| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0666/э |
| Дугаар | 0718 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч П.Даваасүрэн, хохирогч С.З, шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Н Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706013700777 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Н А, 19 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Н.А нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.З нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч С.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдэ: 8 дугаар сарын 17-ны өдөр 00.00 цагийн үед гэр рүүгээ явж байхдаа А таарсан. Бид хоёр нэг байрны дээр, доор давхарт амьдардаг юм. Өмнө нь манай эхнэрийг танай хүүхдүүд уйлж хашгирдаг гэж дарамталсан байна гэж надруу дайрч зодсон. Би цагдаа дуудсан. Намайг гар хөлөөрөө зодсон. Надад А манай эхнэр хүүхдүүдийг чимээгүй байсангүй шуугилддаг гэж гэрт орж дарамталдаг гэж хэлсэн. Тухайн үед би А танихгүй байсан. Би Алтансүхийн өөдөөс юу ч хэлээгүй. Намайг зүгээр зогсож байхад нүүрэн тус газар цохиход нь би А нэг түлхсэн. Миний Толгой, нуруу, гар зэрэгт хөнгөн гэмтэл учруулсан. Би эмнэлэгт хэвтээгүй. Гэрээр эм тариагаар эмчилсэн. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг баарнаас гараад явж байтал манай байрны доод давхарт амьдардаг залуу таарсан. Тэгэхээр нь би түүнд чи яахаараа хаалга үүд цохиод эхнэр хүүхэд айлгаад байдаг юм бэ гээд бид хоёр зодолдсон. Надтай хамт явж байсан хүмүүс бүгд явчихсан байсан юм. Доод давхарын залуу бид хоёр зодолдож явсаар байгаад байрны үүдэн дээрээ ирсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Ямар ч байсан бид хоёр зодолдоод л байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би харих гэж явж байгаад Золжаргалтай таараад бид хоёр маргалдаад зодолдсон гэжээ. /хх-ийн 20/
Хохирогч З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би 22.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэрийг нь мэдэхгүй караоке бааранд сууж байтал үл таних 2 залуу уг бааранд хүнтэй маргаад байсан. Тэгтэл баарны хүмүүс манайх хаалаа гар гээд бүгдийг нь гаргасан. Энэ үед намайг гарах гэтэл баарны бармен залуу та жоохон байж байгаад гараа наад хүмүүс чинь гадаа гараад хаашдаа зодолдоно гэсэн. Би 30 орчим минут болоод гартал бааранд маргаан үүсгээд байсан 2 залуу баарны хойно сууж байгаад намайг дуудсан. Тэгээд чи чинь энэ хойд байрны 4-н давхарт амьдардаг залуу мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн. Гэтэл үгийн зөрүүгүй намайг шууд зодсон. Намайг зодож байхдаа чи муу манай эхнэрийн дүүг дарамталдаг хэн бэ гээд байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Манай дээд давхарын айлын залуу байсан. 3 сарын орчим байх манай дээд талын айл пижигнээд байхаар нь би ороод яасан их чимээтэй амьдардаг юм бэ гэж хэлсэн. Үүнээс л болсон байх. Эдгээр2 залуу намайг тэвэрч унагаагаад толгой руу өшиглөж үсдэж шавартай газраар чирсэн. Би цагдаа дуудаад гэрт нь яваад ортол дүү нь гэх залуу цагдаагийн хажууд миний баруун гуянаас хазсан. Би гомдолтой байна гэжээ. /хх-н 16-19/, /хх-н 52-54/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: С.З цамц, гар утас, малгай, нүдний шил зэргийг үнэлсэн байна нийт 732.000 төгрөгөөр үнэлсэн байна./ хх-н 10-11/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 17-ны орой би нөхөр А болон А нэг найзын хамт Газарчин дээд сургуулийн орчимд байдаг бааранд сууж байгаад баарнаас гарсан. Би шууд гэртээ харьсан. Манай нөхөр А найз болон түүний эхнэртэй юм яриад үлдсэн. Намайг гэртээ ороод байж байтал А бүр орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гартал А манай доод давхарын нэг залуутай зодолдож байсан. Би тэр хоёрыг салгаад нөхрөө аваад гэртээ орсон. Гэртээ ороод унтаж байтал З манайд цагдаатай орж ирсэн. Намайг гараад тэр хоёр дээр очиход А гарнаас, З амнаас цус гарсан байсан. А бид хоёр гэр бүл болоод 10 орчим жил болж байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Манай нөхөр А уулнаас эмийн ургамал түүж хүмүүст бөөндөж зардаг юм. Манай нөхөр үг дуу цөөтэй, хааяа л архи уудаг юм гэжээ. / хх-н 24-25/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 12,28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 10638 тоотын дүгнэлт:
1.С.З биед баруун чамархай, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугуй, баруун бугалганд цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд зулгаралт, баруун гуянд цус хуралт, 2 гарын тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-31/
Эрэн сурвалжлах ажиллагааны баримтууд /хх-н 32-37
Н.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-51/
Н.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43/ /хх-н 38/ зэрэг болно.
Н.А нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай эхнэр хүүхдийг дарамталлаа гэсэн зүйлээр шалтаглан С.З нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
С.З биед баруун чамархай, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугуй, баруун бугалганд цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд зулгаралт, баруун гуянд цус хуралт, 2 гарын тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10638 тоотын дүгнэлт /хх-н 29/
Хохирогч З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Тэгээд чи чинь энэ хойд байрны 4-н давхарт амьдардаг залуу мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн. Гэтэл үгийн зөрүүгүй намайг шууд зодсон. Намайг зодож байхдаа чи муу манай эхнэрийн дүүг дарамталдаг хэн бэ гээд байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй. Манай дээд давхарын айлын залуу байсан. Эдгээр 2 залуу намайг тэвэрч унагаагаад толгой руу өшиглөж үсдэж шавартай газраар чирсэн. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 52-54/
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … А бүр орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гартал А манай доод давхарын нэг залуутай зодолдож байсан. Би тэр хоёрыг салгаад нөхрөө аваад гэртээ орсон. Намайг гараад тэр хоёр дээр очиход А гарнаас, З амнаас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг/ хх-н 24-25/
Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. би түүнд чи яахаараа хаалга үүд цохиод эхнэр хүүхэд айлгаад байдаг юм бэ гээд бид хоёр зодолдсон. Надтай хамт явж байсан хүмүүс бүгд явчихсан байсан юм. Доод давхарын залуу бид хоёр зодолдож явсаар байгаад байрны үүдэн дээрээ ирсэн. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Ямар ч байсан бид хоёр зодолдоод л байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Н.А нь баарнаас гарч яваад өөрийн байранд хамт амьдардаг С.З тааралдаад манай эхнэр хүүхдийг дарамталдаг хэн юм бэ гэж хэлж маргаан үүсгэн улмаар түүнийг зодож баруун чамархай, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугуй, баруун бугалганд цус хуралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруул, доод уруулд зулгаралт, баруун гуянд цус хуралт, 2 гарын тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Н.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогчид эмчилгээний зардал болох 782.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Н А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4 . Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Н.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН