Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0697

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Цэнд-Очир, улсын яллагч Ч.Батбаяр, хохирогч Г.Ц өмгөөлөгч  Ц.Мандал, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Бы Блд  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806021640668 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Бы Б, 19  оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  бус дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эх, дүү нарын хамт  дугаар хороо  дүгээр хэсэг  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:

       

Холбогдсон хэргийн талаар:

           Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний орой 19.00 цагийн үед  дүүргийн  дугаар хороо  буудлын хажууд байрлах гагнуур хийдэг гараашид Г.Цг хасуур болон архины шилээр нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

        Шүүгдэгч   Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Э цалин буусан гээд 0.75 гр архи авчраад бид хоёр хувааж уусан, үүнээс хойш юу болсоныг санахгүй байна гэв.

        Шүүгдэгч  ч   Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Э хамт 0.75 граммын  нэг шил архи уусны  дараа цагийг нь мэдэхгүй байна үдээс хойш Ц ажил дээр очиж дахиад 0.75 граммын архи уусан. Ц нэг мэдэхэд маргалдаж байсан юунаас болсон талаар мэдэхгүй байгаа юм. Би архи их уусан байсан болохоор болсон зүйлийг санахгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 18/               

          Хохирогч Г.Ц  мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагийн орчимд байх намайг Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  орчимд байдаг цахилгаан гагнуурын ажлын байрандаа байж байхад Б, Э хоёр согтуу орж ирээд Б нь мөнгө байна уу архи авья гээд миний өмдний халааснаас 4500 төгрөг аваад дэлгүүр ороод ирэхдээ 0.33 граммын Хараа архи нэгийг авч орж ирсэн. Б архийг задлаад Э аяганд хийж өгөөд өөрөө аяганд хийж уусан. Тэгээд хамгийн сүүлд надад аягалж өгөхөөр нь би уухгүй гэж хэлтэл Б чи муу яахаараа уудаггүй юм гээд архины шилээрээ миний толгойн зулаа хэсэгт цохисон. Архины шил хагарсан ба би гараад гүйх гэтэл би Э хөлөнд тээглээд газар унасан чинь хар замаскаар нуруу руу 2 удаа цохисон. Намайг дээшээ харсан чинь Б миний дээр гарч суучихаад будаг шингэлэгчийн хоосон шилээр толгой руу цохиж хагалсан. Түүний дараа хасуураар миний баруун талын хөмсөгний дээд хэсэгт цохиод цус гаргасан. Бл дахиад далайтал грашийн түрээслэгч Ч ах гаднаас орж ирээд Э, Б хоёрыг хөөж явуулсан.Тухайн үед би бага зэргийн л согтолттой байсан. Нөгөө хоёр бол нилээн согтуу байсан гэжээ. /хх-н 3-4,12-15/  

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 8-11/

          Гэрч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17.00 цагийн орчимд байх Б бид хоёр Улиастайн гүүрний орчимд 0.75 граммын нэг шил архи уугаад би бараг тасарсан. Нэг мэдэхэд  буудлын эсрэг талд байдаг Ц хийн гагнуур хийдэг ажил дээр Б хамт ирсэн байсан. Би тэр өдөр архи их уусан байсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм. Ц ажил дээр архи уусан. Тэнд юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм гэжээ. / хх-н 16/

          Гэрч Ч.Л  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б бол айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Бага байхаасаа л даруухан үг дуу цөөтэй, хүмүүжил сайтай хүүхэд байсан юм. 2001 онд 14 дүгээр сургуулийг төгссөн. Б ажилсаг, хүнд тусархуу, даруу төлөв, архи уугаад байдаггүй, догшин ширүүн зангүй хүүхэд юмаа гэжээ. / хх-н 19/

          Гэрч  М.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Ц Баянзүрх дүүргийн  дугаар хорооны  буудлын хажууд байдаг хийн гагнуурын газрыг 3 жилийн өмнөөс түрээслэж байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би 18.00 цагийн орчимд граш руугаа орчихоод харсан чинь Ц ийн гагнуурын газрын хаалга онгорхой гадаа нь Э согтуу зогсож байхаар нь яваад ортол Цй газар дээр дээшээ хараад хэвтчихсэн дээр нь өндөр биетэй Б гэдэг залуу мордоод суучихсан хасуураар баруун нүдний хөмсөгний дээр нь 1 удаа цохиж байхаар нь би очоод Б нь босгоод яаж байгаа юм чи чинь гэсэн чинь юу ч хэлэлгүй гараад явчихсан. Би Ц юу болсон юм гэхэд би архи уухгүй гэсэн чинь намайг зодлоо гэж хэлсэн. Намайг тэнд орохоос өмнө тэнд юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэд нар ер нь бүгдээрээ согтуу байсан гэжээ.  / хх-н 20/

          Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 3876 тоотын дүгнэлт:

1.Г.Ц биед хамар ясны хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 22/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан  тэмдэглэл /хх-н 13-14/

          Б. эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-30/

          Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31-32/

        Б.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25/ захиргааны зөрчлийн талаарх баримтууд /хх-н 26/  хохирогч Г.Ц 140.000  төгрөг өгсөн баримт /хх-н 38/ зэрэг болно.          

          Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний орой 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо  буудлын хажууд байрлах гагнуур хийдэг гараашид Г.Ц хасуур болон архины шилээр нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Г.Ц биед хамар ясны хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний  3876 тоотын дүгнэлт   /хх-н 22/

          Хохирогч Г.Ц мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … хамгийн сүүлд надад аягалж өгөхөөр нь би уухгүй гэж хэлтэл Б чи муу яахаараа уудаггүй юм гээд архины шилээрээ миний толгойн зулаа хэсэгт цохисон. Архины шил хагарсан ба би гараад гүйх гэтэл би Э хөлөнд тээглээд газар унасан чинь хар замаскаар нуруу руу 2 удаа цохисон. Намайг дээшээ харсан чинь Б миний дээр гарч суучихаад будаг шингэлэгчийн хоосон шилээр толгой руу цохиж хагалсан. Түүний дараа хасуураар миний баруун талын хөмсөгний дээд хэсэгт цохиод цус гаргасан. Б дахиад далайтал грашийн түрээслэгч Ч ах гаднаас орж ирээд Э, Б хоёрыг хөөж явуулсан гэсэн мэдүүлэг  /хх-н14/  

          Гэрч  М.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Ц газар дээр дээшээ хараад хэвтчихсэн дээр нь өндөр биетэй Б гэдэг залуу мордоод суучихсан хасуураар баруун нүдний хөмсөгний дээр нь 1 удаа цохиж байхаар нь би очоод Б нь босгоод яаж байгаа юм чи чинь гэсэн чинь юу ч хэлэлгүй гараад явчихсан. Би Ц юу болсон юм гэхэд би архи уухгүй гэсэн чинь намайг зодлоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг  / хх-н 20/

          Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн …Э цалин буусан гээд 0.75 гр архи авчраад бид хоёр хувааж уусан, үүнээс хойш юу болсоныг санахгүй байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Б.Б нь Г.Ц архи уусангүй гэсэн зүйлээр шалтаглан түүнийг архины шилээр толгойн тус газар нь цохиж толгойг нь хагалан, мөн хөмсгөн дээр нь хасуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.Б нь хэдийгээр архи уучихаад юу ч санахгүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Г.Ц, гэрч н.Чр нарын мэдүүлгээр бусдыг архины шил, хасуураар цохиж хөнгөн гэмтэл учруулсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт зэрэг нотлох баримтуудаар хангалттай  тогтоогдож байна.

         Хэрэгт хохирогч Г.Ц 140.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөнг шүүгдэгч төлсөн байна. Одоогоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй боловч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа мэдүүлсэн тул Б.Б цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдэх нь зүйтэй гэж  үзэв.   

          Б.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг хасуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч согтуурсан үедээ архины шил, хасуур зэргийг ашиглан бусдад хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан  хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр нь нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Б Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар   Б.Б 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол   нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                               

4 .Б. Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хасуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Хохирогч Г.Ц цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Б  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН