Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01734

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01734

 

 

М.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09ий өдрийн 184/ШШ2021/02134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Цгийн хариуцагч Н.О ХХК, С.А.КХХК, Х.Б.Э.Х.А, Б.У, Д.Н, Б.Б, Б.Н, Г.Л нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, хариуцагч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагч Н.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, хариуцагч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагч Г.Лын өмгөөлөгч Ч.Энхжин, хариуцагч Х.Б.Э.Х.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, А.Баттуяа, хариуцагч С.А.КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц нь 1995 оноос нутагтаа түүхий эдийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, 2000 онд 5 ажилтантай болсон ба тэдний нэг нь Д.Н. Улмаар Д.Нг Улаанбаатар хотод нүүлгэн шилжүүлж суурин ажиллуулах болсон бөгөөд нэхэмжлэгчийн явуулсан түүхий эдийг тосон авч, зөвшөөрсөн үнэ ханшаар худалдан борлуулж, орлогыг буцаагаад шилжүүлдэг байсан. Түүхий эд авах, хадгалах газар, агуулахтай болохоор 2010 оны эхээр Д.Нгээр дамжуулан Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа, түүний нөхөр П.Эрдэнэбатын Тэсийн хурд ХХК-иудтай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 50х100 хэмжээтэй 5000 м.кв талбайтай газрыг 13 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж 13 000 000 төгрөг төлсөн. Ингээд П.Эрдэнэбат болон Д.Н нар нь хөөцөлдөж, газрын эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Улмаар уг газар дээр байрлах 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай, Хадгаламж банкны өмчлөлд байдаг байрыг худалдах зар гарсныг мэдээд Д.Нг явуулж Хадгаламж банкны эдийн засагч н.Туултай уулзуулсан. Д.Н нь агуулахын үнэ болох 46 800 000 төгрөгийг төлчихвөл нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж болно гэж хэлсэн. Ингээд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.Цгаас Д.Н нь Хаан банкны 5029070457 тоот дансаар 46 800 000 төгрөг, мөн үйлчилгээний хураамж 550 000 төгрөгийг шилжүүлэн авч Хадгаламж банкны тусгай активын газрын 10590000001 тоот дансанд тушаасан. Үүний дараа Д.Н нь мөнгө тушаасан, одоо М.Цгийн нэр дээр шилжүүлэх үлдсэн гэж хэлээд баримтыг эх хувиар нь өгсөн.

Д.Н нь Хадгаламж банкнаас нэр шилжүүлэхэд саад гарсан учраас эхлээд Цэцэн дүнгээ ХХК /одоогийн Н.О ХХК/ руу шилжүүлээд дараа нь М.Цд шилжүүлэх боллоо гэж хэлсэн. Ингээд 2010 оны 12 сарын 20-ны өдөр Хадгаламж банк болон Цэцэн дүнгээ ХХК нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай 4-4/555 дугаартай гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201014010 дугаар бүхий хөрөнгийн гэрчилгээг Цэцэн дүнгээ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ өдөр нь М.Ц нь Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаатай уулзахад удахгүй агуулах, газрыг чиний нэр дээр шилжүүлж өгнө, түр хүлээж бай гэж хэлсэн. Үүнээс хойш уг газар, агуулахыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулах болсон.

Гэтэл Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаагийн нөхөр, Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат нь 948 м.кв талбайтай агуулахын гэрчилгээг хуурамчаар үйлдэн давхар гэрчилгээ гаргуулан авч Магнай трэйд ХХК-ийн барьцаанд тавьсан асуудлаар залилангийн гэмт хэрэгт шалгуулж, уг хөрөнгийг шилжих боломжгүй болгосон байсан. Ингээд шүүхэд хандах гэтэл Д.Н би энэ бүхнийг эхлүүлсэн тул учрыг нь олж өгнө та ажлаа хийж бай гэж хэлээд өмгөөллийн хөлс 1 500 000 төгрөг авсан. Улмаар өмгөөлөгч Г.Бүрнээ гэх хүнийг авч 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатайгаар хийлгэж авсан. Ингээд Д.Нгээс байнга юу болж байна гэж асуухад санаа зоволтгүй, өмгөөлөгч хөөцөлдөж байгаа гэдэг байсан. Ингээд асуугаад байхаар Д.Н 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар Хадгаламж банкны өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 948 м.кв талбайтай агуулахыг худалдан авахаар М.Цгаас 46 800 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 550 000 төгрөг авч Хадгаламж банкны 10590000001 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн болно гэж бичиж өгөөд явсан. Дараа нь Д.Н нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлээрээ шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг мэдээд 2014 оны 4 сарын 1-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж шүүхээр шийдвэрлэж байх хугацаанд Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа нь маргаан бүхий хөрөнгийг С.А.КХХК-д 100 000 000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулж, тус компанид хөрөнгийг шилжүүлсэн байсан. Үүний дараа С.А.КХХК мөн шүүхэд хэрэг хянагдаж байхад иргэн Б.Ут 2016 оны 9 сарын 21-ний өдөр 200 000 000 төгрөгөөр худалдсан мэт гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ үйл явдалд Д.Н оролцсон. М.Ц нь Хадгаламж банкны өмчлөлийн дээрх хөрөнгийн үнэ болох 46 800 000 төгрөгийг 2010 оны 12 сарын 17-ны өдөр төлж худалдаж авсан. Гэтэл Хадгаламж банк нь худалдсан хөрөнгийг шилжүүлэхдээ эхлээд Цэцэн дүнгээ ХХК-д, дараа нь худалдан авагчид шилжүүлэхээр 2010 оны 12 сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр бус гэрээ хийснээс үүдээд уг хөрөнгө Цэцэн дүнгээ ХХК, түүнээс С.А.КХХК, Б.У нар руу үндэслэлгүйгээр шилжсэн. Энэ нэхэмжлэлийг анх 2014 оны 11 сарны 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл уг хэрэг шийдэгдээгүй ба сүүлд нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зарим нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг тул одоо Сонгинохайрхан дүүргийн шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан. Энэ шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр уг хөрөнгийг битүүмжилсэн болохыг мэдсэн атлаа дахиад цаашаа Д.Н, Б.Б, Б.Н нарт зарсан мэт гэрээ байгуулж шилжүүлсэн. Дараа нь Д.Н, Б.Б, Б.Н нар нь мөн л Г.Лд хөрөнгө зарсан мэт хуурамч гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлтэд байрлах 948 м.кв талбай бүхий газрыг худалдах талаар хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг хөрөнгийг М.Ц өмчлөх эрхтэй болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэцэн дүнгээ ХХК-ийн Хадгаламж банктай 2014 оны 6 сарын 2-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70 000 000 төгрөгийг авсан ба маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч Цэцэн дүнгээ ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн шүүхээс шийдвэр гарч Цэцэн дүнгээ ХХК-иас 87 545 346 төгрөг гаргуулахаар болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг Хадгаламж банканд шилжүүлэн өгч Ү-2201014010 дугаартай гэрчилгээ гаргаж өгсөн. Улмаар 2010 оны 12 сарын 20-ны өдөр иргэн Д.Н нь дээрх хөрөнгийг худалдан авахаар 46 800 000 төгрөг төлж төлбөрийн баримт дээр МЮ65010185 регистрийн дугаар болон 99098655 дугаарын утас тэмдэглүүлсэн байдаг. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгийг эхлээд Цэцэн дүнгээ ХХК руу, дараа нь иргэн Д.Нн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож 2010 оны 12 сарын 20-ны өдөр 4-4/555 дугаартай гэрээг Цэцэн дүнгээ ХХК-тай байгуулсан. Дээрх гэрээний дагуу хөрөнгийг Цэцэн дүнгээ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн ба ингэснээр Хадгаламж банкны Д.Нн өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Хадгаламж банкнаас Д.Нн өмнө хүлээсэн үүргээ Цэцэн дүнгээ ХХК-д шилжүүлсэн гэж үзэж болохоор байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2012 оны 1 сарын 20-ны өдөр 9/429 дугаартай албан бичгээр гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Цэцэн дүнгээ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн боловч Тэсийн хурд ХХК өмчлөх эрхийг давхардуулан гаргасан, хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх шалтгаанаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг түдгэлзүүлсэн гэж мэдэгдсэн. Иргэн Д.Н нь өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж Захиргааны шүүхэд хандан Хадгаламж банкны нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгож, өөрийн нэр дээр гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэл гаргасан. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандаж өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Хадгаламж банк нь Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр, иргэний шүүхэд хариуцагчаар тус тус оролцсон. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цэцэн дүнгээ ХХК-ийн төлбөрт төлсөн 46 800 000 төгрөгийг тус компаниас буцаан авсан гэх үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Д.Н татгалзсан.

Мөн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ энэ үндэслэлээр татгалзсан. Д.Н нь 2014 оны 3 сарын 31-ний өдөр Х.Б.Э.Х.Аид хандан 46 800 000 төгрөгийг Цэцэн дүнгээ ХХК-иас буцаан авсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан, цаашид гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн. Эндээс үзэхэд Цэцэн дүнгээ ХХК нь Хадгаламж банкнаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Нн өмчлөлд шилжүүлэхээр үүрэг хүлээн шилжүүлж авсан боловч Д.Нтэй харилцан тохиролцож өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн буюу 46.800.000 төгрөгийг Д.Нд төлснөөр Д.Нн өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон байна.

Түүнчлэн, Хадгаламж банк, Цэцэн дүнгээ ХХК, Д.Н нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээд буюу Д.Н нь Хадгаламж банкны өмнө хүлээсэн Цэцэн дүнгээ ХХК-ийн төлбөрийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэж, дараа нь Цэцэн дүнгээ ХХК нь тус үүргийг Д.Нн өмнө гүйцэтгэсэн гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгч М.Ц нь тухайн хөрөнгийг худалдан авах талаарх хүсэлтийг Хадгаламж банканд гаргаагүй, банк нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул түүний өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч Д.Н нарын хооронд 46 800 000 төгрөг өгч, авалцсантай холбоотой харилцаа нь тусдаа шийдвэрлэгдвэл зохих харилцаа юм. Түүнчлэн уг хөрөнгийн өмчлөх эрх Б.Уын нэр дээр бүртгэлтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О ХХК нь М.Цтай эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй тул түүний эрх ашиг сонирхлыг манай компанийн зүгээс хохироосон гэж үзэхгүй. Тус компани Иргэний хуульд заасны дагуу 2015 оны 8 сарын 26-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан Г.Цээпилмаагаас Цэцэн дүнгээ ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдаж авсан. Ингэснээр тус компанийн үйл ажиллагаа дуусгавар болж компанийн өмч, эзэмшлийн газар Н.О ХХК-д шилжсэн. Цэцэн дүнгээ ХХК, Н.О ХХК-ийн эдгээр үйл ажиллагаанаас хамааран нэхэмжлэгч М.Цгийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн, үүнээс хамааран 2015 оны 8 сарын 26-нд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ энэ гэрээний дагуу хувьцаа худалдан авснаараа нэхэмжлэгч М.Цгийн өмнө Н.О ХХК-ийн үүрэг хүлээх үндэслэлгүй. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.2-т худалдан авагч нь шилжүүлэн авсан хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээх ба энэхүү гэрээнд гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлснээр тус эрх, үүрэг үүснэ гэж заасан байх тул энэ гэрээнд хамааралгүй этгээд болох М.Цгийн өмнө Н.О ХХК үүрэг хүлээхгүй.

Цэцэн дүнгээ ХХК-ийн хувьцааг худалдаж авахаас өмнө холбогдох лавлагааг авсан ба уг тодорхойлолтод итгэж үнэмшин тус компанийн хувьцааг худалдаж авсан бөгөөд Г.Цээпилмаа энэ тухай бидэнд мэдэгдээгүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2015 оны хувьцаа худалдах худалдан авах гэрээнд хамааралгүй бөгөөд энэ газрыг бид эзэмшдэггүй, худалдан аваагүй, бодит байдалд хаана байдгийг нь мэдэхгүй, өрийг залгамжлах хэлэлцээргүй. Мөн нэхэмжлэгч М.Ц нь Хадгаламж банктай гэрээ байгуулаагүй, даалгаврын гэрээтэй холбоотой дотоод харилцааны талаарх маргаанаа Д.Нд холбогдуулан шийдвэрлүүлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.А.КХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хоёрдогч түүхий эдийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2014 оны 3 сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт гэх газарт байрлах 5000 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар Тэсийн хурд ХХК-тай, мөн уг газар дээр байрлах 948 м.кв талбайтай агуулахыг худалдан авахаар Цэцэн дүнгээ ХХК-тай яриа хэлэлцээр хийж эхэлсэн.

Улмаар Тэсийн хурд ХХК-тай гэрээ байгуулан 5 000 м.кв газрын эзэмших эрхийг 2014 оны 6 сард хууль ёсоор шилжүүлж авсан. С.А.КХХК нь 948 м.кв талбайтай агуулахыг Цэцэн дүнгээ ХХК-иас 100 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2014 оны 8 сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед уг хөрөнгийн өмчлөгчөөр Цэцэн дүнгээ ХХК байсан. Уг гэрээг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Ийнхүү С.А.КХХК нь Иргэний хуулийн 109.2, 110.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийг хуулийн дагуу олж авсан. С.А.КХХК болон Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээг Хадгаламж банк болон Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнд үндэслэн хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

С.А.КХХК нь өөрийн өмчлөлийн 948 м.кв талбай бүхий хөрөнгийг Б.Ут 200 000 000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 9 сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан. Б.У нь үнийг бүрэн төлсөн тул гэрээг холбогдох хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хөрөнгийн өмчлөх эрх Б.Ут шилжсэн. Б.У болон С.А.КХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь С.А.КХХК болон Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд үндэслээгүй. Ийнхүү С.А.КХХК хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан болон бусдын өмчлөлд шилжүүлсэн үйлдэл нь тус бүрдээ хуульд бүрэн нийцсэн тул С.А.КХХК болон Цэцэн дүнгээ ХХК нарын хооронд байгуулагдсан хэлцэл болон С.А.КХХК болон Б.У нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй. С.А.КХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. С.А.КХХК-аас 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 200 000 000 төгрөгөөр маргаан бүхий газрыг худалдаж авсан. С.А.КХХК-ийн өмчлөлд байгаа газрыг хууль бус гэдгийг Б.У мэдэх боломжгүй. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий газар нь С.А.КХХК-ийн өмчлөлд байна гэсэн лавлагаа ирсэн. Хууль бус гэдгийг мэдээгүй байхдаа Б.У газрыг худалдаж авсан. Б.У С.А.КХХК нарын хооронд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн шиг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар ямар нэгэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгээгүй. Б.У нь газрыг худалдаж авахдаа үр дүнг нь хүсэж байсан. Тийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар 200 000 000 төгрөгөө өгөөд, өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хийсэн Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байна. Газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 145 000 000 төгрөг юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 46 800 000 төгрөг гэдэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрийн үлдэгдэл хэсэг юм. Тухайн өр төлбөрийг төлснөөр өөрийнхөө өмчлөлд хөрөнгийг авах ёстой гэж үзэж болохгүй. Газрын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт газрыг хуульд заасан аргаар эзэмшинэ гэж заасан. Нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ нэг ч удаа гарч байгаагүй. Тус эрхийн гэрчилгээ нь анхнаасаа Цэцэн дүнгээ ХХК-д байсан. Тухайн үед газрын эзэмшигч нь Х.Б.Э.Х.А байсан. Ингээд Цэцэн дүнгээ ХХК төлбөрийн үлдэгдлийг шилжүүлсэн учраас Цэцэн дүнгээ ХХК-д эзэмшлийг шилжүүлсэн. Д.Н нь Цэцэн дүнгээ ХХК-ийн 46 800 000 төгрөгийн өр төлбөрийг Хадгаламж банканд төлсөн. Тус 46 800 000 төгрөг нь Д.Н, М.Ц хоёрын хэнийх нь мөнгө байх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. М.Ц хууль бусаар мөнгө шилжүүлсэн бол Д.Нгээс шаардах эрх нь нээлттэй юм. Нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг нь зөрчигдсөн нь нэхэмжлэлд дурдагдаагүй байна. Б.У нь өөрөө хууль ёсны дагуу Д.Н болон Б.Б, Б.Н нарт шилжүүлж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах 948 м.кв талбайтай 8 агуулах бүхий объект болон газрыг иргэн Д.Н би өөрийн мөнгөөр худалдаж авсан. М.Цгийн газар ав гэж надад шилжүүлж өгсөн гэх мөнгө нь миний Хаан банкны дансаар М.Ц руу шилжүүлсэн 2010 оны 10 сарын 12-ны өдрийн 48 000 000 төгрөг юм. Хэрэв М.Ц надад 46 800 000 төгрөг өгсөн юм бол өнөөдрийг хүртэл яагаад надаас 46 800 000 төгрөгөө нэхэмжлэхгүй байгаа юм бэ. М.Цд холбогдуулаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад өнөөдрийг хүртэл уг мөнгөө нэхэмжлэхгүй байна. Харин би өөрийнхөө өгсөн 48 000 000 төгрөгийг М.Цгаас буцаан авсан даруйдаа Хадгаламж банкнаас одоо маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Д.Н нь 1998 оноос эхлэн түүхий эдийн бизнес эрхэлж байгаа бөгөөд 2003 оноос эхлэн иргэн М.Цтай хамтран бизнес эрхлэх болсон. Уг бизнесийг эхлүүлсэн цагаас хойш ашиг орлого нэмэгдэж Говь-Алтай аймагт түүхий эдийн агуулах барьж ашиглалтад оруулж тэндээс түүхий эд бэлтгэн Улаанбаатар хот руу нийлүүлдэг болсон. Д.Н нь 2007 онд Улаанбаатар хотод шилжин суурьшиж М.Цд Говь-Алтай аймаг дахь түүхий эдийн агуулахыг хариуцуулан өөрөө Улаанбаатар хотод түүхий эдийн агуулах авах зорилго тавин ажиллаж байсан. Ингээд Эмээлт түүхий эдийн захад ажилладаг таньдаг хүмүүсээс зарах агуулах байгаа эсэхийг сураглаж байтал Цэцэн дүнгээ ХХК агуулах худалдана гэсэн мэдээлэл олж аваад уг агуулахын манаачаас эзэн Г.Цээпилмаагийн дугаарыг аваад холбогдоход агуулахыг газрын хамт худалдана энэ объект Хадгаламж банкны барьцаанд байгаа тэнд уулзъя гэсэн. Ингээд очиход Хадгаламж банкны хуулийн хэлтсийн ажилтан Цэцэн дүнгээ ХХК-ийн зээлийн үлдэгдэл болох 46 800 000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн.

Үүний дараа миний бие өөрийн 46 800 000 төгрөгийг банкны данс руу 2010 оны 12 сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Мөн Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа 17 650 000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд агуулах, газрыг худалдан авсан үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсны дараа төлөхөөр тохиролцсон.

Ийнхүү харилцан тохиролцсоны дараа 2010 оны 12 сарын 21-ний өдөр газар, агуулахыг иргэн Д.Н надад бүрэн чөлөөлж өгсөн бөгөөд тэр цагаас би шударгаар эзэмшиж байсан. М.Ц нь 2010 оны 9 сарын 2-ны өдөр Тэсийн хурд ХХК-ийн захирал Э.Анхбаяр, Э.Энхбаяр нартай гэрээ байгуулж, уг гэрээгээ үндэслэн иргэн Д.Н надад итгэмжлэл олгосон, уг газар, газар дээрх агуулахыг эзэмших эрхтэй гэж маргаан үүсгэсээр өнөөдрийг хүрсэн. Иргэн Д.Н надад олгосон итгэмжлэлийн үндэслэл болж буй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний объект болох газар нь агуулахын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 2 сарын 6-ны өдрийн 7/504 тоот албан бичигтСонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь 2009 оны 2 сарын 5-ны өдрөөс түдгэлзүүлэх гэж дурдсанаар М.Ц, Тэсийн хурд ХХК-ийн хооронд 2010 оны 9 сарын 2-ны өдөр хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус болохыг нотолдог.

Тэсийн хурд ХХК нь 2007 оны 9 сарын 14-ний өдрийн 909 тоот захирамжаар албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад бусдад төлөх төлбөртөө шилжүүлэхээр болсон, эзэмших эрхийн хугацаа нь дууссан газрын гэрчилгээг үндэслэн иргэн М.Цд шилжүүлэхээр 2010 оны 9 сарын 2-ны өдөр иргэн М.Цтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний зүйл болох газар нь эзэмших эрхийн доголдолтой буюу эзэмших эрхийн хугацаа нь 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан, тийм доголдолтой гэдгийг газар эзэмшигч этгээд өөрөө мэдэж байсан, тухайн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бусдад төлөх төлбөртөө шилжүүлэхээр албан ёсны хүсэлтээ зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас 2010 оны 9 сарын 2-ны өдрийн М.Ц болон Тэсийн хурд ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл. Дээрх хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн 2012 оны 6 сарын 27-ны өдөр иргэн Д.Н надад итгэмжлэл олгосон байх тул 2010 оны 9 сарын 2-ны өдрийн иргэн М.Ц болон Тэсийн хурд ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б: Тайлбар гаргаагүй.

Хариуцагч Б.Н: Тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ц нь Б.У, Д.Н, Б.Н, Б.Б нарт холбогдуулж арилжааны гэрээг, Д.Н, Б.Б, Б.Н болон Г.Лд холбогдуулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Миний бие Д.Нтэй харилцан тохиролцсоны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. М.Ц гэгчийг танихгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд орж байсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн Эмээлт гудамж 83 тоот хаягт байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмнөх өмчлөгч нь Д.Н гэгч байхдаа өөрийн өмчийг бусдад худалдах, шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Проспект интернэшнл ХХК-д итгэмжлэлээр олгосон ба уг итгэмжлэлийн дагуу Проспект интернэшнл ХХК-иас Г.Л миний өмчлөлд шилжин ирсэн. Д.Нгээс Проспект интернэшнл ХХК-д олгосон итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр, итгэмжлэл олгосон этгээд болон гуравдагч этгээдийн зүгээс тухайн итгэмжлэлтэй холбоотой ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй, хүчин төгөлдөр итгэмжлэл.Итгэмжлэлийн дагуу хууль ёсоор Г.Лын өмчлөлд уг үл хөдлөх хөрөнгө шилжиж ирсэн. Маргаан бүхий хөрөнгө М.Цгийн өмч гэж тогтоогдоогүй, түүний өмч гэдгийг нотлох баримт байхгүй атал Г.Лын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. М.Цтай гэрээ байгуулах болон бусад байдлаар ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй, түүний өмчийг шилжүүлж аваагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.2, 56.1.10, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хадгаламж банк ХХК болон Цэцэн дүнгээ ХХК /Н.О ХХК/ нарын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, Цэцэн дүнгээ ХХК /Н.О ХХК/ С.А.КХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, С.А.КХХК Б.У нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Б.У-Д.Н, Б.Н, Б.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Арилжааны гэрээ, Д.Н, Б.Н, Б.Б Г.Л нарын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ (Үл хөдлөх эд хөрөнгө)-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М.Цг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 931 600 төгрөгөөс 3 515 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 415 900 төгрөгийг улсын орлого /Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс/-оос, 391 950 төгрөгийг Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Н.О ХХК-иас, 657 950 төгрөгийг Н.О ХХК болон С.А.КХХК-иас, 1 157 950 төгрөгийг С.А.КХХК болон Б.У нараас, 657 950 төгрөгийг Б.У болон Д.Н, Б.Б, Б.Н нараас, 257 950 төгрөгийг Д.Н, Б.Б, Б.Н, Г.Л нараас, 391 950 төгрөгийг Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч, Н.О ХХК, С.А.КХХК, Б.У, Д.Н, Б.Б, Б.Н, Г.Л нараас тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг Д.Н миний бие гаргасан боловч шүүх өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй. Хэргийн гол хариуцагч Х.Б.Э.Х.Аийг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Хариуцагч Б.Б, Б.Н нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй. Нэхэмжлэгч М.Ц уг хэрэгт нотлох баримтаар өгсөн 1 хавтас 119-т Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах болон Улсын дээд шүүхээр хянагдсан М.Цгийн нэхэмжлэлтэй Х.Б.Э.Х.А, С.А.КХХК, Н.О ХХК, Б.У, Д.Н нарт холбогдох хэргийн материалаас хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох 41 хуудас материалыг нотариатаар батлуулан нотлох баримтаар СХД-ийн шүүхэд хянагдаж байгаа н.Цээпилмаагийн нэхэмжлэлтэй уг хэрэгт өгсөн боловч хүлээн аваагүй.

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.Н би худалдан авсан. М.Цд арьс шир авахуулахаар М.Цээпилмаагийн 5315091441 тоот данс руу 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 48 000 000 төгрөгийг Д.Нгээс шилжүүлсэн. Тус агуулахыг худалдан авахаар би өөрийн мөнгөө яаралтай шилжүүл гэж М.Ц руу ярихад М.Ц нь буцаагаад шилжүүлий гэж миний мөнгийг шилжүүлэхдээ 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Н миний 5029070457 тоот дансанд шилжүүлсэнээ овжин ашиглаж нотлох баримтаар өгөхдөө Д.Нд үүрэг даалгавар өгсөн мэтээр тайлбарласан. Мөн 2010 оны 10 дугаар 12-ны өдөр өөрийн 48 сая төгрөгөө арьс шир авахуулахаар М.Цд шилжүүлсэн. Уг мөнгөө Эмээлтэд агуулах худалдан авахаар М.Цгаас 2010 оны 12 сарын 17-ны өдөр 46 800 000 төгрөгөө буцаан авсан тухай баримт юм. Учир нь бидний харилцан тохиролцож хоёр талд буюу агуулахыг өгөөд Д.Н миний эмээлт 83 тоот хаягт байрлах агуулахаа тус тусдаа тохирсон ёсоороо эзэмшин үйл ажиллагаа явуулж байтал 2013.8.26 өдөр гэнэт М.Ц ирээд Эмээлтийнхээ агуулахыг надад өг гэж намайг зодон гэмтээж 46 800 000 төгрөгөө шилжүүлж авсан гэдгээ бичиж өгөөд гар гэж дарамтлан бичүүлж авсан, энэ асуудал дээр миний бие Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргаж дарамтлан зодож бичиг бичүүлж авсан гэж Эрүүгийн хэрэг М.Цд үүсэж шалгагдаж байхад Цэнгэлмаа нь уучлаарай өргөдөл гомдлоо буцааж аваач, хоёулаа ингэж нүдний булай болоод яах юм, дахиж би мий зан гаргахгүй гэж хамтран ажиллаж, дундын асуудлаа шийдэж явахаар тохиролцов гэж бичиг хийг өгөөд өргөдөл гомдлыг буцаан авахуулсан гэжээ.

 

Хариуцагч Нэргүйн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Нд 2010 оны 12 сарын 17-ны өдрийн 46 800 000 төгрөг нь Цэнгэлмаа, Д.Н нарын хэний өмч болох тухайд маргаан гарсан. Хэрэгт нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар Сүхбаатраас гээд 5029070457 дугаар дансанд 46 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү гүйлгээний утгад М.Цгийн харилцах данснаас Сүхбаатраас гэснээс биш ямар нэгэн зүйл байхгүй, шилжүүлгийг тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах төлбөр гэж шууд утгаар ойлгож болохгүй. Мөн Д.Н нь М.Ц руу 2010 оны 10 сарын 12-ны өдөр шилжүүлсэн 48 сая төгрөг нь Д.Нн харилцах дансны хуулгаар мөн адил нотлогддог. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэрийг хэн нь бий болгосон нь ойлгомжгүйн дээр харилцан бие биедээ тодорхой хэмжээний мөнгүүдийг тодорхой цаг хугацаанд шилжүүлж байсан нь нотлогддог. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Д.Нн нэхэмжлэлтэй М.Цд холбогдох хамтран ажиллаж байсныг тогтоолгож, хамтын үйл ажиллагаанд бий болсон ашгаас 797 819 796 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хянан шийдвэрлэгдээгүй байдаг.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэхь хэсэгт заасанчлан анхнаасаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах талаар М.Ц нь Д.Нд үүрэг болгоогүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн мөнгө нь ямар зориулалттай болох нь тодорхойгүй. Д.Нн М.Цд хийж өгсөн бичвэр нь М.Цгийн шахалтаар хийж өгсөн. М.Ц, Д.Н нар нь эрүүгийн журмаар гомдол гаргасан үйлдлээ хэрэгсэхгүй болгохын тулд дээрх бичвэрийг хийсэн гэж ойлгож болох юм. Энэ талаар ч хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн, үүсгэхээс татгалзсан тогтоолууд хавсаргагдсан байдаг. Д.Нгээс М.Цд хийж өгсөн гэх бичвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй.

Д.Цэнгэлмаа нь яагаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа худалдагч тал буюу Хадгаламж банк ХХК-ийн харилцах данс руу шилжүүлээгүй, Д.Нгээгээр гүйцэтгүүлэх болсон, тухайн төлбөр гэх мөнгө нь ямар зориуллалттай зэрэг нь эргэлзээтэй байхад шууд утгаар даалгаврын гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн, М.Цг төлөөлж хэлцэл хийж байгаагаа Хадгаламж банк ХХК-д мэдэгдээгүй гэж үзэх боломжгүйн дээр М.Ц нь харилцаа холбоо хөгжсөн өнөө үед худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл, худалдагч талтай харилцах бүрэн боломж байсаар байхад харилцаагүй үйлдэл нь ямар учир холбогдолтой болох эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ бүхнээс үндэслэн дараа дараачийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон бусад хэлцлийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон. М.Ц нь 2010 оны 12 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Улмаар сүүлд 2019 оны 10 сарын 09-ний өдөр Д.Н, Б.Б, Б.Н нараас Г.Л руу шилжсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Түүнчлэн М.Цгийн хувьд эрх нь зөрчигдсөнөө мөнгө шилжүүлсэн буюу 2010 оны 10 сарын 17-ны өдөр, 2010 оны 12 сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан үеэс шаардах эрх үүсэх байтал 9 жилийн дараа шаардсан. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Хэний эрх энэ үйл баримтанд зөрчигдсөн эсэх талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй. Хэдийгээр анхан шатны шүүх гагцхүү нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн боловч бүх хариуцагч нар нь өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хоёрдмол ойлголттой дүгнэлт гаргасан. Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлдэг. Хариуцагч нар нь шинэ өмчлөгч бий болж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон. М.Цгийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлээгүй.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Х.Б.Э.Х.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үнэн зөв эсэх нь тодорхойгүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн тухайд: Анхан шатны шүүхээс М.Ц болон Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан Даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Тус дүгнэлтийг Хадгаламж банкны Тусгай активын хэлтэст 46 800 000 төгрөг тушаасан кассын орлогын баримтад Цэцэн дүнгээ ХХК-ийн зээлийн төлбөрт 99098655 хэмээн бичиж, Д.Н гарын үсэг зурсан бичмэл баримт, Хаан банкны 5315091441 данснаас 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Нн 5029070457 дугаартай дансанд 46 800 000 төгрөг, 550 000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаагийн хэлсэн "М.Ц нь надаас худалдаж аваад миний өрийг дарсан. Би тэрийг хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад нь саад учруулаагүй. Ганцхан би М.Цгаас авсан мөнгөө буцаагаад өгсөн тул объектыг авах эрхтэй гэж ойлгосон" гэх тайлбар болон холбогдох бусад баримтад тулгуурлан гаргасан байна. Гэвч эдгээр нь баримт нь үнэн зөв тогтоогдсон гэж үзэхэд хүндрэлтэй байна. Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 5987 тоот шийдвэрээр 99098655 дугаарын шударга эзэмшигч болохоо тогтоолгох тухай Д.Нн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийн үндэслэх хэсэгт 2005 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл тус дугаарыг Д.Н нь ашиглаж байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Хаан банкны баримт нь 46 800 000 төгрөг М.Цгийн данснаас гарсан боловч Д.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа түүнийг М.Цд өгсөн мөнгөө эргүүлж авсан гэдэг. М.Ц нь энэ мөнгийг Д.Нд өгсөн үү эсвэл Д.Н нь М.Цд өгсөн үү гэх асуудал, мөн тухайн мөнгийг Хадгаламж банкны өмчлөлийн хөрөнгийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн үү гэдэг нь баримтаар тогтоогдох боломжгүй эргэлзээтэй асуудал юм. Гэрч Г.Цээпилмаагийн шүүхэд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрдөг. Гэтэл шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэх нотлох баримт болгосон нь үндэслэлгүй байна. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхээс Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дах хэсэгт "Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ, 65 дугаар зүйлийн 65.3 дах хэсэгт "Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна" гэж заасныг үндэслэн Хадгаламж банк ХХК болон Д.Н нарын хоорондын тохиролцоо, түүнээс гарах аливаа эрх зүйн үр дагавар төлөөлүүлэгч болох М.Цд үүснэ гэж дүгнэсэн байна.

Хадгаламж банкнаас хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь банк тухайн харилцаанд оролцож буй этгээдийг бүрэн судалж уг харилцаанаас үүдэн аливаа сөрөг үр дагавар үүсэж болзошгүй эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг сайтар судалж үзсэний үндсэн дээр аливаа гэрээ, хэлцлийг байгуулдаг бөгөөд Д.Н нь М.Цг төлөөлж байгаа эсэхийг банк мэдэх боломжгүй юм. Түүнчлэн шүүхээс Банк хэлцэл хийхдээ ноцтой төөрөгдөл орсон тул талуудын хооронд байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-4/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлтэй адилтгаж үзэх боломжтой хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзсэнд гомдолтой байна. Хууль тогтоогч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд жагсаалтын аргыг ашиглаж хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулжээ. Гэвч шүүхээс дүр үзүүлсэн хэлцэлтэй адилтгаж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг илтэд дордуулж байна.

Учир нь Банкнаас М.Ц нь Цэцэндүнгээ ХХК-ийн өр төлбөрийг төлөхийг урьдаас мэдэж байсан бөгөөд Д.Нг түүнийг итгэмжлэн төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн тохиолдолд ноцтой төөрөгдлийн асуудал яригдана. Гэтэл банкнаас М.Ц гэх хүний талаарх мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тохиолдолд хэлцэл хийх эрхийн талаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг бусад этгээдэд хэлцэл хийсэн мэтээр харагдаж бодит байдал дээр тухайн харилцаанд оролцогч талууд эрх зүйн аливаа үр дагавар үүсгэх хүсэл сонирхолгүй байдаг. Гэтэл банкнаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Энэ нь хууль зүйн бодит факт юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь эрх зүйн бодит үр дагавар үүсгэсэн, аливаа гуравдагч этгээдэд хэлцэл хийсэн мэт харагдах шинжийг агуулаагүй байна. Мөн шүүхээс Д.Н тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, түүний нэр дээр хөрөнгийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан тухай судалж үзээгүйд гомдолтой байна. 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хэргийн оролцогч нь өмгөөлөгч авах эрхтэй. Хариуцагч Д.Н нь хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан гэтэл шүүгч хүсэлтийг хангахгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл болсон.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүхээс өөрчилсөн шаардлагыг хариуцагч нарт гардуулах, танилцуулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Гэрээг хүчин төгөлдөр буст тооцох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь өөр нэхэмжлэлийн шаардлага юм. Мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Г.Лын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 000738167 тоот гэрчилгээний дугаартай Ү-2201014010 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Б.Уын өмчлөх эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй байхад шаардлагыг шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Х.Б.Э.Х.А, Нэргүй нарт холбогдуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж тодорхойлсон байхад үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийг шаардлагыг ихэсгэн тодорхойлсон нь алдаатай болжээ./нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргаагүй байна. М.Ц нь Д.Нгээр дамжуулан Хадгаламж банктай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээг байгуулан, төлбөр төлсөн учраас хөрөнгийн өмчлөгч болсон тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Д.Н болон Хадгаламж банкинд холбогдуулан гаргасан байна. Шаардах эрх үүсэх нөхцөл М.Ц нь Д.Нгээр дамжуулан гэрээний харилцаанд оролцсон, Д.Нд маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрх үүссэн тохиолдолд гэрээний гэрээний үр дагавар М.Цд үүснэ. Шүүхээс М.Ц нь Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Эмээлт 83 тоот байрлах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2201014010 дугаартай 948 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох этгээдээс худалдан авах хэлцэл хийх, төлбөрийг төлөх, өмчлөх эрхийг М.Цд шилжүүлэн өгөх үйлдлийг Д.Нгээр хийж гүйцэтгүүлэх даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан доор дурдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэжээ. Гэтэл Говь-Алтай аймгийн түүхий эдийн бэлтгэлийн өгөөж төвийн эзний Д.Нн М.Цгийн түүхий эд барааны борлуулагчаар ажилладаг байсан гэх. М.Ц нь борлуулагчаар Д.Нг ажиллуулж байсан нь үнэн гэх Говь-Алтай аймгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх холбооны тодорхойлолт, М.Ц болон Д.Н нарын хооронд тооцооны аудиторын дүгнэлт зэрэг нь М.Ц болон Д.Н нарын ерөнхий ажил үүрэг, бизнесийн хувьд холбоо хамааралтай ажилладаг байсанг нотлох болохоос тухайлсан харилцаа буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэн холбоотой хэлцэлд М.Ц нь Д.Нд төлөөлөх эрх эсхүл даалгавар өгсөнийг тогтоох, нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Хэдийгээр М.Цгаас Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо 5000 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар газрын алба болон холбогдох байгууллагад төлөөлөх эрхийг Д.Нд олгосон итгэмжлэл, энэ асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, уг газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 3Тэсийн хурд3 ХХК-тай М.Ц гэрээ хийж байсан нь зөвхөн СХД-ийн 20-р хороо 5000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй холбоотой харилцаанд М.Ц нь Д.Нд төлөөлөх эрхийг олгосныг нотолж байна. Шүүхээр хянан шийдвэрлэж байгаа маргаан нь уг газар эзэмших эрхтэй холбоогүй юм. Тэрнээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар эрх олгосон, даалгавар өгсөн үйл явдлыг нотлохгүй байна. Харин ч эдгээр баримт нь М.Ц нь бусдаар төлөөлүүлэх харилцаанд болон гэрээ хийхдээ хуулийн дагуу шаардлага хангасан хэлбэрээр олгодог гэдгийг нотолж байна. Хаан банкны 1017 тоот тодорхойлолтоор 46 800 000 төгрөг М.Цгийн данснаас гарсан болохыг тодорхойлсон боловч, Д.Н нь уг хөрөнгийг М.Цгийн өмнөөс бус өөрөө худалдан авах хүсэл зоригтой, уг харилцаанд М.Цгаас даалгавар, итгэмжлэл олгосон зүйл огт байхгүй тухай нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг объектыг Д.Н би өөрийн мөнгөөр авсан. /Давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа М.Цд 48 000 000 төгрөг шилжүүлсэн байсныгаа объект худалдан авах болсон тул шилжүүл гэсний дагуу надруу 48 600 000 төгрөг буцаан шилжүүлсэн/ гэсэн тайлбарыг өгдөг. М.Ц, Д.Н нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Х.Б.Э.Х.А нар тайлбартаа М.Ц нь тухайн объектыг худалдан авах талаарх хүсэлтийг Хадгаламж банкинд гаргаж байгаагүй, Хадгаламж банкны зүгээс түүнтэй аливаа эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй.

Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа шүүхэд гаргасан тайлбартаа Наймаа хийж байхад М.Ц огт орж ирээгүй, М.Цтай эрх зүйн болоод эдийн засгийн бусад харилцаанд оролцож байгаагүй, М.Цгаас мөнгө төгрөг авч байгаагүй гэх тайлбаруудаар М.Ц нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх харилцаанд оролцож байгаагүй нь тогтоогдож байна.

М.Ц нь Д.Нгээр дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар тухайн хөрөнгийн өмчлөгч, эрх бүхий этгээдтэй хуулийн дагуу байгуулсан нэг ч гэрээ хэлцэл байхгүй байна. Иргэний хуулийн 112.1.Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үнийг төлсөн байхаас гадна хуульд заасэн хэлбэрийн шаардлага хангасан хэлцэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх шилжих тусгайлсан зохицуулалттай.

Даалгаврын харилцаа үүссэн гэж үзсэн бол М.Цгийн нэхэмжлэлийн шаардлага болох Хадгаламж банк болон Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд 2010 оны 12 сарын 20-ны өдрийн 4-4/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийг Д.Н 2013 онд шүүхэд гаргасан, улмаар Д.Н нь маргааны зүйл болох объектыг зарахаа болж, төлсөн 46 800 000 төгрөгийг буцаан өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж, шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, уг асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Мөн Д.Н нь Хадгаламж банкинд танай байгууллагад төлсөн 46 800 000 төгрөгийн төлбөрийг Цэцэн дүнгээ ХХК надад төлсөн тул нэхэмжлэлээс татгалзсан тухай баримт /х.х 167/, Д.Нн нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулахаар амаар байгуулсан хэлцэлд тусгасан Магнай трейд ХХК-ийн төлбөр барагдуулаагүй тул худалдан борлуулахаа болсон тухай Цэцэн дүнгээ ХХК-ийн 2014 оны 03 сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, 2014 оны 03 сарын 22-ны өдөр М.Нэргүйд 46 800 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт эдгээр баримтад дүн шинжилгээ хийгээгүй байна.

Хэлцлийн үр дагавар даалгавар өгөгчид буюу Төлөөлүүлэгчид үүснэ гэж дүгнэсэн бол Д.Нн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаа больж, талууд өгсөн авсан зүйлээ буцаан, 4-5/555 дугаартай гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэж, дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болсон байхад энэ үр дагавар нь даалгавар өгөгч буюу М.Цд үүссэн гэж үзэх үндэстэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үр дагаврыг буюу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.

Өмчлөх эрх шилжих тухай: Цэцэн дүнгээ ХХК нь Хадгаламж банкнаас зээл авч, зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй тул барьцаа хөрөнгө буюу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хадгаламж банкны өмчлөлд шилжүүлсэн байдаг. Х.Б.Э.Х.А нар өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар тухайн үеийн хүмүүс бүгд байхгүй. Эрх хүлээн авагчид тухайн зээлийн хаагдсан материалыг үндэслэн тайлбараа гаргаж байна гэж шүүхэд тайлбар гаргасан. Хадгаламж банкны хуульч Туул болон Д.Н, Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа нар талуудын хэлцэл, хэргийн бодит фактыг мэдэх субъектууд юм. Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал асан Г.Цээпилмаа 2018 онд шүүхэд гаргасан тайлбарт: Банкныхан бидэнтэй уулзаад таны байрыг авсан тул хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлье. Гэвч манайх авах сонирхол байхгүй тул манайх ч зарна, танайх ч зарна гэсэн зар тавья. Зарагдах юм бол 46 800 000 төгрөгөө суутгаад үлдэгдлээ та аваад хохирлоо барагдуулна гэсний дагуу зар өгсөн. Гэтэл Д.Н манаачаар дамжуулан ирж 135 сая төгрөгөөр Д.Нд худалдахаар тохирсон. /х.х 2-р хавтас 138 хуудас / Хадгаламж банкны 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн улсын бүртгэлд гаргасан хүсэлтэд Цэцэн дүнгээ ХХК-аас 88 089 072 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлж өгнө үү. /х.х 139 хуудас/ Хадгаламж банкны 2009 онд зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахдаа улсын бүртгэлд гаргасан мэдүүлэгт хөрөнгийн үнийг 88 089 000 төгрөг гэсэн /х.х 138 хуудас/, 2010 оны 12 сарын 20-ны өдрийн 4-5/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Цэцэн дүнгээ ХХК нь зээлийн төлбөр болох 46 800 000 төгрөгийг төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Цэцэн дүнгээ ХХК-д буцаан шилжүүлэхэд оршино. 2010 оны 12 сарын 20-ны өдрийн 1/4761 дугаартай Хадгаламж банкны өмчлөх эрх шилжүүлэх тухай хүсэлтэд Цэцэн дүнгээ ХХК зээлийн төлбөрөө төлж барагдуулсан тул зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Цэцэн дүнгээ ХХК-д буцаан шилжүүлж өгнө үү гэх албан хүсэлт /х.х 145 хуудас/ Кассын орлогын баримт /х.х 14 хуудас/-нд 46 800 000 төгрөгийг Д.Нгээс Цэцэн дүнгээ ХХК-ийн зээлийн төлбөр МЮ650Ю185 99098655 гэх утгатай шилжүүлсэн байна. 99098655 гэх дугаарыг 2005 оны 9 сарын 19-ний өдрөөс 2014 оны 7 сарын 08-ны өдрийг хүртэл Д.Н ашиглаж байсан нь тогтоогдсон.Түүнчлэн Д.Нн эзэмшдэг Хаан банкны 5029070497 тоот дансанд 99098655 дугаарын утсыг мобайл банкинд бүртгүүлсэн байна гэх /х.х 142 хуудас/ Цэцэн дүнгээ ХХК-ийн 2014 оны 03 сарын 22-ны үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэрт ....үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулахаар амаар байгуулсан хэлцэлд тусгасан Магнай трейд ХХК-ийн төлбөрийг барагдуулаагүй тул Д.Нд худалдан борлуулахаа больсон /х.х 168 хуудас/ Х.Б.Э.Х.Аийн тухайн барилгыг эхлээд Г.Цээпилмаагийн нэр дээр шилжүүлээд дараа нь Д.Нн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх хариу тайлбар /х.х 20 хуудас/ зэрэг баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 46 800 000 төгрөг бус Цэцэн дүнгээ ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 46 800 000 төгрөг байсан болох нь тогтоогдож байна.

Цэцэн дүнгээ ХХК-ийн зээлийн төлбөрт 2 өрөө 2 орон сууц, агуулахыг хураан авсан тул өмчлөх эрх хэдийгээр банкинд шилжсэн ч компанийг харгалзан үзэж үл хөдлөх эд хөрөнгийг Цэцэн дүнгээ ХХК46 800 000 төгрөгөөр буюу зээлийн төлөгдөөгүй төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд шилжүүлэн өгөх хүсэлтэй зоригтой байсан. Харин хэн байх нь хамаагүй зээлийн үлдэгдэл төлбөрийн үнээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зоригтой байсан, үл хөдлөх хөрөнгийн үнэ 46 800 000 гэж тогтоох боломжгүй байна.Тиймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийг Цэцэн дүнгээ ХХК-тай тохирох, Цэцэн дүнгээ ХХК-аас дараагийн этгээдэд шилжүүлэхээр тохиролцсон болох нь харагдаж байна.

Тэрнээс нь Хадгаламж банк нь Цэцэн дүнгээ ХХК-иар дамжуулан Д.Нд шилжүүлэх ёстой гэж бүртгэлийн дараалалын хувьд төөрөгдөөгүй байна. Энэ нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авсан баримтаар нотлогдож байна. Тиймээс Хадгаламж банк болон Цэцэн дүнгээ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 сарын 20-ны 4-5/555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь талуудын жинхэнэ хүсэл зоригт үндэслэн, үр дагаврыг хүсч үйлдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл бус байна.

Шүүхээс Хадгаламж банк үл хөдлөх хөрөнгийг Д.Нд шилжүүлэх хүсэлтэй зоригтой байснаа эрхийн хувьд төөрөгдөн Цэцэн дүнгээ ХХК-д шилжүүлсэн энэ нь Иргэний хуулийн 58.1-т зааснаар ноцтой төөрөгдөл гэж дүгнэж үүнийг Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлтэй адилтган үзэх боломжтой гэж дүгнэсэн. Хэрэв Хадгаламж банкыг эрхийн хувьд төөрөгдсөн бол хуулийн 58-р зүйлийн яг аль хэсэгт заасан үндэслэлээр төөрөгдсөн болохыг тодорхой заах, ноцтой төөрөгдсөн бол уг хэлцэлийг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцох эрх зүйн дагаврыг үүсгэх байтал хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь үндэслэлгүй байна. Гэрээний агуулга гол нөхцөлийг тохирсон, хэргийн бодит үнэнг мэдэх этгээд буюу гэрээний талууд Цэцэн дүнгээ ХХК руу өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон, Цэцэн дүнгээ ХХК-д өмчлөх эрх шилжсэн, үр дагаврыг ойлгож хүсч үйлдсэн талаар тайлбартаа хэлдэг, үүний талаар маргаан байхгүй гэдэг. Үүн дээр хүсэл зоригийн дутагдал, болгоомжгүй хандсан үйлдэл огт байхгүй юм. Цэцэн дүнгээ Н.О ХХК болон С.А.КХХК, Цэцэн дүнгээ ХХК /Наран ойл/-аас С.А.КХХК-д 2014 оны 08 сарын 19-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний тухайд талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрх Иргэний хуулийн 109.2 болон 110.1-д зааснаар Суварга Алтай консракшн ХХК-д шилжсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх ба Иргэний хуулийн 183.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгэгдэх эрхийн хувьд улсын бүртгэлийн бичигдсэн этгээдийг өмчлөгч этгээд гэж үзнэ. М.Ц нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг анх 2014 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан /нэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд гаргасан тайлбар х.х... хуудас/, шүүхээс М.Цд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан захирамжийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байдаг /х.х 238 хуудас/. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Цэцэн дүнгээ ХХК-иас С.А.КХХК руу 2014 оны 08 сарын 19-ны өдөр шилжсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшилдээ байлгаж байгаа этгээдийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд шилжүүлэх хүсэлт гаргах үед дээрх хөрөнгө нь өмчлөлийн маргаантай, худалдан борлуулахыг хориглосон түдгэлзүүлсэн шийдвэр байхгүй тул улсын бүртгэлийн байгууллага Цэцэн дүнгээ ХХК-иас С.А.КХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна. М.Ц нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй, Д.Нгээс үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд М.Цгийн эрх ашиг хөндөгдөх эсэх, төлөөлөл, даалгаврын харилцаа байгаа эсэх талаар гадаад харилцаанд тэр дундаа Суварга алтай консктракшн ХХК-д огт мэдэгдээгүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авч буй этгээд болох Суварга алтай констрашн ХХК улсын бүртгэлийн тэмдэглэл буруу ташаа гэдгийг мэдэх, тэгж эсэргүүцэх боломжгүй юм. Иймд С.А.КХХК-д уг хөрөнгийн өмчлөх эрх хуулийн дагуу шилжиж өмчлөх эрх бүхий этгээд болсон байна. Өмчлөгч өмчийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй тул дараа дараагийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй юм. Шүүхээс тухайн хөрөнгөтэй холбоотой хэргийг хянан хэлэлцэж байх нь тухайн өмчлөгчийг хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд шилжүүлэн авч байгаа этгээдэд улсын бүртгэлийн тэмдэглэлийг буруу ташаа гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэр яг хэзээ гарсан, хязгаарлалт байсан эсэх шилжүүлэг хийгдэхэд тухайн этгээд үүнийг мэдэж байсан нь баримтаар нотлогдоогүй байхад мэдэж байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.А.КХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэг. "Суварга-Алтай констракшн" ХХК нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан тухайд: Манай компани нь 2014 оны 8 сарын 19-ний өдөр "Цэцэн дүнгээ" ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг байгуулж маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхтэй болсон. Шүүхийн шийдвэрийн 16 дахь тал 5, 6 дахь догол мөрт "... хариуцагч С.А.КХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар шүүхэд маргаан үүссэнээс хойш буюу 2014 оны 8 сарын 19-ний өдөр Цэцэн дүнгээ ХХК-тай гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан, улсын бүртгэл үнэн зөв болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна гэж" дүгнэжээ. Манай компани "Цэцэн дүнгээ" ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ М.Цгийн нэхэмжлэлтэй маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд хариуцагчаар оролцоогүй, мөн улсын бүртгэлд тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон талаар бүртгэл хийгдээгүй байсан тул "Суварга-Алтай констракшн" ХХК-ийн хувьд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан "Цэцэн дүнгээ" ХХК нь санаатайгаар хүсэл зоригийн дутагдал үүсгэсэн гэх асуудал нь "Хадгаламж банк"-тай байгуулсан хэлцэлд хамаарах бөгөөд "Суварга-Алтай констракшн" ХХК-тай байгуулсан хэлцэлд ямар ч хамааралгүй тул өмнөх хэлцлийн хүсэл зоригийн дутагдал үүссэнийг мэдсэн эсэх нь дараагийн өмчлөгчийн өмчлөх эрхийг шударга бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн М.Ц нь маргаан бүхий хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байсан нь түүнийг тухайн хөрөнгийн хувьд өмчлөх эрхтэй болохыг нотлохгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй эсэх талаар шүүхийн шийдвэрийн 17 дахь тал 5 дугаартай хэсэгт "Худалдан авагч М.Цгийн хувьд, тэрээр гэрээний үнэ болох 46 800 000 төгрөгийг төлсөн ба бусад этгээдүүдийн үүргийн зөрчил, буруутай үйлдлийн улмаас худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж чадаагүй, Цэнгэлмаа нь гэрээний үнийг төлсөн ба шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэж байгаа тул М.Ц болон Хадгаламж банкны тохиролцоог Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн адилтгаж үзэх боломжтой гэж дүгнэжээ.

Нэгэнт хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаж гэрээ, хэлцэл байгуулаагүй байхад гэрээ байгуулсантай адилтгаж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд хуулийг төсөөтэй хэрэглэх хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн дүгнэлт юм. Дурын этгээдийн өмнөөс үүргийг гүйцэтгэж, гүйцэтгэсэн үүргээ үндэслэл болгож аливаа хөрөнгийн өмчлөх эрхийг шаардах нь шударга ёсонд үл нийцэх бөгөөд энэхүү тохиолдолд хууль болон улсын бүртгэлийн байгууллага ч байх шаардлагагүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт илт үндэслэл муутай байна. Нөгөөтээгүүр, Нэхэмжлэгч М.Ц нь өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Хадгаламж банк ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд М.Ц нь Д.Нгээр дамжуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар тухайн барилгын хууль ёсны өмчлөгч /бүртгэлтэй/-тэй хуулийн дагуу байгуулсан нэг ч гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Д.Н нарын хооронд даалгаврын гэрээ амаар байгуулагдсан гэж дүгнээд М.Ц нь Д.Нгээр дамжуулж "Хадгаламж банк"-нд 46 800 000 төгрөгийг төлсөн тул маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих, өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гагцхүү хуульд заасан үндэслэлээр байгуулсан гэрээний дагуу, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэний дагуу шинэ өмчлөгчид шилжихээр байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч болон Хадгаламж банкны хооронд хуулийн шаардлага хангасан бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл огт байхгүй, мөн М.Цгийн ажилтан гэх Д.Нн хувьд ч Хадгаламж банктай байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй гэж үзэх тул нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг өмчлөх ямар ч эрхийг эдлэхгүй юм.

Нэхэмжлэгч М.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тэрээр маргаан бүхий хөрөнгийг өмчлөгч болохыг тогтоолгох, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулагдсан хэлцлийт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үр дагаврыг арилгуулах, маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Х.Б.Э.Х.Аид даалгах, мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу бүх хариуцагч нараар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан гэж үзэхээр байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн үнийг өөрөө тодорхойлох үүрэгтэй. Харин шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчид нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрх олгогдоогүй юм. Анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түүний өмнөөс тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.6-д заасантай нийцээгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүхийн тодорхойлсон шаардлагад холбогдуулж мэтгэлцээгүй юм. Шүүхийн шийдвэрийн 15 дугаар нүүр, 2 дахь догол мөрт "Гэрээний нэг тал болгоомжгүй төөрөгдөж, нөгөө тал санаатай дутагдал үүсгэсэн, үүний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол уг гэрээг тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлтэй адилтгаж үзэх боломжтой" гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т тус тус зохицуулсан. Анхан шатны шүүх Хадгаламж банкийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасны дагуу эрхийн хувьд ноцтой төөрөгдсөн гэж дүгнэсэн атлаа Хадгаламж банк болон Цэцэндүнгээ ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон Иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн шийдвэр байна.

Хариуцагч Д.Нн хувьд өөрийн татгалзлын үндэслэлээ М.Цгийн даалгавраар М.Цгийн мөнгөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг авахаар Хадгаламж банктай хэлэлцээр хийгээгүй ба өөртөө хөрөнгө худалдан авах зорилгоор өөрийн зүгээс түүнд өгсөн 48 000 000 төгрөгөө түүнээс буцаан авахаар шаардаж авсан талаар мэдүүлсэн. Хариуцагчийн энэхүү үйл баримт нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр нотлогдож байгаа гэж үзэж байна. Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Хадгаламж банкны тусгай активын 10590000001 тоот дансанд 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тушаагдсан 46 800 000 төгрөг нь нэхэмжлэгч М.Цгийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.Ц нь Д.Нгээр дамжуулж Хадгаламж банкинд тушаагдсан 46 800 000 төгрөгийг өөрийн хөрөнгө мөн болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан нь тухайн мөнгөн хөрөнгө нь М.Цгийн хөрөнгө мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудаас гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийх, даалгах талаар даалгаврын гэрээ буюу Иргэний хуулийн Гучин зургадугаар бүлэгт нарийвчлан зохицуулсан зүйл, заалт байхгүй тул Иргэний хуулийн ерөнхий ангид зааснаар зохицуулна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 109 дүгээр зүйлийн 109.2, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заагаад өгчихсөн. Шүүхийн шийдвэрт дурдаад байгаа нотлох баримтуудаар Д.Н нь М.Цг төлөөлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авах эрх нь үүссэн гэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Ийм учраас Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон Н.О ХХК /Цэцэн дүнгээ ХХК/-уудын хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Цгийн нэр дээр шилжүүлж өгөх үүрэг үүсээгүй. М.Ц өмчлөгч биш, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаж байгаа тул шударга эзэмшигч яригдахгүй. Энэ талаар Иргэний хуулийн ерөнхий ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д тодорхой заасан байгаа. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тайлбарлаж, хэрэглэхдээ: "...Ийнхүү гэрээний нэгтал болгоомжгүй төөрөгдөж, нөгөө тал санаатай дутагдал үүсгэсэн, үүний улмаас гуравдагч этгээд тухайн эрх ашиг нь хөндөгдсөн этгээд /М.Цгийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлтэй адилтгаж үзэх боломжтой. Иймд, нэхэмжлэгч М.Цгийн хувьд Хадгаламж банк ХХК болон "Цэцэн дүнгээ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй." гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг Улсын дээд шүүх тайлбарлахдаа "тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно." гэж тайлбарласан байдаг. Гэтэл Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч болон "Н.О" ХХК /Цэцэн дүнгээ ХХК/-уудын хооронд хийгдсэн хэлцлийн үр дүнг талууд хүсч үйлдсэн, талуудын шүүхэд гаргасан хариу тайлбар болон Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно. Энэ хэлцлээр М.Цгийн эрх ашиг хөндөгдөөгүй. М.Цгийн гэх 46 800 000 төгрөгийг мөнгө тушаасан Д.Нд буцаан олгосон баримт 1-р хавтаст хэргийн 168-170 дугаар талд авагдсан байдаг. Зүй нь нэхэмжлэгч М.Ц маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхгүй ч хохирсон 46.800.000 төгрөгөө Д.Нгээс шаардах ёстой байсан. Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: "...Хадгаламж банк ХХК болон "Цэцэн дүнгээ" ХХК /хариуцагч Н.О ХХК/ -ийн хооронд хийгдсэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл тул уг хэлцлийг огт хийгдээгүйтэй адилтгаж үздэг. Энэ тохиолдолд тухайн хэлцлийн үндсэн дээр аливаа өмчийн шилжүүлэг хийгдэх боломжгүй юм. Иймд хариуцагч "Суварга-Алтай констракшн" ХХК, Б.У, Д.Н, Б.Б, Б.Н болон хариуцагч Г.Л нарын хэн аль нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хуулийн дагуу олж аваагүй гэж үзнэ." гээд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг тайлбарлан, хэрэглэсэн байна. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-5.3-т заасны дагуу өмчлөх эрх үүснэ. Хүчингүй болсон буюу тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно." гэж тус тус заасан байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагааг үндэслэл болгож нотариат эрх шилжүүлэх гэрээг гэрчилдэг. Шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Уыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Б.У "Суварга-Алтай констракшн" ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх үед өмчлөх эрхийн гэрчилгээ "Суварга-Алтай констракшн" ХХК-ийн нэр дээр байсан. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлж авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хөдөлгөөн хийхийг хязгаарласан тэмдэглэгээ огт хийгдээгүй. Ийм учраас өмчлөх эрх Б.Уын нэр дээр шилжсэн ийм л үйл баримт байдаг. Харин шүүхийн шийдвэрт дурдсан шиг иргэний шүүх дээр маргаан байгаа эсэхийг Б.У мэдэх боломжгүй /Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1/, үүнийг мэдэх ёстой байсан мэтээр шүүх дүгнэж шийдвэр гаргаж байгаа нь ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь долоон удаа өөрчлөгдсөн /хх-2, хуудас-130/ байхад шилжүүлж авсан өмчлөгч болгон М.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа гэдгийг мэдэх ёстой байсан гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэлцлээр шилжүүлсэн эд зүйлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар харилцан буцааж өгөх ямарч боломжгүй. Нэхэмжлэгч М.Цгийн ямарч хэлцэл Улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг лавлагаанаас харж болно. Иймд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Л давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлт гудамж 83 тоотод байрлах агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч нь Д.Н гэгч байхдаа өөрийн өмчийг бусдад худалдах, шилжүүлэх, зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг "Проспект интернэшнл" ХХК-д итгэмжлэн олгосон ба уг итгэмжлэлийн дагуу "Проспект интернэшнл" ХХК-аас Г.Л миний өмчлөлд шилжин ирсэн. Би өөрийн өмчлөлд шилжүүлэн авахад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д.Н байсан, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн, Цэнгэлмаа нь улсын бүртгэлд бүртгэгдсэн зүйл байгаагүй. Уг үл хөдлөх эд хөрөнгө Цэнгэлмаагийн өмч гэж нотлох ямар ч баримт байхгүй. Тиймээс хууль ёсны өмчлөгчөөс гэрээний дагуу шилжүүлэн авсан. Хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн Д.Нгээс үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Цэнгэлмаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч мөн эсэх талаар ямар ч баримт байхгүй, өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй байхад өмчлөгч нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүхээс бүх хэлцлүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бүх хариуцагч нар өмчлөх эрхтэй болохоо хүлээн зөвшөөрүүлэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэгэнт Цэнгэлмаа өмчлөгч мөн эсэх талаар улсын бүртгэлд авагдсан ямар ч баримт байхгүй, миний бие Д.Нгээс "Проспект интернэшнл" ХХК-д олгосон хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлийн хүрээнд шилжүүлэн авсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын сарын 09-ний өдрийн №02134 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Х.Б.Э.Х.А, Наран Ойл ХХК /Цэцэндүнгээ ХХК/-нд холбогдуулан 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 4-4/555 дугаартай гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах зорилгоор хийгдээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Эмээлтийн түүхий эдийн захын 83 тоотод байршилтай Ү-2201014010 улсын бүртгэлтэй, 948 мкв талбайтай, 1 давхар агуулахын өмчлөгчөөр М.Цг тогтоолгох,

 

Хариуцагч Н.О ХХК /Цэцэндүнгээ ХХК/, С.А.КХХК-нд холбогдуулан Хадгаламж банк болон Н.О ХХК /Цэцэндүнгээ ХХК/-ийн хооронд хийгдсэн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 4-4/555 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах зорилгоор хийгдээгүй, Н.О ХХК /Цэцэндүнгээ ХХК-нд/ шилжүүлсний дараа уг хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх зорилгоор хийгдсэн дүр үзүүлсэн хэлцэл байсан тул Иргэний хуулийн 56.1.2-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

 

Хариуцагч Н.О болон С.А.КХХК-иудад холбогдуулан Н.О ХХК нь /Цэцэндүнгээ ХХК/ Хадгаламж банкнаас Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Эмээлтийн түүхий эдийн захын 83 тоотод байршилтай Ү-2201014010 улсын бүртгэлтэй, 948 мкв талбайтай,1 давхар агуулахыг шилжүүлэн аваад нэхэмжлэгч М.Цд буцаан шилжүүлж өгөлгүйгээр С.А.КХХК-нд нэхэмжлэлийг шүүхийн шатанд хянагдаж байх хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн нь М.Цгийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн тул 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 -т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

 

Хариуцагч С.А.КХХК, Б.У нарт холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Утай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан Б.Уын өмчлөлд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан Б.Уын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах,

 

Хариуцагч Б.У, Д.Н, Б.Н, Б.Б нарт холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

 

Хариуцагч Д.Н Б.Н, Б.Б нарт холбогдуулан Д.Н, Б.Н, Б.Б болон Г.Л нарын хооронд хийгдсэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Г.Лын өмчлөх эрхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000738167 тоот гэрчилгээний дугаартай, бүртгэлийн Ү-2201014010 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

 

Хадгаламж банкны өмчлөлийн /одоогийн Г.Лын өмчлөлийн/ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлтийн түүхий эдийн захын 83 тоотод байршилтай Ү-2201014010 улсын бүртгэлтэй, 948 м.кв талбайтай, 1 давхар агуулахын өмчлөгчөөр М.Цг тогтоолгох гэж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. / 1-р хх1-6, 142-145, 176-177, 189, 194-195, 2-р хх204-205, 3-р хх51-54, 82-84, 227-228/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон агуулгаас үзэхэд ... Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Эмээлтийн түүхий эдийн захын 83 тоотод байршилтай Ү-2201014010 улсын бүртгэлтэй, 948 м.кв талбайтай,1 давхар агуулахыг худалдан авахын тулд Цэцэн дүнгээ ХХК-ийн Хадгаламж банкинд төлөх өр 46 800 000 төгрөгийг Хадгаламж банкны тусгай активын 10590000001 тоот дансанд Д.Нгээр дамжуулан төлсөн, өмчлөх эрх хариуцагч нарын буруугаас болж түүнд шилжээгүй талаар тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд М.Ц нь ... 1995 оноос эхлэн нутагтаа хувиараа түүхий эдийн бизнесийн үйл ажиллагаа явуулж 2000 онд бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөж, 5 ажилтантай болсоны нэг нь Д.Н юм. Улмаар 2005 онд Д.Нг Улаанбаатар хотод шилжүүлэн суурин ажиллуулж хөдөөнөөс түүхий эдийг бэлтгэн явуулахад Д.Н нь тосч авч зөвшөөрсөн үнэ ханшаар, хэлж ярьсан худалдан авагч нарт зарж борлуулан, борлуулалтын орлогыг эргүүлэн нэхэмжлэгчийн дансанд шилжүүлдэг байсан гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: Хадгаламж банк ХХК нь Цэцэн дүнгээ ХХК-тай /одоогийн Н.О ХХК/ зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Цэцэн дүнгээ ХХК-нд 70 000 000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсны дотор маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтсан ба уг хөрөнгөд хамаарах ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ. /1-р хх153-158/

 

Цэцэн дүнгээ ХХК нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1022 дугаар шийдвэр гарч Цэцэн дүнгээ ХХК-аас 87 545 346 төгрөгийг гаргуулан Хадгаламж банканд олгохоор шийдвэрлэжээ. / 1-р хх 159-160/

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1696 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. / 1-р хх 161/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч Хадгаламж банк ХХК-д шилжүүлэн өгсөн үйл баримтын хувьд талууд маргаангүйгээс гадна 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Хадгаламж банк ХХК-ийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагджээ. /2-р хх 143,3-р хх 37 /

 

Хадгаламж банк ХХК нь Цэцэн дүнгээ ХХК-тай /Н.О ХХК/ 2010 оны 12 дугаар сарын 20-ны үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай 4-4/555 дугаартай гэрээг байгуулан, үл хөдлөх хөрөнгийн Ү-2201014010 дугаар бүхий гэрчилгээг Цэцэн дүнгээ ХХК-д шилжүүлсэн. /1-р хх 163-164/

 

Тэсийн хурд ХХК-ийн захирал П.Эрдэнэбат нь маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Эмээлтийн түүхий эдийн захын 83 тоотод байршилтай Ү-2201014010 улсын бүртгэлтэй, 948 мкв талбайтай,1 давхар агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Магнай петролиум ХХК-ийн барьцаанд бариулсан талаар нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Нд 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ. Итгэмжлэлийн агуулгаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо түүхий эд аж ахуйн хашаа болон 5000 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар нотариат, газрын алба болон холбогдох байгууллагад төлөөлөн лавлагаа авах, материал гаргуулан авах, нотлох баримт бүрдүүлэх, уг газартай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралд оролцох, хүсэлт тайлбар гаргах, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг олгожээ. / 1-р хх66/

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 171 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Д.Н нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаар захирамжаар Цэцэндүнгээ ХХК-ийн нэр дээр олгогдсон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт захад байрлах 948 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаар гэрчилгээ, Тэсийн хурд ХХК-ийн нэр дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016129 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2068/ч дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Н нь 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4-4/555 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт уг объектыг Д.Нн өмчлөлд шилжүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Цэцэн дүнгээ ХХК-ийн захирал Г.Цээпилмаа С.А.КХХК-нд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр 100 000 000 төгрөгөөр маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. /1хх 117/

 

С.А.КХХК нь Б.Ут 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр 200 000 000 төгрөгөөр маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдаж, өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр шилжсэн. /2-р хх 161-162/

 

Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр арилжааны нэртэй гэрээгээр маргааны зүйл болох хөрөнгийг Д.Н, Б.Н, Б.Б нарын өмчлөлд шилжүүлсэн. /2-р хх165-167/

 

Д.Н, Б.Н, Б.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр дээрх хаягт байрлах хөрөнгийг Г.Лын өмчлөлд шилжүүлжээ. /2-р хх174-175/

 

Талууд нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй эсэх, тухайн маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн хэлцлүүд хүчин төгөлдөр эсэхэд маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэх боловч хэргийн баримтаар М.Цг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилждэг.

 

Дээрх маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Хадгаламж банк ХХК-аас худалдах-худалдан авахаар нэхэмжлэгчийн нэрээр байгуулагдсан бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгч нь ... маргааны зүйл болох хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг түүнийг төлөөлж байгуулахыг Д.Нд даалган 46 800 000 төгрөгөөр Хадгаламж банк дах Цэцэн дүнгээ ХХК-ийн өрийг чөлөөлсөн боловч 2010 оны 12 дугаар сарын 20 өдрийн гэрээгээр өмч Цэцэн дүнгээ ХХК-нд шилжсэн, буцааж М.Цгийн өмчлөх эрхэд шилжүүлээгүй талаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох талаар зохицуулсан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэхээр заасан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг байгуулахад талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргахаар заасан нь хуулиар онцлон тогтоосон тохиолдол, итгэмжлэлийг заавал бичгийн хэлбэрээр олгох заалт юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэлд төлөөлүүлэх итгэмжлэлийг амаар олгосон гэх нэхэмжлэгчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Итгэмжлэл олгох нь нэг талт хэлцэл бөгөөд хуульд итгэмжлэлийг заавал бичгээр олгохоор онцлон тогтоосон тохиолдолд хуулиар шаардсан хэлбэрийг баримтлах үүрэгтэй.

 

Нэг талт хэлцлийн хувьд хэлцэлд төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тайлбарлах бөгөөд хэрэв хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх ёстой бол бичгээр үйлдсэн итгэмжлэлийг үндэслэн тайлбарлах юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн шилжүүлэхтэй холбоотой хуулийн дээрх шаардлагууд хангагдаагүй байх тул М.Цг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх ... М.Ц нь гэрээний үнийг төлсөн ба шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэж байгаа тул М.Ц болон Хадгаламж банкны тохиролцоог Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасны дагуу бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэнтэй адилтгаж үзэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Мөн анхан шатны шүүх М.Цгийн хувьд, тэрээр гэрээний үнэ болох 46 800 000 төгрөгийг төлсөн ба бусад этгээдүүдийн үүргийн зөрчил, буруутай үйлдлийн улмаас худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж чадаагүй гэж буруу дүгнэжээ.

 

Тодорхой хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хэлцлийг тодорхой этгээдтэй байгуулах хэлцэлд М.Цг төлөөлөх итгэмжлэл буюу бүрэн эрх Д.Нд бичгээр олгогдоогүй нөхцөлд итгэмжпэл олгогдсон гэж үзэх, уг итгэмжлэлийн хамрах цар хүрээ, хэмжээг тодорхойлох боломжгүй. Төлөөлөгч гагцхүү төлөөлүүлэгчээс түүнд олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэлцэл хийгч гуравдагч этгээдэд хандан хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд төлөөлүүлэгчид заавал сахиж, биелүүлэх эрх үүрэг үүсдэг.

 

Талууд бүрэн мэтгэлцсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн алдааг залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэгэнт бичгийн хэлбэрээр итгэмжлэл олгож, үүрэг үүсээгүй тул дараа дараагийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд М.Цгаас Д.Нд шилжүүлсэн 46 800 000 төгрөгийг Д.Н нь Цэцэн дүнгээ ХХК-аас буцаан авсан, М.Цд буцааж өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар бэлтгэл үе шат явагдаж байсныг үгүйсгэхгүй юм. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн эсэх, 46 800 000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09ий өдрийн 184/ШШ2021/02134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлин 110.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Х.Б.Э.Х.А, Н.О ХХК, С.А.КХХК, Б.У, Д.Н, Б.Б, Б.Н, Г.Л нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Эмээлт /18400/ 83 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014010 дугаарт бүртгэгдсэн 948 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай М.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Нн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 968 төгрөг, Н.О ХХК-ийн төлсөн 1 049 900 төгрөг, С.А.КХХК-ийн төлсөн 657 950 төгрөг, Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын төлсөн 1 157 950 төгрөг, Г.Лын төлсөн 391 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД