| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2024/0778/З |
| Дугаар | 128/ШШ2025/0892 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0892
2025 12 03 128/ШШ2025/0892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, шүүгч Д.Халиуна, Г.Цэрэндэжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК /РД/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,
Хариуцагч: Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У нарын хоорондын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийг нөхөн олгох шийдвэр гаргуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, иргэдийн төлөөлөгч Х.М******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Тус шүүхэд М******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгуулах гэж тодорхойлсон байна.
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.Нэхэмжлэгч М******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 11-ээс 30-ны өдөр хүртэлх, 2023 оны 07 дугаар сар, 2023 оны 08 дугаар сарын үнийн хөнгөлөлтийн үнийн нэхэмжлэхээ амралтын өдөр таарсан учир 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс рүү илгээсэн. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас төлбөр тооцооны өглөг авлага байхгүй тооцоогүй гэсэн хариуг өгч, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд гомдол гаргаж, татгалзсан хариуг өгсөн байна.
1.2.М******* ХХК-иас шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 128/ШЗ2024/7804 дугаар шүүгчийн захирамжаар 128/2025/0778/з индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
1.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргасан Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэж, тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/1007 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
1.4.Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 128/ШШ2024/1007 дугаар тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 128/ШШ2024/1007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрших Моносын эмийн сангуудыг хариуцан ажиллуулдаг бөгөөд Этай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөргөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ирсэн.
2.2.Дээрхи харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7, 3.1.8, 9.1.7 дахь заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг бөгөөд "Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах" тухай гэрээний 2.4.4 дэх заалтын дагуу тухайн сарын хөргөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны дотор Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст цаасан хэлбэрээр, мөн цахим хаягаар хүргүүлж эмийн үнийг авдаг журамтай.
2.3.Манай компани Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний 2.2.3-т заасны дагуу "М******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхийг 2023 оны 07 дугаар сарын нэхэмжлэхтэй хамт 08 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлэх ёстой журамтай боловч амралтын өдөр таарсан учир Захиргааны ерөнхий хуулийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэхийг хүргүүлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн даатгалын хэлтэс тухайн үедээ хугацаа хоцроосон шалтгаанаар хүлээн аваагүй болно. Энэ талаар тухайн үед Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс асууж тодруулахад тухайн үедээ олгоно гэж хэлж байсан боловч одоо болохоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ямар хамааралгүй огт өөр хариу буюу төлбөр тооцооны өглөг авлага байхгүй тооцоогүй гэсэн хариуг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр өгч байна.
2.4.Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг үндэслэн Этай байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.3.1 дэх заалтын дагуу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ний өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөргөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 4,280,094 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 05/994 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож хариуцагчаас дээрхи мөнгийг нөхөн гаргуулахыг даалгаж өгнө үү.
2.5.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32024/6466 дугаартай захирамжийн дагуу дээрхи асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандсан боловч гомдлыг хангахгүй гэсэн хариуг ирүүлсэн тул дахин нэхэмжлэлээ гаргаж байгаа бөгөөд уг хэргийн баримтыг өмнөх хэргээс бүхэлд нь хуулбарлан хэрэгт хавсаргаж өгнө үү... гэжээ.
2.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М******* ХХК-ийн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах М******* эмийн сантай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулан ажиллаж байсан байна.
2.7.Тус байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ (цаашид гэрээ гэх)-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ гэж зааснаар тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагатай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулан уг гэрээний дагуу иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам"-ыг мөрддөг байсан байна.
2.8.Тус журмын 3.4-т Энэхүү журмын хавсралтаар тодорхойлсон чанар, төлбөрийн хяналтын үйл явцын зураглал доторх хяналтын дэс дарааллыг дараах байдлаар тайлбарлана. Үүнд: 3.4.1-д "Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь эрүүл мэндийн байгууллага сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг илгээх үйл явцаар эхэлнэ". 3.4.2-т "Э нь эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авснаар нэхэмжлэлийн хяналт эхэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэл илгээх хугацааг Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээнд 2.4-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ. 2.4.4-т тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх-ээр тус тус заасан байна. Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2 дугаар зүйл Талуудын эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс 2.4. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичиг заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх; үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул гэрээний 2.1.7. дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах; 2.1.7.2-т гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл;" гэж тус тус заасны дагуу "М*******" ХХК нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ний өдрийн хооронд үзүүлсэн хөргөлттэй эмийн нэхэмжлэлээ хугацаандаа ирүүлээгүй нь Э нэхэмжлэлийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзэхээр байна.
2.9.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэхээр байгаа тул хууль, тогтоол, журамд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.10.Иргэдийн төлөөлөгч ...хариуцагчийн хариу тайлбар хэргийн материал зэрэгтэй танилцахад нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3.Хэргийн үйл баримтын тухайд:
3.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Этай ******* дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ажилладаг байна.
3.2.М******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 1,946,524 төгрөг, 7 сард хөнгөлттэй олгосон 2,333,570 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичгийг 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 28 минутад m******* цахим хаягаас u******* цахим хаяг руу хүргүүлсэнд хэргийн оролцогчид маргаагүй.
3.3.Харин нэхэмжлэгчээс дээрх 4,280,094 мн төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр цаасан хэлбэрээр өгсөн гэх боловч үүнийгээ нотлоогүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... тус компанийн албан хэрэг хөтлөлтийн баримт бичигт эх хувиар хадгалагдаагүй, ... 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг цаасаар өгсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын газрын 2023 оны ирсэн бичгийн дэвтэр Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт байхгүй гэдгийг тайлбараараа хэлж байна. Цаасаар өгсөн гэдэг нь нотлогдохгүй, өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. тус компани зөвхөн энэ сард нэхэмжлэл өгч байгаа юм биш, хэдэн жил гэрээгээр энэ үйл ажиллагааг эрхэлсэн, сар бүр нэхэмжлэлийг цахимаар ирүүлдэг ... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн 2023 оны 37 дугаартай албан бичиг, нэхэмжлэлийг цаасаар 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэдэг үйл баримт үгүйсгэгдэж байна.
4.Мөн түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны ******* дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ... 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг хэзээ хэрхэн хүргүүлэх ажиллагаа хийсэн ... 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар татгалзал нь нэхэмжлэгчийн хэдийд гаргасан хүсэлтийн хариу болохыг тодруулах ... талаар дурдсан.
4.1.Үүний дагуу шүүх Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн баримт бичигт шүүхийн даалгавар биелүүлэх журмаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч үзлэг хийсэн тэмдэглэл болон тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн тайлбар зэргээс үзэхэд, М******* ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичиг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирүүлээгүйг тайлбарласан, 2023 оны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр байхгүйг тэмдэглэж, түүнчлэн М******* ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай огнооны хувьд сар, өдөр нь өөр, дугаарлалт нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигтэй ижил, бичгийн агуулга нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 1,946,524 төгрөг, 7 сард хөнгөлөлттэй олгосон 2,333,570 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлийг хүргүүлсэн албан бичгийг хавсаргаж ирүүлжээ.
4.2.Дээрх огнооны зөрүүтэй албан бичгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ... ийм огноотой албан бичиг байхгүй, техникийн алдаа гарсан байх гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
4.3.Эт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хандсан, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд, мөн зүйлийн 3.1.8-д Даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг; гэж заасан.
6.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид гэрээ гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ. гэж, мөн зүйлийн 10.2-т Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна. гэж тус тус зохицуулжээ.
7.Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу Этай ******* дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-г 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан.
8.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар нэгэнт иргэдэд үйлчилгээгээ үзүүлсэн, эмийг хөнгөлөлттэй олгосон, нэхэмжлэхээ 08 дугаар сард багтаан хүргүүлсэн байтал хариуцагчаас гэрээний 2.4.4-т заасан өөр зохицуулалттай заалтаар нэхэмжлэлийн хугацаа хэтрүүлсэн гэж үзээд хүлээж авахаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Гэрээний 2.4.4-т сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх гэсэн. 2.4.7-д дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган гэж байна. Дараа сарын нэхэмжлэлээ хэзээ ирүүлэх ёстой юм гэхээр дараа сарынхаа 5-ны дотор ирүүлэх ёстой. Мөн гэрээний 2.4.4-д тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр сар бүрийн 5-ны өдрийн дотор хүргүүлэхээр байгаа болохоос цаасаар нэхэмжлэлээ илгээж болно гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын байгууллага зөвхөн цахимаар нэхэмжлэлийг хүлээн авдаг ... гэж тус тус маргаж байна.
9.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно. гэж заасан.
10.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгохоор зохицуулсан байх боловч тухайн гүйцэтгэлийг харилцан бие биедээ хэрхэн илгээх, хэрхэн тооцох талаарх журмыг талууд ******* дугаартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ-гээр тохиролцсон байна.
11.Уг гэрээний 2.4-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: гээд, мөн зүйлийн 2.4.4-т тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх; гэж талууд тохиролцсоноос үзэхэд, нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарыг дуусталх хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 4,280,094 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариуцагчид цахимаар хүргүүлэх ёстой атал 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 28 минутад m******* цахим хаягаас u******* цахим хаяг руу илгээсэн байгаа нь гэрээний үүргээ зөрчсөнд тооцогдоно.
12.Мөн гэрээний 2.4.7-д төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх; гэж заасныг нэхэмжлэгчээс тайлбарлахдаа энэ заалтад тодорхой өдөр заагаагүй, дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх гэж заасан тул 8 дугаар сардаа багтааж илгээнэ гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.
13.Учир нь, гэрээний 2.4.7-д заасан зохицуулалт нь Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хэзээ нэхэмжлэлээ хүргүүлэх талаарх хугацааг тодорхойлохдоо дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэхдээ гэрээний 2.4.4-т заасан сар бүрийн 5-ны дотор гэх хугацаанд багтааж хүргүүлэхийг ойлгоно.
14.Гэрээний 2.1.7.2-т гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл; гэдэгт энэхүү маргааны үйл баримт хамаарах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзахаар гэрээний 2.1.7-д заасны дагуу санхүүжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг 11-ний өдөр цахимаар хүргүүлэхдээ хоцроосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргаагүй, мөн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримт байхгүй талаар тайлбарласан тул хариуцагчийг гэрээний 4.2-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ. гэж зааснаар хоцроосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг харгалзаагүй гэж буруутгахгүй.
16.Түүнчлэн, нэхэмжлэгч М******* ХХК нь тухайн маргаанд хугацаанаас өмнө нь ч энэ үйл ажиллагааг эрхэлж, жил бүр гэрээ байгуулж, сар бүр үйл ажиллагааны зардлын нэхэмжлэлийг илгээдэг байсан, тухайн жилүүдэд санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлийг хэдийд хүргүүлэх гэрээний заалтыг зөрчиж байгаагүй гэх атал, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарыг дуусталх хугацааны нэхэмжлэлийг 8 дугаар сардаа багтаасан нь хугацаа хожимдуулаагүй гэх тайлбарыг гэрээний заалтыг буруу ойлгосноос шалтгаалсан гэж үзэж хүлээн авах боломжгүй. Мөн М******* ХХК-ийн нягтлан бодогч нь маргаанд хамаарах хугацаанаас тодорхой хэдэн сарын өмнө ажилд томилогдсон, тодорхой саруудын тайлан, нэхэмжлэхийг хүргүүлсэн байгааг, энэ нь хариуцагчийн нэхэмжлэлийг хянахаас татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
17.Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн дотор цахимаар хүргүүлэх ёстой атал 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим шуудангаар хугацаа хэтрүүлсэн үйлдэлдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлоогүй тул гэрээний 4.2-ийг хэрэглэх боломжгүй юм.
18.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлийн талаар:
18.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаанд хамаарах хугацааны нэхэмжлэхийн талаар 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эт хандаж, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэхийг хянахаас татгалзсан нь үндэслэлтэй талаар хариу хүргүүлсэн, өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага гомдол хянахдаа гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гээгүй, гомдлын үндэслэлийг хянаад хариу өгсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг энэ хугацаанаас тооцно.
18.2.Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 6466 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд хандах нь зүйтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл 2024 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай албан бичгээр хариу өгч, улмаар М******* ХХК 2024 оны 9 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл дахин гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн аваагүй.
18.3.Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан болно.
18.4.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-ийн гаргасан Этай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4,280,094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД