Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2016/0050

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Г*******ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрүүгийн цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэжээ. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тоот тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүргээ огт зөрчөөгүй, үүрэгт ажлаа зохих ёсоор нь хийж гүйцэтгэж байсан. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тоот тушаалыг надад  танилцуулаагүй, гардуулаагүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл”-ээр гэнэт ажлаас халагдах болсныг мэдэгдсэн. 

Дээрх тушаалыг туйлын үндэслэлгүй тушаал боллоо гэж үзэж байгаа тул намайг ажлаас халсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тоот тушаалын үндэслэлийг хянаж үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн тул тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Захиргааны байгууллагын акт нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэтэл уг тушаалд ямар хэлбэрээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг зөрчсөнийг тодорхой дурдаагүй байдаг. 

Хариуцагч хариу тайлбартаа Б.Г*******э нь “Г” амралтын газар амрахдаа согтууруулах ундаа хэрэглэж, хэрүүл маргаан үүсгэснээс олны дунд таарамжгүй нөхцөл байдал бий болж, улмаар хүний амь нас хохирсон гэсэн боловч энэ байдлыг шалгаж тогтоогоогүй. Хэргийн материалд цагдаагийн газрын амралтад явсан ажилчдаас авсан тайлбарууд байдаг. Үүгээр тухайн үед Б.Г*******э согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бөгөөд Б.Г*******э, Д.Б******* нарын маргаан орой нь гарсан хүн амины хэрэгтэй холбоогүй гэдэг нь батлагддаг. 

Ийнхүү уг тушаал нь үндэслэлгүй гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд хандсан” гэв. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Б.Г*******эд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан. 

Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид тус газрын даргаас зөвшөөрөл авч, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Горхи-Мэлхий хад” нэртэй амралтын газар амарсан. 

Тухайн өдөр амралтанд амарч байсан Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагч Ө нь мөн хэлтсийн алба хаагч Х-тэй маргалдаж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэгдэж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. 

Дээрх асуудалд Дотоод хяналт, Аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулсан. 

Албаны шалгалтаар амралтанд явсан алба хаагчид нь удирдлага, зохион байгуулалт муутай, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсоноос гадна, цагдаагийн ахлах ахлагч Б.Г*******э болон нэр бүхий алба хаагч нар согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон байна. 

Б.Г*******ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.3-т “...цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д заасан “Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, мөн газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасан “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах... бол сануулах, уг үйлдлийн улмаас хор уршиг учирсан бол... тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

Тухайн үед Б.Г*******э удирдлагын зөвшөөрөлтэйгээр амарч байгаа хэдий ч тангараг өргөсөн Цагдаагийн алба хаагчийн хувьд олон нийтийн газарт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, бусадтай зүй бус харилцахгүй байх, цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байж, удирдах алба хаагчаас өгсөн үүрэг, зааварчилгыг биелүүлэх учиртай. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан. 

Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д зааснаар сахилгын шийтгэл хүлээсэн нь мөн хуулийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан байна. 

Б.Г*******эд сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг мөн сарын 13-ны өдөр танилцуулж, тушаал танилцуулсан мэдэгдэлд гарын үсэг зуруулж баталгаажуулсан. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан.

“Төрийн албаны зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 13-т “Эрх бүхий албан тушаалтан мөн зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар холбогдох этгээдэд заавал мэдэгдэж, баримтжуулах бөгөөд ийнхүү мэдэгдсэн хугацаанаас хойш энэ зүйлийн 26.8-д заасан хугацааг тоолно” гэж заасан нь түүний эрх ашгийг хөндөөгүй байна. 

Иймд Б.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г*******эд холбогдох хэрэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн өдөр нэхэмжлэгч хэрүүл гарсан гэх үед эрүүл байсан, өмнөөс нь үг сөрөөгүй, хэргийг даамжруулаагүй. Б******* хошууч албан тушаалаараа дээрэлхэх маягтай үг өдсөн, бас өөрөө машинтай ирэхдээ согтуу байсан гэж байна. Ариунаа гэдэг хүний үгийг үндэслэж ажлаас нь чөлөөсөн гэж үзэж байна. Орой болсон хүн амины хэрэгт шууд холбогдолгүй. Нэхэмжлэгчийн талд шийдвэрлэнэ үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*******э нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах; “Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд” эгүүлэн томилуулах; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг  гаргуулах; нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий акт буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/504 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Г*******ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн  нийтлэг үүргийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахлах цолыг нь хураажээ.  

Хариуцагч талын бичгээр ирүүлсэн тайлбарууд /хх 13-14, 242-243/, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд /хх 67-68, 70, 73, 94-97, 202, 2485-249, 259-261/-аас үзэхэд  “согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон”, “хүн амины хэрэг гарах хүртэлх хугацаанд энэхүү таагүй байдал үргэжилсээр байсан” нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон гэжээ. Үүний учир Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсгийн 4.1.6, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.12-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан учир сахилгын шийтгэлийг хүндрүүлэн үзсэн гэжээ. 

 

Албаны шалгалтын талаар:

Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Г*******ийн гаргасан сахилгын зөрчлийн талаар дотоодын хяналт, шалгалтын албаны шалгалтыг явуулж тогтоосон гэж маргах боловч энэхүү албаны шалгалт нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг тусгайлан шалган тогтооход чиглэгдээгүй харин Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид “Горхи-Мэлхий хад” амралтын газарт амарч байгаад хоёр албан хаагч хоорондоо зодолдож цагдаагийн хошууч Х.Х нас барсан асуудалд хийсэн шалгалт гэдэг нь шалгалтын танилцуулга /хх 124-133/, хуралдааны тэмдэглэл /хх 113-114/ зэргээс тогтоогдож байна. 

Б.Г*******ийн гаргасан сахилгын зөрчлийн талаар дотоодын хяналт, шалгалтын албаны шалгалтыг тусгайлан явуулаагүй байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “алба хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзсэн албан тушаалтан энэ тухай тэмдэглэл үйлдэж, зөрчил гаргасан байж болох албан хаагчид заавал мэдэгдэж, хариу тайлбарыг авна. Шаардлагатай тохиолдолд албаны шалгалт явуулж сахилгын зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтооно” гэсэнтэй нийцэхгүй байна. 

Б.Г*******ийн гаргасан сахилгын зөрчлийн талаар дотоодын хяналт, шалгалтын албаны шалгалтыг тусгайлан явуулаагүй атлаа албаны шалгалтаар  “согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон” нь тогтоогдсон гэсэн тайлбар үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Сахилгын зөрчлийн талаар:

Нэхэмжлэгчийг “согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон”, “хүн амины хэрэг гарах хүртэлх хугацаанд энэхүү таагүй байдал үргэжилсээр байсан” гэж хариуцагч тал тайлбаржээ. 

Энэхүү нөхцөл байдлыг албаны шалгалтын үеэр авсан алба хаагчдын мэдүүлгээс тогтоосон гэж хариуцагч тайлбарлажээ. 

Хавтаст хэрэгт албаны шалгалтын үеэр байцаалт өгсөн 21 хүний мэдүүлэг байх бөгөөд үүнээс 6 хүний мэдүүлэг нь Б.Г*******ийн үйлдлийн талаар дурдаагүй, 1 мэдүүлэг нь Б.Г*******ийн өөрийнх нь мэдүүлэг байна. Харин 14 хүн “...Б.Г*******э, Д.Б*******, Р.Б******* нар хоорондоо амралтанд очсоны дараа буюу нээлт эхлэх үед маргалдсан, энэ маргаан өдөр буюу хүн амины хэрэг гарахаас 4 цаг орчмын өмнө гарч, хоорондоо удалгүй эвлэрсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгчээ /хх 16-33, 134-176/. Харин 5 хүний мэдүүлэг /хх 143, 145, 163, 170, 176/-ээс үзэхэд хэрүүл маргаанд хошууч Д.Б******* эхэлж үг хэлсэн үүний дараа Б.Г*******э сөрж үг хэлсэн талаар дурджээ. 

Шүүхээс дээр дурдсан байцаалтын явцад мэдүүлэг өгсөн хүмүүсээс 5 хүнийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан.  Гэрч О.Ц*******, Ж.Б*******, Д.Б*******, Л.Э*******, Р.Б******* нар нь “...хэрүүл маргаан нээлтийн эхлэх үед гарсан, удалгүй эвлэрсэн, энэ хэрүүл маргаан өдөр болсон, хүн амины хэрэг орой 19 цагийн үед болсон,  хүний амины хэргээс 4 цаг орчмын өмнө болсон, хэрүүл маргаан нь хүний амь нас эрдсэн нөхцөл байдалд нөлөөлөөгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг өгчээ. Харин гэрч О.Ц*******, Ж.Б*******, Л.Э*******, Р.Б*******  нар нь “...Б.Ган-эрдэнийг хэрүүл маргааны үеэр эрүүл байсан...” гэж мэдүүлжээ /хх 203-204, 240, 250-256/.  

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн тайлбар буюу нэхэмжлэгч      Б.Г*******ийг буруутгасан “согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон”, “хүн амины хэрэг гарах хүртэлх хугацаанд энэхүү таагүй байдал үргэжилсээр байсан” гэх нөхцөл байдлууд  тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч амралтанд байх хугацаанд 1 удаа буюу өдрийн цагаар Д.Б*******тай маргалдах үедээ согтуу байгаагүй, хэрүүл маргааныг эхлээгүй, хэрүүл маргаан тухайн үедээ эвлэрснээр дууссан, дахин үргэжлээгүй гэдэг нь тогтоогдож байна. 

  Үүний учир Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дахь хэсгийн 2.3-т “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй”, 4 дэх хэсгийн 4.1.6-д “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд бусадтай зүй бус , хүндэтгэлгүй харилцах ... тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна”  гэснийг зөрчсөн сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэхээргүй байна. 

Тухайлан хэлбэл, хариуцагч талаас “согтуурсан үедээ бусадтай маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас хамт олны дунд таарамжгүй нөхцөл байдлыг бий болгосон”, “хүн амины хэрэг гарах хүртэлх хугацаанд энэхүү таагүй байдал үргэжилсээр байсан” гэх нөхцөл байдалд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэдгийг хариуцагчаас нотлоогүй атлаа зөрчил гаргасан гэж үзсэн  нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.3-т “Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол зөрчлийн шалтгаан нөхцөлийг заавал судалж тогтоон байгууллагын удирдлагад танилцуулна” гэсэнтэй нийцэхгүй байна. 

Нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан үйлдсэн эсэх талаар:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр тушаал /хх 219-/аар нэхэмжлэгч Б.Г*******эд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан үүргийг биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэж албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Маргаан бүхий захиргааны акт  нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарчээ /хх 15/.  Энэ байдлаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч Б.Г*******э сахилгын шийтгэлгүйд тооцох нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бөгөөд сахилгын шийтгэлтэй байсан гэдэг нь тогтоогдож  байна. Хариуцагчаас уг зөрчлийг нэхэмжлэгч давтан үйлдсэн гэж үзэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Б.Г*******э нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан заалтыг зөрчсөн зөрчлийг давтан үйлдээгүй гэдэг нь дээр дурдсанаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг хүндрүүлж ногдуулахдаа Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 6.1, 6.2-д заасан зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, зөрчлийн улмаас бусдад хохирол учирсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол учирсан, зөрчлийн хор уршиг зэргийг харгалзан үзээгүй давтамжаар ийнхүү хүндрүүлэн үзсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т  заасны дагуу цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Үүний дагуу цагдаагийн албан хаагчид амралтанд байх хугацаандаа гаргасан хүн амины хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор албаны шалгалт явуулсныг буруутгахааргүй байна. 

Гэсэн хэдий ч хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу, хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэлийг зөвхөн сахилгын зөрчилд ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчилд нэхэмжлэгч Б.Ган-эрдэнийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, тухайн үед болсон бодит нөхцөл байдал, зөрчлийг үнэн зөвөөр шалган тогтоох, нэхэмжлэгчийн гэм буруугийн шинж байдлыг учирсан хохирол, зөрчлийн шинжтэй шалтгаант холбоотойг судлан тогтоосны үр дүнд ёс зүйн болон сахилгын хэм хэмжээг зөрчсөн зөрчил гэж үзэх үндсэн зарчмыг анхаараагүй шударга бус шийдвэрийг хариуцагч гаргасан гэж шүүх дүгнэв. 

Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “ ...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”  гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах заалтыг зөрчжээ. 

Дүгнэхэд, захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Г*******ийн нэхэмжлэлийн “Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Г*******ийг Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд  эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг  гаргуулах” шаардлагыг ханган, харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна. 

Нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасны дагуу  цэргийн албан хаагчдын нийгмийн даатгалыг улсын төсвөөс санхүүжүүлж, улмаар  цэргийн алба хаагч нь нийгмийн даатгалын дэвтэргүй байдаг. Иймд энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул хариуцагчид эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг шүүхээс даалгах шаардлагагүй бөгөөд хариуцагч энэ хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийх үүрэгтэй гэж үзэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан Б.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/504 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Г*******ийг Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн цагдаагийн албан тушаалд  эгүүлэн тогтоосугай.  

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон зохих журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад  даалгасугай. 

3. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.     

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.САРАНГЭРЭЛ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.БАТСҮРЭН 

                                               ШҮҮГЧ                                Ц.ОДМАА