Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0759

 
 

 

 

 

 

2025 10 30 128/ШШ2025/0759

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батсүх даргалж, шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ш ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б

Гомдлын шаардлага: Ш ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардlага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Д., Б.Г, хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б, гуравдагч этгээд Э.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Гомдол гаргагч Ш ХХК-иас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Анх Э.Бгаас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр халамжийн улсын байцаагчид 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шинийн 15 хүртэл сул зогссон өнөөдөр болох 2025 оны 4 дүгээр сарын 15 хүртэл сул зогссон мөнгө өгөөгүй. 2025 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс хойш нийгмийн даатгал төлөхгүй гэж албан бичиг явуулсан бөгөөд гэнэт халагдсаны мөнгө сул зогсолтын мөнгө, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө авмаар байна гэх өргөдлийг гаргаж,

2.2.Уг өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О*******аас Ш ХХК-д холбогдуулан Э.Б хүний нөөцийн менежерээр 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сар хүртэл ажилласан боловч тус компани нь сул зогсолтын олговор, ээлжийн амралт, гэнэт халагдсаны мөнгө өгөөгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаар зөрчлийн хэрэг нээжээ.

2.3.Тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О*******аас 2 дугаар зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өргөдөл гаргагч Э.Бгаас Эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай хүсэлт гаргаж улмаар удирдах албан тушаалтнаас 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол гаргаж эрх бүхий албан тушаалтан Ч.О*******аас эрх бүхий албан тушаалтан Г.Б******* шилжүүлсэн байна.

2.4.Улмаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Бгаас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

2.5.Ш ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ...ажилтны цалин хөлсийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан үйлдэл тогтоогдвол түүнээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоосны үндсэн дээр холбогдогчоос гаргуулахаар зохицуулсан байхад маргаан бүхий актаар энэ үйл баримтыг тогтоогоогүй, холбогдогчийг зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Гурав.Шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар:

3.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэл тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь компанийн ажилтан Э.Б******* гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хяналтын улсын байцаагч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн. Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Ш ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэсэн шийтгэл оногдуулсан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Зөрчлийг бүрэн гүйцэн шалгаж тогтоогүй байдлын тухайд бол Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй, эсхүл саатуулсан бол торгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл холбогдох ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсвэл саатуулсан бол учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж шийтгэл оногдуулсан байхаар энэ хуулийн зохицуулалт гаргуулсан байна гэж үзэж байгаа. Эрх зүйн үүднээс үүнийг авч үзэх юм бол хуулийн хувьд гипозит, диспозит, санкц гэдэг зохицуулалтаар ангилагдан хуваагдаж байгаа. Үүнээс үзэх юм бол Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2 дахь заалтад гепозит хэсэг нь ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эсвэл саатуулсан байна. Диспозит хэсэг нь учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахтай холбоотой асуудал байгаа. Санкц нь торгох хэм хэмжээ буюу субъект тавьж байгаа үйлдэл болж байгаа. Харин маргаан бүхий актын хэм хэмжээний хувьд диспозиц шинж буюу тухайн зөрчлийг хэрхэн хэр хэмжээний хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн 9.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нэхэмжлэгчид байгаа гэдэг нь тогтоогоогүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нэхэмжлэгчтэй холбоотойгоор биш гомдол гаргагчийн гомдол, түүний гаргаж өгсөн баримтын хүрээнд энэ ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийн зүгээс нэг дэх үндэслэл дээр маргаж байгаа. 2 дахь үндэслэл нь холбогдогчийн эрхийн хязгаарласан байдлын хүрээнд байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасан байдаг. Гэтэл энэ танхимд сууж байгаа Д., Б.Г өмгөөлөгч, миний хувьд зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ баримттай нэг ч танилцаж чадаагүй. Энэ хүсэлтийг хамгийн түрүүнд зөрчлийн хяналтын байцаагчид уламжилж байгаа. Э.Б ямар гомдол гаргасан вэ? Бид нар тэр гомдолтой нь танилцмаар байна. Энэ боломжоор хангаагүй. Хяналтын байцаагч болон ерөнхий газраас ирсэн хавтаст хэрэг дээр байгаа. Ш ХХК дээр ирсэн үед ямар асуудлын хүрээнд шалгаж байгаа юм бэ гээд хэлсэн. Цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, сул зогсолтын цалин хөлсийг олгоогүй гэдэг 2 үндэслэлээр шалгаж байгаа гэдэг агуулгыг тэр үед бид нар амаар хэлсэн. Тэндээс бид нар ямар гомдол, ямар баримтууд байгаа гэдгийг үзэж хараагүй. Ийм нөхцөл байдалтай зөрчил шалгах, хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Энэ дээр аливаа нэгэн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс хэрэгтэй танилцах эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах сонирхол байгаагүй. Тийм боломж байгаагүй. Бид нар эхэлж холбогдох албан тушаалтанд хандсан. Түүний дараа прокурорын газарт хандсан. Бид нарын танилцуулах боломжийг хязгаарлаж байна. Прокурор ...Ямар сонин юм бэ? Танилцуулна шүү дээ. Хэрэг нь өнөөдөр орой холбогдох газар руу очно. Тэгээд танилцаарай... гэж хэлж байсан. Тэгээд очоод танилцах гэтэл би ээлжийн амралттай байгаа гэсэн. Ийм нөхцөл байдалтай байсан тул бид нар энэ баримттай танилцаж чадаагүй. Хэргийн оролцогч үүн дээр ямар асуудлын хүрээнд шалгагдаж байгаагаа мэдэж чадахгүй. Энэ хэргийн материалтай холбоотойгоор өөрийн хэргийн материалтай танилцах, шаардлагатай тохиолдолд хуулбарлан авах, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөлийг олгох ёстой. Гомдол гаргагчийн өгсөн тайлбар мэдүүлгээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэ дээр нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын ахлах байцаагчийн 2025 оны 0 дугаарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн зүгээс төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүхэлд нь дэмжиж байгаа. Эрх зүйн хэм хэмжээний үүднээс диспозиц шинж буюу хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тогтоохгүйгээр зөрчлийн хуудас бичсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэдэг агуулгаар маргаж байгаа. Холбогдогчийн эрхийг улсын байцаагч, хариуцагч этгээд нь холбогдогчийн эрхийг маш ноцтой зөрчсөн. Хууль зүйн үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчийн бүрэн эрхийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орохтой холбогдогч дараах эрхийг эдэлнэ гэдэг агуулгаар хуульчилж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах гэж хуульчилсан байна. Миний хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар оролцсон. Өмгөөлөгчийн хувиар оролцохдоо хэрэг танилцуулна уу, ямар гомдлоор бид нарыг зөрчлийн хуудас бич гээд байгаа юм бэ гэдэг агуулгаар н.О******* гэх байцаагчтай очиж уулзсан. н.О******* байцаагч ...бүртгэлийн хэрэг дууссаны дараа танилцуулна. Одоо хэрэг нь өөр байцаагч руу шилжих гэж байгаа... гэж хэлсэн. Хэрэг нь н.О******* байцаагчаас н.Б улсын байцаагч руу шилжсэн. Тэгээд н.Б улсын байцаагч руу очоод зөрчлийн хэрэгтэй танилцъя гэхэд танилцуулаагүй. Энэ нь тэмдэглэл дээр байгаа. Ямар хүн хэн мэдэхгүй этгээд нь орж ирээд зөрчлийн хэрэгтэй танилцъя гэж байгаа нь тэмдэглэл дээр дурдсан байгаа. Би өмгөөлөгчөөр оролцож байгаа. Өмгөөлөгчийн үнэмлэхээ үзүүлсэн. Танилцуулахгүй байгаа тул би Сүхбаатар дүүргийн хяналт тавьж байгаа прокурорт нь гомдол гаргасан. Гомдлыг ханган шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн зөрчлийн хэрэгтэй өмгөөлөгчид танилцуулна уу гэдэг агуулгаар гомдол гаргасан. Тэгээд энэ гомдлыг хангаж шийдвэрлэсэн. 06 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргаад 07 дугаар сарын 02-ны өдөр прокуророос хариугаа авч, прокурортой очиж уулзаад улсын байцаагч руу прокурорыг яриулсан. Өмгөөлөгч нь очих гэж байгаа тул зөрчлийн хэргийг танилцуулаарай гэж хэлсэн. Тэгэхэд улсын байцаагч н.Б маргааш явуулаарай гэж хэлсэн. Маргааш очиход ээлжийн амралтаа авсан байсан. Зөрчил шалган шийдвэрлэх шийтгэлийн хуудас гарах өдөр гарсны дараа шүүхэд хэрэг ирэх хүртэл хэргийг танилцуулаагүй. 09 дүгээр сарын 12-ны өдөр хариу тайлбар ирсэн. Зөрчлийн хэрэг ирэхэд цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй. Зөрчлийн хэргээр ямар ямар баримт, тэмдэглэл авагдсан талаар хэрэг шүүхэд ирэхэд танилцсан. Иймд холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул энэ шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Зөрчлийн хэрэгтэй танилцахдаа та нар н.О******* байцаагчтай уулзсан байна. Би 06 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж авсан. Гомдол гаргагч Э.Б н.О******* байцаагч үүнийг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд улсын ахлах байцаагчид шилжүүлмээр байна гээд удирдах албан тушаалын тогтоол үйлдсэн. 06 дугаар сарын 05-ны өдөр энэ хэргийг шилжүүлж авсан. Яагаад тэрнээс өмнө иргэний гомдолтой танилцаж болоогүй юм бэ? Бид нар ирсэн өдөрт нь иргэний гомдлыг танилцуулдаг. н.О******* байцаагчийг гүтгэж байна. Бид нар иргэний гомдлыг танилцуулахгүйгээр хэзээ ч зөрчлийн хэрэг нээгээд явахгүй. Арга хэмжээ авсан тухай ярих юм бол Э.Б 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 3 сарын үлдэгдэл гээд 1,303,986 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг үндсэн ажлын код буюу 0 гэсэн кодоор шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн кодоор шилжүүлсэн. Энэ аж ахуйн нэгж байгууллагын хүмүүс зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, Хүлээн зөвшөөрсөн тул үндсэн ажилтны кодоор энэ мөнгийг шилжүүлж байгаа. Сул зогсолтынх тул зөрчлийн хуулиар дахин өөр арга хэмжээ байдаг. Ямар нэгэн тайлбар хэлээгүй, утсаар холбогдоогүй. Ийм асуудалтай байсан тул би 20-ны өдөр шийтгэлийн хуудсыг нь бичиж өгсөн. Энэ нь өөрөө нотлох баримт болж байгаа. 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан. 04 сард гаргасан гомдлын дагуу 06 дугаар сарын 02-ны өдөр 3 сарын үлдэгдэл мөнгийг оруулсан тул энэ хүмүүс зөрчлөө хүлээн зөвшөөрсөн шинж нь баримтаар нотлогдож байгаа. 07 дугаар сарын 07-ны өдөр.байцаагч амарсан байсан гэх зүйлийг ярьж байна. Үгүй, би 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгаж ажилласан. Над дээр гадаадын иргэнтэй холбоотой гомдол байсан тул би үргэлжлүүлж ажилласан. 07 дугаар сарын 7-ны өдөр би тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр акт бичээд баримтжуулсан. Нэхэмжлэгч тал энэ талаар худал ярьж болохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь бид нар өөрсдөө 06 дугаар сарын 02-ны өдөр мөнгө шилжүүлсэн. Зөрчлийн хэрэг нээгдээд гомдол гаргагч гомдол гаргаад явж байгаа тохиолдолд энэ мөнгийг шилжүүлж байна гэдэг нь энэ хүмүүс өөрсдөө зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа шинж. Иймд шийтгэлийн хуудсыг нь бичээд шуудангаар хүргүүлсэн. Би хохирлыг тогтоохгүй. Эд нар ямар нэгэн байдлаар надад баримт үзүүлж байж, би тэр баримтынх нь үндэслэл дээр тогтоодог. Дараа нь аж ахуй нэгжүүд 06 дугаар сард 775,000 төгрөгийг шилжүүлсэн. Зөрчлийн хэрэг нээгдээд явж байх үед энэ мөнгөнүүдийг шилжүүлж оруулж байгаа. 01001 гэсэн үндсэн ажилтны кодоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтэй оруулж ирсэн. Иймд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн болно. Тухайн үедээ яагаад өгөөгүй юм бэ? Яагаад зөрчлийн хэрэг нээгээд явж байгаа үед мөнгө шилжүүлж оруулж байгаа юм бэ? Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Би иргэн Э.Б хэсэгчлэн төлүүлсэн гэдгээр хариу мэдэгдэх хуудас өгсөн. Би энэ мөнгөн дүн дээр хариу мэдэгдэх хуудас өгсөн. Надад үнэмлэхээ үзүүлсэн гэж хэлж байна. Би гэрч дуудаж болно. Манай өрөөнийхөн сууж байсан. 2 хүн орж ирсэн. н.С гэх хүн нягтлан гэж бодож байна. Би энэ хоёр хүнийг гар утсаар дуудсан. Би н.С гэх хүнтэй гар утсаар ярьсан. Утсаар дуудаж тэдэн цагт очно гэж хэлсэн. Би тэр хоёр хүнийг танихгүй. н.С гэх хүнийг танихгүй. Өмгөөлөгчийг мөн адил танихгүй. Надад бичиг баримтаа үзүүлээгүй. Шууд хэргийг маань шүүж аваад утсаараа зураг аваад эхэлсэн. Дайрч доромжилсон тул би цагдаа дуудах гэж байхад тэр хоёр хүн гарч явсан. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэгч байгууллагын гаргаж байгаа асуудлыг ойлгохгүй байна. 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байсан. Маш их гомдолтой, хариу тайлбараа өгье, эрх бүхий албан тушаалтан нь бүгдээрээ гарын үсэг зурж байсан. Би өмгөөлөгчөөр хэрэг бүртгэх ажиллагаанд орсон. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А/84 гэдгээр итгэмжлэл олгосон. Хавтаст хэргийн 197 дугаар талд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн баримт дотор байгаа. Д., Б.Г гэх хоёр хүнийг итгэмжлэлээр төлөөлсөн байсан. Итгэмжлэлээр төлөөлсөн байхад яагаад өмгөөлөгчөөр орсон гэж ярьж байгаа вэ? 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А/80 дээр төлөөлөх эрхээр томилох боломжгүй. Танд заавал тайлбар өгөх албагүй гээд албан бичиг өгсөн байсан. Хөдөлмөрийн хяналтын байцаагчийг яах юм бэ? Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би танд албан бичиг өгөхгүй гэсэн байна. Энэ компанийн тамга дарагдсан байна. хүн анх ажилд орохдоо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 тоот тушаалаар ажилд авсан. Энэ хүн 3,800,000 төгрөгийн цалин авдаг. Үндсэн ажилтнаар ажилд авсан. Энэ хүнийг ажлаас халахдаа 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/27 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Сахилгын шийтгэл давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Та нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа үзнэ үү. н.Х гэх хүн хүрч ирж шүүхэд өгнө гээд хэрүүл хийсэн. Би даргатай ярья гэсэн. Ярьсны дараа O******* гэх gmail хаяг руу материалуудыг явуулна гэсэн. Нэхэмжлэгч тал үндэслэлтэй зүйл ярина уу. Хэргийн материалыг уншиж, харна уу. Хөдөлмөрийн тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол цалинг нь өгч болохгүй гэсэн үг үсэг хаана байгаа вэ? Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халалдах хүртэлх хугацаагаар энэ хүнийг ажиллуулах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар та нар энэ хүнийг ажиллуулах үүрэгтэй. Гуравдагч этгээд ажилласан хугацааныхаа цалинг авъя гэх хүсэлт өгсөн. Гомдлын зөрчил тавьсан актын үндэслэл цалингаа авъя гэж өгсөн. Би гуравдагч этгээдийн эрхийн дагуу орж ирж байна. Та нар цалинг нь цаг хугацаандаа өгөөгүй. Цалингаа цаг хугацаандаа өгөөгүй тул авъя гэсэн. Би шалтгаант холбоог ярьж байна. 02 дугаар сарын 28-ны өдрөөс сул зогссон. 03 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ ирэхэд бүх ажиллах нөхцөл боломжийг хаасан байсан. Яв гээд явуулсан. Ажлаас халсан шийдвэрийг нь өгөөгүй. Нийгмийн даатгалыг нь төлөөгүй. Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөрийн халамж үйлчилгээний хэлтэстэй хандсан. Тэгээд болохоо байхаараа Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхлэлтийн гурван талт хороонд хандсан. Тэнд маргаан үүссэн байхад тоож яриагүй. 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллуулаагүй байсан. Яг ямар үндэслэлээр ажиллуулаагүй вэ? Ажилтан өөрөө ажиллах хүсэлтэй байсан. Хэрвээ ажиллуулахгүй бол тушаалыг маань өг гэсэн. Эсвэл сул зогсолтын олговрыг олог гээд асуудал тавьсан. Тэгэхэд энэ хүнийг огт ажиллуулаагүй. 3,800,000 төгрөгийн цалин авч байгаад 2,280,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар сул зогсолтын олговортой холбоотой асуудал байгаа. Гуравдагч этгээд хууль мэдэхгүй тул хугацаандаа олгоогүй алдангийг тооцоогүй. Ажиллаж байсан хугацааны цалингийн үлдэгдлийг өгч, сул зогсолтын олговрыг олгоно уу гэх асуудал тавьсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг өгнө үү гэх асуудлыг тавьж өгнө үү гээд хөдөлмөрийн хяналтын байцаагчид хандсан. Хавтаст хэргийн 98 дугаар хуудсан дээр 03 дугаар сарын 31-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар мэдэгдэл өгсөн. Ирээд ажлаа хий гэсэн боловч ажлыг нь хийлгэхгүй байсан. Гаргаж байгаа нэхэмжлэл нь хоёр үндэслэлтэй байгаа. Нэг нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гомдлыг танилцуулаагүй. Гомдлыг танилцуулаагүй байхад яагаад н.С, н.Х гэх хүн, мөн орчуулагч ирээд тамга тэмдэгтэй хүсэлтээ өгч байгаа вэ? Энэ хүн хэрүүлч тул ажлаас нь халах гэж байгаа гэсэн тайлбар мэдэгдэл өгсөн вэ? Хавтаст хэргийн 77 дугаар талд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тайлбар авагдсан байгаа. Тэр тайлбарыг гаргаж өгсөн. Яагаад энэ тайлбартаа танилцаагүй гэж хэлдэг вэ? Төлөөлөх этгээд томилох боломжгүй гээд энэ дээр албан бичиг өгсөн байна. Хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/Ё дугаар баримт байна. Тухайн баримт дээр сул зогссон тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлд Сул зогсолтын үеийн олговрын тухай заасан байдаг. Үүнийг бид нар нэхэж байгаа. Өөрсдөө нотлоод бид нар сул зогссон гэх тайлбарыг гаргаж өгсөн. Бид нар байцаагч н.О*******ыг солимооргүй байна гээд гомдол гаргасан. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар холбогдогчтой нь уулзаад, тайлбарыг нь аваад, асуудлаа шийдээд, бүх хэрэгтэй нь танилцъя гэж хэлэхэд шүүхэд гомдол гаргаад явж байгаа тул шүүхээр энэ асуудлыг авч танилцуул гэдэг асуудлыг прокурор хуулийн дагуу хариу өгсөн. Д. гэх хүн итгэмжлэлээр орсон гээд итгэмжлэлээ цохоод захиралд өгсөн байхад гэнэт би өмгөөлөгчөөр орж байгаа гээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ бариад орж ирсэн. Эрх залгамжлах гэх зүйл байдаг. Томилогдсон хүн ирээд, захирал нь холбогдох тамга тэмдгээ өгөөд, танилцаад тайлбараа өгөөд, энэ асуудал шат шатад явж байхад 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш орж ирснээ би энэ талаар юу ч мэдэхгүй, байгууллагад танилцуулаагүй гэж хэлж байна. Ингэж мэлзээд явж болохгүй гэж бодож байна. Хариуцагч ...06 сард гуравдагч этгээдэд дутуу цалинг нь гүйцэд өгөөгүй ч гэсэн энэ хүнийг ажиллуулсан байна гэдэг асуудлаа тавиад, цалинг нь өгч, ажлаас халах тушаалыг нь гаргаж өгсөн... гэж хэлсэн. Иймд энэ хүнийг ажиллуулж байсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Үлдэгдэл мөнгө болох 5,000,000 төгрөгөө авъя гэж байгаа. Маргаж байгаа тул би үлдэгдэл цалингаа авъя гээд ирэхэд нөгөө тал нь өгөхгүй гэсэн. Нэхэмжлэгч байгууллага энэ хүн тэднээс тэдний өдрийн хооронд ажиллаад, энэ хугацаанд өөрөө ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй баримт бичгээ авчирч өгөөгүй тул бид нар цалинг нь өгөх ёсгүй гэдэг тайлбараа гаргаж нотлох ёстой. Дансанд мөнгө шилжүүлэнгүүтээ энэ актыг бид нарт танилцуулаагүй гэж хэлдэг. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг асуудал байхгүй, тогтоосон хугацаанд цалин хөлсийг нь олгоогүй байх юм бол орлогыг нь гаргуулаад тухайн хүнийг хариуцлага, арга хэмжээ аваад шийтгэнэ гэсэн байдаг. Шийтгэврээр 5,000,000 төгрөгөөр торго гэдэг асуудал байгаа. Эрх хэмжээ нь байгаа тул хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Б Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Хөдөлмөрийн хуулийн дагуу актаа оногдуулж, шийтгэврээ гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагч Ш ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаж буй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Иргэн Э.Бгаас 2025 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр халамжийн улсын байцаагчид хандан ... 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шинийн 15 хүртэл сул зогссон өнөөдөр болох 2025 оны 4 дүгээр сарын 15 хүртэл сул зогссон мөнгө өгөөгүй. 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийгмийн даатгал төлөхгүй гэж албан бичиг явуулсан бөгөөд гэнэт халагдсаны мөнгө сул зогсолтын мөнгө, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө... олгохгүй байгаа талаар өргөдөл гаргасан

3.Тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.О******* хүлээн авч, 2 дугаар зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд өргөдөл гаргагч Э.Бгаас эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх хүсэлт ирүүлснийг үндэслэн удирдах албан тушаалтан 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол гаргаж эрх бүхий албан тушаалтан Ч.О*******аас Г.Б******* шилжүүлсэн байна.

4.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон гэж таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

5. Гомдол гаргагч Ш ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ... ажилтны цалин хөлсийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан үйлдэл тогтоогдвол түүнээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоосны үндсэн дээр холбогдогчоос гаргуулахаар зохицуулсан байхад маргаан бүхий актаар энэ үйл баримтыг тогтоогоогүй, холбогдогчийг зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

6.Маргаан бүхий актаар үйл баримтыг тогтоогоогүй талаар:

6.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч нь зөрчилд холбогдсон этгээдэд хариуцлага оногдуулах хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хэдий боловч аливаа зөрчлийг тогтоохдоо зөрчилд холбогдогч этгээдэд хуулиар олгосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлэх, гаргасан зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүрэгтэй.

6.2.Гомдол гаргагч Ш ХХК-аас 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/77 дугаар ... Тус компанийн захиргааны ажилтнуудад цагаан сарын баяр өдрийг тохиолдуулан 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх хугацаанд амарч 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажил эхэлсэн... Компанийн зүгээс Э.Б ажиллаагүй боловч 3 сарын нийгмийн даатгал тасрах нөхцөл үүсэн учраас 3 сарын 17-ноос 31-ний хүртэлх хугацааны ажлын 10 өдрөөр тооцож цалин олгох нөхцөлгүйгээр нийгмийн даатгалын тайланд хамруулсан. ... Монгол Улсын нүүрсний нийлүүлэлттэй холбоотой компанийн үйл ажиллагаа, санхүү эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бүрэн зогссон тул цаашид урт хугацаанд үйл ажиллагаа эхлэх боломжгүй болсон талаар ажилтнуудад хурал цуглаан мэдэгдэл, мэдээ мэдээллээр хангаж ажиллах ёстой хүний нөөцийн ажилтан Э.Б нь албан үүргээ гүйцэтгээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил хаясан тул ... гэх тайлбар,[1]

6.3.Зөрчлийн хэргийн хохирогчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлэгт ... 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны хооронд сул зогсолт хийнэ, Монголын цагаан сар болж байгаа тул намайг оффисоос ганцаараа амраарай гэж хэлсэн. Миний нийгмийн даатгалыг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөхгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Нийгмийн даатгалыг тайлагнасан байсан ... 2024 оны 12 дугаар сард ээлжийн амралтын мөнгийг буруу бодож өгсөн ...[2] гэж, мөн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгт ... надад 6 дугаар сарын 02-ны өдөр 2025 оны 3 дугаар сарын үлдэгдэл 1,303.986 төгрөг, ... үлдэгдэл 775,724 төгрөгийг шилжүүлсэн байгаа, ямар учраас шилжүүлснийг би ойлгоогүй, утсаар ярьж тайлбар хэлээгүй...[3] гэж,

6.4.Ш ХХК-д нягтлан бодогч ажилтай Г.Сын гэрчийн мэдүүлэгт ... 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн уурхайн ажилчид амарсан. 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15 хүртэл монголын цагаан сар болж байсан тул офиссын ажилчдыг амраасан. Энэ сул зогсолт биш. Бүгдийн нийтээр нь амраасан. ... 2023 оны ээлжийн амралтын мөнгийг 12 сард олгосон. .. ээлжийн амралтын мөнгөө авъя, ээлжийн амралтаа биеэр эдлэхгүйгээр ажлаа хийнэ гэж тохиролцсон. ... 3 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 31-ний хооронд хийсэн ажлаа танилцуулж, ажилласан хугацааны цалинг авч болно. ... 4 дүгээр сард нийгмийн даатгал тасрах эрсдэл гаргасан тул ээлжийн амралтын мөнгийг нь бодсон...[4] гэж,

6.5.Ш ХХК-д орчуулагч Н.Х******* ... 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл монголын цагаан сар болж байсан тул бүгд амарсан. ... Э.Б нь асуудлыг шийдвэрлэх гэж нэг ч удаа ирээгүй... ажилдаа ирээгүй талаар уулзаж болох байсан...[5] гэрчийн мэдүүлгүүд тус тус хэрэгт авагдсан байна.

6.6.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд холбогдогч Ш ХХК-ийг хохирогчид ямар хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан гэж үзсэн талаар зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй.

6.7.Хариуцагч шүүх хуралд хэлсэн тайлбартаа: Ш ХХК 2025 оны 6 сарын 02-ны өдөр 2025 оны 03 сарын цалин, 2025 оны 04 дүгээр сарын цалин Э.Бгийн дансанд шилжүүлсэн. Үүнийг үндсэн ажлын код буюу 0 гэсэн кодоор шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн кодоор шилжүүлсэн. Энэ аж ахуйн нэгж байгууллагын хүмүүс зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, Хүлээн зөвшөөрсөн тул үндсэн ажилтны кодоор энэ мөнгийг шилжүүлж байгаа зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэж шийтгэлийн хуудсыг бичсэн гэж тайлбарлах боловч хохирогч Э.Бгийн хэдэн төгрөгийн цалин, сул зогсолт, ээлжийн амралтын мөнгө болох хэдэн төгрөгийг олгосон, хэдийг олгоогүй болохыг нотлох баримтад үндэслэн гаргаагүй байна.

6.8.Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ., 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно; гэж зааснаар ажилтны ямар хугацааны цалин хөлс, ээлжийн амралт, сул зогсолтын мөнгийг олгоогүй талаар нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлан тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ.

6.9.Мөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1/346 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ... Ш ХХК-д ... компанийн татвар төлөгч тайлант хугацаанд ямар нэгэн орлог олж, зардал гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй ... талаарх лавлагаа мэдээлэл авахаар хүргүүлсэн боловч энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. гэж заасантай нийцээгүй байна.

7.Холбогдогчийг зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй талаар:

7.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Холбогдогч дараах эрхтэй; гээд мөн зүйлийн 2.7 дахь заалтад өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; гэжээ.

7.2.Гомдол гаргагчийн зүгээс ... компанийн захирал нь уг зөрчлийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар хүсэлт бичгээр гаргаж байсан. Прокурор хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шийдвэрлэсэн, гэтэл эрх бүхий албан тушаалтан танилцуулаагүй гэж маргасан.

7.3.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбаруудаас үзэхэд, гомдол гаргагч Ш ХХК-ний гүйцэтгэх захирал Z******* олгосон итгэмжлэл 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр[6], Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Бат-Өлзийгийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01/341 дугаартай албан бичгээр ... Ш ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, дуусаагүй байгаа тул ... зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө танд танилцуулах болно гэж өмгөөлөгч Д.т хүргүүлсэн[7], мөн Сүхбаатар дүүргийн прокурорын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоол[8], мөн өдрийн 5/1049 дугаартай албан бичиг[9]-ээр тус тус өмгөөлөгчийг зөрчлийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангасан баримтууд байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу танилцуулаагүй байна.

7.4.Үүнээс үзэхэд хариуцагч эрх бүхий албан тушаалтан гомдол гаргагч Ш ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болон төлөөлөгч, өмгөөлөгч нарт зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан баримт байхгүй болох нь тогтоогдож байна.

7.5.Түүнчлэн хэрэгт Ш ХХК-иас 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/80 дугаартай компанийг төлөөлөх ажилтан томилох боломжгүй талаар албан бичиг ирүүлсний дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлснийг дурдах нь зүйтэй.

8.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлийн талаар:

8.1.Гомдол гаргагчийн өмгөөлөгч хариуцагч улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг 1 хоногоор хэтрүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж,

8.2.Хариуцагч энэ зөрчлийн хэрэг өөр байцаагч шалгаж байгаад надад шилжиж ирсэн. Өмнөх байцаагчийн хугацаа сунгасан асуудлыг сайн мэдэхгүй байна. Прокурор 30 хоногоор сунгадаг гэж,

8.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаа сунгасан асуудал прокуророос сунгаад сунгасан хугацааг улсын байцаагч хэтрүүлээгүй гэж тус тус маргасан.

8.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно. гээд, 6.8 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна., 2-т Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно. гэж тус тус зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна.

8.5.Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд, хариуцагч хөдөлмөрийн улсын байцаагч нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн[10] байх бөгөөд дээрх хуульд зааснаар энэ өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны шалгах 14 хоногийн хугацаа нь 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан, удирдах албан тушаалтан 14 хүртэл хоногоор сунгахад 6 дугаар сарын 20-ны өдөр, прокурор 30 хүртэл хоногоор сунгахад 6 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацаа дуусахаар байна.

8.6.Гэтэл Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 хоногоор[11] Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногоор[12] сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн улсын байцаагч нь хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан байна.

8.7.Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:, 1.4 дэх хэсэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан. гэж зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тохиолдолд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй хууль бус шийдвэр байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БАТСҮХ

 

 

 

[1] Хавтас хэргийн 109 хуудас

[2] Хавтас хэргийн 83-86 хуудас

[3] Хавтас хэргийн 87-90 хуудас

[4] Хавтас хэргийн 77-79 хуудас

[5] Хавтас хэргийн 80-82 хуудас

[6] Хавтас хэргийн 197-198 хуудас

[7] Хавтас хэргийн 222 хуудас

[8] Хавтас хэргийн 240 хуудас

[9] Хавтас хэргийн 239 хуудас

[10] Хавтас хэргийн 28 хуудас

[11] Хавтас хэргийн 29 хуудас

[12] Хавтас хэргийн 30 хуудас