Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024      05         22                                                2024/ДШМ/31

 

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                             Г.Анх-Ирээдүй

Шүүгдэгч                                              Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   О.Сарантуул

Хохирогч                                         А.Б

Хохирогчийн өмгөөлөгч                 Н.Мөнхнаран

Иргэний хариуцагч                         Ө.С

Нарийн бичгийн дарга                     Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, иргэний хариуцагч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б-д холбогдох 2325000000401 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Урт цагааны гудамжны асфальтан хучилттай авто замаар Ө.Сэлэнгийн эзэмшлийн Тоёота маркийн Кролла аксиа Е160 загварын 45-98 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хуний гарцаар зам гарч явсан хохирогч А.Бг мөргөж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-аас 15 773 182.50 төгрөг гаргуулан хохирогч А.Б-д, иргэний хариуцагч Ө.С-ээс 15 773 182 төгрөг гаргуулах хохирогч А.Б-д тус тус олгож,

Хэрэгт хураан ирүүлсэн Д.Б-ы 1335901 дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Toyota Harrier маркын 31-28 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие Дамдин овогтой Б нь Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2325000000401 тоот хэрэгт шүүгдэгчээр оролцож 2024/ШЦТ/108 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг авч танилцлаа. 

Миний бие Д.Б нь өөрийн болгоомжгүй байдлаас хохирогч А.Б-д хүнд хэлбэрийн хохирол учруулсандаа гэмшиж байна. Мөн хамт амьдарч байгаагүй өөрийн хүү болох Ө.С-д өөрийн алдаанаас үүссэн хохирлыг төлүүлэх болсондоо харамсаж байна. Одоогоор халамжийн багахан орлоготой, ганцаараа амьдардаг. 

Шүүхээс ирүүлсэн шийтгэх тогтоолд хохирогч А.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа болно. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч /эмч, сэтгэл зүйч/ Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нар нь хохирогч А.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг шууд ашигласан бөгөөд хохирогч өөрөө хүлээн зөвшөөрснөөр дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн. Мөн шүүгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуултад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохдоо мэргэжлийн арга аргачлалын дагуу асуумж, сорил, үзлэг, шинжилгээ, тусгай багаж техник ашиглаагүй зөвхөн хүснэгтийг барьж дүгнэлт гаргасан гэж тайлбарласан. Энэ нь зөвхөн нэг талын буюу хохирогчийн байр суурийг хангасан, тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэж байна. Мөн шүүх шинжилгээний байгууллагаас томилсон шинжээч нар нь мэргэжлийн арга аргачлал ашиглан ажиглалт, асуумж, сорил, үзлэг, шинжилгээ хийгээгүй байх тул мэргэжлийн дүгнэлт гараагүй гэх үндэслэлтэй байгаа учраас Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12- ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогч А.Б-гийн гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого болох 557 966 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлийг хангалтгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. 

2023.07.28-ны өдөр Д.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Урт цагааны гудамжны автозамаар Х дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа гарцаар гарч байгаа иргэн Ц.Бг мөргөсний улмаас хүнд хохирол учруулсан үйл явдал болсон. 

Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 27.10.2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б уг хэрэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн. 

2024.03.12-ны өдөр шүүх хурлаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхээс ЭХ- ийн 27.10.2.3-т зааснаар Д.Б-ыг гэм буруутайд тооцож, тухайн зүйл ангид заасан ял, хариуцлага оногдуулсантай маргах зүйл байхгүй байгаа. 

Харин шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан материаллаг хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хохирогчийн гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого 557,966 төгрөг нэхсэн нь үндэслэлтэй гэсэн. Уг орлогыг Бд түүний нөхөр нэхэмжлэх эрх, итгэмжлэл олгоогүй. 

Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох зорилгоор шүүхээс 2023.11.27-нд шинжээч томилсон шүүгчийн захирамж гарч, уг захирамжийн дагуу Нийслэлийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарч ирсэн боловч шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.2, 40.3-т заасан хохирогчийн сэтгэцэд учруулсан хямрал эмгэгийг шинжилгээгээр тогтоосон байх шаардлагад нийцсэнгүй. 

Шинжээчийн дүгнэлт гэх баримтаар шинжээчээр томилогдсон сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар нь хохирогч Бд тусгайлан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгтийг танилцуулан, 5 зэрэглэлийг хүлээн зөвшөөрч буйг асуугаад хохирогч хүлээн зөвшөөрсөн тул уг зэрэглэлээр хор уршгийн зэрэглэл тогтоосон нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээг тал бүрээс нь бодитой, бүрэн, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэх боломжгүй байна. 

Хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзвэл хохирогчийн хор уршгийг зэрэглэл нь 3 зэрэглэл байх боломжтой байна. (Хүснэгтийг хараад эмч нарын тодорхойлсон шиг) 5 зэрэглэлийн ангилалд ХҮА-с үүссэн сэтгэцийн эмгэг байх ба энэ нь биеэ хянах, шийдвэр гаргах чадваргүй болох, нойргүйдэл илрэх, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болох зэрэг маш хүнд үр дагаврууд бий болох шинжийг агуулж байна. Хохирогчид дээрх шинжүүд үүссэн нь тогтоогдоогүй. 

2023.07.03-ны өдрийн УДШ-ын нийт шүүгчдийн 25-р тогтоолын хавсралт болох …нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын гуравдугаар зүйлд нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо 

3.1.1 Нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, 

3.1.2 Хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн 

төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах 

3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг ШШтХ-ийн 40-р зүйлийн 40.3-т заасны дагуу шинжилгээний байгууллага тогтооно гэсэнтэй уг дүгнэлт нь нийцэхгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон гэх дүгнэлт нь уг хохирлын хэмжээг шүүхээс тогтооход хангалттай байж чадахгүй байгаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7.2.1-д заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжээчийг тогтоосон нөхцөл байдлын талаар нотлох баримтыг хэрхэн үзсэн талаар дүгнэлт хийгдээгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Иргэний хариуцагч Ө.С давж заалдах гомдолдоо: “Миний бие Өлзийхишиг овогтой С нь Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2325000000401 тоот хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож 2024/ШЦТ/108 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг авч танилцлаа. 

Тус шийтгэх тогтоолд хохирогч А.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 5-р зэрэглэлд хамаарахаар байна гэж тусгажээ. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон шинжээч /эмч, сэтгэл зүйч/ Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нар нь хохирогч А.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг шууд ашигласан бөгөөд хохирогч өөрөө хүлээн зөвшөөрснөөр дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэн. Мөн шүүгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуултад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоохдоо мэргэжлийн арга аргачлалын дагуу асуумж, сорил, үзлэг, шинжилгээ, тусгай багаж техник ашиглаагүй зөвхөн хүснэгтийг барьж дүгнэлт гаргасан гэж тайлбарласан. Энэ нь зөвхөн нэг талын буюу хохирогчийн байр суурийг хангасан, тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэж байна. Мөн шүүх шинжилгээний байгууллагаас томилсон шинжээч нар нь мэргэжлийн арга аргачлал ашиглан ажиглалт, асуумж, сорил, үзлэг, шинжилгээ хийгээгүй байх тул мэргэжлийн дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлтэй байгаа учраас Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12- ны өдрийн 2024/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолын 5-р заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн хохирогч А.Б-гийн гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого болох 557966 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлийг хангалтгүй гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой санал нэг байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хохирлыг анхан шатны шүүх гаргуулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, аргачлалд заасан хүснэгтэд хохирол гаргуулсан нь хууль зөрчсөн...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Б тайлбартаа: “...Би хот орж, эмчид үзүүлсэн. Би 10 сарын хугацаанд хүнд гэмтэлтэй байна. Сэтгэл санааны байдал асар хүнд байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “... Шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ө.С тайлбартаа: “...Иргэний хариуцагчийн хувьд хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Урт цагааны гудамжны асфальтан хучилттай авто замаар Ө.С-ийн эзэмшлийн Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан хохирогч А.Б-г мөргөж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогч А.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            Тухайн эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Д.Б “...шийтгэх тогтоолын 05 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хохирогч А.Б-гийн гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого болох 557,966 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэлийг хангалтгүй гэж үзэж байна...”, иргэний хариуцагч Ө.С “...шийтгэх тогтоолын 05 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжээчийг тогтоосон нөхцөл байдлын талаар нотлох баримтыг хэрхэн үзсэн талаар дүгнэлт хийгдээгүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

            Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…” гэж хуульчилсан байна.

        

            Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Бы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…” гэсэн заалтыг үндэслэн хохирогч А.Бгийн эмчилгээний зардал 4 704 212 төгрөг, гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого 557 966 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 5 006 187 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 25 575 000 төгрөг нийт 35 846 365 төгрөгөөс иргэний хариуцагч Ө.Сэлэнгийн төлсөн 4 300 000 төгрөгийг хасаж, үлдэх 31 546 365 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Ө.С нараас тэнцүү хуваан гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

        

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн болон иргэний хариуцагчаас сэтгэл санааны болон бусад хохирлыг гаргахдаа хууль зөрчөөгүй, үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, иргэний хариуцагч Ө.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, иргэний хариуцагч Ө.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

                                                           ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР