Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 723

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  А.Сарангэрэл даргалж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Ч.О*******гийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б-17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “Миний бие Ч.О******* нь Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 319 дүгээр шийдвэрийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Булган аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг хүлээн авч ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн сахилгын болон санхүүгийн аливаа зөрчил гаргаж байгаагүй болно.

Хөдөлмөрийн сайдтай, МСҮТ-ийн захирлууд үр дүнгийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл байгуулдаг. 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ч.Ж******* захирал ажилласан. 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл О.Б******* захирал ажилласан. Өөрөөр хэлбэл 2015 онд би 5 сар л ажилласан. Би захирлын ажлаа Хөдөлмөрийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/130 дугаар тушаалын дагуу ажлаа хүлээн аваад үр дүнгийн гэрээг байгуулна гэхэд сургуулийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжлэх учиртай тул гэрээг шинэчлэх шаардлагагүй гээд надтай гэрээ байгуулаагүй.

Гэтэл Хөдөлмөрийн сайд, О.Б******* захиралтай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнэхдээ, Ч.О******* үүргээ дутагдалтай биелүүлсэн гэж D үнэлгээгээр үнэлсэн байдаг.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаар тогтоолоор батлагдсан менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журмын 6.7-д биелэлтийг дүгнэх хуудсанд талууд гарын үсэг зурж эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг юм. Гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдаж албажаагүй болно. Үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын бодлого хэрэгжилтийг зохицуулах газар /голчлон/ дүгнэх ёстой атал яамны хяналт шинжилгээ дотоод аудитын газар дүгнэсэн биелэлт байдаг. Би үнэлгээг зөвшөөрөхгүй байна.

Энэ үнэлгээгээ үндэслэн 2016 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Б/17 дугаар тушаал гарган албан тушаал бууруулж байгаад гомдолтой байна.

Иймд Хөдөлмөрийн сайдын тушаал нь холбогдох хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүйгээр гарч намайг үүрэгт ажлаас хууль бусаар албан тушаал бууруулсан байх тул намайг Булган аймаг дахь "Мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн    төвийн захирлын үүрэгт ажлаас хууль бусаар албан тушаал бууруулсныг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд минь эргүүлэн томилуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 сарын 21-ний өдрийн Б/17 тушаалыг хуульд заасан журмын дагуу гараагүй гэж үзэж байна. Тусгайлсан зохицуулалтыг тусгахгүйгээр албан тушаал бууруулсан байна. Хэрвээ муу ажилласан гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар албан тушаалыг бууруулах ёстой. Төрийн албан хаагчид холбогдуулж тушаал гарахаас өмнөх өдөр тушаал нь гарсан. Тушаал нь дотооддоо зөрчилтэй тушаал юм. Үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын  холбогдох зүйл заалтыг зөрчиж дүгнэлт гаргасан. Нэхэмжлэлийг 2015 оны 4 сард өгсөн. Шүүх нэхэмжлэлээ гардуулаагүй учраас дахин шинэ захирал томилогдсон. Шинэ захирал томилсонтой холбогдуулж түүнийг гуравдагч этгээдээр оролцуулж, бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа” гэжээ. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******ын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Булган аймаг дахь МСҮТ-ийн захирал Ч*******гийн О*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Ч.О******* нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 05 сарын 27-ны шийдвэрээр 2015 оны 07 сарын 06-ны өдөр МСҮТ-ийн захирлын ажлыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл 2015 онд МСҮТ-ийн захирлын ажлыг 5 сарын хугацаатайгаар гүйцэтгэсэн. Ажилдаа орсноос хойш “Үр дүнгийн гэрээ” байгуулах санал тавьсан боловч саналыг яам хүлээж аваагүй, гэрээг шинэчлэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хуучин захирал О.Б*******тай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-г дүгнээд гаргасан, үнэлгээгээ миний ажилтай холбон үзэж, дутагдалтай буюу “D” үнэлгээгээр үнэлсэн. Миний бие дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ингэж маргаан үүсгэхдээ “Үр дүнгийн гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсролын бодлого хэрэгжилтийг зохицуулах газар дүгнэх ёстой атал Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч хоёрын хооронд байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны аль газар, хэлтэс нь дүгнэх талаар гэрээнд тодорхой заагаагүй бөгөөд гэрээний урамшуулал ба хариуцлага гэсэн хэсэгт “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2016 оны 01 сарын 21-ний өдөр Ч.О*******гийн албан тушаалыг бууруулах тухай Б/17 тоот тушаал гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 7.1 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд Ч.О*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Танай шүүхэд иргэн Ч.О*******гийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсон нь төр, түүний байгууллага, албан тушаалтан зөвхөн “хуулиар зөвшөөрсөн үйлдэл хийх” үүрэгтэй бол, иргэн хуулиар хориглосноос бусдыг хийх эрхтэй билээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар МСҮТ-ийн захирал нь төсвийн шууд захирагч бөгөөд тухайн жилийн Монгол Улсын төсвийн тухай хуульд заасан батлагдсан төсвийн хүрээнд байгууллага үйл ажиллагаагаа явуулах тул төсвийн шууд захирагчаар өөр этгээд томилогдсоноор байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах төсөв хөрөнгө өөрчлөгдөхгүй.

2. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 3.1-т байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө нь үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. 2015 оны эхэнд тухайн үед Булган аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан О.Б*******тай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан ажил арга, хэмжээг зохион байгуулж, Төсвийн тухай хууль, бусад хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх тул шинэчлэхгүй. Тиймээс Ч.О******* нь Булган аймаг дахь МСҮТ-ийн захирал, төсвийн шууд захирагчийн бүрэн эрх нь байгаа тул оны эхэнд баталсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, батлагдсан төсвийг захиран зарцуулна. Дээр дурдсан журмын 7.1-т “D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах үндэслэл болох талаар тусгайлан зохицуулсан.

Төсвийн шууд захирагчтай тухайн төсвийн жилд зөвхөн 1 удаа үр дүнгийн гэрээ байгуулах талаар төсвийн жил эхлэхээс өмнө тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулна тодорхойлсон, түүнээс биш төсвийн шууд захирагчаар ажиллаж байгаа хүн гэдгээр зохицуулаагүй, тухайн төсвийн жилд төсвийн шууд захирагч өөрчлөгдөхөд дахин үр дүнгийн гэрээ байгуулах талаар Төсвийн тухай хууль, журамд зөвшөөрөөгүй юм. Харин төсвийн жилийн дундуур төсөвт байгууллагыг шинээр үүсгэн байгуулсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн, нийлүүлсэнтэй холбогдуулан төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө өөрчлөгдөх бол төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулдаг билээ.

Иймд Ч.О******* нь МСҮТ-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”-д чиглэсэн үйл ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгээгүйн улмаас “дутагдалтай” гэсэн үнэлгээ авсан, үүнтэй нь холбогдуулан албан тушаал бууруулсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Н.Н*******ын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь төсвийн шууд захирагч бөгөөд тухайн жилийн Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд байгууллага үйл ажиллагаагаа явуулах тул төсвийн шууд захирагчаар өөр этгээд томилогдсоноор байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах төсөв хөрөнгө өөрчлөгдөхгүй.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 3.1-т байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө нь үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. 2015 оны эхэнд тухайн үед Булган аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан О.Б*******тай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан ажил арга, хэмжээг зохион байгуулж, Төсвийн тухай хууль, бусад хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх тул шинэчлэхгүй.

Тиймээс Ч.О*******д Булган аймаг дахь МСҮТ-ийн захирал, төсвийн шууд захирагчийн бүрэн эрх нь байгаа тул оны эхэнд баталсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, батлагдсан төсвийг захиран зарцуулна. Дээр дурдсан журмын 7.1-д "О" буюу "дутагдалтай" үнэлгээ авсан бол албан тушаал бууруулах үндэслэл болох талаар тусгайлан зохицуулсан.

Төсвийн шууд захирагчтай тухайн төсвийн жилд зөвхөн 1 удаа үр дүнгийн гэрээ байгуулах талаар төсвийн жил эхлэхээс өмнө тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулна/ гэж тодорхойлсон нь "төсвийн шууд захирагчаар ажиллаж байгаа хүн" гэдэг шууд агуулга биш гэж ойлгож байна. Тухайн төсвийн жилд төсвийн шууд захирагч өөрчлөгдөхөд дахин үр дүнгийн гэрээ байгуулах талаар Төсвийн тухай хууль, журамд заагаагүй бөгөөд төсвийн жилийн дундуур төсөвт байгууллагыг шинээр үүсгэн байгуулсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн, нэгдэж, нийлүүлсэнтэй холбогдуулан төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө өөрчлөгдөх бол төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулдаг билээ.

Иргэн Ч.О*******гийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нотлох баримт цуглуулах ажиллагаанд Булган аймаг дахь МСҮТ-ийн захирлын 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн хуулбарыг хүргүүлэв” гэжээ. 

3. Гуравдагч этгээд О.Б*******ын шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч Ч.О*******гийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэхэд гуравдагч этгээдээр дуудагдсан.

Миний бие О.Б******* Булган аймаг дахь МСҮТөвийн захирлын албан тушаалыг хашдаг болно. Тус албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалах шалгаруулалтанд орж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/41 тушаалаар томилогдсон болно.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймаг дахь МҮСТөвийн захирлын үүргийг түр орлон гүйцгэгчээр томилогдож ажилласан. Ажил авсан өдрөө буюу 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 1 дүгээр сарын 21-ний Б/17 тушаалын дагуу Ч.О*******г Булган аймаг дахь МСҮТөвийн Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2015 оны 3-р сарын 27-ны өдрөөс Булган аймаг дахь МСҮТөвийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Ч.О*******д ажлаа шилжүүлэн өгсөн. Захирлын үүргийг түр орлон байх хугацаанд буюу 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой үр дүнгийн гэрээ байгуулсан болно” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ:  “Гуравдагч этгээд О.Б******* хүсэлт гаргасан байна. Өөрийн биеэр очих боломжгүй, шүүхээс гаргасан ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.О*******гаас “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, шүүхийн шийдвэр гарах хүртэл дутуу олгогдсон цалингийн зөрүүг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг нөхөн хийлгүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөрийн сайдад холбогдуулан гаргажээ. /хх 1-2, 127/

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид удаа дараа мэдэгдсэн баримт /хх 164, 175/ байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнчлэн гуравдагч этгээд О.Б******* шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөхийг хүссэн хүсэлт /хх 129/-ийг ирүүлсэн, нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг тус тус гаргасан нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 заасныг үндэслэн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Маргаан бүхий акт болох Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.О*******г Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 7.1-д заасныг үндэслэн “Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ дутагдалтай биелүүлж, D үнэлгээ авсан” гэж албан тушаал буруулж, Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

Нэхэмжлэгч тал “албан тушаал бууруулж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэглэх байтал захиргааны акт тусгайлсан хуулийн заалт хэрэглээгүй, Ч.О*******тай тусгайлан гэрээ байгуулаагүй байж урьд ажиллаж байсан О.Б*******тай байгуулсан гэрээг үнэлж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, урьд ажиллаж байсан хүний гэрээг дүгнээгүй байж, бүтэн жил ажилаагүй нэхэмжлэгчийн ажлыг дүгнэсэн, өөрийн хийсэн ажлаа үнэлүүлэх ёстой, дүгнэх хуудас нь гарын үсэг зурж албажаагүй” гэж маргажээ.  

Харин хариуцагч талаас “...төсвийн шууд захирагчаар өөр этгээд томилогдсоноор байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах төсөв хөрөнгө өөрчлөгдөхгүй. ...үйл ажиллагааны төлөвлөгөө нь үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг гэж заасан. 2015 оны эхэнд ...О.Б*******тай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан ажил арга хэмжээг зохион байгуулж, Төсвийн тухай хууль, бусад хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх тул шинэчлэхгүй. Тухайн төсвийн жилд төсвийн шууд захирагч өөрчлөгдөхөд дахин үр дүнгийн гэрээ байгуулах талаар Төсвийн тухай хууль, журамд заагаагүй бөгөөд төсвийн жилийн дундуур төсөвт байгууллагыг шинээр үүсгэн байгуулсан, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн, нэгдэж, нийлүүлсэнтэй холбогдуулан төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөө өөрчлөгдөх бол төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулдаг...” гэж маргажээ. 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасны дагуу Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаарахаар байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох”-оор, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэх”-ээр, 19.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх”-ээр,  мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг заажээ. 

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна” гэж, 40 дүгээр зүйлийн 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.З-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор заажээ. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.6-д “Тайлант жилийн дундуур төсвийн шууд захирагч өөр албан тушаалд шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэнэ. Шинээр томилогдсон төсвийн шууд захирагч нь гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана.” 1.4.1-д “төсвийн шууд захирагч нь шууд харъялагдах төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулах”-аар заажээ.   

Нэхэмжлэгч Ч.О******* нь шүүхийн шийдвэрийн дагуу Булган аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн захирлаар Хөдөлмөрин сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар эгүүлэн томилогджээ /хх 6/.

Ийнхүү томилогдсоноос хойш 6 сар гаруйн дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр түүний албан тушаалыг бууруулж, Булган аймгийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ажилтнаар томилжээ /хх 233/. 

Маргаан бүхий албан тушаалд Ч.Ж******* 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, гуравдагч этгээд О.Б******* нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл, нэхэмжлэгч Ч.О******* нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл, одоогийн байдлаар гуравдагч этгээд О.Б******* ажиллаж байгаа гэдэг нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, ажилд томилсон тушаалууд, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргээр тогтоогдож байна/хх 1, 5-12, 76, 207-211/. 

Булган аймаг дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны 2014-2015 оны жилийн төлөвлөгөө батлах үед төсвийн шууд захирагчаар Ч.Ж******* ажиллаж байсан, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх үр дүнгийн гэрээг Хөдөлмөрийн сайд Ч.Ж*******тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаагаар байгуулж, гэрээний биелэлтийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор багтаан ирүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор багтаан биелэлтийг дүгнэхээр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь төлөвлөгөө /хх 212-228/, үр дүнгийн гэрээ /хх 207-211/ зэргээр тогтоогдож байна.

Харин 2015 оны 6 дугаар сараас 12 сар хүртэлх төлөвлөгөөг батлах үед төсвийн шууд захирагчаар О.Б******* ажиллаж байсан бөгөөд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх үр дүнгийн гэрээг Хөдөлмөрийн сайдтай О.Б******* 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаар байгуулж, гэрээний биелэлтийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны багтаан ирүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор багтаан түүний биелэлтийг дүгнэхээр гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан нь үр дүнгийн гэрээ /хх 7-12/, үйл ажиллагааны төлөвлөгөө /хх 13-19/ зэргээс тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчтай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулаагүй харин биелэлтийн тайланг 2015 оны 12 дугаар сард гарган Хөдөлмөрийн сайдад хүргүүлжээ /хх 134-156 /. 

Маргаан бүхий акт Засгийн газрын тухай хууль, Төрийн албан зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх” журмыг үндэслэсэн. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд тайлант жил 2015 оны дундуур 3 удаа буюу 2015 оны 03 дугаар сарын 27, 2015 оны 07 дугаар сарын 06, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд маргаан бүхий албан тушаалд төсвийн шууд захирагч нар чөлөөлөгджээ. 

Нэхэмжлэгч Ч.О******* нь тайлант жилийн дундуур төсвийн шууд захирагчаар  2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шинээр томилогдож тэрээр үр дүнгийн гэрээг байгуулаагүй бөгөөд ажлаад 5 сар гаруйн дараа /2015 оны 12 дугаар сард/ төсвийн шууд захирагчийн 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг гаргаж хүргүүлсэн нь “шинээр томилогдсон төсвийн шууд захирагч нь гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана” гэсэн дээр дурдсан журмын 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалттай нийцээгүй байна. 

Тодруулбал, журмын заалтын дагуу маргаан бүхий албан тушаалд тайлант жилийн дундуур төсвийн шууд захирагчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Ч.Ж*******, О.Б******* нарын ажилласан хугацааны гэрээний биелэлтийг дүгнэж, харин шинээр томилогдсон нэхэмжлэгч Ч.О*******гийн хувьд маргаан бүхий албан тушаалд томилогдсоноосоо хойш бүтэн жилээр ажлаа тайлагнахаар байжээ. 

Гэтэл хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.6-д заасныг зөрчиж төсвийн шууд захирагчаар томилогдоод бүтэн жил болоогүй ажлаад 5 сарын гаруй хугацаа өнгөрсний дараа түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа үр дүнгийн гэрээг дүгнэж хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр албан тушаал бууруулжээ. 

Харин хариуцагч нь Ч.О*******тай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдсноос нь хойш “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ”-г байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч болон ерөнхий менежер нь төсвийн байгууллагын албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх тухай зохицуулалтыг тус тус зөрчжээ. 

Дээрхээс үзэхэд хариуцагч нь тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй байх тул “үр дүнгийн гэрээ байгуулаагүй” нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас бууруулах хуульд заасан үндэслэл болохгүй юм. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, үндэслэл, журмыг тодорхойлон заажээ. Гэтэл хариуцагч нь 2016 оны Б/17 дугаар тушаалаар Ч.О*******гын албан тушаалыг бууруулахдаа тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д заасан  шийдвэр гаргах эрх хэмжээ нь зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд түүнд нийцэж хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн захирал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах байтал маргаан бүхий акт эдгээр хуулийн заалтыг үндэслээгүйгээс түүнийг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг нь актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын зорилго, агуулга ойлгомжгүй, тодорхой бус болжээ. 

Нөгөөтэйгүүр захиргааны акт нь батлан гаргасан өдрөөс эхлэн хэрэгжиж, эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан атлаа 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгч Ч.О*******г ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй бөгөөд актын заалтууд нь хоорондоо зөрчилтэй болжээ. Тухайн албан тушаал эрхлэх хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Дүгнэхэд, захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд маргаан бүхий акт нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчимд  мөн нийцээгүй байна. Үүнээс гадна маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Ч.О*******гийн төрийн үйлчилгээний албан тушаал эрхлэх, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал буурахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 19 дүгээр зүйлийн 19.1, 23 дүгээр зүйлийн 23.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.О*******г өмнө нь эрхэлж байсан Булган аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О*******д 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны албан тушаалын цалингийн зөрүүг бодож олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ