Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2026/0001

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р.А-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуягт холбогдох Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Р.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх гэжээ.

           Нэхэмжлэлийн үндэслэлээ: Р.А миний бие Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус газрын даргын Б/05 дугаар тушаалаар Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээгээр түр томилогдож ажиллаж эхэлсэн.

Р.А миний хувьд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн бөгөөд төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн. Улмаар Орон нутгийн өмчийн газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ТЗ-9 шатлалаар цалинжин ажиллаж байсан.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 467 дугаар тогтоолыг батлан гаргах үед миний хувьд төрийн албаны шалгалтад ороогүй байсан хэдий ч 2024 оны 09 дүгээр сарын 21-нд төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэж, нөөцөөс нөхөгдөж тухайн албан тушаалд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар томилогдсон байгаа зэргийг харгалзаж үзэхгүйгээр миний ажилд томилогдсон тушаалуудыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хавтгайруулсан хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, зорилго агуулгадаа нийцээгүй захиргааны акт болсон байна.

Тус байгууллагад Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг тухай бүр хариуцлагатай төрийн албан хаагчийн ёс зүй, зөрчил дутагдлыг гаргаж байгаагүй бөгөөд албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргийг хангалттай биелүүлэн ажиллаж байсан.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар нь ажлаас чөлөөлөх талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд , Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмын хүрээнд мэдэгдээгүй. Миний хувьд төрийн албаны хуульд заасан ерөнхий шалгалтыг өгч тэнцсэний үндсэн дээр жинхлэн томилогдсон бөгөөд Төрийн албан хаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсны хувьд хуульд заасан нөхцөл, баталгааг эдлэх эрх зүйн харилцаа бий болсон гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.А 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Орон нутгийн газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

               ҮНДЭСЛЭХ нь:

         Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р.А-өөс аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуягт холбогдуулан Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

           Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 19ий өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Р.А-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Р.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Р.А-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуягт холбогдох Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

         ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ