Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/602

 

                                          *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208038771936 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* ******* овгийн ******* *******, 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт ******* дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 хоногийн хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 369 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг ялыг эдэлсэнд тооцсон,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан муудалцаж, улмаар *******гийн нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт нь дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 6 сарын хорих ял дээр, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 655 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 114 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн хохирогчтой холбогдож өөрийн хийсэн үйлдэлд уучлалт гуйж, харилцааны энгийн байдалд буцаж орсон. Түүний өгсөн мэдүүлэгт надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ******* гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бага насны хүүхэдтэй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, цаашдаа хариуцлагатай ажиллаж, амьдрах болно гэсэн байр сууриа илэрхийлж, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд тус ялыг 2 сарын хугацаагаар тогтоож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэж, хорих ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч энэ гэмт хэрэгтээ анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн бөгөөд тус ялаа хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын шинж чанар, хор уршиг мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод хохирогч *******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохих, цээжин тус газарт нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, ухархайн хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод хүргэн ын гэрт бага зэрэг халамцуу ирсэн. Манай хүргэний гэрт хүргэний дүү ******* гэх залуу байсан ба манай хүргэнээс мөнгө төгрөг аваад зовоогоод байдаг учраас би халамцуу тэр талаар нь хэлээд бид хоёр хоорондоо барилцаж авсан. ******* гэх залуу миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод газар унасан байхад дээрээс өшиглөөд гараад явсан. ...Зодуулсан талаараа охиндоо хэлээд манай охин цагдаа дуудаж өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлээд ажил явдал гараад хөдөө яваад тэр чигтээ ажил хийгээд явсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 22-23/,

гэрч Б.ын “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт төрсөн дүү ******* хадам аав ******* нар би дүүдээ мөнгө өгсөн гэж буруу ойлгоод согтуу дүүг элдвээр хэлээд манай дүү ******* хадам аав *******г гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан гэсэн ба тухайн үед манай хадам аав ******* над руу залгаад Б.Бат-Эрдэнийг зодчихоод явчихлаа гэж хэлэхээр нь очоод толгойн зураг авхуулаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...” /хх 27/,

шинжээч эмч ын “...*******гийн баруун хацар ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр бусад гэмтлүүд нь тус тусдаа 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 48/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15871 дугаартай “...*******гийн биед баруун хацар яс, ухархайн хана, хамар ясны хугарал, 2 нүдний зовхи, хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-46/,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...би ахыг 1 удаа нүүр лүү нь цохиж, газарт буюу шал дээр унахаар нь 1 удаа дээрээс нь дэвсчхээд гэрээс шууд гараад явсан. ...” /хх 126-128/ гэсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Б.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.     

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх болно.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/379 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА