Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар  121/ШШ2025/0020

 

2025          12              04                                               121/ШШ2025/0020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяагийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ***холбогдох “Эрх бүхий албан тушаалтны холбогдогч “***” шашны байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ***ээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч, мэргэжилтэн *** миний бие нь Хархорин сумын “***” шашны байгууллагын 2025 оны 10 дугаар сарын 06-нд ирүүлсэн хүсэлтийн дагуу зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Уг хэргийг нээхдээ Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ: “***” шашны байгууллага нь 1 лам санваартантай, 1 нярав, 1 гэрээт нягтлан бодогчтой үйл ажиллагаа явуулдаг. Мэдүүлэг авах явцад нягтлан бодогч ***нь нярав ***ын анхан шатны баримтаа хөтлөөгүй буюу буруу бүртгэснээс болж би энэ байгууллагын тайланг буруу гаргасан гэсэн тайлбар өгсөн учраас анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан гэдэг үндэслэлээр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх заалтаар шийдвэрлэсэн. Миний бие *** овогтой *** нь *** шашны байгууллагыг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх заалтаар хуулийн этгээдэд 500000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно. Гэвч прокурорын дүгнэлтээр буруу шийдвэрлэсэн гэж дүгнэлт гаргасан тул Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь заалтаар зүйлчилж шийтгэл оногдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд “***” шашны байгууллагаас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... РД*** регистрийн дугаартай "***" шашны байгууллага нь 1 лам , 1 нярав, гэрээт нягтлан бодогчтой үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага нь прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийгмийн даатгалын улсын байцаагч *** нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсаар “***” шашны байгууллагыг даатгуулагчийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож, нийгмийн даатгалын тайланд тусгаагүй зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Прокуророос эрх бүхий албан тушаалтан нь дээрх зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж өөр, зүйл хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байх тул шийтгэлийн хуудаст Шийдвэрлэх нь: “1. Холбогдогч “***” /рд: ***/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2. Оногдуулсан шийтгэлийн 1,000,000 төгрөгийг Төрийн сангийн 100100090000 тоот дансанд, хохирол нөхөн төлбөрийн 23741,91 төгрөгийг Төрийн сангийн 100100090000 тоот дансанд тус тус шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлнээр, бэлэн бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай.” гэж тус тус өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.

Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд, холбогдогч “***” шашны байгууллага нь 2 ажилтантай боловч 2025 оны 7, 8 саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 1 даатгуулагчаар тайлан гаргасан буюу даатгуулагч ***ийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоогүй, тайлагнаагүй орхигдуулсан болох нь тухайн байгууллагын тайланд залруулга хийлгэх тухай хүсэлт, тухайн саруудын тайлан, ***ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.  

Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүй зөрчилд хамаарах бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нар нь шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.НарантуяагийнЭрх бүхий албан тушаалтны холбогдогч “***” шашны байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгийн байцаагч *** бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийгмийн даатгалын улсын байцаагч ***ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудаст “1. Холбогдогч “***” /рд: ***/-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай, 2. Оногдуулсан шийтгэлийн 1,000,000 төгрөгийг Төрийн сангийн 100100090000 тоот дансанд, хохирол нөхөн төлбөрийн 23741,91 төгрөгийг Төрийн сангийн 100100090000 тоот дансанд тус тус шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлнээр, бэлэн бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай.” гэж өөрчлөлт оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Нарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                             Ө.БОЛОРЧИМЭГ