| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2025/0010/З |
| Дугаар | 122/ШШ2025/0013 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 122/ШШ2025/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Гомдол гаргагч: “Эрдэнийн олз” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгаланд холбогдох,
Гомдлын шаардлага: “******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболд /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Хүдэр, хариуцагч ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Эрдэнийн олз” ХХК-иас ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгаланд холбогдуулан “******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус, рашаан ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/07 дугаар удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Эрдэнийн олз” ХХК-ийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй ******* аймгийн ******* сум, 3 дугаар баг, нэртэй газарт орших уурхайд хяналт шалгалт хийсэн байна.
2.2. Шалгалтаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй, шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
2.3. “Эрдэнийн олз” ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. “Эрдэнийн олз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболдоос шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнийн олз” ХХК нь 2017 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 2018 оноос хойш түр зогсолт хийсэн, зогсолт хийснээс хойш 2023 оны 07 сараас эхлэн хэвийн ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажиллаагүй 5 жилийн хугацаанд уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг уурхайн бүсэд газар дээр нь хэмжилтийг хийлгэсэн. Хэмжилт хийхэд үүссэн нуурын талбай болон гүний хэмжээг хөндлөнгийн компаниар буюу “Жи Эн Эн Эс Сурвэй” ХХК-аар хийлгэж хэмжээг тогтоолгосон.
Хэмжилтийг хийхэд тус компанийн мэргэжилтэн Мөнхөө, мөн нуур-гийн талын сав газрын захиргааны мэргэжилтэн Ц. нар хамтран хийсэн. Хэмжилтийг хийхэд НIТАRGEТ багажийг ашиглан зураглаж тэмдэглэлийг үйлдэж уг карьерт хуримтлагдсан хур тунадасны шүүрлийн усыг шавхан зайлуулж, тоолуур тавиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг авч ажилласан.
Гэтэл аймгийн Төрийн аудитын газраас дээрх карьерт хуримтлагдсан хур тунадасны усны асуудлыг тогтоолгүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр акт үйлдэхдээ: Уурхайн цооногт хуримтлагдсан 153,323 м3 хөрсний усыг эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуургүйгээр шавхан зайлуулж, орон нутгийн төсөвт орох 119,131,971 төгрөгийн орлогыг төвлөрүүлээгүй байна гэж 153,323 м3 хөрсний усыг шавхан зайлуулсны төлбөр 119,131,971 (нэг зуун арван есөн сая нэг зуун гучин нэгэн мянган есөн зуун далан нэг) төгрөгийг төлөх акт үйлдсэн.
Үүний дагуу “Эрдэнийн олз” ХХК-аас энэ оны 08 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Төрийн сан банкин дахь Ус ашигласны төлбөрийн дансанд шилжүүлж уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Аймгийн Төрийн аудитын газар хур тунадасны усыг, хөрсний ус мэтээр акт тавьж, ус шавхаж дуусаагүй байхад шавхсан мэтээр төлбөр ногдуулж байсан.
Энэ хугацаанд манай компаниас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус тус ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй. Энэ шалтгаанаа программ шинэчлэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг бүртгэж болохгүй байна гэсэн тайлбарыг 263235 дугаарын утсаар өгч байсан.
******* аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Н. нь өмнө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яг энэ зөрчлөөр 5.000.000 /таван сая төгрөг/-ийн торгуулийн арга хэмжээ авч байсан.
******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь 2024 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрч оролцогчоор монгол хэл бичиг мэдэхгүй Хятад улсын иргэн тухайн компанийн ажилтан а, Жун нарыг оролцуулсан.
Мөн Усны газарт шинжээч томилохдоо шинжээч Б.ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар ******* аймгийн Цагдаагийн газарт 1100044250001335 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, шалгалтын удирдамжид заагдсан аж ахуйн нэгжид шалган тусалж, зөвлөгөө өгч зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг, албан шаардлага өгч засаж залруулах боломжтой гэж үзэж байна.
Байгаль орчны яамны харьяа нуур-гийн сав газрын захиргаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар зэрэгт ус ашиглах дүгнэлт гаргуулахаар удаа дараа албан бичиг өгөхөд элдэв шалтаг хэлж, ямар санаа зорилготой нь мэдэгдэхгүй, бичиг дарагддаг, гаргаж өгдөггүй, хүнд суртал ихтэй зэргээс болж манай компани их хохирч байна.
Төрийн байгууллагын зүгээс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийг хяналт шалгалтаар дарамталж, нэг зөрчил дээр удаа дараа арга хэмжээ тооцдог байдалд маш их гомдолтой байна.
Мөн уг зөрчлийг манай байгууллагаас арилгах талаар шуурхай арга хэмжээ авч Усны газарт удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж энэ хугацаанд цаг хугацаа, санхүүгээр хохирч байгааг хянан үзэж ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн зүгээс ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд зааснаар зөрчлийг нотлох үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийн зүгээс дутуу хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Гүний ус, хур тунадасны усны ялгааг тогтоож чадаагүй. 2024 онд усны гэрээ байгуулаагүй, дүгнэлт гаргуулалгүй усаа шавхсан гэдэг байдлаар хоногоор нь тооцоод хохирлын үнэлгээ гаргуулаад, түүнийгээ үндэслээд шийтгэлийн хуудас бичсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт дээр эх сурвалж болгоод байгаа гэрч болон ******* нарын мэдүүлэг дээр 2024 онд “Эрдэнийн Олз” ХХК нь хэд хоногийн хугацаатай, хэдэн тонн усыг шавхаж зайлуулсан гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй. Тэгэхээр энэ хохирлын үнэлгээ өөрөө эргэлзээтэй гарах үр дагавартай.
Өмнө нь эрх бүхий албан тушаалтнаас “Эрдэнийн олз” ХХК-д шийтгэл оногдуулж компанийн зүгээс шүүхэд хандаж байсан. Шүүхээс хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байсан. Ингээд дахин нэмэлт ажиллагаа хийгдэж, шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл энэ дүгнэлт нь бас хангалтгүй гарлаа. Үг үсэг, цэг таслал нь бүгд адилхан дүгнэлт гарсан байна. “Эрдэнийн Олз” ХХК-ийн хувьд 2023 онд Аудитын газраас тогтоосон 119 сая төгрөгийн торгуулийг бүрэн төлсөн байдаг. Гэтэл 2024 онд зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэдэг байдлаар улсын байцаагч дахин торгууль оногдуулсан нь үндэслэлгүй. “Эрдэнийн Олз” ХХК-ийн хувьд 2024 оны 6 болон 9 сард усны газар хандаж ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан байдаг.
2024 онд улсын байцаагч очоод гүний усыг шавхан зайлуулж байна гэдэг байдлаар торгууль тавьсан. Гэтэл өнөөдөр шүүхийн шатанд ч, нотлох баримтаар ч тухайн усыг хуримтлагдсан ус уу? доороосоо ундарч байгаа гүний ус уу? гэдгийг нотолсон нотлох баримт хэргийн материалд нэг ч байхгүй. Тэгэхээр энэ торгуулийн асуудал эргэлзээтэй болно.
Шударга ёсны зарчим гэж байгаа. Зөрчил үйлдсэн бол тэрэнд нь тохирсон торгуулийн арга хэмжээ, шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл “Эрдэнийн Олз” ХХК-ийн хувьд хэдэн тонны усыг зөвшөөрөлгүй ашигласан гэдэг нь хангалттай тогтоогдсон нөхцөл байдал байхгүй байгаа учраас улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэв.
3.3. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт “Эрдэнийн олз” ХХК нь MV-012297 тоот тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. “Андын илч” ХХК, “******* *******” ХХК-иудтай хил залгаа нэг ордыг 3 талаас нь ашиглалтын өөр өөр тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигладаг. “Эрдэнийн олз” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаад зогссон боловч 2023 онд үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. “Эрдэнийн олз” ХХК нь ашиглалтын талбайдаа хуучин ашиглаж байсан карьерт хуримтлагдсан орхигдсон шүүрлийн усаа “Жи Эн Эн ЭС Сурвэй” ХХК-аар хэмжилт хийлгэж хур борооны уснаас үүссэн гэж үзсэн нь хууль бус үйлдэл. 5 жилийн хугацаанд хэдэн удаа хэдий хэмжээний бороо орж ямар хэмжээнд ууршсан газрын гүнд хэдий хэмжээгээр шингэсэн зэргийг тооцоолоогүй ашиглалтын явцад үүссэн шүүрлийн усыг бүгдийг хур борооны ус гэж тооцоолон тэмдэглэл үйлдсэн нь Жи Эн Эн Эс Сурвэй ХХК-ийн мэргэжилтэн Мөнхөө, нуур-гийн талын сав газрын захиргааны дарга Ш.*******, мэргэжилтэн Ц., Ч.*******, Э. хүлээн авч баталж, тус уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн 153,323 м3 усыг шавхан зайлуулахыг зөвшөөрөв. (холбогдогч А.Отгонболдын мэдүүлэг) гэсэн нь хууль бус үйлдэл хийсэн байна.
Ус шавхан зайлуулж л байгаа бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон сав газрын захиргаанаас ус ашиглах дүгнэлтийг гаргуулж, зөвшөөрөл авч, гэрээний дагуу усыг шавхан зайлуулна. Усыг шавхан зайлуулахдаа шугам хоолой бүрийг Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалтад зааснаар ус авах цэг, газар доорх усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах гэж зааснаас хур борооны усыг тоолууржуулахгүйгээр шавхан зайлуулна гэж хуульд заагаагүй, хууль дүрэм журмаас давсан зөвлөгөө зөвлөмжийг сав газрын захиргаанаас өгсөн нь албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашигласан гэж үзэхээр байна.
******* аймгийн Төрийн аудитын газар нь жил бүр нийт уул уурхайн үйл ажиллагаанаас орон нутагт орох татвар болон бусад төлбөрт хяналт тавьж ажилладаг байгууллага. Төрийн аудитын газраас тавьсан акт болон төлбөрийн талаар тухайн байгууллагаас тайлбар авах нь зүйтэй.
2023 онд ******* аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н. нь Төрийн аудитын газраас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж “Эрдэнийн олз” ХХК нь усны тухай хуулийг зөрчиж ус ашиглах гэрээ дүгнэлтгүй ус шавхан зайлуулсныг тогтоож Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээг авсан, тухайн торгууль нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 122/Ш32023/0111 тоот Захиргааны хэргийн шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлсэн байна.
******* аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н. болон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш., Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш., С. нарын бүрэлдэхүүнтэй салбарын хяналтын газрын ерөнхий байцаагчийн баталсан 01/10 тоот төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан миний бие нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 тоот ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжаар 2024 онд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн.
- 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй.
- 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүй ус ашигласан. Шүүрлийн ус шавхан зайлуулсан.
- Зөвшөөрөлгүй худгийн цооног өрөмдсөн.
- Шүүрлийн усны хоолойн тоолуурыг салгаж шүүрлийн усыг шавхан зайлуулсан.
- Шүүрлийн усны нэг хоолойг тоолууржуулаагүй.
- Хог хаягдлын гэрээг байгуулаагүй.
- Шүүрлийн ус зайлуулах зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулсан.
- Шимт хөрсний овоолго дээр хаягдал чулуулгийг овоолж устгасан.
- 2023 оны ус, хөрс, агаарын орчны шинжилгээний хариу дээр компаниар дүгнэлт бичүүлсэн. 2024 онд хийгдсэн орчны хяналт шинжилгээний хөтөлбөр гэж хуурах ажлыг хийсэн.
- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд илэрсэн.
Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг прокурорт танилцуулан гомдол мэдээллийн бүртгэлд бүртгүүлэн компанийн эрх зүйн байдлын дордуулахгүй 2 өөр удирдамжаар орсон ч нэг хүндрүүлсэн заалтаар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
“Эрдэнийн олз” ХХК нь прокурорт гомдол гаргасан ч прокурор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
“Эрдэнийн олз” ХХК нь Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэн ажилладаггүй, гадаад ажилчинд ногдох Монгол ажилчны харьцаа алдагдсан. Хяналт шалгалт болон үүрэг даалгавар өгөхөд хүндрэлтэй. “Эрдэнийн олз” ХХК-ийн ажилтан А.Отгонболд нь би бүх эрхийг төлөөлж байгаа ерөнхий геологич, инженер, уурхайн дарга гэх олон албан тушаалтан байдаг ч томилогдсон тушаалаа авчир гэхээр итгэмжлэл олгогдсон байгаа гээд тушаалаа өгдөггүй. Уурхайн ерөнхий захирлыг ирүүл гэхээр ирүүлдэггүй, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй, зөрчлийг арилгахгүйгээр үйл ажиллагааг явуулсаар байна. Олборлох болон хөрс хуулалт хийж буй компаниуд нь бүгд хятад компани байдаг. 2 монгол ажилчинтай шүүрлийн усны насос ажиллуулж буй ажилчин, уурхайг төлөөлөн ажиллаж буй А.Отгонболд хоёроос өөр монгол ажилтан уурхай дээр байхгүй. А.Отгонболд нь уурхай дээр байдаггүй хааяа ирчихээд явдаг ажилтан. Прокурорын албан даалгаврын хүрээнд газар дээрх үзлэг тэмдэглэл хийх ажлын хүрээнд уурхай дээр бүх үүргийг хариуцан ажиллаж буй Эрдэнийн олз ХХК-ийн уурхай хариуцсан хятад дарга Жун, орчуулагч өвөр монгол а нарыг оролцуулан үзлэг шалгалтыг хийсэн. Уурхайг хариуцан ажиллаж буй дарга болон орчуулагчийг байлцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллаагааг явуулсан болно.
А.Отгонболдыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар удаа дараа дуудсан боловч зөрчлийн хэрэг нээж мэдүүлэг авснаас хойш нэг ч удаа ирээгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгаж шийтгэлийн хуудас шуудангаар илгээнэ гэхэд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймагт ирж шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж авсан. “Эрдэнийн олз” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсан. “Эрдэнийн олз” ХХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй карьерын зүүн урд буланд хуримтлагдсан усыг хур борооны ус гэж тогтоолгон шавхан зайлуулж эхэлсэн тоолууржуулан шавхах үүрэг чиглэлийн дагуу 2023 оны 10 дугаар сард тоолууржуулан шавхсан тоолуурын заалтыг 117151 хүртэл гүйлгээд салгасан. Одоогийн шүүрлийн усыг шавхаж байгаа газар нь карьерынхаа баруун талаас шавхаж байна. Шавхан зайлуулж буй усны байрлал өөрчлөгдөж байгаа нь олборлолтын явцад шүүрлийн ус гарч байгаа талбайгаас усыг шавхан зайлуулдаг нь тодорхой байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хохирол тооцуулах албан бичгийг хүргүүлж үүний дагуу Усны газрын дарга Батбаяр нь мэргэжилтэн ыг шинжээчээр томилж хохирлыг тооцуулсан болно. Энэ талаар мэдээлэл тайлбарыг Усны газраас авах нь зүйтэй.
“Эрдэнийн олз” ХХК-ийн ерөнхий инженер А.Отгонболд мэдүүлэг өгөхдөө 7 сарын 20-нд үйл ажиллагаа эхэлж үлдэгдэл усыг соруулсан гэж мэдүүлсэн нь үг үйлдэл зөрж байна. “Эрдэнийн олз” ХХК-д нуур-гийн талын сав газрын захиргааны дарга Ш.*******, сав газрын захиргааны улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг хийж зөрчлийг прокурорт танилцуулсан. ******* аймгийн прокурор гомдол мэдээллээр бүртгүүлэн дугаар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах талаар хэлсэн байна. Гэтэл ямар нэгэн арга хэмжээг аваагүй 10 сар хүртэл шүүрлийн усыг шавхан зайлуулсан нь компанид давуу байдал олгож, төрд хохирол учруулан албан тушаалаа буруугаар ашигласан үйлдэл гэж харахаар байна.
Гэрч Э.гийн “Дүгнэлтгүйгээр сав газрын захиргаа зөвшөөрөл олгож усыг шавхан зайлуулах эрх олгодог талаар сайн мэдэхгүй байна. Усны тухай хуульдаа дүгнэлтийн дагуу ус ашиглах зөвшөөрөл олгодог талаар бол мэднэ. Багажаар карьерыг тойроод усыг хэмжээд 153,323 м3 ус байна гэж байсан. Хэмжилт хийсэн хүмүүс нь бодитой тоо гаргасан үгүйг бол мэдэхгүй, 2024 оны 06 сард Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны салбарын хяналтын газрын дарга улсын ерөнхий байцаагчийн 01/07 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд “Эрдэнийн олз” ХХК-д хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар очиход усны гэрээ дүгнэлт зөвшөөрөл бол байхгүй байсан. Маш олон хоолой суурилуулсан байсан бөгөөд нэг хоолой нь тоолууртай байсан. “Эрдэнийн олз” ХХК-ийг дуудаад ирээгүй, дуудсан дугаар, явуулсан чат бол байгаа. 2024 оны 10 сарын 17-нд “Эрдэнийн олз” ХХК-д үзлэг хийхэд 2 хоолойгоор тоолуургүй шүүрлийн ус шавхан зайлуулж байсан. Газрын байршил нь уурхайн ашиглалт явуулж байгаа талбайгаас шавхан зайлуулж байна. Шавхан зайлуулж байгаа хэргийн газрын үзлэгийг хийхэд газрын дарга болон миний бие сумын байгаль орчны хяналтын байцаагч цуг байсан” гэх мэдүүлэг.
Гэрч О.*******ы “2023 оны 06 сараас 2024 оны 09 сар хүртэл “Эрдэнийн олз” ХХК-д харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан. “Эрдэнийн олз” ХХК 2023 оны 10 сараас ус шавхан зайлуулж эхэлсэн. Тэгэхдээ тоолуур тавьж шавхан зайлуулж байсан. 2024 оны 2 сараас 3 шаланк 6 хоолойгоор шавхан гаргаж байсан. Тухайн үед 1 тоолууртай хоолой, 2ш тоолуургүй хоолой байсан. Тэгэхдээ өнгөрсөн өвөл хүйтэн байсан учраас хөлдөөд тоолуурыг салгасан. 6 сарын үед Ашигт малтмалын газраас шалгалт ирэх үед тоолууртай соруулж байсан бусад хоолой шаланкыг салгаж тоолуургүй хоолойгоор усыг гаргаж байсан. 6 сард доор суурилуулсан байсан тоолуурыг зөөж өөр газарт байрлуулсан. Би бол кемп дотор байгаа зүйл болон машин техник хариуцан ажилладаг. Яг хэдэнд салгасан байсныг мэдэхгүй. Хаа нэг л карьераар явдаг. Манай ус шавхан гаргадаг ******* мэднэ.” гэх мэдүүлэг.
Гэрч Э.*******гийн “Дөрвөн улиралд өдөр шөнөгүй усыг гоожуулдаг. Өвөл хөлдсөн үед хөлдсөн мөсийг алхаар цохиж мөсийг хагалаад ажиллуулдаг. 2023 оны 10 сард тоолуур суурилуулсан. Тэр тоолуур ажиллаж байгаад ажиллахгүй болдог. Хавраас 2 насосоор 4 шаланкаар усыг шавхан зайлуулсан. 6 сард усны газрын хүмүүс ирэхэд тоолууртай 2 шаланкаар урсгаж байсан. Нэг насос нь 9 сард ажиллахгүй болсон. 10 сард шалгалт ирээд зогсоо гэж хэлэхэд зогсоогоод хэд хоногийн дараагаас усыг шавхан зайлуулах ажил хариуцсан /хятад иргэн/ ирээд буцаагаад ажиллуулдаг. Би хүний ажил хийдэг хүн энэ ажлыг хий гэхэд хийдэг усыг гоожуул гэхэд гоожуулдаг хүн, би амьдрахын төлөө ажил хийж байгаа хүн. 30 хоногийн 5 хоног амрах эрхтэй. Би 3 сарын амралтаа бөөгнүүлж байгаад 2024 оны 8 сарын 20-нд Улаанбаатар хот яваад ирэхэд тоолуурыг салгасан байсан. Хэн салгасныг бол мэдэхгүй байна. Манай сумын худаг гаргадаг Мөнхжил гэдэг хүн ирж “Эрдэнийн олз” ХХК-д худгийн цооног өрөмдсөн. Ямар хүн ямар зөвшөөрлөөр гаргуулсныг бол мэдэхгүй. Миний бие байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн дарга нартай 2024 оны 02 дугаар сард зам гаргуулах ажлаар уул уурхайн компаниар явахад шүүрлийн усыг шавхан зайлуулж байсан.” гэх мэдүүлгээр тоолуургүйгээр усыг шавхан зайлуулсан нь тогтоогдож байгаа.
Шинжээч томилох тогтоол нь хуулийн хүрээнд гарсан байдаг. Тухайн шинжээч нь уг тогтоолтой танилцаж, тогтоолд заасан эрх, үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсгийг өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө зуруулах эсэх нь шинжээчийн эрхийн асуудал. Тухайн үед шинжээчээр томилогдсон Б. нь шинжээчийн тогтоол болон холбогдох эрх, үүрэгтэй цахимаар танилцсан байдаг.
2023 онд усны гэрээ дүгнэлтгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулж болохгүй гэж хуулийг сануулан зөрчлийн арга хэмжээг авсан байдаг. Гэтэл 2024 онд зөрчлийг арилгаагүй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонболд нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “Эрдэнийн олз” ХХК-иас гомдлын шаардлагын үндэслэлээ “ ... Манай компаниас Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, улсын байцаагч нь уурхайн карьерт үзлэг хийх, усны нөөцөд учирсан хохирлыг тооцох шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа процесс ажиллагаа зөрчсөн, 1 зөрчилд удаа дараа давхардуулан арга хэмжээ авсан ...” гэж, харин хариуцагчаас “... Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийхэд “Эрдэнийн олз” ХХК-ийн үйл ажиллагаанд 2024 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, 2024 онд усны гэрээ, дүгнэлтгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулсан, зөвшөөрөлгүй худгийн цооног өрөмдсөн гэх мэт хэд хэдэн зөрчил илэрсэн. Компанийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг хүндрүүлсэн заалтаар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчилд нь торгох шийтгэл оногдуулж, усны нөөцөд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ...” гэж гомдлыг эс зөвшөөрч маргаж байна.
3. ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0050203 дугаартай шийтгэлийн хуудсаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
4. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд “Усны тухай хууль зөрчих” гээд 2 дахь хэсэгт “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ.”, 28.18-д “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно.” гэж тус тус заасан.
4.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ус ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргагчийг хуульд заасан хэмжээгээр торгохоор байна.
4.2. Гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК нь 2024 онд ус ашиглуулах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр уурхайн хөрсний усыг 25 м3/ цаг хүчин чадалтай насосоор өдөрт 2 цагаар 60 хоногийн хугацаанд шавхан зайлуулсан болох нь хэрэгт авагдсан Усны газрын шинжээч Б.ын мэдүүлэг, Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээний баримтаар тус тус тогтоогдож байна.
4.3. Хариуцагч ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0050203 дугаартай шийтгэлийн хуудсаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 46,170,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-д тус тус нийцсэн байна гэж үзлээ.
5. Гомдол гаргагчаас “... Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэгдээгүй, улсын байцаагч нь уурхайн карьерт үзлэг хийх, усны нөөцөд учирсан хохирлыг тооцох шинжээч томилж дүгнэлт гаргуулахдаа процесс ажиллагаа зөрчсөн, 1 зөрчилд удаа дараа давхардуулан арга хэмжээ авсан ...” гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь:
5.1. “Эрдэнийн олз” ХХК-ийн зүгээс Усны газарт 2024 оны 04 дүгээр сарын 23, 2024 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус тус хүргүүлсэн гэж тайлбарлан, хэрэгт эдгээр хүсэлтүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч энэ үйл баримт нь бусад баримтаар давхар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Усны газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/13 дугаар албан бичигт “... Эрдэнийн олз ХХК-иас 2024 онд ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Усны газар хандаж ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй байна. Харин усны мэдээллийн нэгдсэн www.ewater.mn” цахим системээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус компаниас нуур-гийн талын сав газрын захиргаанд “******* хүрэн нүүрсний ордын баруун хэсгийг ил аргаар ашиглах” нэртэйгээр гаргасан бөгөөд цахим системийн Е-2409-000045 дугаарт бүртгэгдсэн байна ...” гэснээс үзвэл “Эрдэнийн олз” ХХК нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтээ усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Усны газарт хандаж гаргаж байгаагүй, харин 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нуур-гийн талын сав газрын захиргаанд хандаж нэг удаа хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.
Түүнчлэн нуур-гийн талын сав газрын захиргааны “Уурхайн карьерт хуримтлагдсан хур тунадаснаас үүссэн усны хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл”-ийг эрх бүхий байгууллагаас “Эрдэнийн олз” ХХК-д 2024 онд ус ашиглах зөвшөөрөл олгосон, ус ашиглуулах дүгнэлт гэж үзэх боломжгүй.
5.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй.”, 2 дахь хэсэгт “Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:” гээд 2.2-т “энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд зөрчилд холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед прокурорт хандаж гомдол гаргах эрхтэй байна.
Гомдол гаргагч “Эрдэнийн олз” ХХК-ийн зүгээс эрх бүхий албан тушаалтны явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу уурхайн карьерт үзлэг хийсэн, усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ гаргасан зэрэг ажиллагааны талаар прокурорт хандаж гомдол гаргасан үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
5.3. ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128 дугаар актаар “Эрдэнийн олз” ХХК-ийг уурхайн цооногт хуримтлагдсан 153,323 м3 хөрсний усыг эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуургүйгээр шавхан зайлуулсны төлбөрт 119,131,971 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба гомдол гаргагч нь уг акттай маргаагүй, актаар тогтоосон төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлсөн байна.
Харин маргаан бүхий актаар “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах дүгнэлт, гэрээ байгуулаагүй шүүрлийн усыг шавхан зайлуулсан гэх үндэслэлээр торгож, усны нөөцөд учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Төрийн аудитын газраас “Эрдэнийн олз” ХХК-ийг 2023 онд 153,323 м3 хөрсний усыг тоолуургүйгээр шавхан зайлуулж, орон нутгийн төсөвт орох 119,131,971 төгрөгийн орлогыг төвлөрүүлээгүй гэж Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар акт тогтоосон, харин ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь “Эрдэнийн олз” ХХК-ийг 2024 онд ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр усыг шавхан зайлуулсан үндэслэлээр торгож, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл 2023, 2024 онд ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулсан үйлдэл нь цаг хугацааны хувьд өөр, тус тусдаа зөрчил байх тул нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан гэж үзэхгүй.
6. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл “Эрдэнийн олз” ХХК нь 2024 онд ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр шүүрлийн усыг шавхан зайлуулсан зөрчил үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учруулсан хохиролд 47,170,000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД