| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0664/э |
| Дугаар | 0719 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 0719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Б.Ганбулган, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогч Д.П, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэгт З овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806017930482 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Б Б, 19 оны 6 дугаар сарын 01-ний өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тоотод буюу байнга үйлдэж эхнэр Д.П толгойн тус газар нь 2 удаа өшиглөж зодсон,
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 07, 2018 оны 3 дугаар сарын 12, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд байнга агсан согтуу тавьж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл алга байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв тайлбар өгч байсан гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 17-ны өглөө эхнэрийн дүү нар манайд ирээд бид хэд хамт нийлээд айлд очсон. Орой нь 21.00 цагийн орчимд бүгдээрээ манайд ирсэн. Ирэх замдаа Мишээл дэлгүүрээс 1 шил архи авсан. А, Х, П бид 4 авсан архиа ууж байгаад би гэнэт эхнэртээ уурласан юм шиг байсан. Тэгээд цаашаа нь юу болсоныг санахгүй байгаа юм. Маргааш нь нэг найзындаа очоод золгочихоод явж байгаад цагдаад эрүүлжүүлэгдсэн. Би юунаас болоод маргаан гарсан талаар сайн мэдэхгүй байгаа юм. Учир нь би их согтсон байсан. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өглөө гэрээсээ гарахдаа эхнэрээ зодсон асуудал байхгүй. Эхнэр үглээд байхаар нь би гараад л явчихсан юм гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч Д.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн өглөө цагийг нь санахгүй байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо сургуулийн тоот гэртээ унтаж байхад Б миний баруун, зүүн шанаа руу 2 удаа өшиглөж, шилтэй архи хаана байна гээд над руу дайраад байхаар нь би гэрээсээ гараад зугтаачихсан юм. Би гэрээс гарахдаа нүцгэн хувцасгүй, дотоож фудволктой гарч зугтаагаад хажуу айлын С эгчийн хашааны гаднаас дуудаад тэднийд орж түүний хувцаснаас өмссөн. С эгч Бд ийм асуудал гаргаж байхаа болиоч гэдгийг хэлсэн чинь үг дуугарахгүй байсан. С эгч цагдаад дуудлага өгсөн. Б намайг байнга гэр бүлийн хүчирхийлэлд оруулдаг. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тэр гэрийнхээ зурагтыг хулгайлсан асуудлаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр надад агсам тавьж цагдаад 2 удаа баригдсан. Би энэ хүн дээр хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэжээ. /хх-н 46-61/
Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр буюу цагаан сараар 15.00 цагийн орчимд Б ахын гэрт очиж золгосон. Б ах гэртээ нилээн халамцуу байдалтай байж байсан. Б ах танай машинд суугаад 2 айлаар ороодхий гэхээр нь зөвшөөрөөд бид нар Нисэх, Чингэлтэй рүү 2 айлд очсон. Орой 23.00 цагийн орчимд Б ахынд ирсэн. Ах замдаа явж байхдаа та нар манайд хонож байгаагүй юм чинь хоноод яв гээд замаасаа нэг шил архи авсан. Манай нөхөр А машин барьж явж байсан болохоор архинаас уугаагүй. Тэгээд архи уугаад сууж байтал Б ах юу ч хэлэлгүй шууд П эгчийг алгадсан. Тэгэхээр нь би та яахаараа дандаа эгчийг ингэж дарамталж байдаг юм бэ бид нар явлаа гэсэн чинь за за зүгээр хоноод яв гэсэн. Нөхөр бид хоёр тэднийд хонолгүй явсан. Ер нь Б ах П эгчийг байнга хардаж агсам согтуу тавьдаг юм гэжээ. / хх-н 62-63/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 22-23 цагийн үед нагац эгч П манай гэрт ирээд Бэ согтуу агсам тавиад байна гээд манайд ирээд намайг гэрт очоод хүүхдүүд яаж байна хараад ир гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Б хамт П эгчийн гэрт очиход Б ах 4 хүүхэдтэйгээ байж байсан. Хүүхэд нь хоолоо хийж байсан. Б ах П хайчсан юм бол гээд гэрээсээ гараад нилээд байж байгаад орж ирэхдээ нэг шил архи барьчихсан нилээн согтуу орж ирсэн. Тэгээд авчирсан архиа уучихаад хашаан дотроо гараад орилоод байсан. Тэгээд дуугүй болохгүй байсан болохоор нь цагдаа дуудуулсан. Энэ хоёр 2001 онд гэр бүл болж дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн. Б ах эгчид байнга агсам согтуу тавьдаг. Манай эгч зах дээр ажиллаж гэр орныхоо амьдралыг авч явж байгаа юм. Тэдний амьдрал бол тааруухан. Б ах архийг байнга уудаг. Уусан үедээ догшин ширүүн зантай, архи уугаагүй үедээ дуу ч гарахгүй дотуур тамиртай, хүн чанар муутай хүн гэжээ. / хх-н 65-66/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 21.00 цагийн орчимд Б ах Б ахын гэрт 0.5 граммын 1 шил архитай ирээд талыг нь уусан. Би Б ахыг согтсон болохоор гэрт нь 22.00 цагийн орчимд хүргэж өгсөн. Тэдний гэрт Пэгч, Б, Х Х нарын охидууд нь байсан. Б ах согтчихсон байсан болохоор П эгчийг дуудаад байсан. П эгч гэрээсээ гараад явсан. Гэрээсээ гарсаныг нь ах хараагүй байх. Тэднийд ороод бид хоёр хоол идсэн. Б ах сандал бариад П гээд орилхоор нь би сандалыг нь аваад аргалж байгаад оронд нь оруулаад хэвтүүлсэн. Тэгээд тэднийхээс гартал П эгч амбаарын хажууд нуугдаад сууж байсан. Би юу хийж байгаа юм бэ гэхэд ах чинь согтчихоороо намайг дуудаад агсам согтуу тавиад байдаг юм чи одоо яв яв гэсэн. Намайг явж байхад надтай цагдаагийн машин зөрсөн. Гэтэл Б ахын хашааны үүдэн дээр зогссон. Намайг холоос харж байхад Б ахыг цагдаа дагуулаад машиндаа суулгасан. Би эргэж ирээд гэрт нь ороход П эгч цагдаад юм хэлээд байсан юу хэлсэнийг нь би сонсоогүй. Би тэгээд л гэрлүүгээ явчихсан юм. Намайг гэрт нь ороход цагаан өнгийн хуванцар сандал хагараад бутраад уначихсан байсан гэжээ. / хх-н 73-74/
Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бэ, П нар нь миний хариуцдаг хороонд амьдардаг юм. Б нь гэр бүлийн хүчирхийллийн судалгаанд авагдсан байдаг юм. Би 2017 оны 11 дүгээр сараас Б мэддэг болсон. Бэ байнга архи ууж гэр орондоо түгшүүр төрүүлж догшин авирлаж агсам согтуу тавьж, эхнэр П зоддог. Эхнэр нь байнга цагдаагийн байгууллагад ханддаг юм гэжээ. / хх-н 77/
Гэрч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б ноднин манай хажуу талын хашаанд нүүж ирсэн юм. Бид нэг нутгийн хүмүүс түүнээс хамаатан садан биш юм. 2018 оны 2 дугаар сарын 18-ны өглөө 07.-08 цагийн орчимд байх Б эхнэр П хашааны гаднаа С эгчээ гэж дуудаад байх шиг болсон. Тэгэхээр нь гараад хартал П хүйтэнд фудволктой, куртиктэй зогсож байсан. П нөхөр зодохоор нь гүйгээд гараад ирлээ гэж хэлэхээр нь би П дагуулаад гэрт нь ороод нөхөр Б нь загнасан ба тэр даруйдаа цагдаа дуудсан. Би тэр айлд зодоон нүдээн болоод байгааг нь харж байгаагүй. Хааяа хашаан дотроо орилж л байдаг юм байлаа. Б архи уухгүй бол их сайн залуу байгаа юм гэжээ. / хх-н 79-80/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Бэ, П хоёр бол манай хажуу хашааны айлын хүмүүс юм. Манайх энэ хашаанд 2009 онд анх буусан. Б 1 жилийн өмнө манай хажуу хашаанд ирж буусан. Би Бг багаас нь мэднэ. Бид хоёр нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Б айлын ганц хүү байгаа юм. Архи л уухгүй бол их сайн залуу байгаа юм. Би агсам согтуу тавьж байхыг нь хараагүй. Хааяа эхнэр П нь таархаар Б агсам тавиад гэж ярьдаг юм гэжээ. /хх-н 81-82/
Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 116-117/
Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-115/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 84/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 83/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод тус хорооны хэсэг Баатархайраханы тоотод оршин суудгийг тодорхойлсон байна, зөрчлийн талаарх баримтууд /хх-н 89-92/ зэрэг болно.
Б.Болор-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 07, 2018 оны 3 дугаар сарын 12-ны, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрүү тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.П байнга агсан согтуу тавьж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Хохирогч Д.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Бэ миний баруун, зүүн шанаа руу 2 удаа өшиглөж, шилтэй архи хаана байна гээд над руу дайраад байхаар нь би гэрээсээ гараад зугтаачихсан юм. Би гэрээс гарахдаа нүцгэн хувцасгүй, дотоож фудволктой гарч зугтаагаад хажуу айлын С эгчийн хашааны гаднаас дуудаад тэднийд орж түүний хувцаснаас өмссөн. Б намайг байнга гэр бүлийн хүчирхийлэлд оруулдаг. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тэр гэрийнхээ зурагтыг хулгайлсан асуудлаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр надад агсам тавьж цагдаад 2 удаа баригдсан. Би энэ хүн дээр хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна гэсэн мэдүүлэг /хх-н 46-61/
Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … архи уугаад сууж байтал Б ах юу ч хэлэлгүй шууд П эгчийг алгадсан. Тэгэхээр нь би та яахаараа дандаа эгчийг ингэж дарамталж байдаг юм бэ бид нар явлаа гэсэн чинь за за зүгээр хоноод яв гэсэн. Ер нь Б ах П эгчийг байнга хардаж агсам согтуу тавьдаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/
Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …архиа уучихаад хашаан дотроо гараад орилоод байсан. Тэгээд дуугүй болохгүй байсан болохоор нь цагдаа дуудуулсан. Энэ хоёр 2001 онд гэр бүл болж дундаасаа 4 хүүхэд төрүүлсэн. Б ах эгчид байнга агсам согтуу тавьдаг. Манай эгч зах дээр ажиллаж гэр орныхоо амьдралыг авч явж байгаа юм. Тэдний амьдрал бол тааруухан. Б ах архийг байнга уудаг. Уусан үедээ догшин ширүүн зантай, архи уугаагүй үедээ дуу ч гарахгүй дотуур тамиртай, хүн чанар муутай хүн гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …тэднийхээс гартал П эгч амбаарын хажууд нуугдаад сууж байсан. Би юу хийж байгаа юм бэ гэхэд ах чинь согтчихоороо намайг дуудаад агсам согтуу тавиад байдаг юм чи одоо яв яв гэсэн. Намайг гэрт нь ороход цагаан өнгийн хуванцар сандал хагараад бутраад уначихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 73-74/
Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Б байнга архи ууж гэр орондоо түгшүүр төрүүлж догшин авирлаж агсам согтуу тавьж, эхнэр Пг зоддог. Эхнэр нь байнга цагдаагийн байгууллагад ханддаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 77/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …С эгчээ гэж дуудаад байх шиг болсон. Тэгэхээр нь гараад хартал П хүйтэнд фудволктой, куртиктэй зогсож байсан. П нөхөр зодохоор нь гүйгээд гараад ирлээ гэж хэлэхээр нь би Пг дагуулаад гэрт нь ороод нөхөр Б нь загнасан ба тэр даруйдаа цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх-н 79-80/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.Б нь 2016 оноос эхлэн архи ууж эхэлсэн бөгөөд согтуу ирэх болгондоо эхнэртээ агсан тавьж байнга хэл амаар доромжилж , эд зүйлсээ авч шиддэг, энэ байдлаас болж эхнэр хүүхдүүд гэр орноосоо дайжин зугатаж айлд очдог, гадаа гарч нуугддаг, гэр орондоо тайван байж чаддаггүй байдал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс харагдаж байна. Энэ байдал олон удаа давтагдаж цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлэгдэж энэ зөрчилдөө арга хэмжээ авагдаж байсан байна.
Иймд Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж эхнэр Д.П толгойн тус газар нь 2 удаа өшиглөж зодсон гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг шүүх байнга зодсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Б.Б нь согтуу ирэх болгондоо эхнэрээ болон хүүхдүүдээ зоддоггүй, согтуу ирэх үед нь эхнэр нь гэрээсээ гараад нуугддаг, хүүхдүүдээ дүүгийнхээ гэр лүү явуулдаг, өөрөө ч мөн очиж байсан талаараа хохирогч мэдүүлдэг. Энэ хугацаанд хоёр удаа цохисон, нэг удаа хамт архи ууж сууж байгаад нэг удаа алгадсан, мөн дараагийн удаа унтаж байхад нь архи нэхээд толгойн тус газар нь өшиглөсөн, үүнээс болж ямар нэгэн гэмтэл учраагүй талаар хохирогч мэдүүлсэн байна. Нийтдээ хоёр удаа цохисон гэж мэдүүлж байгааг шүүх байнгын шинжтэй гэж үзээгүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хохирогч Д.П нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.З овогт Б Б прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.З овогт Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Б.Б 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН