Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 


Б.Б, Г.Д, Р.С, Н.С, Ч.Ж нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ж.М,
Шүүгдэгч Ч.Ж-ийн өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгч Р.С, Н.С нарын өмгөөлөгч Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б, Г.Д, Р.С, Н.С, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 2316000970191 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Ч овогт Ч.Ж нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймаг ........... сумын ... дугаар багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, ам бүл ..., эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ВР................. регистрийн дугаартай, 

 Ж овогт Г.Д нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн .............. сумын ............. багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, ам бүл ..., нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ДЗ................ регистрийн дугаартай, 

Т овогт Р.С нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, Баянхонгор аймгийн .............. хамт амьдардаг, ВЕ............... регистрийн дугаартай, 

Х овогт Б.Б нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн .............. ... - ... - .... тоотод оршин суух хаягтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ВР................. регистрийн дугаартай, 

Д овогт Н.С нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн .................. сумын ... дугаар багийн ... - ... - ... тоотод оршин суух хаягтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ВЖ................. регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С нарыг бүлэглэн “Б.Б-аас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... - ... БНА улсын дугаартай ............... загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Говь-Алтай аймгийн .............. сумын нутаг дэвсгэрт явсан,
Шүүгдэгч Б.Б-ыг “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч, хадгалан Ч.Ж, Н.С, Р.С нарт 2023 оны 05 дугаар сарын 25-нд шилжүүлсэн,
Шүүгдэгч Г.Д-г Ч.Ж-тэй холбогдож Завхан аймгийн ............ суманд чулууны алт гарч байгаа чулууг бутлах тэсэлгээний бодис хэрэгтэй байна олж авч ирж өгөөч гэсний улмаас Ч.Ж, Н.С Р.С нарыг Б.Б-аас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... - ... БНА улсын дугаартай ............. загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Говь-Алтай аймгийн ............... сумын нутаг дэвсгэрээр дамжин Завхан аймаг руу явахад зориуд хүргэсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүгдэгч Ч ургийн овогт Ч.Ж, Д ургийн овогт Н.С, Т ургийн овогт Р.С, Ж ургийн овогт Г.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х ургийн овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг тус бүрийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б нарт тус бүр оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д, Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,541,300 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1,135,325 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн ... - ... БНА улсын дугаартай автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн мулдок 1 ширхэг, мулдокны иш 1 ширхэг, төмөр уур нүдүүр 1 ширхэг, хүрзний толгой 1 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.Ж-д буцаан олгож, “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулам шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгаж, .............. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ш.Т-д олгож, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие Г.Д-ийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалахаар “Хууль зүйн туслалцааны гэрээ” байгуулан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолын Г.Д-д торгуулийн ял оногдуулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Г.Д нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр болон Г.Д нар тодорхой эрхэлсэн ажилгүй, оюутан хүүхэдтэй. Хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн баримтаар эд хөрөнгө байхгүй байгаа. Г.Д-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.
Шүүхээс Г.Д-д оногдуулсан ял шийтгэлийн тухайд 5,400,000 төгрөгний торгуулийн ял шийтгэлийг төлөх боломжгүй байгаа учраас өөрчлүүлэхээр уг гомдлыг гаргаж байгаа юм. Хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад Г.Д нь торгуулийн ял шийтгэлийг төлөх боломжгүй юм. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолын Г.Д-д холбогдох ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, Г.Д-д тэнсэн хянан харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын тухайд:
4.1. Шүүгдэгч Г.Д нь Ч.Ж-тэй утсаар холбогдож Завхан аймгийн ............ суманд чулууны алт гарч байгаа чулууг бутлах тэсэлгээний бодис хэрэгтэй байна олж авч ирж өгөөч гэсний улмаас Ч.Ж, Н.С, Р.С нар нь Баянхонгор аймагт оршин суух “Б.Б-аас “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд зэрэг дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ... - ... БНА улсын дугаартай ............... загварын тээврийн хэрэгслээр Говь-Алтай аймгийн ................ сумын нутаг дэвсгэрээр тээвэрлэж явсан,
Шүүгдэгч Б.Б нь дээрх дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авч, хадгалж Ч.Ж, Н.С, Р.С нарт 2023 оны 05 дугаар сарын 25-нд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан доорхи баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

4.2. Энэ нь Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 2325 дугаартай “... 1. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодисууд нь тэсэлгээний ажилд үндсэн цэнэгийн зориулалттай ашиглагддаг эмульсийн тэсрэх бодисууд байна. Харин бусад хэрэгслүүд нь гал дамжуулах шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүд гэх мэт тэсэлгээний ажилд үндсэн цэнэгт детонаци /тэсрэлт/ дамжуулах зориулалттай тэсэлгээний хэрэгслүүд байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд нь 2015 онд Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн тэсрэх бодис байна. Харин бусад тэсрэх бодисууд болон тэсэлгээний хэрэгслүүдийг нь хаана, хэзээ үйлдвэрлэгдсэнийг тогтоох боломжгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн дээрх тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгслүүдийг тэсэлгээний ажилд ашиглах боломжтой. 4. Шинжилгээнд ирүүлсэн “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодисууд, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодисууд тэсэлгээний хэрэгслүүдээс өдөөлтөөс тэсрэх боломжтой. Харин шинжилгээнд ирүүлсэн тэсэлгээний хэрэгслүүд /бялт тэслүүр/ тэсэлгээний ажилд нь зориулалтын тэсэлгээний машины тусламжтайгаар тэсрэх боломжтой. /Жишээ нь: Нонелийн тэсэлгээний хэрэгслийг түүнд зориулсан тусгай машинаар, цахилгаан тэслүүрийг цахилгаан машинаар гэх мэт/ Мөн дээрх тэсэлгээний хэрэгслүүд нь хүчтэй доргилт, галын, цахилгааны нөлөөгөөр тэсрэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-62 дугаар хуудас)
4.3. Шүүгдэгч Р.С-ийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө Баянхонгор аймгийн төвөөс Завхан аймгаас миний танихгүй хүн Ж ахтай яриад гурвуулаа тэсэлгээний материал аваад Говь-Алтай аймгаар дайраад манай хүүхдийг аваад Завхан аймгийн .............. сумд хүрээд ир гэж ярилцсан байсан. Тэгээд бид гурав ... - ... улсын дугаартай ............ маркын автомашинтай Баянхонгор аймгийн төвөөс 8 цаг өнгөрөөд Говь-Алтай аймаг руу хөдөлсөн. Тэгээд 13 цагийн үед Говь-Алтай аймагт ирээд цагдаад баригдсан. Тухайн тэсрэх бодисыг нүх ухаж байгаад дотор нь хийгээд цахилгаан хүчдэлд холбоход тэсэрч хатуу чулуу хадыг буталж өгдөг юм. Ер нь бол алт олборлох зорилгоор ашигладаг тэслэгч бодис. ...Тэр бодисыг Ж ах Б гэдэг залуутай Баянхонгор аймагт холбогдож гэрээс нь буюу хашаанд нь байсан амбаараас 10 гаруй ширхэгийг авсан юм...” гэх мэдүүлэг (1хх-ийн 39-р хуудас),
 4.4. Шүүгдэгч Г.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ж гэх хүнтэй ярилцаж тэсрэх бодис захисан нь үнэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 158-р хуудас),
4.5. Шүүгдэгч Ч.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө С, С нар Б-аас бид нарын авч явсан тэсэрч дэлбэрэх бодис гуйж аваад хүрээд ирсэн. Д гэх хүн Говь-Алтай аймгаас залгаж надад тэсэрч дэлбэрэх бодис захиад би Б-аас гуйж аваад Говь-Алтай аймаг руу явах замдаа цагдаагийн алба хаагч нарт баригдсан...” гэх мэдүүлэг (1хх-ийн 180-р хуудас),
4.6. Шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Ж, С бид 3 тэсрэх бодисыг авах гээд Баянхонгор аймгийн төв ... -р баг, ......... байх ертөнцийн зүгээр хойш харсан жижиг хаалгаар орж уулзах гэсэн боловч Б нь гэртээ байхгүй, Ж утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. ...Маргааш өглөө нь 07 цагийн үед Ж ах залгаад Б гэртээ ирчихсэн байна. Та 2 гэрт нь очоод амбаарт нь тэсэлгээний материал байгаа аваад ир гэж хэлсэн. Б аргалын ногоон амбаараас даавуун бор ууттай зүйлийг авч өгсөн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 54-р хуудас),
 4.7. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Одоогоос 6-7 жилийн өмнө Баянхонгор аймагт Алтны компаниудтай нөхөрлөл байгуулж зөвшөөрөлтэй алт олборлохдоо тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг Баянхонгор аймагт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан тэсэлгээний компаниас нөхөрлөлийн шугамаар авч чулуу бутлахад ашигладаг байж байгаад тухайн ажил зогсоод илүү гарсан тэсэлгээний бодисыг өөрийн амбаартаа хадгалсан байсан. Манай амбаарт тухайн тэсэлгээний бодис 6-7 жил болж байгаа...” гэх мэдүүлэг (2хх-ийн 67-р хуудас) автомашинд үзлэг хийж, тэсрэх бодисыг хураан авсан тэмдэглэл, тогтоол зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Хууль зүйн дүгнэлт:
5.1. Уг үйл баримт нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хохирол учруулах дэлбэлэгч бодис, төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн, тээвэрлэсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
 5.2. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргаагүй байна. Иймд шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг бүлэглэн “дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б-ыг “дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.
5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. 
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцох” гэнэ, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дэлбэлэгч төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан, хадгалсан, шилжүүлсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.  
5.5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,541,300 төгрөгний үнэ бүхий ... - ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.Т-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргаж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн ... - ... БНА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,541,300 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж, Н.С, Р.С, Г.Д нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 1,135,325 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн мулдок 1 ширхэг, мулдокны иш 1 ширхэг, төмөр уур нүдүүр 1 ширхэг, хүрзний толгой 1 ширхэг тус бүрийг шүүгдэгч Ч.Ж-д буцаан олгож, “Нитронит П” гэсэн хаягтай тэсрэх бодис 3 ширхэг, улбар шар өнгийн полиэтилен савлагаатай тэсрэх бодис 14 ширхэг, гал дамжуулам шижим, цахилгаан тэслүүрүүд, цочир дамжуулах шижим, бялт тэслүүр, нонелийн тэсэлгээний хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан устгаж, ............. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ш.Т-д олгохоор  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
5.6. Шүүгдэгч Г.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж давж заалдах шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд түүний өмгөөлөгч Ж.М-ийн гаргасан “...Г.Д-д тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Д-д ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Г.Д” гэснийг хасч, уг заалтын торгох ялаар гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр Г.Д-г 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтын “Г.Д” гэснийг хасч шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б 

           ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                                      Ц.О