Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 6 сарын 20-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/35                           Өвөрхангай аймаг

 

 

П.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                    Прокурор Ц.Нэргүй  

    Шүүгдэгч П.Оюундэлгэр

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг             оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор П.О-т холбогдох эрүүгийн 2326002110227  тоот хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ... суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ... ажилтай, ам бүл ... хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ... тоотод оршин суух, урд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн, Өндөр овгийн П.О

П.О нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн орчмоос хохирогч Д.Г-гийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түүний .... тоот дугаарын данснаас өөрийн .... тоот дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: П.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Өндөр овгийн П.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Г-д 2,300,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “Арвин худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Одавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би бага ангийн багш өрх толгойлсон эмэгтэй. Ам бүл долуулаа. Энэ хэргээс болж бие өвдөөд, даралт ихсээд байдаг болсон. Гэм буруугаа ойлгосон. Зуны амралтаараа аймаг, хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул намайг тэнсэн харгалзах ял юм уу, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний даралт ихсээд байгаа. Би амарч байх хугацаандаа аавыгаа Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлэх шаардлагатай болсон. Манай аав 90 гарсан настай хөгшин байдаг. Би өөрийнхөө гэм бурууг ойлгож байна. Ахиж ийм алдаа гаргахгүй. Иймд надад торгуулийн ял юм уу, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.    

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч П.О нь хувийн байдлыг харгалзан үзэж ял тэнсэх, эсвэл торгох ялаар оногдуулж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох ял оногдуулах талаар хуульд байхгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг зэргийг нь харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Учир нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял шийтгэлд хамаарахгүй байна. Хууль эрх зүйн онолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтыг мөрдөх байгууллага, шүүхийн гаргасан дүгнэлт, шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрөх, зөвшөөрсөн байхыг ойлгохоор заасан. Шүүгдэгч аавыгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай, аавтайгаа хамт амьдардаг гэдэг нь мөн тогтоогдоогүй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч П.О-н гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

П.О нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төв дотроос хохирогч Д.Г-гийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түүний ... тоот дугаарын данснаас өөрийн ... тоот дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хайрхандулаан сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “Арвин” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг ... тоот дугаарын данс руу шилжүүлсэн байсан гэж хэлсэн. Картны нууц кодыг манай хүү Сосорбурам мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Тухайн үед би хүүтэйгээ уулзалдаагүй. Би хамгийн сүүлд Арвин худалдааны төвөөс 10,400 төгрөгийн гүйлгээ хийсэн. Миний 86224916 дугаартай утсанд мэдээлэл ирдэг. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Оюундэлгэр гэдэг хүнийг мэднэ. Би энэ хүнтэй багын найзууд, 10 жилийн нэг анги, байнгын холбоотой байдаг. Энэ хүн Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд бага ангийн багш ажилтай. Миний .... тоот дугаарын дансанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад .... тоот данснаас 500,000 төгрөг орсон. Уг гүйлгээг над руу иргэн Оюундэлгэр гэдэг хүн шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн гэхээр би өмнө нь мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би Оюундэлгэрт 2023 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн. Би мөнгө зээлэхдээ өөрийнхөө Хаан банкны данснаас явуулсан. ” гэх мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Огэх хүн миний төрсөн ээж байгаа юм. Би .... дугаарын дансыг 2022 онд нээж одоог хүртэл ашиглаж байна. Миний хаан банкны ... тоот дугаарын дансанд ээж П.Оюундэлгэрийн 5547078627 тоот данснаас тухайн үед 150,000 төгрөг шилжиж орж ирсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

           Хаан банкны Өвөрхангай зээлийн багц хариуцсан менежерийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/225 дугаартай “Пүрэв овогтой Оюундэлгэр нь Хаан банкинд ... тоот данстай, Өвөрхангай аймаг, Гучин-Ус сум Утас ... байна. ... тоот дансны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хуулгыг хүргүүлж байна.” гэх албан бичиг (хх-ийн 14 хуудас),

Шүүгдэгч П.Оюундэлгэрийн Хаан банканд эзэмшдэг .... тоот депозит дансны дэлгэрэнгүй “№ 20 хуулга  (хх-ийн 15 хуудас), Хаан банкны албан бичиг (хх-ийн 18 хуудас) болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Оюундэлгэрээс ...энэ хэргээс болж бие өвдөөд, даралт ихсээд байдаг болсон. Гэм буруугаа ойлгосон. Зуны амралтаараа аймаг, хот явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү.... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.О-т хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА

 

                                    ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ

 

                                                                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ