Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

  

 

 

 

 

 

 

2024      05          22                                           2024/ДШМ/30

 

                                                                                                           

 

                             Ц.Б, Г.Б нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                   Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                                       Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч                          Б.Баасанжав

            Нарийн бичгийн дарга                              Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ц.Б, Г.Б нарт холбогдох 2225007140321 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

 

Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б-той үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Х тоотод иргэн Д.У, Л.Б-О нарыг зодож хохирогч Л.Б-О-ын эрүүл мэндэд “ ... тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн бугуйн үе, цээж, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, духанд нэг тооны зулгаралт, баруун гарын дөрөв дүгээр хурууны нэг дүгээр үений тэнийлгэгч шөрмөсний бүрэн тасралт” бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Д.У-ы эрүүл мэндэд “... баруун гарын 4 ба 5-р хурууны шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, толгой, хүзүү, зүүн ташаа, баруун гарын шуу, сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хуйханд няцарсан шарх, эрүүнд нэг тооны зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадаа хохирогч Н.З-ттой сантехникийн засварын ажлаас болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “... зулайн хуйханд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал ... ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Х тоотод Ц.Б-ыг хохирогч Д.У-ыг “архины төлбөр төлсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан зодож, улмаар түүний гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн “боль, хөгшин хүн аллаа” гэж хэлсэн хохирогч Л.Б-О-ыг зодож, хохирогч нарын буюу хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдэлд хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

            Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

            Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр мянган найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-т оногдуулсан 3,300,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон 450,000 төгрөгийг торгох ялаас хасч тооцож,

 

             Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Л.Б-О-т төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 1,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х оршин суух, У-д олгож, 2,652,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгож,

 

            Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-т авсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Дэлгэрмэнд эсэргүүцэлдээ:

“...Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд би, эрүүгийн 2225007140321 дугаартай Ц.Б, Г.Б нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

... Шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол” эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзэхээр хуульчилсан. 

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг санаатай гэмт хэргийг 2 удаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн. 

Гэтэл шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж ял оногдуулахад нөлөөлөх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байх ба шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна. 

2. Шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Д.У-ы эрүүл мэндэд “...биед баруун гарын 4 ба 5-р хурууны шивнүүр ясны далд хугарал, тархи доргилт, толгой, хүзүү, зүүн ташаа, баруун гарын шуу, сарвуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хуйханд няцарсан шарх, эрүүнд 1 тооны зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирч хохирогч эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой 1 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийг баримтлах байтал 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг буюу эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах хуулийн заалтыг баримталсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.У-ы эд хөрөнгөд бус эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсантай холбоотой 1 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн. 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тайлбар, санал байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Б-Оын өмгөөлөгч Б.Баасанжав тайлбартаа: “ ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна ... ” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ: “ ... эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэв.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Т.Дэлгэрмэндийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Х тоотод иргэн Д.У, Л.Б-О нарыг зодож хохирогч Л.Б-О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Д.У-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан,

 мөн 2023 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Богд гол” баарны гадаа хохирогч Н.З-той сантехникийн засварын ажлаас болж маргалдаж, улмаар түүний толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээч нарын дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, түүний гэм буруутай үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-т холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Прокурор Т.Дэлгэрмэнд нь “ ... анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ... Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй. гэсэн эсэргүүцэл гаргажээ.

 

Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

            Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарт үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.652.000 төгрөгийн зардал гарсан болон бусад хохирлын талаарх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-аас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.У-д, мөн 2.652.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг буюу “Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах” заалтыг баримталсан нь буруу байна.

 

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ... ” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “ ... хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дурьджээ.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар цаашид анхаарвал зохино.

 

            Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр тооцон 450.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн байх боловч түүний эдэлбэл зохих торгох ялын хэмжээг тогтоогоогүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “ ... хасч тооцсугай ... ” гэснийг “ ... хасаж тооцож, түүний эдлэх торгох ялыг 2.850.000 төгрөгөөр тогтоосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ ... 3.300.000 ...” гэснийг “ ... 2.850.000 ...” гэж,

 

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “ ... 510 дугаар зүйлийн 510.1 ... ” гэснийг “ ... 505 дугаар зүйлийн 505.1 ... ” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурор Т.Дэлгэрмэндийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР

 

                                         ШҮҮГЧИД                                                С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                          С.УРАНЧИМЭГ