Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 50

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням, Шүүгдэгч Б.Т ын өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Т , Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Т , Үст овогт Д.О  нарт холбогдох 1826000610048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б. Т ,

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 cap хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Үст овогт Д.О 

Шүүгдэгч Д.О  нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” баарны гадна Г.Б г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” баарны гадна Г.Б г шатнаас түлхэн унагаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Т  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 1 дүгээр сарын 23-ны орой бааранд архи ууж байгаад тамхи татах гээд гарсан. Тэгсэн чинь Г.Б  намайг барьж аваад агсагнаад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.

Шүүгдэгч Д.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв.

Хохирогч Г.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би найз Б.Баттулга, зүс таних 2 хүнтэй, дөрвүүлээ хүнс бараан захын баруун талд 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи хувааж уучихаад гэр лүүгээ Б.Баттулгатай хамт явсан. Явах замдаа Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” бааранд орсон чинь Д.О , Б.Т тай хамт байхаар нь миний хоёр дүү юу хийж яваа юм гэж хэлэхэд Д.О  “...чи миний ах болоод байгаарай...” гэж хэлсэн. Д.О  баарнаас 1 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи авч өгөөд дөрвүүлээ баарны кабин дотор хувааж уусан. Архиа дуусаад би Б.Баттулгатай хамт баарнаас гарах гэтэл Д.О , Б.Т  хоёр дагаж гарч ирээд юм хэлэлгүйгээр Б.Т  нь намайг эхлээд баарны довжоон дээр түлхээд унагаасан. ... Б.Т  хөлөөрөө түлхээд жийсэн тэгээд би шатны уруу тэнцвэр алдаад харуулдаад унасан, унах үедээ нүүрээрээ газар мөргөж зүүн талын шанаа, зүүн духны хэсэг шалбарсан. Тэгээд дээшээ өндийгөөд босох гэтэл Д.О  миний хавирганы хэсэгт нэг удаа өшиглөсөн. Миний амьсгал боогдоод нэг хэсэг юу болсон талаар санахгүй байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Д.О , Б.Т  хоёртой бүрэн эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд Аска /Б / манай гэрт ганцаараа орж ирсэн. Бид хоёр нийлээд зах орохоор манай гэрээс гарсан. Зах дээр очоод Г.Б  хамаатныхаа нэг хүнээс 10.000 төгрөг аваад 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи авсан. Архи аваад явж байгаад зах дээр нэг залуутай таарсан. Тэр залууг би танихгүй, Г.Б  таньдаг байсан. Бид гурав захын баруун талын гүүрэн дор сууж байгаад 2 шил архиа хувааж уусан. Архиа уугаад дуусахад оройн 17 цаг болж байсан. Тэндээсээ нөгөө залуу нь зах руу явлаа гээд явсан. Г.Б  бид хоёр 9 дүгээр хороо руу ах Г.Батсуурийн гэрт очихоор явсан. Г.Батсуурийн гэрт очоод 2-3 цаг болсон. Тэгээд би Б д “... 1 дүгээр хорооны бааранд гар утсаа архинд тавьчихсан юм. Утсан дээрээ нэмээд нэг шил архи авчихдаг юм уу өгөх болов уу...” гэж хэлээд бид хоёр баар луу явсан. Тэгээд 1 дүгээр хорооны “Арвайн тал” баарны гадаа очиход гадаа нь Д.О  ганцаараа тамхи татаад зогсож байсан. Г.Б  очоод Д.О ыг ахын дүү гэхэд Д.О  уурлаад тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд бид гурав баар луу ороход Б.Т  ганцаараа байсан. Д.О  0.5 литрийн нэг шил “Нутгийн буян” архи аваад бид 4 хувааж уухаар задалсан. Архи уух зуураа Г.Б , Д.О  хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Хэрэлдэж байснаа хоёулаа гаръя гээд гарцгаасан. Тэгэхээр нь би араас нь гарсан. Б.Т  бааранд үлдсэн. Би тэр хоёрын араас гарсан чинь Г.Б  шатны довжоон дээр суусан байсан. Д.О  хажууд нь зогсож байснаа Г.Б гийн цээж орчимд нь 2 удаа өшиглөхөөр нь би “...боль яах гээд байгаа юм бэ...” гээд тэр хоёрыг салгаад Д.О ыг баар луу оруулсан. Г.Б  бид хоёрын араас баар луу ороогүй. Д.О , Б.Т  бид гурав үлдсэн тал шилтэй архиа уучихаад гарч ирээд тамхи татахад гадаа Г.Б  байхгүй байсан. Би тухайн үед бас нилээн согтуу байсан болохоор ухаан орж гараад байсан. Тэгээд бид нарыг байж байхад цагаан дээлтэй хүн ирээд Д.О , Б.Т  хоёрыг аваад явсан. Би ганцаараа гэр лүүгээ алхсан. ... Г.Б г Д.О  цээж орчимд нь 2 удаа өшиглөсөн. Өөр хүн Г.Б д гар хүрээгүй. Б.Т  зодоон болж байхад баарнаас гарч ирээгүй. Г.Б  өөрөө тэгтлээ согтуу байгаагүй болохоор Г.Б  сайн мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай дүүг 2 анги төгссөн жил манай ээж нас бараад 3 дугаар ангид сууж байгаад сургуулиас гарсан. Манай дүү Б.Т  нь томоотой дуу цөөтэй, хүнтэй харилцахдаа жаахан ноомой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Манай дүү нээх олон хүнтэй найзлаж нөхөрлөж байдаггүй. Цэргийн алба хаагаагүй. Багаасаа хөл гар муутай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан. Архи хааяа уудаг, тамхи татдаг. 2017 оны 01 дүгээр сард авто аваарын хэрэгт ороод одоо толгойн гавлын ясандаа нөхөөс хийлгэсэн. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд групт байдаг. Урьд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Төлөв даруу хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б г үзэхэд цээж өвдөнө, хэвлий, толгой өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Тухайн хүнийг үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яагаад гэмтэл авсан талаар асуухад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр хорооны бааранд 2 залууд зодуулсан гэж ярьж байсан. Тухайн үедээ ухаан алдсан гэж ярьж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЭХО-д харахад дэлүүний дээд хэсгийн захад 2*2.4*1 см ЭХО холимог зайн няцралттай байна гэсний дагуу эмчилгээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний цээжний рентген зурагт зүүн талын 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдэд хийтэй байсан. Яаралтайгаар бүх шинжилгээг аваад гэмтлийн тасагт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Эмчлэгч эмчээр нь би ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,    

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр яг өдрийг нь санахгүй байна орой 21 цаг өнгөрч байхад харанхуйд хүн орилоод байхаар нь гарсан чинь хашаан дотор манай төрсөн дүү Г.Б  согтуу, намайг хүн зодчихлоо гэхээр нь архи уусандаа далимдуулаад орилоод байна гээд, харь гэхэд манай дүү явж чадахгүй, цээж рүү өвдөөд байна гээд байхаар нь би Б г

гэрт нь үүрч хүргэж өгсөн. Гэртээ ороод гэрэлд нүүрийг нь харахад нэлэнхүйдээ
хөхөрч, шалбарчихсан, цээж нь өвдөөд байна гээд эвхрээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай: “... Г.Б гийн биед тархи доргилт, хавирганы хугарал, дэлүүний дээд хэсгийн няцрал, зүүн хацарт шарх, дух, хацар, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Үзүүлэгч биед хийсэн гэмтлийн зэрэг тогтоох бодит үзлэгээр духны зүүн хэсэг, зүүн хацарны товгор хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдсон. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн рентген шинжилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЭХО шинжилгээнд зүүн зургаа дугаар хавирганы хугарал, дэлүүний зах хэсэгт няцрал, гэмтэл тогтоогдсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн рентген шинжилгээнд тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б гийн 545 дугаартай өвчний түүх /хх-ийн 54-72 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48-49, 51-52, 80-81, 102-107 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.О ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б гийн: “... Д.О , Б.Т  нартай маргалдаж биедээ хөнгөн гэмтэл авсан. Би шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 112 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Т ын яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.О ын яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.О  нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” баарны гадна Г.Б г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах “Арвайн тал” баарны гадна Г.Б г шатнаас түлхэн унагаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: 

Шүүгдэгч Д.О , Б.Т  нарын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтанд авагдсан “...хохирогч Г.Б гийн шүүгдэгч Д.О , Б.Т  нарт зодуулсан талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 5-8/, гэрч Б.Баттулгын хохирогч Г.Б г шүүгдэгч Д.О  зодсон талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, Гэрч Б.Г-н “... Яагаад гэмтэл авсан талаар асуухад 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр хорооны бааранд 2 залууд зодуулсан гэж ярьж байсан, ... 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЭХО-д харахад дэлүүний дээд хэсгийн захад 2*2.4*1 см ЭХО холимог зайн няцралттай байна гэсний дагуу эмчилгээ хийсэн. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний цээжний рентген зурагт зүүн талын 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдэд хийтэй байсан...” талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Г.Батсуурийн “... хохирогч Г.Б г зодуулсан байсныг харсан, гэрт нь хүргэж өгсөн...” талаарх мэдүүлэг /хх-ийн 21/,  Шүүгдэгч Б.Т , Д.О  нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Б д хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн хохирогч Г.Б-н биед үзлэг хийсэн, “...дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хохирогч Г.Б гийн 545 дугаартай өвчний түүх /хх-ийн 54-72/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.О , Б.Т  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.О , Б.Т  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.О , Б.Т  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Банзрагчийн Т ыг 280 цагийн хугацаагаар, Үст овогт Д.О ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О , Б.Т  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч Д.О , Б.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.О , Б.Т  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4. 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Үст овогт Д.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Т ыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Үст овогт Д.О ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч

Б.Т , Д.О  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүгдэгч Б.Т , Д.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. хохирогч Г.Б  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т , Д.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т , Д.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР