| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0646/э |
| Дугаар | 0688 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Д.Н, Д.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Д Н, С овогт Д З нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806017080724 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Д Н, 19 оны дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо ашаанд сахиул хийж амьдардаг, Налайх дүүргийн дугаар хороо Нарлаг гудамжны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: У,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Дн За, 19 оны 5 дугаар сарын 04-ний өдөр дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг,эх нарын хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: У
Холбогдсон хэргийн талаар:
Д.Н, Д.З нар нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд архидан согтуурч маргалдан харилцан зодолдож Д.Н нь Д.З хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Д.З нь Д.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Хохирогч ,шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч, шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч, шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо хашаанд гэртээ байхад манай хөрш айлын танил З миний утас руу залгаад юу хийж байна өчигдөр жоохон уучихсан чинь дотор муу байна дотроо засья хүрээд ир гэсэн. Тэднийд ороход З ганцаараа байсан. Тэгээд бид хоёр хамт гараад Н худалдааны төв ороод тэндээс нэг шил архи аваад З гэрт ирж уусан. Архиа уугаад байж байхад З өөрийнхөө найз гэх үл таних хүүхнийг дуудаад бид гурав манайд ирсэн. Манайд ирээд дахин 2 шил архи уусан. Орой 20.00 цагийн орчимд бид хоёрын аль аль нилээн согтсон байсан. Харин З танил хүүхэн эрүүл байсан. Бид хоёр архи ууж байхдаа муудалцсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод зодоод байхаар нь би гэрлүүгээ ороод хоолны шүүгээн дээр байсан хутгыг авч гараад З хэвлий орчимд нь хутгалсан. Би тухайн үед согтуу дээрээ уур маш их хүрсэн байсан гэжээ. / хх-н 9-11 /
Хохирогч, шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо тоотод гэртээ ганцаараа байхдаа найз Н уйдаад байхаар нь дуудсан. Н ирээд бид хоёр ганц юм ууя гэж ярилцаад дэлгүүр орж 2 шил 0.75 грамм, 500 граммын нэг шил архи аваад гэрт орж уусан. Тэгээд найз Н дуудсан. Би нэг мэдэхэд тасраад унтчихсан байсан. Гэнэт гэрийн гадаа хүн орилхоор нь гараад хартал Н согтуу орилж хашгираад ганцаараа зогсож байсан ба намайг хармагцаа шууд гүйж ирээд намайг хутгалсан. Би тухайн үед Н хутгатай байсан талаар мэдээгүй юм. Би түүнд хутгалуулчихаад уурандаа түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Би ямар нэгэн маргаан хийгээгүй байхад намайг хутгалсан гэжээ. / хх-н 6-8/
Гэрч П. мөрдөн шалгах ажмиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр манай хүү З гэртээ хэвтэж байхад нь манай тэндхийн Солонгосын тариалангийн газрын манаач Н орж ирээд нууцаар юм ярьж байснаа дагуулаад гарсан. Хаачих юм гэхэд би Н хүргэж өгчихөөд ирий гэсэн. Гэтэл тэр хоёр архи уугаад манай хүүхэд хутгалуулсан байсан. Хөгшин бид хоёр хэдэн малаа хотолчихоод хүүгээ хүлээгээд байтал ирээгүй. 01.00 цагийн орчимд гаднаас З хутгалуулчихлаа гээд ороод ирсэн. Бид нар шууд эмнэлэг рүү явуулсан гэжээ. / х-н 4/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 15,16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3935 тоотын дүгнэлт:
1.Д.Н биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмилийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4812 тоотын дүгнэлт:
1.Д.З биед хэвлийн зүүн хэсгийн гүн хатгагдсан шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Д.Н эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-29/
Д.З эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-32/
Д.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21-22/
Д.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/
Д.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/
Д.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 36/,зэрэг болно.
Д.Н, Д.З нар нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд архидан согтуурч Д.Н нь Д,З атаман явсан гэж ярьлаа гэсэн зүйлээр шалтаглан түүнтэй маргалдан гэр лүүгээ орж хутга авч гарч ирэн түүний хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Д.З нь Д.Н зодож зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүний биед үзлэг хийсэн актууд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Д.Н, Д.З нар нь нэг эмэгтэйн хамт архи ууцгаасан бөгөөд хамт архи ууж байсан эмэгтэйг явсаны дараа маргалдаж зодолдсон тул тэдний дэргэд ямар нэгэн хүн байгаагүй байна.
Д.Н, Д.З нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг эрүүгийн хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамыг бүрэн хангасан байх тул энэ зүйл хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Д.Н, Д.З нар нь бие биенээсээ ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй болно.
Д.Н, Д.З нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овогт Д Н, С овогт Д З нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н, Д.З нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н, Д.З нар нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н, Д.З нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Д.Н, Д.З нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н, Д.З нарт тус бүр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Н, Д.З нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Н, Д.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН