| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2025/00062/И |
| Дугаар | 191/ШШ2025/00295 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/00295
2025 01 17 191/ШШ2025/00295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...................... давхарт байрлах, П ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Г.Т /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Г.Т нь ................................ тоотод оршин сууж, С ХХК-д ажиллаж байх хугацаандаа Х-тай 2020.09.03-ны өдөр ............................. тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч нь 2020.09.30-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2023.02.20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн нийт үлдэгдэл нь 5,235,000 төгрөг байна.
Дээрх зээлийн эрсдэл нь П ХХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Хинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан.
Хариуцагч нь 2022.02.28-ны өдөр 250,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягт тийм хүн байхгүй, ........................ хорооноос тодруулахад тус хороонд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолт гаргаж өгсөн.
Иймд Г.Т-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.19-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-2024.09.05-ны өдрийн 1348 дугаартай .......................... дүгээр хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 3 х/,
-Ж.З, Б.П, Б.Ж нарт ологосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 000000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2020.09.03-ны өдрийн №............................. дугаартай Цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 6 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 7 х/,
-Зээлийн хүсэлт /хх-ийн 8 х/,
-Зээлийн дансны хуулга /хх-ийн 9-10 х/,
-2022.10.12-ны өдрийн ................. дугаартай П ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын албаны даргын Нөхөн төлбөр олгох тухай тушаал /хх-ийн 11 х/,
-Хны Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 12 х/,
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 13 х/,
-2020.09.30-ны өдрийн 123/20 дугаартай С ХХК-ийн гүйцэтгэх захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 14 х/,
-2021.10.01-ний өдрийн ............................. дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ /хх-ийн 15-20 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.Т нь Х тай 2020.09.03-ны өдөр №............................. дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээл авсан, Х ХХК нь П ХХК-тай 2021.10.01-ний өдрийн ........................ дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан, энэхүү гэрээний дагуу П ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 3,841,954.20 төгрөгийг Х ХХК-д шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан, дээрх гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэл гаргах П ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6, 15-20 х/,
Хүсэлт гаргагч нь 2020.09.03-ны өдрийн №............................. дугаартай Цалингийн зээлийн гэрээн дээрх хаягийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т-ыг ................................ тоотод амьдарч байгаа эсэхийг тодруулахаар ................. дүүргийн ............. дүгээр хорооны Засаг даргад хандсан байна.
...................... дүүргийн .................... дүгээр хорооны Засаг даргын 2024.09.05-ны өдрийн 1348 дугаартай тодорхойлолтоор Г.Т нь 2020.09.03-ны өдрийн №............................. дугаартай Цалингийн зээлийн гэрээнд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй... болох нь тогтоогджээ. /хх-ийн 3 х/,
Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар тухайн баг, хорооны засаг дарга нь хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, мэдээлэх чиг үүрэгтэй тул хэрэгт авагдсан ..................... дүүргийн ............... дүгээр хорооны Засаг даргын 2024.09.05-ны өдрийн 1348 тоот РД:0000000000 дугаартай Г.Т нь тус хорооны .............. тоот хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй гэх тодорхойлолтыг шүүхийн өмнө хууль ёсны баримт гэж үзнэ. /хх-ийн 3 х/,
Г.Т нь 2020.09.03-ны өдрийн №............................. дугаартай Цалингийн зээлийн гэрээнд тусгагдсан ................................ тоот хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болох нь .................. дүүргийн ................. дүгээр хорооны Засаг даргын 2024.09.05-ны өдрийн 1348 дугаартай оршин суугаа хаягийн тодохорхойлолт, П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд П ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т-ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Г.Т /РД:00000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Т-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА