| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Эрдэнэтуяа |
| Хэргийн индекс | 122/2025/0007/З |
| Дугаар | 122/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Татвар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 122/ШШ2025/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн Х.Өлзийхутагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Өлзийхутагийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Өлзийхутаг, хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Цэцэгдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Х.Өлзийхутагаас ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 705 м.кв газрыг өмчлөх тухай өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн Х.Өлзийхутаг нь 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаар бүхий 705 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх өргөдлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргажээ.
2.2. Нэхэмжлэгчээс газар өмчлөх өргөдлөө шийдвэрлүүлэхээр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт удаа дараа хандсан боловч хариу өгөөгүй тул 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Өлзийхутаг нь ******* аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаар бүхий 705 м.кв газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйг өмчлөх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд миний газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 (иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.) дахь заалтад заасан хугацаанд шийдвэрлээгүй байна. Иймд миний Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу гаргасан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 705 м.кв газрыг өмчлөх тухай өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 онд газар өмчлөх өргөдлөө ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан боловч өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын 5 дугаар багийн иргэн Х.Өлзийхутагийн өргөдөл өгсөн ******* төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай 705 м.кв газар нь 2016 онд 2,600,000 төгрөгөөр хашааны үнэ төлж худалдаалагдсан болно. Орлогыг аймгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны ******* сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан ******* төлөвлөлтийн нэгж талбарын дугаар бүхий газартай холбоотой хувийн хэрэг, материал байхгүй, аймгийн Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй тул Х.Өлзийхутагийн газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр батлагдсан ******* нэгж талбарын дугаар бүхий 705 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авах өргөдлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан боловч хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлэж хариу өгөөгүй ... гэж тайлбарлаж байна.
3. ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23/07 дугаар тогтоолоор ******* сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталж, уг төлөвлөгөөний хавсралтын 707 дугаарт ******* сумын 9 дүгээр баг, *******ад ******* нэгж талбар бүхий 705 м.кв газрыг иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
4. ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэн Х.Өлзийхутаг нь ******* сумын 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан дээрх газрыг өмчлөх өргөдлийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бичгээр гаргасан байна.
5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй: гээд 19.1.1-д энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;, 19.1.2-т энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах;, 19.1.4-д Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;, 20 дугаар зүйлийн 20.6-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ. гэж тус тус заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах өргөдлөө сум, дүүргийн Засаг даргад гаргах, уг өргөдлийг Засаг дарга хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор шийдвэрлэхээр байна.
7. ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/336 дугаар албан бичигт ... 2024 оны ******* сумын Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан ******* төлөвлөлтийн нэгж талбарын дугаар бүхий газартай холбоотой хувийн хэрэг, материал байхгүй болно., ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03/797 дугаар албан бичигт ... ******* төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай газрыг 2013 онд 2,600,000 төгрөгөөр худалдсан гэсэн боловч газрын төлбөр төлөгдөөгүй болно. Тус иргэд дээр аймгийн Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй болно гэснээс үзвэл нэхэмжлэгчийн өмчилж авахыг хүсэж өргөдөл гаргасан газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй, үүнтэй хариуцагчаас маргаагүй байна.
9.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Өлзийхутагийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан газар өмчлөх тухай өргөдлийг зохих ёсоор шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Өлзийхутагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Өлзийхутагийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан газар өмчлөх өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Өлзийхутагт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА