Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/570

 

                                         *******т холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Д.Батбаяр, З.Цэнгэнбаяр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн *******т холбогдох 2309028912703 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн ******* *******, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:*******/, 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цагийг завшиж, 311.978.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 185.016.000 төгрөгийг гаргуулан хохирогч “ и” ХХК-д олгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “” ХХК-д ажиллаж байхдаа амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мунхаг бодлоосоо болж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс хойш хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд хоригдоод байгаа бөгөөд энэ хугацаанд хохирогч талын хохирлыг төлж барагдуулаад байна. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань амаржаад 3 сар гаруй болж байгаа тул хөдөлмөр эрхлэх боломжгүй, би өрхийн санхүүг бүрэн хариуцаж өр, зээл болон хүнсээ залгуулж амьдрал ахуйгаа авч явдаг. Анхны хүүхдээ дөнгөж төрөөд амьдралаа эхлүүлж байгаа маш чухал үедээ өөрийн буруугаас болж ийм асуудалд орсондоо өнөөдрийг хүртэл чин сэтгэлээсээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оноосон ялыг ар гэрийн болон хувийн байдлыг минь харгалзан үзээд нийгэмдээ хүмүүжих нэг удаагийн боломж олгож оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...Мунхаг үйлдэл гаргаж бусдад хохирол учруулсандаа харамсаж, хохирогч болон ар гэрээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулж өгсөн эцэг, эх, хадам аав, ээж, ах дүү, хамаатан садандаа баярлалаа. Анхны хүүхэд төрөөд 4 сар гаруй болж байна. Амьдрал дөнгөж эхэллээ гэж бодтол ийм нөхцөл байдалтай ингээд сууж байгаадаа харамсаж байна. Цагдан хоригдсон хугацаандаа өөрийн бие махбод, сэтгэл зүрх гээд бүх зүйлээрээ гэмших гэдэг юу байдаг талаар яс махандаа тултал ойлгосон. Дөнгөж төрсөн хүүхэд болон эхнэрийнхээ өмнө хариуцлагагүй үйлдэл гаргасандаа харамсаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд хохирогч байгууллагад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байсан ба хурлын дараа хохирлыг бүрэн барагдуулсан. Тэрээр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлж барагдуулсан, ар гэрийн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ялын доод хэмжээгээр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. ... ******* нь гэм буруу дээрээ маргадаггүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох үед хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу эцэг, эх, хадам аав, ээж нартаа хэргийн нөхцөл байдлын талаар хэлж чадаагүй байсан. Тэгээд анхан шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлснээс хойш ар гэрийнхэн нь мэдэж, “ ” ХХК-д хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. Шүүгдэгч ******* Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд энэ хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс очиж уулзахад дахиж хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлдэг. Иймд нийгмээс тусгаарлахгүй, нийгэмдээ хүмүүжих боломжийг нэг удаа олгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн бичгээр гаргасан гомдол болон өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн. Учир нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан гурван жил, зургаан сарын хорих ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгөхийг хүсэж гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргаж байсныг дурдах нь зүйтэй байна.” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ ” ХХК-ийн зүгээс хохирол төлбөрөө барагдуулах сонирхолтой байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирол төлбөрийг барагдуулбал ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тайлбар хэлсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Одоо *******аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол, саналгүй. ******* залуу хүн алдаж оносон байх. Иймд нийгэмдээ хүмүүжиж, үр хүүхдэдээ эцэг хүний үүргийг биелүүлэх боломжийг олгож, хорих ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн буюу анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ажиллагаанд оролцож байсан. Хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрийнхөө тал хэсгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн зүгээс торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байсан бөгөөд тус саналаа дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ и” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байх үедээ өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цагийг завшиж, 311.978.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “...******* нь “ и” ХХК-нд харилцагч хариуцсан менежер албан тушаалд ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 46 ширхэг ай фоне маркийн гар утас, 14 ширхэг самсунг маркийн гар утас, 1 ширхэг ай воч маркийн ухаалаг цаг, самсунг гар утсыг дагалдуулж өгч байсан воч 5 маркийн ухаалаг цаг нийтдээ 62 ширхэг гар утас төхөөрөмжийг 2023 оны 08 дугаар сарын 31-нээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хороонд “манай ах ******* аймгийн сумын засаг дарга, ******* аймгийн 100 жилийн ойгоор хүмүүст өгөх гэж байгаа бэлэн борлуулалт хийнэ” гэж хэлж өөр дээрээ программаар захиалж аваад дундын шүүгээнээс авч гарсан байсан. Бэлэн мөнгө орж ирэхгүй байхаар нь *******тай уулзаж асууж тодруулахад “би тухайн гар утаснуудыг хүнд өртэй болохоор ломбардад тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд өөрийг нь дагуулж яваад ломбардуудаар явж үзэхэд нэр бүхий 8 ломбардад 18 ширхэг гар утас, төхөөрөмж барьцаанд тавьсан байсан. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь өөрийн ээж болон ах нарын хамтаар байгууллага дээр ирээд ломбардад үлдсэн байсан 18 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн. Харин үлдсэн гар утаснуудын барьцааны хугацаа дуусаад алдсан гэдэг тайлбар өгсөн. Мөн бэлнээр 20 сая төгрөгийг байгууллагын данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 8-9/,  

гэрч Б.Ням-Осорын: “...Би “ и” ХХК-д 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа. *******ын хувьд бол харилцагч хариуцсан менежерээр ажиллаж байсан. Энэ нь бараа материал шууд хариуцдаг, хариуцлагын гэрээтэй, борлуулалт мөн хариуцдаг бөгөөд хэрэглэгч нартай шууд уулзаж асуудлыг шийдвэрлэдэг ажилтан. Өөрт байсан бараануудаа хэлэхгүй ийм зүйл болсон. Энэ талаар бараа материалуудыг өөр салбар луу шилжүүлэх, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тоолох гэтэл ******* шүүгээний түлхүүрээ гэртээ үлдээсэн гэж хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирээд менежер д бараа материалыг барьцаанд тавиад алдчихсан гэж үнэнээ хэлсэн байсан. ******* урьд нь 2023 оны 08 дугаар сард ******* аймгийн засаг даргын тамгын газарт манай ах ажилладаг ахтайгаа ярьсан тэнд олноор гар утас борлуулах гэж байгаа юм, би утаснуудаа бэлдчихсэн байгаа гэж ярьж байсан. ...” /1 хх 130-131/,

гэрч ын: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “” барьцаалан зээлдүүлэх газрыг 1-2 жил ажиллуулж байна. *******  гэх хүнийг би таньж мэдэхгүй, ямар нэгэн танил найз нөхдийн харьцаа байхгүй.  ...******* нь манай барьцаалан зээлдүүлэх газар 2023 оны 08 дугаар сарын 30-нд Самсунг эс 23 ултра гар утас 1 ширхэг, i watch ser 8 маркийн ухаалаг цаг 1 ширхэг, Самсунг галакси ватч 5 маркийн ухаалаг цаг 1 ширхэг зэргийг 3,700,000 төгрөгт өөрийнхөө бичиг баримтаар тавиад 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буцаан авсан. Дээрх эд зүйлс бүгдээрээ хайрцагтай шинэ эд зүйлс байсан. ...Надад хэлэхдээ манай барьцаалан зээлдүүлэх газрын ын урд талд байх гар утасны дэлгүүрт ажилладаг гэж хэлдэг...” /1 хх 136-139/,

гэрч ийн: “...Би Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр ***тоотод байх “ ” ХХК-ийг ажиллуулдаг. Манайх барьцаалан зээлдүүлэх газар бөгөөд ******* гэх хүнийг таньж мэдэхгүй, харин хамгийн эхэнд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаа үйлчлүүлсэн байна. ...2023 оны 08 дугаар сарын 24-нд Ай фоне 14 плас маркийн гар утас 1 ширхэг, Самсунг галакси Эс 23 ултра маркийн гар утас 1 ширхгийг 4,800,000 төгрөгт барьцаанд тавьж 2023 оны 09 дүгээр сарын 21-нд буцаан авсан. Хаана ямар ажил ажилладаг талаар хэлээгүй тул мэдэхгүй, бичиг баримттайгаа ирж үйлчлүүлээд л явдаг. Одоо барьцаанд ямар нэг эд зүйл байхгүй...” /1 хх 141-142/,

гэрч ын: “...Би Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар эмийн сангийн автобусны буудлын ын урд талд байрлах төвийн өргөтгөлийн 1 давхарт байрлах “Ломбард 25” гэсэн хаягтай “ ” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрыг 2022 оны 11 дүгээр сараас хойш ажиллуулж байна. Энэ хугацаанд ******* гэгч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цоо шинэ лацтай, хайрцагтай i phone-14 plas загварын 2 ширхэг гар утсыг 14 хоногийн хугацаатай 5 сая төгрөгт, маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээрхтэй ижил загварын шинэ 2 ширхэг гар утас 14 хоногийн хугацаатай 5,3 сая төгрөгт, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр i phone-14 plas загварын 2 ширхэг цоо шинэ гар утас 5 сая төгрөгт, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цоо шинэ хайрцаг савтай I phone-14 plus гар утас 1 ширхэг, i phone-14 pro загварын гар утас 1 ширхэг гар утаснууд нийлүүлээд 5,5 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Би *******аас ямар учраас ийм олон цоо шинэ хайрцаг савтай, лацтай сүүлийн үеийн i phone-14 plus загварын гар утаснууд байдаг юм вэ гэж асуухад “Би төв дээр гар утас зардаг юм, бараагаа татах гэсэн мөнгөгүй болчхоод” гэж хариулахаар нь би итгэсэн. ...” /1 хх 152/,

яллагдагч *******ын “...2017-2019 онд ын борлуулалтын албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж “ ” ХК-д жижүүрийн операторын ажилд орсон. Өөрийн хүсэлтээр ажлын нөхцөл таалагдаагүй улмаас гарч эргээд д 2023 оны 01 дүгээр сард ажилд харилцагч хариуцсан менежерээр ажилд орсон. Харилцагч хариуцсан менежер нь харилцагч байгууллага хариуцан ажилладаг ба давхар борлуулалт, үйлчилгээ хариуцдаг байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр байх гэх бооцооны сайтад гэх нэрээр аккуант үүсгэж ордог болсон. Талбайн теннис, сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд бооцоо тавьж эхэлсэн. Би мөнгөгүй болоод 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд өөр дээр борлуулахаар хүлээн авсан байсан нийт 60 ширхэг гар утсыг ойролцоогоор 90 гаран сая төгрөгт барьцаанд тавьж бүх мөнгийг -д хийж тоглох, бооцоо тавих зэргээр алдчихсан. ...” /1 хх 124-125/ гэсэн мэдүүлгүүд, шинэ ажилтны дэлгэрэнгүй анкет /1 хх 17-22/, и ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Үндсэн ажилтнаар томилох тухай” 516 дугаартай тушаалын хуулбар /1хх 31/, и ХХК-ийн *******тай байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 хх 32-38/, и ХХК-ийн бараа үйлчилгээний нэгдсэн SMS программаар орлого авсан мэдээллийн хуулбар /1 хх 40-50/, и ХХК-иас гаргаж өгсөн хохирлын тооцоо /1 хх 57-58/, Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № СБ1-23-2520 дугаартай шинжээчийн “...нийт-311,978,000 төгрөг” гэх дүгнэлт /1 хх 79-87/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хөрөнгө завших гэмт үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээдэд хохирогчийн эд хөрөнгө хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болсноор хэрэгждэг бөгөөд шүүгдэгч *******ын “ и” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байх үедээ байгууллагын эд хөрөнгө болох 60 ширхэг гар утас, 2 ширхэг ухаалаг цагийг өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан их хэмжээний буюу 311,978,000 төгрөгийн хохирол учруулсан хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн *******т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нар нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хорих ялыг торгуулийн ялын доод хэмжээгээр өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Батбаяраас давж заалдах шатны шүүх хуралдаанд  2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 120,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 55,016,000 төгрөг, нийт  185,016,000 төгрөг и ХХК-иад нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн бөгөөд и ХХК-иас “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирол төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 185,016,000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан тул *******аас нэхэмжлэх төлбөр тооцоогүй, гомдол саналгүй болно” гэх албан бичгийг ирүүлсэн байна.

Иймд, шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шүүх хуралдаан хүртэл нийт цагдан хоригдсон 76 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 76 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 1,140,000 төгрөгийг 20,000,000 /хорин сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, эдлэх торгох ялыг 18,860,000 /арван найман сая найман зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “шүүгдэгч ******* овгийн ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 76 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1.140.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялын хэмжээг 18.860.000 /арван найман сая найман зуун жаран мянга/ төгрөгөөр тогтоож, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч ******* 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж түүнийг нэн даруй сулласугай.

4. Хохирогч “ и” ХХК-д 185,016,000 /зуун наян таван сая арван зургаан мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА