| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2408000670158 |
| Дугаар | 2024/ДШМ/643 |
| Огноо | 2024-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/643
Г.Батбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Намдаг,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦТ/411 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Намдагийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Г.Батбаатарт холбогдох эрүүгийн 2408000670158 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бөхчүүд овгийн Гомбоцэрэнгийн Батбаатар, 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хот хооронд ачаа тээвэрлэдэг гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум *** дугаар баг, *** гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РЭ88113079/,
Г.Батбаатар нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг, “Урт жалга” гэх газраас зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8.6 куб метр, 250 шуудай, “Шинэс” модыг, “Ойн тухай хууль”-ийн 34.4 дүгээр зүйл Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаартай “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ын 6.6. дугаар зүйлд заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эмээлт” шалган нэвтрүүлэх постоор 23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Батбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Батбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.Батбаатарыг цагаатгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд хадгалагдаж байгаа 8.6 куб метр модыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт хүргүүлж, прокурорын 2024.04.02-ний өдрийн 08 дугаар “23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгсэл”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор А.Намдаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд “...гарал үүслийн бичиг бол байхгүй, гоожин нь Хөвсгөл аймагт байгаа...” “...би Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг “Тээл Дайргат ХХК”-иас /Т.Нармандах/ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 шуудай шинэс модыг 2500 төгрөгөөр бодож 250 шуудай мод хуралдаж авсан юм. Одоогоор мөнгийг нь төлөөгүй байгаа. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой Хөвсгөл аймгийн Жаргалант дээр мод болон малын мах, арьс ачаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа нэг хоноод эмээлтийн зах дээр малын мах болон арьс ширээ буулгачхаад 17 цагийн үед Улаанбаатар хот руу орох гэж Эмээлтийн постод ирэхэд цагдаа зогсоогоод ачаагаа шалгуулаарай гэсэн. Цагдаа ачааг шалгаад модны бичиг баримтуудыг үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед надад цагдаад үзүүлэх ямар ч баримт бичиг байгаагүй. Би 23-32 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр өмнө нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас мод модон материал /банз, торх/ зэргийг Улаанбаатар хот руу хэд хэдэн удаа буюу 5-10 удаа тээвэрлэж байсан. Мод тээвэрлэх үед тээвэрлүүлж байгаа хүн мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг өгч явуулдаг байсан. Уг нь бид мод тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ авна гэдгээ мэдэж байсан ч авалгүй гараад явсан... /хх-ийн 70-71х/,
“Тээл Дайргат” ХХК-иас 23-007858 дугаартай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд мод бэлтгэх, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд тээвэрлэх эрхийн бичиг /хх-ийн 30х/,
Тээл Дайргат ХХК-иас 250 шуудай мод нийт 500 000 төгрөгөөр худалдсан талаарх зарлагын баримт /хх-ийн 30х/,
гэрч Т.Нармандахын ...надад харуулсан 23007858 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, “Тээл Дайргат” ХХК-ийн зарлагын баримт би мэднэ. Энэ баримтуудыг Г.Батбаатарын аав н.Гомбоцэрэн 2023 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрийн үед байх Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байх гэрээс ирж гуйж байгаад аваад явсан. Г.Батбаатар манайхаас мод модон материал худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80х/,
шүүгдэгч Г.Батбаатарын дахин өгсөн: “...би өмнө нь “Тээл дайргат” ХХК-иас мод авсан гэж мэдүүлсэн байдаг энэ мэдүүлгийг өгөхдөө сандраад худал мэдүүлсэн. Би “Тээл дайргат” ХХК-иас мод аваагүй зүгээр модтой явж байгаад саатуулагдсан болохоор гарц хайж манай суманд ойн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй компаниас бичиг баримтыг нь гуйж байгаад авчихсан. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Урт Жалга гэдэг газраас 2023 оны 10 дугаар сарын дундуур буюу 10-20-ны өдрүүдэд найз Дэлгэрмөрөнгийн хамт бэлтгэсэн. Модыг 10 дугаар сарын 28-ны өдөр Дэлгэрмөрөнгийн Зил-131 машинаар 1 удаа тээвэрлэж өөрийн хашаа болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил хорооллын задгай тоот хаягт байрлах гэртээ буулгасан. Модоо Дэлгэрэнмөрөнгийн хамт түлээ болгож бэлтгээд Улаанбаатар хот руу тээвэрлэж яваад саатуулагдаж шалгагдаж байна...” /хх-ийн 75х/,
“...би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Урт жалга гэх газраас 8.6 куб метр буюу 250 шуудай “Шинэс модыг төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн болох нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 111/,
гэрч Ц.Энхсайханы “...2023 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрийн хугацаанд найз Г.Батбаатартай хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Урт Жалга гэх газраас мод бэлтгэсэн нь үнэн. Дээрх хугацаанд унанги мод бэлтгэсэн нь үнэн. Тэрнээс босоо нойтон, хуурай мод унагааж бэлтгэсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн *** сум дундын ойн ангийн инженер Ц.Амарбаясгалангийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн:
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** дугаар баг, задгай тоотод оршин суух Г.Батбаатарын амьдарч буй хашаанд байгаа мод шинэс хуурай мод байна. Шинжилгээ хийлгэж байгаа мод нь 3,024 куб метр түлээний мод байна. Тухайн мод түлээний хуурай мод байна... гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар,
шүүгдэгч Г.Батбаатар нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр, “Урт жалга” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нийт 11,624 куб метр шинэс модыг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, задгай тоотод оршин суух гэртээ түлээний мод болгон бэлтгэж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 8.6 куб метр буюу 250 шуудай шинэс модыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эмээлт” шалган нэвтрүүлэх постоор 23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь нотлогдсон, Г.Батбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 заалтад “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хамт бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг”, мөн хуулийн 3.1.2 “ойн сан” гэж эн хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг” хэмээн ойлгоно гэж тодорхойлсон байна. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлд “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаартай “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ын 6.6. дугаар зүйлд заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэж хуульчилсан ба Г.Батбаатарын ойн талбай бүхий орчноос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн 23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх постоор тээвэрлэж байгаа үйлдэл нь “зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжид хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд “...гарал үүслийн бичиг бол байхгүй, гоожин нь Хөвсгөл аймагт байгаа...” хэмээн мэдүүлж,
“Тээл дайргат” ХХК-ийн 23-007858 дугаартай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд мод бэлтгэх, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд тээвэрлэх эрхийн бичиг, зарлагын баримтын хамт мөрдөн байцаалтын шатанд гарган өгч мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн худал мэдүүлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Ариунтуяагийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт,
Хөвсгөл аймгийн Эрчимт Идэр сум дундын ойн ангийн инженер Ц.Амарбаясгалангийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон 1,624 куб метр шинэс модны хэмжээ зэрэг хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй Г.Батбаатарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Батбаатарын хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг шалгасны үндсэнд цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Прокуророос Г.Батбаатарыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр, “Урт жалга” гэх газраас зөвшөөрөлгүй бэлтгэсэн 8.6 куб метр, 250 шуудай шинэс модыг “Ойн тухай хууль”-ийн 34.4 дүгээр зүйл “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаартай “Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам”-ын 6.6. дугаар зүйлд заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ” гэх заалтуудыг тус тус зөрчиж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх постоор 23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Г.Батбаатарыг мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу буюу зөвшөөрөлтэйгөөр унанги, хуурай модыг бэлтгэж, тээвэрлэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, прокуророос Г.Батбаатар холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 113 дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийн үйл баримтыг ...зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8,6 куб метр, 250 шуудай Шинэс модыг тээвэрлэсэн... гэж тодорхойлсон ба анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үйл баримтыг дүгнэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэний улмаас 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 604 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд холбогдох хэргийг 30 хоногийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд “...ойгоос хожуул, унанги модыг цэвэрлэх зорилгоор түлээ бэлтгэсэн эсэх, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн эсэх, улмаар модны шинж чанар, түүнийг бэлтгэсэн арга зэргийг шалгаж тогтоох, холбогдох баримт бичгийг гаргуулж хэрэгт хавсаргах, байгаль хамгаалагч Батсайханыг гэрчээр асууж нөхцөл байдлыг тодруулах...” зэрэг ажиллагааг хийж ирүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн,
Шүүгчийн захирамжийн дагуу байгаль хамгаалагч Ч.Батсайхан гэрчээр мэдүүлэхдээ “...иргэн Г.Батбаатар галын түлшний гоожинг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Урт жалга гэдэг газар мод бэлтгэх гоожин бичиж олгосон. 2023 оны 11 дүгээр сарын эхээр бичиж өгсөн. Эрхийн бичиг дээр заасан хугацаа нь байгаа болно. Хяналтаа бол тавиад явж байсан. Өрхийн галын түлшний 10 мкв мод бэлтгэх эрхийн бичиг авсан...” /хх 179-180/,
Г.Батбаатартай хамт явж мод бэлтгэсэн гэх Д.Дэлгэрмөрөн гэрчээр мэдүүлэхдээ “...Унанги мод бэлтгэсэн нь үнэн. Тэрнээс босоо нойтон, хуурай мод унагааж бэлтгэсэн асуудал бол байхгүй. Манай нутагт 1996 онд их түймэр явагдаж ой хээр шатаж унасан. Нутгийн иргэд шатсан унасан хуурай модыг галын түлээнд хэрэглэдэг. Босоо хуурай мод газарт унаад олон жил болсон учир өмхөрсөн, хорхой идсэн түлээ байсан. Модыг ачиж Г.Батбаатарын хашаанд буулгасан. Тэр түлээгээ түлсэн үү яасныг би мэдэхгүй. Би мод бэлтгэхдээ Г.Батбаатараас гоожинтой эсэхийг асуухад гоожинтой гэж байсан. Ер нь бол айл өрх бүр сумын байгаль хамгаалагч өрхийн гоожинг авдаг. Жил болгон тушаадаг, хөдөөний айл бол малын тоогоор гоожингоо тушаадаг, суманд ийм зохицуулалттай байдаг. ...” /хх 183-185/ гэсэн мэдүүлгүүд тус тус өгсөн байх ба эдгээр мэдүүлгүүдийг давхар нотолсон Хөвсгөл аймгийн *** сум дундын ойн ангийн 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 02 дугаартай “...шинжилгээ хийлгэж байгаа мод нь 3,024 м3 түлээний мод байна...” /хх 86, 194/ гэсэн шинжээчийн дүгнэлт, ХӨА 23-049927 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /хх 195/, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ойн газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/177 дугаартай “...23-049927 тоот мод бэлтгэх эрхийн бичгийг Хөвсгөл аймгийн *** сум дундын ойн анги хүлээн авч Жаргалант сумын иргэн Г.Батбаатар (РД:РЕ88113079)-т түлээний модны төрлөөр 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон байна” гэх албан бичиг /хх 190/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Мөн хэргийн 40-42 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...23-32 ХӨА тээврийн хэрэгслийн тэвшинд хагалж түлээний зориулалтаар бэлтгэсэн 250 шуудай мод байна. Мод нь 8.6м3 хуурай мод байна...” гэж модны зориулалт, шинж байдлыг тодорхойлсон байна.
Хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Г.Батбаатар нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 09-ний өдрийн хугацаанд 10м3 шинэс модыг цэвэрлэгээний ажил, түлээний модний төрлөөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Урт жалга гэх газраас мод бэлтгэх 23-049927 дугаартай эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн, улмаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт шалган нэвтрүүлэх постоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хагалж түлээний зориулалтаар бэлтгэсэн 250 шуудай 8.6м3 шинэс модыг 23-32 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Г.Батбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэсэн объективын талын шинж үгүйсгэгдсэн, тэрээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгосон мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу унасан хуурай модыг цэвэрлэх замаар түлээний мод бэлтгэсэн байх тул түүнийг хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулах зорилгоор гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байх тул үнэн зөв, хууль ёсны гэж дүгнэж, хэргийн бодит байдлыг тогтоож, Г.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь гэм буруугийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд “...Г.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, 23-007858 дугаартай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд мод бэлтгэх, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1 хоногийн хугацаанд тээвэрлэх эрхийн бичиг /хх-ийн 30х/, Тээл Дайргат ХХК-иас 250 шуудай мод нийт 500 000 төгрөгөөр худалдсан талаарх зарлагын баримт /хх 30/, гэрч Т.Нармандахын мэдүүлэг /хх 79-80/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Батбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Прокурорын эсэргүүцэлд дурдсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарсан гэж тодорхойлсон цаг хугацаатай тохирохгүй, өөр хоорондоо зөрчилтэй, хэргийн үйл баримтыг тогтооход эргэлзээтэй байхаас гадна шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тохиолдолд үнэлэх боломжтой.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, Г.Батбаатараас өөрийнх нь холбогдсон хэргийн талаар удаа дараа гэрчээр мэдүүлэг авсныг хууль ёсны гэж үнэлэх, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхгүй.
Түүнээс гадна прокурор нь яллах дүгнэлт дурдсан “...зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8,6 куб метр, 250 шуудай Шинэс модыг тээвэрлэсэн...” гэх шинжээс өөрөөр буюу “...мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн нийт 11,624 куб метр шинэс модыг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, задгай тоотод оршин суух гэртээ түлээний мод болгон бэлтгэж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 8.6 куб метр буюу 250 шуудай шинэс модыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” шалган нэвтрүүлэх постоор 23-32 ХӨА улсын дугаартай “Волво” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэж эсэргүүцэлдээ бичсэн нь шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээ, хязгаараас хальсан, яг ямар үйлдлээр Г.Батбаатарыг буруутган яллаж буйг тодорхойлж, дүгнэлт хийх боломжгүйд хүргэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ЦТ/411 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/411 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА