Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01718

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/03011 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Бын хариуцагч А.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 2 241 000 төгрөг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл, барьцааны гэрээ дуусгавар болсон тул Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, хувьсгалчдын д-4 гудамж 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, Ү-2205063599 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууцны гэрчилгээг өмчлөгч Ц.Бод буцааж өгөхийг А.Бд даалгуулах, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүүд илүү төлөгдсөн 2 241 000 төгрөгийг гаргуулах, Ц.Б би А.Боос 2016 оны 7 дүгээр сарын 21-ний өдөр нэг сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, 8 000 000 төгрөг зээлж, дээрх хувийн сууцаа барьцаанд тавьсан бөгөөд зээл, зээлийн хүүд нийт 14 641 000 төгрөг төлсөн атал дахин нэмж 2 000 000 төгрөг өгсөн тохиолдолд барьцаанд тавьсан хувийн сууцны гэрчилгээг буцааж өгнө гэж миний хувийн сууцны гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сараас хойш өгөхгүй байгаа. Иргэний хуульд зааснаар зээлийн хүүгийн хэмжээ зээлийн тавин хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар би үндсэн зээл 8 000 000 төгрөг, нэг сарын хүү 400 000 төгрөг, алдангид 4 000 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг төлөх ёстой байсан байна. А.Б надаас илүү авсан 2 241 000 төгрөгийг гаргуулж, зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон тул миний өмчлөлийн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, хувьсгалчдын д-4 гудамж 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, Ү-2205063599 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууцны гэрчилгээг буцааж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б өөрөө зээлийн хүү, хугацааг тохиролцон барьцаат зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тэрээр гэрээний хугацаанд үндсэн зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгч нь зээлсэн мөнгийг 1 сарын хугацаатай авсан хэдий ч 18 cap буюу нэг жил зургаан сарын хугацаанд хугацаа хэтрүүлсэн, нэг сарын үндсэн хүү 400 000 төгрөгөөр тооцож, өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлсөн. Түүнчлэн, нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсэгт ...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлнө гэж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгайлан тусгаж өгсөн байсан. Хэрэв гэрээгээр тохиролцсон алдангийг тооцвол зээлийн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж үзвэл 4 000 000 төгрөгийн алданги нэмэгдэнэ. Хугацаа хэтрүүлсэн 17 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтэрсний хүүг тооцвол 7 200 000 төгрөгийн хохирол, гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг 50 хувиас хэтрүүлэхгүй тооцвол 4 000 000 төгрөг, нийт 19 200 000 төгрөгийн авлага үүссэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 14 221 000 төгрөгийг хасаж тооцвол 4 979 000 төгрөгийн авлагын тооцоо үлдэж байна. Нэхэмжлэгчийг барьцааны зүйлээ чөлөөлүүлэх хүсэлт гаргахад хэдийгээр хариуцагчийн зүгээс дээр дурдсан 5 000 000 төгрөгийг нэхэмжлэх боломж байсан хэдий ч багасгаж нэмж 2 000 000 төгрөг өгөөд барьцаа хөрөнгөө ав гэдэг шаардлага тавьсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс хохирол барагдуулах шаардлага тавьсан бөгөөд хариуцагч ч хохирлыг хүлээн зөвшөөрч нь мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон сарын 5 хувийн хүүгээр тооцож шилжүүлж байсныг буцааж төлөх боломжгүй бөгөөд харин ч тухайн хугацааны хохирлоо гүйцээж нэхэмжлэхийн зэрэгцээ алдангиа мөн нэмж нэхэмжлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Боос 1 621 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бод олгож, хариуцагч А.Бд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамж, 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн Ү-2205063599 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар нэхэмжлэгч Ц.Бод буцаан олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 620 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111 086 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч А.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь хугацаандаа зээлээ төлөөгүй бөгөөд харин цааш нь төлж явж байгаад дуусгая, санаа зоволтгүй гээд гэрээ шинэчлэх гэхээр ирэхгүй, үл тоож уулздаггүй байсан нь гэрээг сунгах, өөрчлөх боломж олгоогүй. Улмаар 18 cap хугацаа хэтрүүлсэн, заримдаа нэг, хоёр сараар төлөхгүй алга болдог, гэрт нь очихоор байдаггүй, хүүхдүүд эсвэл эзэнгүй байдаг байсан. Надаас зээлсэн мөнгийг 18 cap хугацаа хэтрүүлэн хүүгүй ашиглаж байсан хугацааны хүүгээ хүлээн зөвшөөрч өөрөө төлж байсан ч сүүлийн 4 cap хүү төлөлтөө зогсоож олдохоо байж утсаа ч авахгүй байснаа 2018 оны 01 дүгээр сарыг 31-ний өдөр 8 000 000 төгрөг дансанд хийгээд утасдаж, үндсэн мөнгийг чинь хийлээ одоо чамд өгөх юм байхгүй гэж доромжлох маягаар хандахаар нь тэгвэл чи миний хохиролд 2 000 000 төгрөг өгч байж бичиг баримтаа ав гэсэн. Энэ цаг хугацаанаас хойш Ц.Б надтай нэг ч удаа яриагүй 3 жил болсон. Гэтэл Ц.Б 2021 оны 9 дүгээр сарын 06-нд надаас бичиг баримт, мөнгө нэхэмжилж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсны дагуу шүүх хуралд оролцсон. Гэтэл энэ хуралдаан дээр шүүгч зөвхөн төлбөр тооцоо ярьж, хэргийн бодит байдлын тухай огт яриулахгүй байнга л дуугаа бай, өөр юм яриулахгүй гэж зандчиж, ярихад хүртэл хаашаа харж ярихыг зааварлаж дээрэнгүй байдлаар хандаж, ёс суртахуун, ёс зүйн хувьд шүүгч хүнд байхааргүй үйлдлүүд гаргасан ч би тэвчиж огт маргалдаагүй, нэхэмжлэгч, хариуцагч хоёр хоёулаа шүүгчид загнуулан шүүх хурлыг дуусгасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг олон талаас бодит дүгнэлт хийлгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгч талын шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр надаас бичиг баримтыг нь буцааж гаргаж өгөхийг даалгасан асуудлыг хүлээн зөвшөөрч болно. Харин надаас 1 621 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хэтрүүлсэн хугацаандаа тохирсон ёсоор хүү төлсөн төлбөрийг илүү төлсөн гэж буцаан гаргуулж байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан заалтыг шүүх зохих ёсоор хэрэглээгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч нь нийт 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж аваад 18 сарын хугацаанд эргүүлэн төлсөн нь үүрэг гүйцэтгэх хугацааг даруй 17 сараар хэтрүүлсэн гэж тооцогдоно. Өнөөдөр 2016 онд зээлдүүлсэн 8 000 000 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ нь инфляци буюу мөнгөний ханшийн бууралтаас хамааран үлэмж хэмжээгээр буурсан байхад мөнгө зээлж хугацаа хэтрүүлсэн нь хожиж, мөнгөө зээлдүүлсэн нь хохирдог шударга ёс гэж байхгүй гэдэгт итгэж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс хохирол барагдуулах шаардлага тавьсан бөгөөд хариуцагч ч хохирлыг хүлээн зөвшөөрч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон сарын 5 хувийн хүүгээр тооцож шилжүүлж байсныг буцааж төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 2 241 000 төгрөг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас мөнгө буцаан гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Б нь А.Бтой 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А.Б нь 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063599 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамжны 90 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн дүгнэлт хуульд нийцсэн байна. /хх 4, 5/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч А.Б зээлдэгч Ц.Бод шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 1 621 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 8 000 000 төгрөг зээлийн хүү 400 000 төгрөг нийт 8 400 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банк дахь дансны хуулга болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч А.Бд 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 14 221 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талуудын хэн аль маргаангүй. /хх6-34/

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан нь нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлийн гэрээний үүрэг гэж нийт 14 221 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдүүлэгчид төлсөн байх тул уг төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм. Иймд хариуцагчаас 2 241 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч зарим дүгнэлтийг буруу хийснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ дуусгавар болох юм. Уг барьцааны гэрээний зүйл нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063599 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамжны 90 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий хувийн сууц байна. Харин уг өмчлөх эрхийг гэрчилсэн баримт болох гэрчилгээ нь барьцааны зүйл биш тул хариуцагч гэрчилгээг өөрийн эзэмшилд байлгах үндэслэлгүй тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо шилжүүлэх эрхийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/03011 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Боос 2 241 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Боос Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 гудамж, 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн Ү-2205063599 дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч Ц.Бод олгохыг даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...111 086... гэснийг ...70 200... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40 886 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН