2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/00162

 

 

 

 

 

 

 

2025 01 14

192/ШШ2025/00162

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, **** тоот хаягт оршин суух Б овогт Чын М /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, **** тоот хаягт байрлах Б ХХК /рд:****/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, **** тоот хаягт байрлах, С ХХК /рд:****/ нарт холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О , хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С ХХК-ийн захирал н.Т гэх хүнийг нэхэмжлэгч таньдаг. Хан-Уул дүүрэг, **** дугаар байр 9 давхар А тоотод байрлалтай 48 м.кв 2 өрөө орон сууц, мөн 6 давхрын Б тоот 61.41 м.кв гэх 2 орон сууцыг худалдана. Би суурийг нь тавих ажлыг Б ХХК-д хийж өгсөн. Түүнийхээ хөлсөнд энэ орон сууцуудыг авна гэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нар хамтдаа байхдаа 2022 оны 04 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэг, **** хотхон С блок 210 дугаар байр 9 давхар А тоотод байрлалтай 48 м.кв 2 өрөө орон сууц гэж тодорхойлон гэрээ байгуулсан байна. Гэрээний 8 дугаар зүйлд заасан төлбөрийн нөхцөлд хариуцагч нарын хооронд байгуулагдсан 22010 тоот Газар шороо, гаднын зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Б ХХК-д С ХХК нь ажил гүйцэтгэж өгөх бөгөөд нэхэмжлэгч С ХХК-д мөнгөө өгөх гэсэн агуулгатай 3 хүний тохиролцоог н.Тын оролцоотойгоор Б ХХК-ийн захирал болон Ч.М нар хийсэн. Үүний дагуу Б ХХК-д мөнгөө бэлэн болон бэлэн бусаар өгсөн. Үүнээс хойш 4 сарын дараа Байр ашиглалтад орох дөхөөд байна. Миний мөнгийг мөнгөн хэлбэрээр өгч чадахгүй гэж байна. Та энэ байрыг мөнгөө өгөөд оронд нь авах уу гэж н.Т санал болгож, Ч.М зөвшөөрснөөр 2022 оны 08 сарын 19-ний өдөр Б ХХК-ийн захиралтай холбож өгөөд Би танаас авах хөлсөө Ч.М аас авна. Та энэ хүнд байраа шилжүүлж өгөөрэй гэсэн тохиролцоо мөн хийж, Хан-Уул дүүрэг, **** хотхон С блок 210 дугаар байр 6 давхар Б тоот 64.41 м.кв гэж гэрээндээ тодорхойлон 153,525,000 төгрөгийн төлбөрт төлөхөөр тохиролцсон. Ингээд үндсэндээ гэрээгээ хийж, 2024 оны 06, 07 сар хүртэл Ч.М ийн эзэмшилд тус байрнууд байсан бөгөөд Улсын комисс хараахан хүлээж аваагүй ч очих газаргүй байгаа хүмүүсээ оруулахад асуудал үүсэхгүй байх гээд эзэмшил, ашиглалтыг нь өгсөн байсан. Гэтэл үүнээс хойш 1 сар гарангийн дараа Б ХХК эзэмшил, ашиглалтаа өөртөө буцааж аваад байрыг чөлөөлүүлсэн. Иймд нэхэмжлэлийн гол шаардлага нь нэгдүгээрт орон сууц өмчлөх эрхээ олж авах, хоёрдугаарт эзэмшил, ашиглалтын эрх олгохыг хариуцагч нарт даалгах тухай байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Б ХХК руу чиглэж байгаа боловч С ХХК-ийн эзэмшил, ашиглалтад тус байрыг шилжүүлсэн гэдэг байдлаар нэг нэгэн рүүгээ чихээд байгаа учраас хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Үүнийг шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэхгүй бол Б ХХК-д даалгачихаар С ХХК-ийн хүмүүс нь эзэмшил, ашиглалтыг нь авах боломжтой байх тул аль алинаас нь эзэмшил, ашиглалтын эрхээ шилжүүлж авах шаардлагатай байгаа. Мөн төлбөрийн тухайд Toyota Highlander /Тоёота хайландэр/ маркийн автомашиныг 90,000,000 төгрөгөөр, Toyota Prius 41 Alpha /Тоёота Приус 41 альфа/ маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр, Toyota Rav-4 /Тоёота Рав-4/ маркийн автомашиныг 55,325,000 төгрөгөөр, модны-2 байрлах гараашийг 30,000,000 төгрөгт тооцож, бэлэн 70,000,000 төгрөг, нийт 278,325,000 төгрөгийг С ХХК-д өгсөн байна. Иймд С ХХК-иас төлбөрийн маргаангүй гэдэг хүсэл зоригоо байнга илэрхийлдэг учраас нэг бүрчлэн бичгийн нотлох баримт гаргуулаагүй. С ХХК нь 2024 оны 07 сарын 08-ны өдөр ийм хэмжээний төлбөр тооцож авсан гэдэг албан бичиг ирүүлсэн. Үүнээс 48 м.кв орон сууцыг 124,800,000 төгрөг, 60.41 м.кв орон сууцыг 153,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөх эрх тогтоолгохыг Б ХХК-д хамааруулж, эзэмшил, ашиглалт шилжүүлэхийг даалгахыг 2 хариуцагчид хоёуланд нь хамааруулж байгаа гэв.

 

2.Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Б.Т 2024.06.26-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Манай С ХХК нь Б ХХК-тай хийсэн ажлын хөлсөнд А хотхоны байрнаас бартераар хийж гүйцэтгэх байгаа бөгөөд гүйцэтгэлээр дийлэнх ажлаа хийсэн байгаа, нэхэмжлэгчид авсан байрыг нь авч өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сайн ойлгосонгүй. Тэгэхээр энэ 2 нэхэмжлэлийн шаардлага өмчийн харилцаанд үүсээд байгаа юм уу, үүргийн харилцаанд үүсээд байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Манай компанид нэхэмжлэгчийн яриад байгаа өмчлөгчийн болон эзэмшил, ашиглалтын эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэл үүсээгүй. Б ХХК-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж өгсөн. Үүнтэй холбоотойгоор ажлынхаа хөлсөнд тохирсон орон сууцны асуудал яригдсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг Ч.М ид Б ХХК-иас авсан байраа худалдаад мөнгө төгрөг шилжүүлээд байгаа гурвалсан харилцаа үүссэн зүйл байхгүй. Манайх ерөнхийдөө Б ХХК-тай газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн. Манайх болон Б ХХК зөвхөн ажил гүйцэтгэх гэрээтэйгээр барилгын болон газар шорооны ажил хийсэн гүйцэтгэгч компани байсан. Тэгэхээр өмчийн асуудал гүйцэтгэгч байгууллагатай ямар ч хамааралгүй. Үүнийг үүргийн харилцаа гэж тодорхойлж байгаа бол шийдвэрлэгдэх байдлаараа л шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Манайх Б ХХК-тай 2022 оны 8 сард Газар шороо, гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Б ХХК-тай тооцоо нийлмээр байна гэхээр тооцоо нийлсэн акт үйлддэггүй. Удаа дараа бид нар энэ нөхцөл байдлын талаар Б ХХК-д хандаж байсан. Эхлээд бид нарын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал шийдэгдсэний дараа энэ орон сууцны асуудал хөндөгдөнө гэж бодож байна. Бид нар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг зохицуулах эрх бүхий субъект нь биш. Бид өмчлөгч биш байж энэ хүнийг амьдар, боль гэдэг асуудлыг ярих боломжгүй. Одоо энэ хүнийг амьдрууллаа гэхэд ахиад л өмчлөгч мөн биш гэдэг дээр маргаан үүснэ. Тэр маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад энэ асуудлыг шийдэх боломжгүй. Би аргаа бараад Б ХХК-ийн захиралтай ярилцаад энэ хүнийг амьдруулах боломжтой юм уу гэхээр амьдруулж болно гэж байгаа. Гэхдээ амьдрах нэг өөр асуудал шүү дээ. Энэ хүнийг амьдарч байх үед ахиад газрын эзэн, захиалагч компанийн хооронд асуудал үүсэхэд хавчаад гаргах болно шүү дээ. Энэ асуудал цаашаа ч үргэлжлэх боломжтой. Гурван автомашин, 2 гарааш, бэлэн мөнгөөр 70,000,000 төгрөг зэрэг нийт 278,325,000 төгрөгийг манайх нэхэмжлэгчээс авсан гэдэгт маргах зүйл байхгүй. Гэхдээ манайх өмчлөх болон эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөх эрх бүхий субъект биш гэв.

 

3.Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг 2024.05.16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...С ХХК нь Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд Хан-Уул дүүрэг, **** хотхон С блок 210 дугаар байр 9 давхар А тоотод байрлалтай 48 м.кв 2 өрөө орон сууц, мөн 6 давхрын 61.41 м.кв гэх 2 орон сууцыг өгөхөөр болсон. Харин С ХХК нь уг орон сууцуудыг Ч.М ид худалдсан бөгөөд С ХХК нь манай компанитай гэрээгээр тохирсон ажлаа 100 хувь гүйцэтгэж өгөөгүй байх тул С ХХК нь манай компанид хийж өгөх ажлаа бүрэн гүйцэд хийж өгсний дараа орон сууцанд оруулах боломжтой гэжээ.

 

Мөн хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2024.09.17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын иргэн Ч.М ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа С ХХК болон Б ХХК нарт холбогдох Хан-Уул дүүрэг, **** хотхон С блок 210 дугаар байр 9 давхар А тоотод байрлалтай 48 м.кв 2 өрөө орон сууц, мөн 6 давхрын 61.41 м.кв Б тоот гэх 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. С ХХК болон Б ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22/10 дугаартай гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу С ХХК нь газар шороо, гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх Б ХХК нь гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Ч.М ид орон сууцыг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тус 2 компанийн гэрээний хэрэгжилт, төлбөр тооцооны асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Тус маргааны зүйл болоод байгаа Хан-Уул дүүрэг, **** хотхон С блок барилгыг Улсын комисс хүлээж аваагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Б ХХК-ийн зүгээс Улсын комисс хүлээж авах талаарх асуудлыг тус орон сууцыг барьсан О ХХК болон Нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт хяналтын газар-т хандаж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар хандсан. Нөгөөтэйгүүр С ХХК болон Б ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22/10 дугаартай Газар шороо, гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ-ний хүрээнд тухайн орон сууцуудыг бартераар хүлээлгэн өгөхөөр тохиролцож, Ч.М төлбөр мөнгөө бүрэн төлж барагдуулсан болохыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ С ХХК-ийн гүйцэтгэх захирал хариу тайлбартаа дурдсан байна. С ХХК нь гэрээнд заасан ажлаа хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу орон сууцуудыг шилжүүлж өгөх үүрэг бий болоогүй бөгөөд С ХХК-ийн шилжүүлж авсан автомашинуудаар тус орон сууцуудыг шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал /гуравдагч өөр компаниас хамааралтайгаар/ үүсвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийн хүрээнд хохирлоо С ХХК-иас шаардан гаргуулах боломж нээлттэй байна. Иймд нэхэмжлэгч Ч.М аас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 08 сарын 20-ны өдөр, 2018 оны 04 сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 08 сарын 19-ний өдрийн 0505 дугаар итгэмжлэл, 2022 оны 08 сарын 19-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 014 тоот албан, 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 04/02 тоот албан бичиг, 2022 оны 08 сарын 19-ний өдрийн Газар шороо, Гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, 2024 оны 10 сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2022 оны 04 сарын 14-ний өдрийн, 2022 оны 08 сарын 19-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар,

 

Хариуцагч Б ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримт: 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 24/54 дугаар итгэмжлэл, 2024 оны 05 сарын 16-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 24/117 дугаар итгэмжлэл, 2024 оны 09 сарын 17-ны өдрийн хариу тайлбар, 2017 оны 03 сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах тухай гэрээ-ний хуулбар, итгэмжлэлийн хуулбар, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 24/151 дугаар итгэмжлэл,

 

Хариуцагч С ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримт: 2024 оны 06 сарын 26-ны өдрийн хариу тайлбар, 2024 оны 08 сарын 08-ны өдрийн албан бичиг, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 9 дугаар итгэмжлэл,

 

Шүүхийн журмаар: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн баримт,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Б ХХК, С ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, **** хотхон, С блок, 210 дугаар байрны 9 давхар А тоот 48 м.кв, 2 өрөө орон сууц, мөн байрны 6 давхар Б тоот 61.41 м.кв 2 орон сууцуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа орон сууцуудын эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгах-аар ихэсгэсэн байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу С ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож авахаар тохиролцсон 2 үл хөдлөх хөрөнгийг Б ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, төлбөр 278,325,000 төгрөгийг С ХХК-д бүрэн төлсөн. 2024 оны 7 сараас Ч.М ийн эзэмшилд тус байрнууд байсан бөгөөд 1 сар гарангийн дараа Б ХХК эзэмшил, ашиглалтаа өөртөө буцааж аваад байрыг чөлөөлүүлсэн. Байрыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа учраас тус орон сууцуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, орон сууцуудын эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү хэмээн тайлбарлав.

 

4.Хариуцагч С ХХК ...Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. С ХХК нь Б ХХК-тай хийсэн ажлын хөлсөнд А хотхоны байрнаас бартераар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэлээр дийлэнх ажлаа хийсэн байгаа, нэхэмжлэгчид авсан байрыг нь авч өгөхөд татгалзах зүйлгүй. Гурван автомашин, 2 гарааш, бэлэн мөнгөөр 70,000,000 төгрөг зэрэг нийт 278,325,000 төгрөгийг манайх нэхэмжлэгчээс авсан гэдэгт маргах зүйл байхгүй. Гэхдээ манайх өмчлөх болон эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж өгөх эрх бүхий субъект биш хэмээн тайлбарлав.

 

5.Хариуцагч Б ХХК нь ...С ХХК нь Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд уг орон сууцуудыг Ч.М ид худалдсан бөгөөд С ХХК нь манай компанитай гэрээгээр тохирсон ажлаа 100 хувь гүйцэтгэж өгөөгүй байх тул С ХХК нь манай компанид хийж өгөх ажлаа бүрэн гүйцэд хийж өгсний дараа орон сууцанд оруулах боломжтой. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу орон сууцуудыг шилжүүлж өгөх үүрэг бий болоогүй, С ХХК-ийн шилжүүлж авсан автомашинуудаар тус орон сууцуудыг шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал /гуравдагч өөр компаниас хамааралтайгаар/ үүсвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-ийн хүрээнд хохирлоо С ХХК-иас шаардан гаргуулах боломж нээлттэй байна. Иймд нэхэмжлэгч Ч.М аас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

 

6.Б ХХК нь С ХХК-тай 2022.08.19-ний өдөр №2022/010 тоот Газар шороо, гадна зам талбайн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Кингдом хотхоны газар шороо, гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх бөгөөд гэрээний дүн 450,000,000 төгрөг, төлбөрийн нөхцөл 100 хувь бартер, бартерт А хотхоны 210-р байр, С блок 6 давхрын Б тоот 61.41 байрыг 1м.кв нь 2,500,000 төгрөгийн, нийт 153,525,000 төгрөгөөр тооцож өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-57-61х/

 

С ХХК нь дээрх гэрээний дагуу бартерт авах ...орон сууцны захиалгын гэрээг иргэн Чимэдбалдир овогтой М ийн нэр дээр хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, хүсэлтийн дагуу 2022.08.19-ний өдөр №004 дугаар Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г /6 давхар Б тоот 61.41 м.кв /, мөн компанийн 2023.04.13-ны өдрийн 04/01 тоот ...төлбөр тооцоо дууссан тул Ч.М ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн албан бичгийн дагуу 2022.04.14-ний өдрөөр огноолон №01 тоот Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ-г /9 давхар А тоот 48 м.кв/ Б ХХК болон Ч.М нар байгуулжээ. /хх-55, 56,142-148х/

 

7.Ч.М Б ХХК нарын байгуулсан №004 тоот гэрээгээр УБ хот, ХУД-ийн 11-р хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, А хотхон, 210 байр С блок 6 давхрын Б тоот, 61.41 м.кв, 2 өрөө, талбайн нэгж үнэ 2,500,000 төгрөг буюу нийт үнэ 153,525,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг,

-№01 тоот гэрээгээр УБ хот, ХУД-ийн **** хотхон, С блок 9 давхар, А айл, 48 м.кв, 2 өрөө, талбайн нэгж үнэ 2,600,000 төгрөг буюу нийт үнэ 124,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус худалдах, худалдан авахаар тохиролцжээ. /хх-142-148х/

 

Талууд төлбөрийн нөхцөлийг 100 хувь бартераар төлөхөөр тохиролцсон байх ба 2022.04.14-ний өдрийн №01 тоот гэрээний 1.8-д ...Б ХХК-ийн Газар шороо, гадна зам талбайн ажил гүйцэтгэх №2022/010 тоот гэрээний төлбөрт бартераар Цолмон овогтой Амарсайханд өгнө. Ажил гүйцэтгэгч тал буюу С ХХК-ийн 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 04/01 тоот албан хүсэлтийн дагуу Чимэдбалдир овогтой М -д шилжүүлэв гэж,

2022.08.19-ний өдрийн №004 тоот гэрээний 1.9-д ... Б ХХК-ийн Ажил гүйцэтгэлийн гэрээ 22/010 төлбөрт бартераар өгнө хэмээн тусгажээ.

 

8.Хариуцагч С ХХК нь бартерын орон сууцны төлбөрт Toyota Highlander /Тоёота хайландэр/ маркийн автомашиныг 90,000,000 төгрөг, Toyota Prius 41 Alpha /Тоёота Приус 41 альфа/ маркийн автомашиныг 33,000,000 төгрөг, Toyota Rav-4 /Тоёота Рав-4/ маркийн автомашиныг 55,325,000 төгрөг, модны-2-т байрлах гараашийг 30,000,000 төгрөгт тус тус тооцож, бэлэн мөнгөөр 70,000,000 төгрөг, нийт 278,325,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.М аас хүлээн авсан үйл баримтын тухайд, мөн хариуцагч Б ХХК нь маргаан бүхий хоёр орон сууцны үнийн дүнгийн тухайд маргадаггүй. /хх-63х/

 

Мөн талууд маргаан бүхий орон сууцны байршил, давхар, тоот, м.кв-н хэмжээ зэрэгт маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь Хан-Уул дүүрэг, **** хотхон, С блок, 210 дугаар байрны 9 давхар А тоот 48 м.кв, 2 өрөө орон сууц, мөн байрны 6 давхар Б тоот 61.41 м.кв 2 орон сууцуудыг Ч.М ид худалдсан талаар бичгээр болон амаар зөрүүгүй тайлбаруудыг гаргадаг.

 

Харин хариуцагч Б ХХК нь ...манай компанитай гэрээгээр тохирсон ажлаа С ХХК нь 100 хувь гүйцэтгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид орон сууцуудыг шилжүүлэн өгөхөөс татгалздаг боловч хэрэгт авагдсан Б ХХК-ийн 2024.11.27-ний өдрийн 24/148 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр талуудын байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн, компани хоорондын өглөг авлагын тооцоог нийлж үзэхэд гүйцэтгэгч тал нийт 30,256,411 төгрөгийн өглөгтэй байгааг тооцоо нийлсэн актаар тогтоож харилцан хүлээн зөвшөөрч 2024.09.18-ны өдөр бичгээр баталгаажуулсан талаар дурджээ. /хх-131х//

 

Дээрх баримтаар ажил гүйцэтгэгч С ХХК болон гүйцэтгүүлэгч Б ХХК нар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлж С ХХК нь 30,256,411 төгрөгийн өглөгтэй буюу мөн хэмжээний ажил гүйцэтгээгүй байх ба хариуцагч С -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Б ХХК-тай тооцоо нийлмээр байна гэхээр тооцоо нийлсэн акт үйлддэггүй. Удаа дараа бид нар энэ нөхцөл байдлын талаар Б ХХК-д хандаж байсан. Эхлээд бид нарын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудал шийдэгдсэний дараа энэ орон сууцны асуудал хөндөгдөнө гэх тайлбар няцаагдаж байна.

 

9.Дээрхээс үзвэл Б ХХК, С ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний үндсэн дээр С ХХК, Ч.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, 123.3-т үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтад аливаа шаардах эрхийг шилжүүлэхэд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх, эсхүл зайлшгүй зөвшөөрөл авах тохиолдлыг хуульчилсан байна.

 

Б ХХК нь С ХХК-ийн ажлын хөлсөнд тооцон орон сууцыг шилжүүлэхийг, эсхүл тус компанид орон сууцыг шаардах эрхийг бусдад  шилжүүлэхийг, бусдаас орон сууцны үнэ авахыг анхнаасаа хязгаарлаагүй, С ХХК-ийн заасан Б ХХК-тай Ч.М гэрээ байгуулсан байх тул С ХХК шаардах эрхээ шилжүүлснийг гэрээ болон хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, Б ХХК нь С ХХК-ийн өөрөөс нь орон сууц шаардах эрхийг гуравдагч этгээдэд  шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, улмаар Ч.М тай худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар өмчлөх эрх шилжих үр дагаврыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна.

 

10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Худалдан авагч Ч.М нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул худалдагч болох Б ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд С ХХК ажлаа дутуу гүйцэтгэсэн, өглөгтэй зэрэг нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй, мөн эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн шаардах эрхийг хөндөхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М нь үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор хариуцагч Б ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч Б ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Ч.М ид хүлээлгэж өгөх үүрэгтэй байна.

 

11.Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох орон сууцуудын эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгах агуулга нь нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэх бөгөөд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь өмчлөх эрхэд багтах ба, түүний шүүхэд хандсан гол зорилго нь маргаан бүхий хөрөнгийг өмчлөх буюу өмчлөгч болох туйлын зорилго юм.

 

12.Нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-д холбогдох шаардлагаа орон сууцуудын эзэмшил ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхийг даалгах хэмээн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулсан. Энэхүү шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл хэмээн шүүх үзсэн, мөн шаардах эрх шилжсэн үндэслэлээр хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

13.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,619,775 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,619,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

 

14.Хариуцагч Б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.М нь Хан-Уул дүүрэг, **** хотхон, С блок, 210 дугаар байрны 9 давхрын А тоотод байрлалтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

-мөн Хан-Уул дүүрэг, **** хотхон, С блок, 210 дугаар байрны 6 давхрын Б тоотод байрлалтай, 61.41 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой  бичиг баримтуудыг нэхэмжлэгч Ч.М ид хүлээлгэж өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,619,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,619,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ