Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/603

 

                                                   О.Бат-Өлзий, С.Олзгэрэл нарт

             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч С.Олзгэрэл,

шүүгдэгч О.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/0309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Олзгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарт холбогдох эрүүгийн 2308033212242 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Үст овгийн Санжаасүрэнгийн Олзгэрэл, 2003 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн коллежид 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГЮ03220512/,

Их Мэргэд овгийн Оюунцэцэгийн Бат-Өлзий, 1996 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ТА96022519/,

С.Олзгэрэл нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр О.Бат-Өлзий, М.Түмэнбаяр, А.Урангоо нартай “яасан муухай хардаг юм” гэх үл ялиг шалтгааны улмаас маргалдаж улмаар А.Урангоогийн толгой руу өмдний тэлээгээр цохиж, зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтлүүдийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

О.Бат-Өлзий нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай дээр Ч.Батмягмар түүний найз С.Олзгэрэл, Гантогтох нартай үл ялиг шалтгааны улмаас маргалдаж улмаар Ч.Батмягмарын нүүр хэсэгт цохиж, түүний биед зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний дээд зовхи, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, чамархай, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Бат-Өлзийд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Олзгэрэлд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Өлзийд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Олзгэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Олзгэрэлээс хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1,199,900 /нэг сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Урангоод олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Олзгэрэлээс 643,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Олзгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн хувьд маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлж үзэхийг хүсэж байна. Би *** 3 дугаар дамжаанд суралцдаг оюутан. Ам бүл 2, өндөр настай /75 нас/ эмээгийнхээ хамт амьдардаг. Би энэ жил сургуулиа төгсөхөөр мэргэжлийн шалгалт өгч, ажил амьдралын гараа минь эхлэх гэж байгаа. Хэрэв би нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлбэл сургуулиасаа хасагдах ёстой болж байна. Өндөр настай эмээг минь өөр харж хандах хүнгүй. Би энэ сургуулийнхаа шалгалтад орж, мэргэжилтэй, ажилтай болж, эмээгээ асрах ёстой байгаа юм. Иймд миний амьдралын нөхцөлийг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. Миний бие дадлагын ажлаараа цалин хөлстэй болсон учир оногдуулсан торгуулийг бүрэн төлж  барагдуулна. Мөн хохирогчийн эрүүл мэндийн зардал болох 1,199,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно.  ...Би өмгөөлөгч авах гээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Тэгээд хүмүүсээс зөвлөгөө аваад өмгөөлөгч авах мөнгөө хохирогчдоо өгөөд хохирол төлбөрөө барагдуулж, 1,199,900 төгрөгөөс гадна өөр хохирол төлбөр байгаа учраас хохирлоо барагдуулъя гэж шийдсэн. ...” гэв.

Шүүгдэгч О.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд “Хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч О.Бат-Өлзийгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч С.Олзгэрэлийн гаргасан гомдолд сайхан амьдармаар байна, эмээгээ асармаар байна гэсэн боловч бусдын зөрчигдсөн эрхийг яаж сэргээх, хохирол төлбөрийг яаж төлж барагдуулах талаар гомдолд дурдсан зүйл байхгүй. Шүүгдэгч С.Олзгэрэл гэм буруугаа хүлээж, гэмшиж байна гэсэн атлаа бодит байдал дээр тийм зүйл харагдахгүй байна. Тухайлбал, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулчхаад ял хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан бол өөр асуудал юм. Гэтэл С.Олзгэрэлийн гаргасан гомдол хуульд заасан давж гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарт оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч С.Олзгэрэлийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

О.Бат-Өлзий, А.Урангоо, М.Түмэнбаяр нар нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбайд С.Олзгэрэл, Ч.Батмягмар, н.Гантогтох нартай тааралдан, үл ялих шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч О.Бат-Өлзий нь Ч.Батмягмарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний дээд зовхи, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, чамархай, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Олзгэрэл нь А.Урангоогийн толгой руу нь өмдний тэлээгээ гартаа ороож цохисны улмаас түүний эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч А.Урангоогийн “... Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны хажууд байдаг GS 25-аас Түмэнбаяр, манай нөхөр Бат-Өлзий бид гурав нэг нэг лаазтай пиво аваад 20 дугаар байрны дунд байдаг тоглоомын талбайн хажуу талын сандал дээр бид гурав юм ярьж суугаад пиво ууж байсан. Тэгтэл 20 дугаар байрны аркнаас гурван залуу гарч ирсэн бөгөөд хажуугаар зөрөхдөө манай нөхөр Бат-Өлзий болон Түмэнбаяр нарт хандаад тухайн залуучууд “яагаад муухай хараад байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл тэр үл таних гурван залуу Түмэнбаяр болон Бат-Өлзий нартай маргалдаад зууралдаад байхаар нь би дундуур нь салгах гээд ортол шар хантаазтай залуу нь намайг 2-3 алгадахаар нь миний бие газарт унасан. Тухайн залуучууд зугтаагаад яваад өгсөн. Тэгтэл тэр залуучуудын том биетэй, хар хувцастай нь буцаж эргэж ирсэн. Би тухайн үед ганцаараа үлдсэн байсан. Тэгтэл тухайн хар хувцастай том биетэй нь буцаж ирэхдээ гартаа тэлээгээ ороосон байсан ба шууд над дээр ирснээ шууд миний толгой руу 2-3 удаа тэлээтэй гараараа цохисон ба миний толгойноос цус гараад шууд газарт унасан. Тухайн залуу над руу хараад инээгээд байсан. ...Манай нөхөр О.Бат-Өлзий түүний найз Түмэнбаяр мөн үл таних хоёр залуугийн хамт надаас 4-5 алхмын зайд хэрүүл маргаан хийж байх үед миний толгойны орой хэсэгт хатуу юмаар нэгээс хоёр удаа цохих үед нь би эргээд харсан чинь тухайн үл таних хоёр залуутай хамт явж байсан хар өнгийн хувцастай залуу баруун гартаа тэлээгээ ороосон байдалтай зогсож байсан. ...” /хх 10-11, 12, 95-96/,

хохирогч Ч.Батмягмарын “...Тухайн үед авсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусаад бүгд гэр гэртээ харих гээд явж байсан чинь бид гурвын хажуугаар хоёр эрэгтэй, нэг эмэгтэйн хамт гарч байсныг санаж байна. Ойр орчмоо анзаарч харсан чинь тухайн хоёр залуутай хамт явж байсан эгчийн толгой хагарчихсан их хэмжээний цус гарч байсан. ...Миний биеийн толгой өвдөж байсан ба зүүн шанаа хөхрөөд хавдчихсан, мөн хамраас цус гарч байсан. Намайг ухаан ороход дээгүүрээ цээж нүцгэн 25-30 орчим насны эрэгтэй баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж байсан. ...Тухайн асуудал болсны дараа цагдаагийн хэлтэс дээр ирэх үед миний дээр гарч миний зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохиж байсан ах тухайн толгойгоо хаглуулдаг эгчийг хайраа гэж дуудаад байсан. Мөн сүүлд цагдаагийн хэлтэс уулзаад намайг зодож цохиж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ахыг Бат-Өлзий гэдгийг сүүлд мэдэж авсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир болсон асуудлын заримыг сайн санахгүй байна. ...” /хх 18-19, 99-100/,

гэрч М.Түмэнбаярын “...15 дугаар хорооны хажууд байрлах сандал дээр суугаад авсан архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж байсан чинь үл таних гурван залуу бид гурвын хажуугаар зөрөхдөө бид гурвыг яасан муухай хардаг юм гэх мэтээр хэрүүл маргаан хийж эхэлсэн ба ягаан өнгийн малгайтай цамцтай залуу Урангоог баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа алгадсан чинь манай найз Бат-Өлзий чи боль гээд голоор нь орсон. Би тухайн залуучуудаас уучлалт гуйгаад хэрүүл маргаан, зодоон цохион хийхгүй салъя гэж хэлсэн чинь хар өнгийн куртиктэй махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлаад та нартай зодолдъё гээд Бат-Өлзий рүү дайрахаар нь би голоор нь ороод салгасан ба тэр хооронд ягаан өнгийн малгайтай залуу манай найзын эхнэр Урангоог баруун гараараа барьж аваад татсан чинь түүний найзууд нь намайг хоёр талаас цохиод байсан. Манай найз Бат-Өлзий хүрч ирээд цагаан куртиктэй залууг бариад авсан чинь хар өнгийн куртиктэй залуу нь зугтаагаад яваад өгсөн. Би ягаан цамцтай залууг хоёр гараараа цээжин хэсэгт нь нэг удаа түлхсэн замын хашлаганд тээглээд хойшоо унасан чинь Урангоо гэнэт орилохоор нь харсан чинь Урангоогийн нүүр ам нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Тэгсэн манай найз Бат-Өлзий уурлаад газар унасан залууг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь хоёр удаа цохиж харагдсан. ...Урангоог гэнэт орилохоор орилсон зүгт нь харсан чинь хар өнгийн куртиктэй залуу баруун гартаа тэлээгээ барьчихсан байсан. ...Тухайн залуу Урангоог баруун гараараа гурван удаа алгадсан чинь Урангоо газар суучихсан ба төд удалгүй гэнэт орилоод толгойноос их хэмжээний цус гарч байхыг манай найз Бат-Өлзий хараад ягаан өнгийн малгайтай залууг эхнэр Урангоогийнхоо толгойг хагалсан гэж бодоод баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь хоёр удаа цохисон гэж сүүлд надаа хэлж байсан. ...” /хх 28-30/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13471 дугаартай “...А.Урангоогийн биед зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13537 дугаартай “...Ч.Батмягмарын биед зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний дээд зовхи, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, чамархай, дээд уруул, зүүн сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 45-46/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 50-55, 56-67/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс, шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх 3/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс С.Олзгэрэл, О.Бат-Өлзий нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, шүүгдэгч О.Бат-Өлзийд тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ял, шүүгдэгч С.Олзгэрэлд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Олзгэрэл “...техник технологийн коллежийн 3 дугаар курст суралцдаг оюутан, ам бүл 2, өндөр настай /75нас/ эмээгийнхээ хамт амьдардаг, хохирогчид учирсан хохирлоос 1,199,000 төгрөг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг иш татаж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Олзгэрэлээс хохирогч А.Урангоогийн эрүүл мэндийн хохиролд 1,199,900 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч А.Урангоод олгуулахаар, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 643,000 /зургаан зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар тус тус заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх явцад шүүгдэгч С.Олзгэрэлээс хохирогч А.Урангоогийн эрүүл мэндэд учирсан хохирол болох 1,200,000 төгрөгийг нөхөн төлсөн,  сэтгэцэд учирсан хохирол болох 2,750,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирол болох 643,000 төгрөгийг тус тус нөхөн төлөөгүй байна. 

Нөгөөтээгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймд, анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч С.Олзгэрэлийн хохирогч А.Урангоог тэлээгээр толгой руу нь 2-3 удаа ороолгож цохисон үйлдэл, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Олзгэрэлийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/0309 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Олзгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                    ШҮҮГЧ                                                             Т.ШИНЭБАЯР

                    ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА