| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0042/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 47
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.Баттөгс,
Шүүгдэгч Н.В , Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Н.В , ******* овогт Ц.Д нарт холбогдох 1826000420044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Н. В .
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ц.Д ,
Шүүгдэгч Н.В нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 31-02 тоотод иргэн *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.
Шүүгдэгч Ц.Д нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 31-02 тоотод иргэн Н.В ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.В шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би Н.Дорждавгын ажил дээр очсон. Тэгээд ярьж байгаад нэг архи уухаар болоод дэлгүүрээс архи аваад уурын зууханд очиж уусан. Тэгээд согтоод маргалдаж нэг нэгнийгээ гэмтээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.В тай нэг шил архи уусан. Тэгээд манай хүүхдийг дагуулж гадуур дотуур дэмий тэнэлээ гээд маргаад зодолдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.
Хохирогч Н.В шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Миний зүүн хацар дээр зүсэгдсэн байгаа. Гомдол санал байхгүй...” гэв.
Хохирогч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Миний нуруу бага зэрэг хөхөрсөн. Хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Одоо эвлэрсэн...” гэв.
Хохирогч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой Арвайхээр сумын 5 дугаар баг “Их ноёд” гэх газрын уурын зууханд галчаар ээлжинд гарч байсан. 20 цаг 30 минутын үед Н.В над руу залгаад та хаана байна. Гэхээр нь би уурын зууханд ажил дээрээ байна гэсэн. Тэгэхэд та байж байгаарай ганц юм аваад очъё гэсэн. Удалгүй нэг шил Харзтай архи авч ирээд бид хоёр уусан. Архи нилээд дундраад байхад би В т битгий нэгнийгээ уруу татаад тэнээд бай гэж хэлсэн. Тэрнээс болоод хэрүүл маргаан болсон. ...Нүд л жаахан хөхөрсөн байсан. ...барилцаж аваад дээр доороо ороод ноцолдсон. ...Би В ийг түлхсэн. Тэгсэн ор руу унасан. Тэгээд л шанаа нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хохирогч Н.В ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би ганцаараа Д тай утсаар ярихад ажил дээрээ байна гэсэн. Би “*******”-ын зууханд 20 цаг өнгөрч байхад ганцаараа очсон. Бид хоёр уулзаад архи авахаар болоод дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Харзтай архи аваад уурын зуухан дотор
Ц.Д тай хамт хувааж уусан. Архиа ууж дуусгаад яг юунаас болж
маргалдсанаа би санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь миний зүүн хацарнаас цус
гараад, миний дух шалбарчихсан байхаар нь би зуухнаас гараад эгч
Гаваадуламынд очсон. Эгчийнд ороод толинд нүүрээ харахад зүүн шанаа хэсгээс цус гараад гоожоод байсан тул тэр өдрөө Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 103-т очиж үзүүлээд зүүн хацартаа 3 оёо тавиулсан. Би ахиж өөртөө эмчилгээ хийгээгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч, шүүгдэгч Ц.Д-н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би “*******” худалдааны газар галч хийдэг. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байхад миний 86325760 дугаарын утас руу хуурай дүү болох Н.В 88221151 гэсэн дугаараас 20 цагийн үед залгаад “...та хаана байна...” гэхээр нь би “...ажил дээрээ байна...” гэсэн чинь 21 цаг өнгөрөөгөөд 0.75 литрийн “Харзтай” архитай ганцаараа ирсэн. Манай ажил дээр бид хоёр юм яриад архиа уусан. Би Н.В т чи манай хүүхэдтэй найз та нар нэгнийгээ битгий уруу татаж бай гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан. Нэг мэдсэн чинь Н.В миний толгой руу өшигчөөд байсан. Би тухайн үед болсон асуудлаа их согтсон болохоор сайн мэдэхгүй байгаа. Нэг сэргэсэн чинь манай хүү Бат-Эрдэнэ ирчихсэн байсан. Би тэгээд хүүтэйгээ эмнэлэг дээр ирсэн. Манай хүү Бат-Эрдэнэ цагдаад дуудлага өгсөн. ... Толгой хагарсан, зүүн талын шанаа нэлдээ хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч, шүүгдэгч Н.В ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр найз Д.Батнямын аав *******ын 86325760 дугаарын утас руу өөрийнхөө 88221151 дугаарын утаснаас залгаад “...та хаана байгаа юм бэ...” гэсэн чинь би “...ажил дээрээ байна...” гэсэн. Би Ц.Д ахын ажилдаг “*******” гэх газар ганцаараа очсон. Намайг очиход Ц.Д ах ганцаараа байж байсан. Удалгүй Дорждагва ах бид хоёр гарч яваад 3 дугаар хороонд байх дэлгүүрээс 0.75 литрийн “Харзтай” нэгийг аваад эргээд Ц.Дорждагвын ажил дээр ирсэн. Тэнд бид хоёр архи уугаад юм ярьж нэлээн суусан. Нэг мэдсэн чинь миний нүүрнээс цус гоожоод байсан. Би тэгэхээр нь эмнэлэг дээр ирсэн. Удалгүй ******* хүүхэдтэйгээ эмнэлэг дээр хүрээд ирсэн. Бид 3 эмнэлэг дээр байж байтал цагдаа нар ирсэн. ...Зүүн талын хацар 2-3 см халцарсан, духан дээр 2-3 см халцарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Д.-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай ээжийн ******* дугаарын утаснаас 9******* утас 09 цагийн үед залгаад Д ажил дээрээ цус нөжтэйгөө холилдчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ээж намайг аавын ажил дээр очоотох гэсэн. Би аавын ажил болох “Их ноёд” гэх газар ирэхэд аав ажлын орон дээр дээл нөмрөөд цус нөжтэйгөө холилдчихсон хэвтэж байсан. Би аавтай хамт эмнэлэг дээр очиж аавд цэвэрлэгээ, боолт хийлгэчихээд Цагдаад байгууллагад дуудлага өгсөн. ... Аав Н.В т зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтан өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед миний ******* дугаарын утас руу 9******* дугаарын утаснаас залгаад утсаа автал Очироо гэх эрэгтэй хүн байсан. Та Давгын эхнэр мөн үү гэхээр нь биш гээд утсаа салгасан. Удалгүй Ц.Д согтуу байна, хүнд зодуулсан байна гэхээр нь хүү Бат-Эрдэнийг аав дээрээ оч гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 76 дугаартай: “... Ц.Д-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи хацрын төвгөр, зүүн гарын суганы нугалааст цус хуралт, зүүн чамархай хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаартай: “... Н.В ийн биед тархи доргилт, зүүн хацарт шарх, дух, хацар, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Д-н мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 40-41, 55-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.В ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/77 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаартай тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 63-67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.В нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 31-02 тоотод иргэн *******ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Д нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 31-02 тоотод иргэн Н.В ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Н.В , Ц.Д нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Д шүүгдэгч Н.В т зодуулсан талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12/, Хохирогч Н.В ийн шүүгдэгч Ц.Д д зодуулсан талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Хохирогч, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19/, Хохирогч, шүүгдэгч Н.В ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/, “...Хохирогч *******ыг шүүгдэгч Н.В зодсон талаарх...” гэрч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, “... Хохирогч Ц.Д-н зодуулсан талаарх...” гэрч Н.Банзрагчийн мэдүүлэг /хх-ийн 20/, Шүүгдэгч Н.В ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Д д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Н.В т хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт. /хх-ийн 37/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/ болно хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Н.В , Ц.Д нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Намгарын В , Ц овогт Ц.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Н.В ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.В , Ц.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.В т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Д д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.В т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Н.В нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Н.В , Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.В , Ц.Д нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Н.В , Ц.Д нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Н.В ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* овогт Ц.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч ******* овогт Намгарын В ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ******* овогт Ц.Д-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.В т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.В нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч Н.В , Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.В , Ц.Д нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.В , Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.В , Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР