүй, эрх ашгаа хамгаалах боломжийг урьдчилсан байдлаар гаргаагүй байдаг. Үүнийг яриад байгаа шалтгаан нь “Чинберри” ХХК-д газар эзэмших эрх олгосон  даруйд тус компани тухайн цогцолбор бүхий газарт өөрсдийн хөрөнгөөр ойролцоогоор 2.2 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байдаг. Үүнийг хэргийн материалд зурган хэлбэрээр баталгаажуулж оруулсан байгаа. Ямар ямар бүтээн байгуулалт хийгдсэн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч маань ярьсангүй. Энэ талаар хэлье гээд, өвс тэжээлийн өндөр температурт өндөр даралтаар халдваргүйжүүлэх зориулалт бүхий лаборатори, өндөр даралтын уурыг сэнсээр хуйлруулан ариутгах байгууламж, 20 метрийн урттай сэндвичин барилга, 150 тонн ачаа даах авто пүү, өвс ачиж, буулгах машин техникүүд 6 ширхэг, 6 метрийн өргөн, 15 метрийн урттай, 90 м.кв талбай бүхий ажилчдын амрах байр, гал тогоо, гал командын байр, оффисын байр, 24 метр квадрат бүхий оффисын байр, харуул хамгаалалтын байр, 8 га газарт төмөр хашаа, 6 километр газраас эрчим хүчний эх үүсвэрийг татаж, дэд бүтцийн ажлыг нэхэмжлэгчийн зүгээс хийсэн байдаг. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа захирамжийг урьдчилсан байдлаар мэдэгдээд, сонсох ажиллагаа хийсэн бол хөрөнгө мөнгөө зарцуулж, энэ бүтээн байгуулалтыг бүрэн барьж байгуулаад ашиглалтад оруулахгүй байх байсан. Гэвч сонсох ажиллагаа огт хийгдээгүй, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаарх мэдээллийг ч өгөөгүй болохоор тус компани өөрсдийн цаг зав, хүч хөдөлмөр, мөнгө төгрөгийг зарцуулж 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байгаагаас харахад хохиролтой байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад “... хууль ёсны итгэлийг хамгаалах...” зарчмыг Засаг даргын зүгээс шууд зөрчиж, илт хууль бус актыг гаргасан.“Чинберри” ХХК-иас газрыг эзэмшүүлж эсвэл ашиглуулж өгнө үү? гэсэн нарийвчилсан утгатай хүсэлт гаргаагүй. Хууль ёсных нь дагуу газар олгож өгнө үү? гээд ямар үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа талаар хүсэлт гаргасан. Харин Засаг даргын зүгээс газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан. Энэ захирамж нь үг үсэг, утга зүйн хувьд илэрхий алдаатай акт байсан. Тухайн захирамжийг Засаг дарга өөрөө засварлаж, шинэчлэн гаргах бүрэн боломжтой байсан.

Захиргааны акт нь материаллаг болон, формал эрх зүйн шаардлагыг хангасан байх ёстой. Үүн дээр сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нь формал эрх зүйн шаардлагыг хангаагүй үндэслэл болж байгаа. Тэгэхээр А/235 тоот дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тус акт нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус акт болж байгаа. Тиймээс илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, “Чинберри” ХХК-ийн Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасан эрх ашгийг нь сэргээж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

 

            3.1. Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Чинберри” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компаниас 7 дугаар сарын 29-ний өдрийн 07/06 дугаартай албан бичгээр ******* сумын нутаг дэвсгэрт  өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар газар хүссэн хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хүлээн авч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжаар тус сумын 1-р багийн нутагт 10 га газрыг хүсэлтэд дурдсан зориулалтын дагуу “Чинберри” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргасан.

Уг захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох”, “газар эзэмших хүсэлт гаргах эрх зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид байх”, “...газар эзэмшүүлэх асуудлыг ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан тул 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаартай захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ ... Газрын тухай хууль тогтоомжийг ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”-ийг үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай “Чинберри” ХХК-д газар эзэмшүүлэх боломжгүйн зэрэгцээ 10 га газрыг эзэмшүүлэхдээ шийдвэр гаргах журам зөрчигдсөн тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байсан.

Иймд “Чинберри” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.2.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн ч гэсэн “Чинберри” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. ******* сумын Засаг дарга 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжийг гаргахдаа ******* сумын 01 дүгээр багийн нутагт 10 га газрыг өвсний экспортын зориулалт бүхий гаалийн хяналтын цогцолбор байгуулах зориулалттай газрыг “Чинберри” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тогтоосон. Ингээд гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр захирамж гарсан байдаг. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг доор үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнийг нэг бүрчлэн тайлбарлая гээд,

            Аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ажлыг Газрын тухай хууль болон Засгийн газраас тогтоосон журмын дагуу зохицуулдаг. ******* сумын Засаг даргын “Чинберри” ХХК-д газар эзэмшүүлэх үйл ажиллагаа анхнаасаа хууль бус явагдсан гэж үзэж байгаа. Тухайлбал Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуй нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана…”, мөн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгоно…”, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “…Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байна…” гэж заасан. Гэтэл “Чинберри” ХХК 2015 онд гадаадын хөрөнгө оруулалттай байгуулагдсан нь аж ахуй нэгжийн бүртгэлийн лавлагаагаар тодорхой харагдаж байгаа. Мөн газар олгох явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энэ  компани гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан гэдэг нь лавлагаагаар харагдаж байна. Харин хэрэг маргааныг шалган шийдвэрлэх явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдсөн байгаа. Сая нэхэмжлэгч тал ч гэсэн манайх Монголын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхойлоод байгаа боловч энэ нь маргааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-нд болсон гэж хэлэх байна. 

            Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “…Хүсэлт гаргасан байршил нь аймаг, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэхээр заагдсан газар байна…” гэж заасан. Гэтэл уг компани газар эзэмших хүсэлт гаргахдаа 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06, 07 гэсэн албан бичгээр газар эзэмших тухай хүсэлтээ ******* сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Хэдийгээр энэ албан бичгийг хүргүүлсэн гэж байгаа ч энэ хүсэлт нь ******* сумын Тамгын газрын бичиг хэргийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй байдаг. Хуульд зааснаар газар эзэмших хүсэлт гаргахдаа тодорхой нотлох баримтуудыг бүрдүүлж, хавсаргаж ирүүлэх ёстой байдаг. Хувийн хэрэг бүрдүүлж өгөх ёстой байтал бүртгэгдээгүй, уг компанийн хувийн хэрэг аймгийн Газрын алба болон ******* сумын Тамгын газарт байдаггүй. 

            2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06, 07 гэсэн албан бичгийг хүргүүлснээс хойш буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  13 дугаар хуралдаан хуралдсан байдаг. Энэ хуралдаанаар 09 дүгээр тогтоол гэж гарсан. Уг тогтоолын 03 дугаар хавсралтаар 1 дүгээр багийн Хөндлөн хайлаас гэх газарт өвсний экспортын зориулалтын Гаалийн хяналтын терминал бүхий цогцолбор бүс байгуулах зориулалтаар 100,000 м.кв  газрыг аж ахуй нэгжид эзэмшүүлнэ гэж тогтоосон байдаг. Гэтэл энэ бол 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна” гэж заасны дагуу зөвшөөрөл авсан байх ёстой ч энэ уг зөвшөөрлийг аваагүй. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл ерөнхийдөө газрыг эзэмших, ашиглах журмыг бүхэлд нь зохицуулсан байдаг. Энэ журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргахдаа батлагдсан журмын дагуу бүртгэлд бүртгүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой гээд жагсаалтаар заасан байдаг. Үүнийг бол огт бүрдүүлээгүй гэдгийг дахин хэлье. Анхнаасаа бичиг баримтаа зохих журмын дагуу бүрдүүлээгүй. Бүрдүүлэхээсээ эхэлж хууль, журам зөрчсөн.

            Дараагийн асуудал нь газар эзэмшихдээ тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг даргад өргөдөл, хүсэлт гаргаж, багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх… ийм зохицуулалт байдаг. Гэтэл багт хүсэлт гаргаж, хэлэлцээгүй байгаа. Сая 1 дүгээр багийн тодорхойлолт ирсэн. 

            Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2-т “…тухайн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэх үүрэгтэй…” гэсэн журмыг зөрчиж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан гэдэг үндэслэлийг барьж газар олгосон гэдэг нь хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. 

            Сая нэхэмжлэгч тал газар олгогч тал буюу сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж манай газар эзэмших эрхийг хүчингүй болгож, эрх зөрчлөө гэсэн тайлбарыг хэлж байна. Гэтэл газар эзэмшигч өөрөө үүргээ биелүүлээгүй. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 тоот захирамжаар газар эзэмших эрх олгосон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө энэ үүргээ биелүүлээгүй учраас газар эзэмших гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэгдэх ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр энэ бол төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа бус өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг хэлье. 

            Дараагийн нэг асуудал нь “Чинберри” ХХК газар эзэмшигч байгууллага юм бол газрын төлбөрийг төлөх ёстой. Гэтэл 2023-2025 оны одоог хүртэлх хугацаанд аймгийн төрийн сан болон сумын төрийн санд газар эзэмшиж байгаа төлбөр огт төлөгдөөгүй. Тэгэхээр энэ нь хууль ёсны газар эзэмшигч биш байна гэдгийг нотолж байгаа. Өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа нь ажиглагдаж байна. 

            Хэрэгт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/167 гэсэн албан бичиг байж байгаа. Энэ албан бичиг дээр ******* сумын Засаг даргын тус компанид эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн байдаг. Манай газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд албан ёсоор тусгагдаагүй, төлөвлөлтийн нэгж талбарын дугаар байхгүй, манай газраас танилцуулсан төсөл дээр огт байхгүй, дуудлага худалдаагаар олгогдоогүй, газрын кадастрын цахим системээр дамжин олгогдсон бүртгэлгүй учраас энэ байгууллага дээр хувийн хэрэг үүсгээгүй гэдгийг нотолсон байгаа. Ийм учраас  энэ газрын албаны албан бичиг тухайн газар олголт яаж хууль зөрчсөнийг нотолж байгаа гэдгийг хэлэх байна. Газар олгох үйл ажиллагаа анхнаасаа хууль зөрчсөн учраас сумын Засаг дарга Г.******* нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийнхөө хууль бус захирамжийг хүчингүй болгосон байгаа. Нэгжийн удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1-т “…Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана…”, мөн 66 дугаар зүйлийн 3-т “…Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсвэл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно…” гэсэн заалтуудын хүрээнд ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 тоот захирамж гарсан. Мөн Газрын тухай хуулийн “...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно…” гэсэн заалтаар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд А/235 тоот захирамж гарсан тул хуульд нийцсэн гэж үзэж байгаа.

            Нэгжийн удирдлагын тухай хуульд зааснаар тухайн аймаг, сумын Засаг даргын захирамжийг тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, аж ахуй нэгж биелүүлэх үүрэгтэй. Гэтэл уг компани энэ үүргийг буюу захирамжийг биелүүлээгүй. Тийм учраас аймгийн Засаг даргаас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 011253 тоот албан бичиг хүргүүлсэн. Тус захирамж нь сумын Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байгаа учраас газрыг албадан чөлөөлөхийг мэдэгдэж, хугацаа заасан утгатай захирамж байсан. Мөн үүний үргэлжлэл болгоод 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/651 тоот ажлын хэсэг байгуулж, газар албадан чөлөөлөх тухай захирамж гаргасан. Гэтэл энэ захирамж биелэгдээгүй. Учир нь тухайн үед “Чинберри” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул энэ захирамжийн хэрэгжилт бүрэн хангагдаагүй явж байгаа. 

            Дараагийн асуудал нь “Чинберри” ХХК нь 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим алдагдаж байна гэсэн тайлбар тавьж байна. Гэтэл цаг хугацааны хувьд маш богино байгаа. 45 хоногийн дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамжаа хүчингүй болгосон. Тэгэхээр 45 хоногийн хугацаанд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг нь хэрэгт бүрэн хэмжээгээр нотлогдохгүй байгаа. Цаг хугацааны хувьд боломжгүй тул Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн сонсон үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс болж манай эрх зөрчигдсөн гэх асуудал ярьж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол сонсох ажиллагаа явуулаагүй нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн зохицуулалт бол байхгүй гэдгийг тайлбарлая. Хууль бусаар олгосон газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдэл байгаа учир сумын Засаг даргын захирамж хуульд нийцсэн, захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэсэн тайлбарыг хэлэх байна гэв.

 

Дөрөв: Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

 

4.1. Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн. Засаг дарга гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Энэ хүчингүй болгосон үндэслэл, захирамжаа тухайн компанид мэдэгдээгүй байна. Хэлсэн л гэж ярьж байна. Албан ажлын үүднээс бичгээр мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна гэв.

 

               ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас 2025 оны 07 сарын 01-ний өдрийн А06/01 албан бичгээр[1] “... ******* сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/188 дугаартай захирамжийг хуульд нийцүүлэн уг захирамжийн 1 дэх хэсгийн “эзэмшүүлэх” гэснийг “ашиглуулсугай” гэж өөрчлөн хүчин төгөлдөр батламжлахыг ******* сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлсэн тул “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно. 

  1. Тогтоогдсон үйл баримтуудын тухайд:

1.1.******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/188 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч “Чинберри” ХХК-д тус сумын 1 дүгээр багийн нутагт 10 га газрыг өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

1.2. Хариуцагч буюу ******* аймгийн ******* сумын Засаг дарга нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн холбогдох хэсгээр “Чинберри” ХХК-д өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар 10 га газрыг эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ “... газрын цахим системээр шийдвэрлэгдээгүй”, мөн хариу тайлбартаа  “... Уг захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гаргасан боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “газар эзэмших гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагад олгох”, “газар эзэмших хүсэлт гаргах эрх зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид байх”, “... газар эзэмшүүлэх асуудлыг ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан ...” гэж тайлбарлажээ.

1.3. Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлсэн шийдвэр болон маргаан бүхий акт гарах үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* 100 хувийн хувьцаа эзэмшигч) байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[2] тогтоогдож байна.

1.4. Мөн хариуцагчаас тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 110 дугаар тогтоолын 2-т заасны дагуу цахим системээр дамжуулан шийдвэрлээгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/467 дугаар албан бичгээр[3] ирүүлсэн “.. манай Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжин тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй (төлөвлөлтийн нэгж талбарын дугааргүй, манай газраас танилцуулсан төсөл дээр байхгүй), Газрын цахим биржийн системээр дамжиж дуудлага худалдаагаар олгогдоогүй, Газрын кадастрын цахим системээр дамжин олгогдсон бүртгэлгүй тул манай газарт тус газартай холбоотой хувийн хэрэг үүсээгүй байна.” гэх тайлбараар нотлогдож байна.

2. Хууль хэрэглээний хувьд:

2.1. Нэгдүгээрт, Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” 110 дугаар тогтоолын 2-т  “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Улсын бүртгэлийн ерөнхий газар (Б.Баасандорж), аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Чөлөөт бүсийн захирагч нарт тус тус даалгасугай: 2.1. тухайн жилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд олон нийтийн саналыг авах, төлөвлөх болон батлагдсан төлөвлөгөөг мэдээлэх, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох асуудлыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлэх;” гэж заажээ.

2.2. Энэхүү маргааны тухайд, хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан шийдвэрлээгүй байна.

2.3. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрын тусгай зориулалт, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэр болон маргаан бүхийн захиргааны акт гарах үед гадаадын хөрөнгө оруулалттай байсан нь тогтоогдож байгаа тул газар эзэмших эрхгүй байна.

2.4. Харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн газар ашиглах хүсэлтийг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-т “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.” гэж заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.

2.5. Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.     

2.6. Нэхэмжлэгчийн хувьд өвсний экспортын зориулалтын терминал бүхий гаалийн хяналтын цогцолбор бүс байгуулах зориулалтаар газар олгохыг хүссэн тул энэхүү газрын зориулалт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтад хамаарч байх тул газар ашиглуулах асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна. Тиймээс хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж олгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

2.7. Иймд ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/235 дугаар захирамжаар, гадаадын хөрөнгө оруулалттай “Чинберри” ХХК-д газар эзэмшүүлсэн 2023 оны А/188 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэнтэй нийцсэн. 

2.8. Тодруулбал, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон, нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх үндэслэл байгаагүй, хуулийн дагуу үүсээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар 5 жилийн дотор эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2.9. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны шийдвэр хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн” талаар тайлбар гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилж, тус заалтын Тайлбар хэсэгт “... Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. ... ” гэж тайлбарлажээ.

2.10. Хэргийн тухайд дээр дүгнэсэнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохдоо газрын тухай хууль тогтоомж зөрчсөн тул Газрын тухай хуульд заасны дагуу хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлсэн нь  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;” гэх зохицуулалттай нийцсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэл хамгаалагдахгүй байна.

2.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “сонсох ажиллагаа хийгээгүй” гэх үндэслэлийн тухайд, шүүхээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хандаж маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан баримтуудыг шаардахад тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/361 албан бичгээр[4] “... Тус сумын 2023 оны А/235 тоот захирамжийг гаргах үед Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтнээр Д.******* ажиллаж байсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөхдөө энэ талаар цаасан баримт өгөөгүй. ... сонсох ажиллагаа явуулсан талаарх баримт нотолгоог гаргаж өгөх боломжгүй байна.” гэх тайлбар ирүүлсэн, мөн гэрчээр Д.*******ыг асуусан тэмдэглэлд “... сумын Засаг дарга энэ захирамжийг гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй. Сонсох, мэдэгдэх ажиллагаа хийсэн бол би хийж байгаа ажил, албан тушаалынхаа хувьд энэ талаар мэдэх ёстой.” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байна.

2.12. Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус заасан бөгөөд эдгээр журмууд нь захиргааны байгууллага шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг урьдчилан бодитоор зөв тогтоох, үүний тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг “сонсох”, ингэснээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон байдлаар гарах нөхцөлийг бүрдүүлэх агуулгыг илэрхийлнэ.

2.13. Харин энэхүү хэргийн тухайд, сонсох ажиллагаа явуулсан ч нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, газар эзэмших эрхийг олгосон шийдвэрийг зөвтгөх нөхцөл байдал үүсэхээргүй байх тул зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.

2.14. Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлд “... Аймгийн Засаг даргын 2024 оны 6 сарын 7-ны өдрийн 01/710 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигтээ Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/8481 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичгийн дагуу ... “мэдэгдэл” хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэл нь заавал биелэгдэх болохыг дурдсан ..., Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/8481 дугаартай албан бичиг нь заавал биелэгдэх шинжгүй, мөрдөгчийн мэдэгдлийн хүчин чадлыг агуулаагүй зохион байгуулалтын шинж чанар бүхий баримт бичиг юм. ...” гэж дурдсанаар тухайн маргаанд хамааралтай Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл гэж байхгүй, харин Авлигатай тэмцэх газрын тус албан бичиг нь маргаан бүхий захиргааны актаас хойш гарсан тул маргаан бүхий акт гарах нөхцөл байдлыг тогтооход нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

2.15. Шүүх хуралдаан оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй. Учир нь ... шийдвэр гаргасан явдлаа нэхэмжлэгч талд албан ёсоор тухайн цаг хугацаанд нь мэдэгдээгүй.” талаар дүгнэлт гаргасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргаж, өөрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөвхөн сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй талаар шүүхээс дүгнэсэн тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

2.16. Маргаан бүхий газарт сумын Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд хууль, журамд заасны дагуу оролцох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-т заасныг тус тус баримтлан “Чинберри” ХХК-иас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/235 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.МӨНХЗУЛ

 

                                                ШҮҮГЧ                                  Б.БАЯРМАА

 

                                      ШҮҮГЧ                                   В.ДАВААНЯМ

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх талд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 7 дахь талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь талд