Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 56

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Думаат овогт Б.О т холбогдох эрүүгийн 182600110068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг “Шинэ ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Думаат овогт Бямбадоржийн О . регистрийн дугаар ЙМ75111035;

Шүүгдэгч Б.О  нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр “Гулзгай” гэх газар иргэн П.Д-н гэрт хохирогч Т.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Б.О  хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

           Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.О той Баянгол сумын иргэн Адилбишийн гэрт нь таараад тэдний гэрт “Арвайн үндэс” нэртэй архи хувааж уучихаад би Б.О ын мотоциклийн араар нь сундлаад цаашаа Төгрөг сумын “Гулзгай” гэх газар иргэн П.Д- гэрт нь “Шар чингис” нэртэй архи хувааж уусан. П.Д- улсын аварга малчин болсон гээд Б.О  адуу өгнө гэхээр нь би чи хэзээ хүнд адуу бэлэглэж байсан юм бэ, онд орчихоор адуу өгөөрөй гэж хэлтэл Б.О  миний нүүрний зүүн хэсэгт цохьсон. Бид нилээн согтуу байсан. ... Надаас уучлалт гуйж гомдол санал барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч С.Т ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ нүд нь хөхөрсөн байдалтай ирэхээр нь хэнд зодуулсан талаар асуухад манай ээжийн төрсөн дүүгийн хүү болох Б.О т зодуулсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би төрсөн дүү Б.Эн-д хэлсэн. Хамт эрэлд явж байгаад улсын сайн малчин болсон Дэмбээд манай нөхөр хөдөлмөрийн баатар болоорой гэж гар барьсан. Харин Б.О  нь улсын сайн малчин болсон П.Д-д адуу аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр согтуудаа чи дандаа худлаа мал аваарай гэж хүмүүст амладаг гэснээс болоод Дэмбээгийн гэрт нь Б.О  манай нөхрийн зүүн нүд рүү нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Энэ байдлаас болж цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр намайг 60 айлын дэлгүүртээ сууж байтал Т  ганцаараа орж ирээд Батболдыг 7 хоног адуугаа хайсан нэртэй архидаад ирсэн талаар ярьсан. Удаагүй 20-30 минутын дараа дэлгүүрт орж ирээд танай ах Б.О  манай нөхрийг зодоод, нүдийг таглаад, нүүрийг маажсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.О  манай нөхөрт адуу өгнө гэтэл Т.Батболд чи хүнд адуу өгч чадах уу хэзээ л хүнд адуу өгч байлаа гэж Б.О т шарыг нь хуссан байдалтай хэлснээс болж Б.О , Т.Б хоёр маргалдсан. ... Тэр 2 согтуу ирсэн. Манай гэрт 0.5 литрийн “Шар Чингис” нэртэй архи хувааж уусан. ... Б.О , Т.Б-н нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохих шиг болсон. Т.Б-н нүүрэн хэсэгт багахан шиг шалбарсан байсан. ... Манайд нөхөр П.Д, Т.Б, Б.О  бид дөрөв байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч П.Д- мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би энэ жил улсын аварга малчин болсон юм. Б.О  намайг улсын аварга малчин болсон адуугаар мялаачхая гэтэл Т.Батболд нь Б.О т чи ер нь адуугаа өгч чадах юм уу? хүнд олигтойхон адуу өгмөөр юмдаа гэх зэргээр Б.О ын шарыг хуссан байдалтай хэлж байсан. Үүнээс болоод хэрэг эхэлсэн. ... Тэр 2 согтуу байсан Б.О  Т.Б-г нэг удаа нүүрэн хэсэгт цохиход Т.Б-н нүүр шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.О ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... П.Д- улсын аварга малчин болсон гэхээр нь найз нь адуу бэлэглье улсын сайн малчин болоорой гэж хэлтэл Т.Батболд хажуугаас чи хэзээ хэлсэн амандаа байсан юм бэ чи адуу өгч чадах юмуу, онд ормоор адуу өгмөөр юмдаа гээд хэрүүл гуйгаад байхаар нь уур хүрээд Т.Батболдын хацар дээр нь гараараа 1 удаа алгадсан юм. ... Би Б-с уучлалт гуйсан. ... Миний буруу, би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдүүлмээр байна...” гэсэн /хх-ийн 62 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 150 дугаартай: “... Т.Б-н биед тархи доргилт, зүүн нүд, хамрын нурууг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.О ын хувийн байдлыг тодорхойлсон цахим иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай тодорхойлолт, 2017 оны мал тооллогын баримт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-38, 55 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.О  нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр “Гулзгай” гэх газар иргэн П.Д- гэрт хохирогч Т.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Шүүгдэгч Б.О ын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтанд авагдсан хохирогч Т.Б-н шүүгдгэч Б.О т зодуулсан талаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-6/, гэрч С.Т ийн “... шүүгдэгч Б.О  хохирогч Т.Батболдыг зодсонг харсан талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 8-9/, гэрч Б.Э-н “... шүүгдэгч Б.О  хохирогч Т.Б-г зодсонг хэлсэн...” талаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 13-14/, гэрч Б.Ч-н “...шүүгдэгч Б.О , Т.Б-г зодсонг харсан талаар өгсөн...” мэдүүлэг. /хх-ийн 21-22/, гэрч П.Д- “... шүүгдэгч Б.О  хохирогч Т.Б-г зодсонг харсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 25-26/, шүүгдэгч Б.О ын үйлдлийн улмаас хохирогч Т.Батболдод хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.

Шүүгдэгч Думаат овогт Б.О т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.О  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /Зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 4, 17.5 дугаар зүйлийн 1,5,6,7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Думаат овогт Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Думаат овогт .О ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР