| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2025/0020/З |
| Дугаар | 121/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 121/ШШ2025/0018
2025 12 04 121/ШШ2025/0018
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн дүгнэлт, иргэн Ц-ын гомдолтой, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ***ад холбогдох “Эрх бүхий албан тушаалтны Ч, В нарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ***, *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ***аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б. Ариунзаяат би, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн ***гомдлыг хүлээн авч Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн ***** дугаартай хэрэгт бүртгэлийн ажиллагаа явуулсан.
Гомдол гаргагч ***гомдол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Хархорин сумын **** тоотод оршин суугч Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмч Ч, Хархорин сумын *** тоотод оршин суугч Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч В нарт оногдуулсан ***, *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ***, *** дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ч, В нарыг эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, эмчлэх эрхийг 2 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь иргэн ***, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяа нарын “Эрх бүхий албан тушаалтны Ч, Внарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ***, *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь “Эрх бүхий албан тушаалтны Ч, Внарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ***, *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргагч нарын гомдлыг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ***, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяа нарын “Эрх бүхий албан тушаалтны Ч, Внарт Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ***, *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч ***оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ***аас гаргуулан гомдол гаргагч ***т олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ