Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

Ш.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                   Т.Төгөлдөр

Шүүгдэгч                                                        Ш.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Ц.Энхтуяа               

            Нарийн бичгийн дарга                              Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Г-т холбогдох 2325003660598 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Г, Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.  

 

Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн урд талд хохирогч А.Бтэй таарч, улмаар хохирогчийн авч явсан архинаас ууя гэхэд нь хохирогчийг татгалзахад түүнийг зодож, газарт унаган Айпоне 8 загварын гар утас, ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч 435.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ш.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдолдоо:

“... Би энэ хэргийг үйлдээгүй. Хүн зодож дээрмийн хэрэг хийгээгүй. Би өөрөө шинээр худалдаж авсан гар утсаа алдсан. Энэ хэргийг дутуу шалгаж зүйлчилсэн гэж би үзэж байна. Хохирогч Б анх худал мэдүүлэг өгсөн гэдгээ шүүх хурал дээр хэлж, хэрэг гарах үеийн болсон явдлыг үнэнээр нь ярьсан. Хэрэг гардаг орой Бийг би дуудаагүй. Өөрөө надаас “тамхи байна уу” гэж асуусан. Надаас тамхи аваад “танилцъя, архи ууя” гээд архи гаргаж ирсэн. Тэгээд миний утсаар ярьчихаад өгөөгүй. Намайг нэхэхэд утсыг чинь өгчихсөн гээд дайраад байхаар нь би утсаа авах гэж маргалдаж, ноцолдсон. Б намайг тавихгүй зууралдаад байхаар “... тавьчих утсыг чинь өгье, итгэхгүй бол миний утсыг авч бай ...” гээд, утсаа надад өгөөд куртикээ орхиод зугатсан. Би уг нь урд өдөр нь худалдаж авсан шинэ гэр утсаа олж авах гэж л үхэн хатан зүтгэж ноцолдсон юм. Гэтэл шүүх прокуророос намайг буруугаар ойлгож дээрмийн хэрэг хийсэн гэм буруутай гэж ялласанд гомдолтой байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шүүн шийдэж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-р зүйлийн 1.1, 38.2-р зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

            ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив талыг буруу тогтоосноос, мөн шүүхийн шатанд нөхөж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал шүүхийн шинэчилсэн мэдүүлэгт тогтоогдож байгаа гэж үзвэл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчиийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч Ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан.

Эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байхад нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй дараах нотлох баримтаар нотлогдоно. 

1. Хохирогч А.Б-ийн 2023.09.24-ний өдрийн хавтаст хэргийн 16, 14 талд авагдсан мэдүүлэгт ажлаасаа буугаад харих гээд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Хабитатаас уруудаад явж байсан. Тэгсэн би замын хойд талд явж байтал намайг танихгүй эрэгтэй хүн замын нөгөө талаас дуудсан. Тэгээд би юу хүн намайг дуудсан юм бол гээд яваад очтол надад ганц байсан ганц шил архи харчхаад цуг архинаас ууя гэхээр нь би үгүй гээд явах гэтэл намайг шууд барьж аваад баруун талын хөл рүү хоёр гурван удаа өшиглөсөн. Би газар уначихсан. Унасан хойно дээрээс дараад миний түрүүвчтэй бичиг баримт, гадуур өмсдөг хос хас гэсэн бичигтэй шар өнгийн бомбор, бор өнгийн өмдний тэлээ зэргийг авсан. Би босоод зугтаах гэтэл ардаас барьж авч газар унагааснаа гар утас аваад ам руу архи цутгасан ... Баруун талын гуяны булчин руу гутлаараа хоёр гурван удаа өшиглөсөн. Дээрээс хоёр гарыг цээжин дээр барьж дарсан....... 

2. Хохирогчоос 2023 оны 10 сарын 26-ны өдөр дахин авсан мэдүүлэгт /18 тал/ ... Би шил архи аваад найз Хабитатын зам дагуу байсан дэлгүүрээс нэг Эрдэнэсайхантай уух гэж явсан. Тэгээд найзынхаа гэрийг хайгаад олоогүй буцаж явж байсан ... 

3. Хохирогчоос 2023 оны 10 сарын 26-ны өдөр дахин авсан мэдүүлэгт /22 тал/ Миний өмсөж явсан шар өнгийн бомберыг тайлж аваад үлдсэн тэгэхээр нь би зугтах гэтэл ахиж барьж аваад миний утсыг өг гээд нэхээд байхаар нь би өөрийнхөө утсыг тэр хүнд өгчихөөд ойр байсан дэлгүүрт орж дэлгүүрийн хүний дугаараас би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг, /23 тал/

... мөрдөгчөөс: Та дээрэмдүүлснийхээ маргааш Ш.Г-той утсаар ярихдаа түрүүлж цагдаад өгсөн нь хожидог юм гэж ярьсан зүйл байгаа юу гэх мөрдөгчийн асуултанд хохирогч нь Би тэгж хэлээгүй, харин тэр хүн над руу 99353534 гэсэн дугаараас залгаад намайг банди минь чамайг хаанаас ч олно шүү гээд байхаар нь хоёулаа цагдаагаар асуудлаа шийдүүлье” гэж хэлээд утсаа салгасан ... Хохирогч 2024 оны 03 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн шинэчилсэн мэдүүлэгт ..." Ш.Г нь цагдаа дээр баригдаад ирэхдээ надаас бас өөрийнхөө утсыг нэхээд байсан гэх мэдүүлэг, 

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023.09. 26- ны өдрийн 825 дугаартай дүгнэлтэнд ...... "А.Б-ийн биед баруун, зүүн шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй." гэх 

5. Сэжигтэн Ш.Г-ийн хэргийн 71-р талд авагдсан 2023 оны 10 сарын19-ний өдөр өгсөн мэдүүлэг, 

 

6. Хэргийн 80 дугаар талд авагдсан 2023 оны 10 сарын 02-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт зөрчилд холбогдож байгаагүй. 

Гэтэл хохирогчийн мэдүүлэг нь хэргийг гэрчилсэн буюу гэм буруутайд шууд тооцож болохуйц нотлох баримт биш бөгөөд дээрх үйл баримтаас тодорхой нотлогдож байх бөгөөд хохирогчийн хөл рүү нь 2-3 удаа өшиглөж унагасан гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй ба харин шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэгт учирсан гэмтэл нь давхар нотлогдож байна зэргээс эргэлзээтэй, хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадахгүй байгаа нь харагддаг. 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эргэлзээгүй тогтоож, хэргийг тал бүрээс нь нягт нямбай судалж, хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар хэрхэн давхар нотлогдон тогтоогдож байгаад дүгнэлт хийлгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл нь шүүгдэгчийг гэм буруутайд хангалттай тооцох хүрэлцэхүйц байж шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэгт тусгах хуулийн шаардлагыг хангаагүй. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Г-т холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Г тайлбартаа: “... би гэмт хэрэг үйлдээгүй, үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төгөлдөр дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Ш.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн урд талд хохирогч А.Б-тэй таарч, улмаар хохирогчийн авч явсан архинаас ууя гэхэд нь хохирогчийг татгалзахад түүнийг зодож, газарт унаган Айпоне 8 загварын гар утас, ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч 435.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай үйлдэл, түүнээс үүсэх үр дагавар, хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “ ... би дээрэмдэж аваагүй, тэр залуу гар утсаа өөрөө өгсөн. Зугтаах үед нь би ажлын хувцаснаас нь татаад үлдсэн. Тэгээд кармаанаас нь түрийвчтэй бичиг баримт гарч ирсэн. Тэрийг нь би аваад явсан ...” гэж /хх 71-72/,

 

яллагдагчаар мэдүүлэхдээ “ ... би өргөдөл бичиж, гомдол гаргана ... ” гэж /хх 76/,

 

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... тэр залуу тухайн үед утсаар ярья гэж миний утсыг авсан юм. Тэгэхээр нь миний дүү чи миний утсыг өгчих гэсэн чинь өгөхгүй байсан ... куртикнээс нь зуурсан чинь куртикээ хаяад зугатсан ...” гэж /хх 177/, ... би энэ залуугаас утсаа л нэхээд байсан ..., миний утсыг өгөөдөх гэж ноцолдсон, ... тэгээд явахад нь энэ залуугийн куртикнээс нь бариад авсан чинь үлдээчихээд гүйсэн ... тэлээг би огт сугалж аваагүй ..., би яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж /хх 217/ тус тус мэдүүлж,

 

түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нь “... энэ хүн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боломжгүй, нөхөн гүйцэтгэх боломжгүй ... энэ хоёр хүний хувьд харилцан буруу ойлголцол үүссэн байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдож байна гэж үзэж байна” гэсэн /хх 230-233/ дүгнэлт гаргажээ.

 

 Мөн шүүгдэгч Ш.Г нь өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд гаргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... би хэрэг үйлдээгүй, зөвшөөрөхгүй байна ” гэсэн тайлбар гаргасан болно.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Гийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх талаар огт дүгнэлт хийлгүйгээр “.. түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ... ” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.

 

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Г-ийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “ ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Шүүгдэгч Ш.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Г-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                                                   ШҮҮГЧИД                                      С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                          С.УРАНЧИМЭГ