Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0328

 

2017 оны 05 сарын 09 өдөр                  Дугаар 221/МА2017/0328                  Улаанбаатар хот

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, нарийн бичгийн даргаар Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болох аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/110 дугаар захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3,4 дэхь заалтуудыг хүчингүй болгуулж, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд Л.Г-ийг эгүүлэн тогтоож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-өөс 2017 оны 02 дугаар сарын 02-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.050.974 төгрөг олгохыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, ээлжийн амралт болон томилолтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч Л.Г-ийн шаардлага болох Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/110 дугаар захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгуулж, Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хангуулж, захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгт зааснаар "Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болон түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах заалтын дагуу хэдийгээр уг байгууллага өөр байгууллагатай нэгтэж зохион байгуулалтын бүтэц нь нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн ч үндсэн чиг үүрэг хэвээр байгаа гэж ойлгох юм.

Мөн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасны дагуу ажлын байраар хангах боломжтой байсан байна гэж шүүх дүгнэсэн нь хоёр өөр эрх зүйн үр дагавартай хуулийн заалтыг үндэслэх хэсэгтэй дурдсан нь шийдвэрийн үндэслэлийг хангалттай зөв тайлбарлаагүй, хэрэг маргаан үйл баримтыг зөв тогтоолгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч талаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба өөрөөс үл хамаарах шалтгаанаар татан буугдсан гэж цалин амралтын мөнгө, томилолтоор ажилласан төгрөгөө гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байхад Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан" гэж шүүхийн шийдвэрт үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн тайлбарт "Хуулийн 27 дугаар зүйлийн 27 2.4-т заасан "төрийн байгууллага татан буугдсан..." гэдгийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу ойлгоно", Хуулийн 27 дугаар зүйлийн 27 2.3-т заасан "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..." гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ. гэж заасан байтал Орон нутгийн өмчийн албыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 55 дугаар тогтоолоор татан буулгасныг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байтал "Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан" гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөв тайлбарлаагүй "Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө. " уг заалт нь Төрийн жинхэнэ албан хаагчийг дээрх үндэслэлээр төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой зааж өгсөн байтал нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалд сонгогдоогүй. төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдоогүй гэдгийг дурдаж үндэслэлгүй гэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна" 2016 оны 7 дугаар-с.арын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг тогтоох, үнэлэх шинжлэн судлах ажиллагааг хийгээгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчжээ.

Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/110 дугаар захирамж, мөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үүргийн дагуу гаргасан эрх зүйн зөрчилгүй шийдвэр тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагад дүгнэлт хийгээгүй нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана, 52.5.1-д захиргааны акт, ... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 52.5.2-т хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, 53.3-д Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно, 54 дүгээр зүйлийн 54.1-т шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрсөн шалтгаан үндэслэлийг, түүнчлэн тэрхүү шийдвэр үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа талаар өөрөө тодорхойлж шүүхэд ирүүлэх үүрэгтэй, харин тэдгээр нь тодорхой бус байвал шүүх хугацаа тогтоож тодруулах боломжийг олгох бөгөөд хэрэв заасан хугацаанд тодруулж ирүүлээгүй бол нэхэмжлэлийг буцаах эрх хэмжээг шүүх хэрэгжүүлэх боломжтой, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл эргэлзээгүйгээр бүрэн гүйцэд ойлгомжтой тодорхойлогдсон эсэхээс шалтгаалж шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх, хэрэг үүссэн тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэлийн талаар маргаж мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай явагдах, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэрэгжиж биелэгдэх боломжтой байх нөхцөл хангагдах үндэс болох тул нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, шүүх түүнийг хүлээн авах эсэх талаар дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх учиртай.

Нэхэмжлэгч нь анх 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/74 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, мөн олгогдоогүй цалин, ээлжийн амралтын олговор, томилолт зэргийг гаргуулах, Орон нутгийн өмчийн газарт ажилд эгүүлэн томилуулах... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ...Өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгууллага татан буугдсан тул хуулийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр адил түвшний ажил албан тушаалд томилуулах, амралтын мөнгө болох 1,810,495 төгрөг, мөн олгогдоогүй байгаа цалин болох 969,220 төгрөг, томилолтоор ажилласан 365,000 төгрөг нийт 3,144,715 төгрөг, мөн өөр албан тушаалд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалин хөлсийг хаанаас ямар журмаар гаргуулахыг тодорхой тусгуулах... гэж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016.10.20-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах... гэж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгуулах ... гэж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Аймгийн Засаг даргын 2017 оны Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлоогүй байхад шүүх тодруулаагүйн дээр нэмэгдүүлсэн шаардлагуудыг тухай бүрт нь хариуцагчид гардуулж, тайлбар гаргуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна. Тодруулбал,

Түүнчлэн нэхэмжлэгч нь анх ...Орон нутгийн өмчийн газарт ажилд эгүүлэн томилуулах... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэгдүүлсэн ...Өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгууллага татан буугдсан тул хуулийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр адил түвшний ажил албан тушаалд томилуулах... гэсэн нэгэн зэрэг хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан, түүнчлэн орон нутгийн өмчийн газарт ажилд томилуулах гэх нэхэмжлэлийн шаардлага нь өмчийн газрын даргаар томилуулах эсхүл тус газарт өөр ажил албан тушаалд томилуулахын алин болох нь тус тус тодорхойгүй байхад шүүх тодруулаагүй, түүнчлэн эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, хариуцагчаас тус нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой тайлбар гаргуулаагүй

-нэхэмжлэгчийн анх нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон ... Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны Б/74 дүгээр захирамжийг хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/95 дугаар захирамжаар хүчингүй болгосон байхад нэхэмжлэлийн тус шаардлагыг дэмжиж байгаа эсэхийг тодруулаагүй, тус шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь,

-түүнчлэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ... ажлаас чөлөөлсөн Б/110 дугаар захирамжийг нотлох баримтаас хасуулах-аар хүсэлт гаргасан атлаа тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, зөрүүтэй ойлгомжгүй хүсэлт, шаардлагыг гаргасан байхад шүүх нэхэмжлэгчээс энэ талаар тодруулаагүй, мөн хариуцагч, нэхэмжлэгч нар тус захирамжийг мэдэгдсэн, мэдсэн эсэх талаар шүүх хуралдааны явцад маргасан байхад тодруулаагүй, хариуцагчид тайлбар, нотлох баримт гаргах боломжийг олгоогүй, шийдвэрийн үндэслэх тус захирамжтай холбогдуулан дүгнэлт хийгээгүй атлаа тогтоох хэсэгт тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь,

-мөн түүнчлэн нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/418 дугаар захирамжийн Орон нутгийн Өмчийн газрын даргын сонгон шалгаруулалт зарлах тухай 3 дахь заалт, түр орлон гүйцэтгэгчээр З.Мөнхнасанг томилох тухай 4 дэх заалтуудыг хүчингүй болгуулах ... аар нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойгүй байхад тодруулаагүй, хариуцагчид гардуулж, тайлбар гаргуулаагүйн дээр холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүйн улмаас сонгон шалгаруулалтын явагдсан эсэх нь тодорхойгүй үлдсэний дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн тус шаардлагаас татгалзаагүй байхад шүүх мөн л шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн тус шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг зөрчлүүдийг тус тус гаргасны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-д Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, 6.3-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д хэрэг үүсгэсэн өдрөөс хойш ... орон нутагт 14 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна, 57.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ гэж заажээ.

Захиргааны хэргийн шүүх нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагаагаар дамжуулан нотлох зарчмыг хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчийг татан оролцуулах буюу өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдөд өөрийн тайлбар, үндэслэлийг нотлох нотолгоо баримтыг гаргаж ирүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь адил тэгш хангах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах нөхцөл боломжийг хангах үүрэгтэй.

Хавтаст хэрэгт ... 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нэхэмжлэлийг гардан авсан ... гэж огноо, гарын үсэг тэмдэглэгдсэн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулсан баримт тухай 1 хуудас хүснэгтээс өөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тухай бүрт нь хариуцагчийн төлөөлөгчид гардуулсан баримт авагдаагүй байх тул шүүхийг хэргийн оролцогч тэр дундаа хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах байдлаар нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой хариу тайлбар гаргах, түүнчлэн тайлбарын үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, эсхүл эх сурвалжийг зааж мэдүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, энэ талаар баримтжуулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Хоёр. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулаагүй тухайд:

Шүүхэд болон хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид эрх олгож, үүрэг болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32, 34 дүгээр зүйлийн зохицуулалтуудаас үзвэл нэг талаас шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй, харин нөгөө талаас хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага, няцаалт түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, боломжгүй эсхүл мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх үүрэгтэй, хэрэв хэргийн оролцогчид өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй бол шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, харин шүүх нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх зарчмыг баримтлан цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...Өөрөөс үл хамаарах шалтгаанаар байгууллага татан буугдсан тул хуулийн дагуу цалин хөлсөө бууруулахгүйгээр адил түвшний ажил албан тушаалд томилуулах, амралтын мөнгө болох 1,810,495 төгрөг, мөн олгогдоогүй байгаа цалин болох 969,220 төгрөг, томилолтоор ажилласан 365,000 төгрөг, нийт 3,144,715 төгрөг, мөн өөр албан тушаалд томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалин хөлсийг хаанаас ямар журмаар гаргуулахыг тодорхой тусгуулах... гэж цалин хөлс, олговортой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.

Шүүх ...Л.Г-ийн 2016 оны 12 дугаар сарын 09-өөс 2017 оны 02 дугаар сарын 02-ыг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.050.974 төгрөг олгохыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, ээлжийн амралт болон томилолтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэгч Л.Г Орон нутгийн өмчийн газарт хэдий хугацаагаар ажилласан, хичнээн төгрөгийн цалин авсан, олгогдоогүй цалин хөлс, томилолтын болон амралтын мөнгө хэд болохыг тодруулж дүгнээгүй, түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн тус шаардлагыг хариуцах үндэслэлтэй эсэх, эдгээр нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагчаас тодруулж, холбогдох нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй атлаа ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн нь тодорхойгүй байдлаар 2.050.974 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Гурав. Хууль хэрэглээний тухайд:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж тус тус хуульчилжээ.

Шүүх нэхэмжлэгч Л.Г-ийн ...ажилд эгүүлэн томилуулах, адил түвшний ажил албан тушаалд томилуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй, орон тоо бүтэц зохион байгуулалтыг хариуцагчаас хэзээ, хэрхэн өөрчилж тогтоосон талаар баримтуудыг бүрдүүлээгүйн улмаас Орон нутгийн өмчийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн захиргааны зүгээс Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс тус сонгон шалгаруулалтыг зарласан, түр орлон гүйцэтгэгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардах болсон үндэслэл нь тодорхойгүй, түүнчлэн тэрээр цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгах, Орон нутгийн өмчийн газарт ажилд эгүүлэн томилуулах /ямар ажил албан тушаал нь тодорхойгүй/ гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс нэгэн зэрэг хангаж шийдвэрлэх боломжтой эсэх нь тодорхойгүй нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг хамтад баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Түүнчлэн шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт нэхэмжлэлийн ...Б74, Б/110, Б418 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, амралтын мөнгө, 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл хэсгийг олгуулах гэсэн шаардлагуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ажилд эгүүлэн томилуулах /ямар ажил нь тодорхойгүй/, цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажлын байраар хангуулах шаардлагууд нэгэн зэрэг хангагдах боломжтой мэтээр дүгнэсэн нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасантай, Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдохуйц байдлаар бичсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... заана , 107.7-д Энэ хуулийн 107.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна, 106 дугаар зүйлийн 106.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан зөрчлүүд засагдаж арилаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ