| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2025/0024/З |
| Дугаар | 121/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-12-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 121/ШШ2025/0019
2025 12 04 121/ШШ2025/0019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***холбогдох “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч *** овогтой ***-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч ***-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын байгаль орчны хяналтын Улсын байцаагч *** би Өвөрхангай аймгийн Хархорин, сум дундын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 22 дугаартай, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.***д оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулж, холбогдогчийн зөрчигдсөн хэргийг сэргээх үндэслэл тогтоогдож байгаа тул Монгол улсын зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст холбогдогч Б.***ы үйлдсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 7.6-1.3 дахь хэсэгт заасны дагуу “нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *** нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Б.***ыг 60 ширхэг ногтрууг зохих зөвшөөрөлгүй барьж, тээвэрлэсэн зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Хариуцагч нь шийтгэлийн хуудаст торгуулийн хэмжээг буруу бичиж алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, дээрх хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч *** овогтой ***д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч *** овогтой ***д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ