Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01712

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02379 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Бгийн хариуцагч БГДЗДТ газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв..

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГДЗДТ газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар Э.Б нь тус дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Үр дүнгийн гэрээгээр хагас, бүтэн жилийн ажлыг хангалттай гэж дүгнэсэн. Хорооны Засаг даргын орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар нь Э.Бд ажлаасаа гар, нам бус хүмүүс ажиллуулахгүй гэх шалтгаанаар удаа дараа ажлын байрны дарамт үзүүлсэн. С.Сүхбаатарын үйлдэл болон ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсан нь нотлогдоно. Э.Б нь өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн зүйлийг нам, улс төрийн албан тушаалтантай харьцуулж, хууль бус шийдвэр гарган, ажлаас халсан. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед дүүргийн иргэдийн хурал болж байсан болохоос Ардчилсан намын хурал болоогүй, мөн нэхэмжлэгчийн хувийн орон зай болох фэйсбүүкт зөвшөөрөлгүйгээр халдаж, бусдын нийтлэсэн зургийг нэхэмжлэгчийг нийтэлсэн гэж үзсэн нь бодит үнэнд нийцэхгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Харин тушаал хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь БГДЗДТ газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаартай тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч өөрийн цахим хуудсанд улс төрийн шинжтэй нийтлэлийг олон нийтэд хуваалцсан, дээд албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэггүй, намын хурал зохион байгуулсан, ажлын цагийг үр бүтээлтэй ашигладаггүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн. Уг асуудлаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр БГДЗДТ газрын Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан. Тус гомдлын дагуу ёс зүйн зөвлөл хуралдаж 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэл үйлдэж холбогдох баримтыг хавсаргаж Э.Бг албан тушаалаас халах саналыг БГДЗДТ газрын даргад хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.10, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.1.13 болон Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн нь түүний цахим хаягт буй мэдээллүүдээр нотлогдоно. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасныг зөрчсөн нь тус хорооны Засаг даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Сүхбаатарын гаргасан гомдол болон Э.Бгийн Ёс зүйн зөвлөлийн хуралд гаргасан өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 5 432 692 төгрөгийг хариуцагч БГДЗДТ газраас гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг БГДЗДТ газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 101 873 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Хорооны зохион байгуулагч буюу Төрийн захиргааны албан хаагч бөгөөд Туслах түшмэл ТЗ-З ангилал, зэрэглэлд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тангараг өргөж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 6 дугаар хавсралтын дагуу жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, 8 дугаар хавсралтын дагуу хагас, бүтэн жилээр тайлагнан ажилладаг Төрийн жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7, 6 дугаар зүйлийн 6.2, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байтал анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын талаар дүгнэн буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл нь түүний өөрийн ашигладаг Kharcnin ЕВ гэх фэйсбүүк хаягт нийтэлсэн мэдээлэл болон намын хуралд оролцсон сиди бичлэгээр нотлогддог. Анхан шатны шүүх тус бичлэг болон нийтэлсэн мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Бгийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйн улмаас дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан БГДЗДТ газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/202, мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/283 дугаартай тушаал /хх32-33/, Албан тушаалын тодорхойлолт /хх 27-31/ гэсэн баримтуудыг харьцуулан үнэлбэл, Э.Бгийн эрхэлж байсан Хорооны зохион байгуулагч албан тушаал нь туслах түшмэл ангилал, ТЗ-3 зэрэглэл гэсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3 дахь хэсэгт заасан төрийн захиргааны буюу жинхэнэ албан тушаалд хамаарч байна.

 

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан албан тушаалтан болох БГДЗДТ газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/282 дугаар актаар Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд хамаарахгүй тул мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийн харьяалал зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцагч БГДЗДТ газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Э.Бгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/02379 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч БГДЗДТ газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН