| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0652/э |
| Дугаар | 0698 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 0698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806027610718 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бгт Ц О, 19 оны дугаар сарын 16-ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр. 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД
Холбогдсон хэргийн талаар:
Ц.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 08-ны орой буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.А толгойн тус газар үнсний саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 8-ны орой 17.00 цагийн орчимд би Баясах трейдэд болдог бүжгэнд явсан ба орой 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Сармисны хонхор 2-23 тоот гэртээ ирсэн. Би тухайн өдөр бүжгэнд явахдаа замдаа зах ороод комиссын бараанаас өмд, гутал аваад өмсчихсөн юм. Орой нь гэртээ ортол эхнэр намайг хаанаас юу өмсчихсөн юм гэхээр нь би комиссын бараанаас авч өмсөөд бүжгэнд орчихоод ирж байна гэхэд эхнэр надад хандаж чи худлаа яриад байна бүжгийн хүүхнүүд чинь авч өгсөн үү гээд хардаад байхаар нь би уурлаад тамхины үнсний сав аваад шидчихсэн юм. Тухайн үед би түүний толгойн зүүн орой хэсгийг оночихсон юм. Эхнэр уурлаад цагдаа дуудсан. Би бүжгэнд орохдоо 100 граммын Ерөөл архи нэг ширхэгийг аваад уусан. Би эхнэртэйгээ амьдраад 25 жил болж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй гэжээ.
Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 8-ний 23.00 цаг өнгөрч байхад манай нөхөр О нь гаднаас согтуу орж ирээд надтай хувцаснаасаа болоод хоорондоо маргалдаад би хойд орон дээр сууж байтал танай хүүхдийг гадаадаас ирэхээр чинь нүдэн дээр чинь ална гэхээр нь би яасан бузартай юм ярьдаг юм гэхэд үнсний шилэн сав барьж байгаад баруун гараараа миний толгой руу цохиод хагалсан. Тэгээд толгойноос цус гарсан чинь гүйцээчихье гээд хутга руу дайраад байсан. Манай нөхөр сүүлийн хэдэн жилд архинд маш их орж байгаа. Бид хоёр 19 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Би нэг хүүхэдтэй энэ хүнтэй сууж байсан юм. 1997 онд бидний дундаас хүү О.Г төрсөн. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Өмнө нь намайг зодож л байсан. Би анх удаа цагдаагийн байгууллагад хандаж байна. 2012 оноос хойш архи ууж үргэлж энд тэндхийн бүжиг хэсээд явдаг болсон. Уг нь их зөөлхөн дөлгөөхөн хүн. Сүүлийн үед л эвдрээд байгаа юм гэжээ. /хх-н 9-13/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 16-17/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4826 тоотын дүгнэлт
1.Г.А хуйхны шарх, хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 22/
Ц.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 32-36/
Ц.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/
Ц.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/ зэрэг болно.
Ц.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 08-ны орой тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.А бүжгийн хүүхнүүд чинь авч өгсөн үү гэж хэлсэнээс болж түүнтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь үнсний саваар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Г. хуйхны шарх, хуйх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй гэсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4826 тоотын дүгнэлт /хх-н 18/
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … О нь гаднаас согтуу орж ирээд надтай хувцаснаасаа болоод хоорондоо маргалдаад би хойд орон дээр сууж байтал танай хүүхдийг гадаадаас ирэхээр чинь нүдэн дээр чинь ална гэхээр нь би яасан бузартай юм ярьдаг юм гэхэд үнсний шилэн сав барьж байгаад баруун гараараа миний толгой руу цохиод хагалсан. Тэгээд толгойноос цус гарсан чинь гүйцээчихье гээд хутга руу дайраад байсан гэсэн мэдүүлэг / хх-н 11/
Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Би тухайн өдөр бүжгэнд явахдаа замдаа зах ороод комиссын бараанаас өмд, гутал аваад өмсчихсөн юм. Орой нь гэртээ ортол эхнэр намайг хаанаас юу өмсчихсөн юм гэхээр нь би комиссын бараанаас авч өмсөөд бүжгэнд орчихоод ирж байна гэхэд эхнэр надад хандаж чи худлаа яриад байна бүжгийн хүүхнүүд чинь авч өгсөн үү гээд хардаад байхаар нь би уурлаад тамхины үнсний сав аваад шидчихсэн юм. Тухайн үед би түүний толгойн зүүн орой хэсгийг оночихсон юм гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Ц.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.
Ц.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ц О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 . Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН