| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0023/З |
| Дугаар | 121/ШШ2025/0021 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 121/ШШ2025/0021
2025 12 18 121/ШШ2025/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ****,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ****ад холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ****, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ****ын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч **** нь иргэн ****, **** нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.2. Улмаар маргаан бүхий 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” **** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ****г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
2.3. Холбогдогч **** нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гомдол ирүүлснийг тус шүүх хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3. ****гаас шүүхэд ирүүлсэн гомдолдоо:
3.1. “Миний бие **** овогтой ***** Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын хяналтын байцаагч ****ын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №**** дугаартай шийтгэлийн хуудсыг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Намайг Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэргэшсэн эмч эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол гэсэн үндэслэлээр 1000 нэгж буюу 1,000,000 сая төгрөгөөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаатайгаар хасах шийтгэл оногдуулсан.
3.2. Миний бие тухайн шийтгэлтэй холбоотой үйл явдал болох үе 2025.07.24-2025.07.29-нийг хүртэлх өдрүүдийн хооронд 2025.07.27-2025.07.28-нд шилжих өдөр сумын Эрүүл мэндийн төвд 24 цагийн жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэж байсан. Энэ үед жижүүрийн үүргийн хуульд журамд заасны дагуу хариуцлагатай гүйцэтгэж тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ****д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн ба 2025.07.28-ны өглөө 08:30 минутад дараагийн жижүүр эмч, мөн тухайн өвчтөнийг хариуцсан эмчлэгч эмч болох уламжлалтын эмч ****д өвчтөний биеийн байдлыг танилцуулж БОЭТөвд тээвэрлэх саналыг гаргаж хүлээлгэн өгсөн.
3.3. Уг хэрэг үйл явдалд хяналтын байцаагч **** нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан их эмч ****, сувилагч ****, **** нарыг гэрчээр асууж мэдүүлэг аваагүй, зөвхөн нэг талын буюу уламжлалтын эмч ****гийн өгсөн мэдүүлэг, түүний засаж засварлаж худал бичсэн өвчний түүх дээр үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтээр надад зөрчлийн шийтгэл оногдуулсан нь нэг талыг баримталж шийтгэх, торгох сэдлээр хандсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагч ****ын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “Миний үйлчлүүлэгч ****г Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэргэшсэн эмч эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж зөрчлийн шийтгэл оногдуулсан.
4.2. Эрх бүхий албан тушаалтнаас энэхүү зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ зөвхөн хэрэгт хамаарал бүхий гэрчүүдийг асууж хэргийн үнэн зөвийг бодитойгоор тогтоох хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй. Зөвхөн нэг талыг баримталж шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдсан түүний тайлбаруудаас харагддаг.
4.3. Учир нь М.**** эмч, сувилагч ****, **** нар нь тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх гэрч нар байсан. Мөн ****ын эхнэр ****, түүний охин **** гэх зэрэг хүмүүсийг гэрчээр асуухгүйгээр эмч ****гийн ****ын өвчний түүх дээр бичсэн **** тээвэрлэхээс татгалзсан гэсэн бичгийг үндэслэн буруутгаад түүнийгээ үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргуулж шийтгэл оногдуулсан нь шударга бус гэж үзэж байна.
4.4. Хариуцагчаас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан байх. Мөн сая ****ын охин гэрчийн мэдүүлэг өглөө. Тэдний мэдүүлэг дээрээс **** эмчид гомдолгүй, сайн эмчилгээ хийсэн, харин ч баярлаж явдаг тул сэтгэлээ илэрхийлж фэйсбүүк дээр пост бичсэн гэж хэлдэг. Харин **** гэдэг иргэний лайв бичлэг бол нотлох баримт биш шүү дээ. Зүгээр л тухайн үеийн сэтгэл хөдлөлөө илэрхийлээд одоо үед хэн дуртай нь лайв хийдэг болсон.
4.5. Гэтэл улсын байцаагчаас нотлох баримтыг бүрэн шалгалгүйгээр нэг талын байр сууринаас хандаж шийтгэл оногдуулснаас болж миний үйлчлүүлэгч ****гийн эрх зүйн байдал дордож эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна.
4.6. Ийм учраас ****д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн чанарын хяналтын улсын байцаагч ****аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
5.1. Эрүүл мэндийн газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б. Ариунзаяат би, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн **** дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж Уянга сумын Эрүүл мэндийн төвийн мэдээгүйжүүлгийн их эмч Уянга сумын **-р багт оршин суух ****, Уянга сум **-р багт оршин суух ****-ын **** нарыг тухайн гомдол мэдээлэлд холбогдогч болохыг тогтоосон.
5.2. Хохирогч **** нь анх 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Уянга сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар оройн 19 цаг 30 минутад өөрийн биеэр очиж үзүүлсэн. Жижүүр эмчээр ажиллаж байсан **** үзэж 20 цаг 00 минутад буцаасан. Яаралтай тусламжийн тасагт байсан нийт хугацаа - 30 минут. Эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, авсан арга хэмжээ, хангалтгүй. Зайлшгүй шаардлагатай хийгдэх шинжилгээ төлөвлөөгүй, хийгээгүй нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 тушаалын 11 дүгээр хавсралт “Яаралтай тусламжийн хуудас” СТ-32а маягтанд тэмдэглэснээр үзвэл тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3 дахь заалт “Эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”;-ийг мөн хохирогчийн зовиур шаналгааг хуурамч үйлдсэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” батлах тухай А/406 тушаалын 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх”-ийг зөрчсөн.
5.3. Хохирогч **** 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 11 минутад өөрийн биеэр ирж эмнэлэгт хэвтсэн. Их эмч **** гомдолдоо 2025 оны 07 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд үзсэн гэх боловч 2025 оны 07 дугаар сарын 29-ний 09 цаг 37 минутад эмчлэгч эмч Б.**** тээвэрлэх санал гаргасан боловч их эмч **** татгалзсан гэсэн тэмдэглэлтэй байна. Мөн ****ын төрсөн хүү **** өргөдөлдөө “тээвэрлэх санал ар гэрээс гаргахад тээвэр **** мэдүүлэгтээ энэ талаар дурдсан. Мөн 2025 оны 07 дугаар сарын 29-ний камерын бичлэгт эрчимт эмчилгээний өрөөнд үзэж ар гэртэй нь уулзаж байгаа нь бичигдсэн байв.
5.4. Их эмч **** гомдолдоо хууль журмын дагуу тусламж үйлчилгээг хангалттай үзүүлсэн гэх боловч эмч **** нь мэдээгүйжүүлгийн их эмчээр төгсөлтийн дараах сургалтад 2 жил суралцсан мэргэшсэн эмч юм. 2 жилийн хугацаанд суралцахдаа мэргэшиж буй мэргэшлийн зайлшгүй эзэмшвэл зохих гардан үйлдэл, мэдлэг чадварт суралцсан байх хөтөлбөрийг дүүргэсэн. Энэхүү хөтөлбөр нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Мэдээгүйжүүлэх эмчилгээ судлалын мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан хөтөлбөр болно.
5.5. Мөн эмч **** нь Уянга сумын эрүүл мэндийн төвөөс Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ”-д заасан мэргэшсэн эмчийн зэрэглэл ТҮЭМ 7-р цалинждаг атал ****д үзүүлсэн тусламж үйлчилгээ, онош, шээлгүүр тавих гардан үйлдэл хийгээгүй, шинжилгээнд гол үзүүлэлт сахрыг хянаагүй, мэргэшсэн давуу байдлаар эмчилгээний тактик өөрчлөөгүй, сэтгэц нөлөөт опийн бүлгийн эмийн фармаковжиланс буюу эмийн тун, хэмжээ, үл нийцлийг тооцоогүй нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.1 заалт “Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой сонголт хийх, эмчилгээний үр дүнд эргэн хяналт тавих;-ыг, 29.2.2 дахь заалт “эмийн тун, хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа, илэрч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах’’;-г , Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 22.1.1 дэх заалт “Мэргэшсэн эмч нь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх"; 22.1.2. дахь заалт “эмийн жор бичих”;-г зөрчсөнийг шинжээч эмчийн дүгнэлтэд тэмдэглэсэн.
5.6. Гомдолд эмч ****, ****, сувилагч ****, **** нараас гэрчийн мэдүүлэг аваагүй гэсэн тухайд их эмч **** нь 2025 оны 07 сарын 24-өөс 25-ны өдрүүдэд 2 удаа үзсэн тэмдэглэлтэй. Эмч Б.****д хүлээлгэн өгөөд үргэлжлүүлэн ээлжийн амралт авсан учир гэрчийн мэдүүлэг авахад ач холбогдол багатай байсан. Эмч **** нь 2025 оны 07 дугаар сарын 26-аас 27-ны өдрүүдэд жижүүрийн эмч байсан бөгөөд жижүүрийн хугацаанд ****ыг хянаагүй, үзлэг хийгээгүйгээс хохирогч ****ын биеийн байдал хүндэрсэн. Жижүүрийн хугацаанд хийж гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгээгүй нь өвчний түүхэнд тухайн өдрийн тэмдэглэл бичигдээгүй байгаагаар нотлогдож байна. Мөн их эмч ****тай хувийн харьцаатай тул ач холбогдолтой бус гэж үзсэн. Ээлжийн сувилагч ****, **** нар Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжээр ажилладаг, мөн мэдүүлэгт ач холбогдол багатай гэж үзсэн.
5.7. Эмч **** нь хохирогч ****ын ар гэрийнхэнийг өвчний талаарх явц, хүндрэл зэргийг шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ташаа мэдээллээр хангаж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсныг хүү ****, гэрч **** нарын мэдүүлэг, өргөдөлд тэмдэглэгдсэн. Мөн өвчний түүхэнд бичигдсэн онош, эмчилгээний тактик, эмийн сонголт, үл нийцлээс үүдэн хохирогчийн амин үзүүлэлт, төв мэдрэлийн тогтолцоо түр хугацаагаар доголдож, амин чухал эрхтний үйл ажиллагаа дарангуйлагдаж байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс очсон эрчимт эмчилгээний эмчийн авсан арга хэмжээ, тусламж үйлчилгээний үр дүнд биеийн байдал тогтворжиж 3 цагийн дараа тээвэрлэсэн тухай эмчийн тэмдэглэл, камерын бичлэгт байгаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Өвчтөн, эсхүл нас барагчийн өвчин, эмгэгийн талаархи хуулиар хориглосноос бусад үнэн зөв мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөн, эсхүл нас барагчийн ар гэрийнхэнд өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно)-т зааснаар,
5.8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэшсэн эмчийн мэдлэг, ур чадвар гаргаж бие даан шийдвэр гаргаж шуурхай арга хэмжээ аваагүй, үндсэн онош болон хүндрэлийн оношийг буруу тавьснаас эмчилгээний зарчим өөрчлөгдсөн. Хохирогч ****д шээлгүүр тавьж чадаагүйгээс бөөрний цочмог дутагдалд хүргэж, шок гүнзгийрснийг шинжээч эмчийн дүгнэлтийн тэмдэглэлд байгаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дэх заалт (Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) зааснаар тус тус хэрэг нээсэн болно.
5.9. Иймд дээрх зөрчлүүдэд хэрэг бүртгэлт явуулж Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шийтгэлийг оногдуулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж, маргаж буй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” **** дүгээр шийтгэлийн хуудсаар Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч ****г Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мэргэшсэн эмчийн тусламж үзүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг /1,000,000 төгрөг/-өөр торгож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.
2. Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих зөрчлүүдийг зааж өгсөн байх бөгөөд тус зүйлийн 1-д “Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд мэргэшсэн эмчийн эрх, үүргийг зааж, тус зүйлийн 22.1-д “Мэргэшсэн эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтний эрх, үүргээс гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 22.1.1.үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх;” гэж тус тус хуульчилжээ.
3. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд мэргэшсэн эмч нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдлийг, эсхүл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй эс үйлдэхүйг зөрчилд тооцож шийтгэл оногдуулахаар байна.
4. Холбогдогч хүний их эмч **** нь эмчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, мэдээгүйжүүлэг судлалын үндсэн мэргэшилтэй. /хх-45 хуудас/
5. Хариуцагч улсын байцаагч нь эмч ****г “...Эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, авсан арга хэмжээ, хангалтгүй. Зайлшгүй шаардлагатай хийгдэх шинжилгээ төлөвлөөгүй, хийгээгүй, тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3 дахь заалт “Эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”-ыг зөрчсөн,
...хохирогчийн зовиур шаналгааг хуурамч үйлдсэн нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” батлах тухай А/406 тушаалын 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэг “Эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний түүх, карт, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй байх”-ийг зөрчсөн,
...2025 оны 7 дугаар сарын 29-ний 09 цаг 37 минутад эмчлэгч эмч Б.**** тээвэрлэх санал гаргасан боловч их эмч **** татгалзсан,
...****д үзүүлсэн тусламж үйлчилгээ, онош, шээлгүүр тавих гардан үйлдэл хийгээгүй, шинжилгээнд гол үзүүлэлт сахрыг хянаагүй, мэргэшсэн давуу байдлаар эмчилгээний тактик өөрчлөөгүй, сэтгэц нөлөөт опийн бүлгийн эмийн фармаковжиланс буюу эмийн тун, хэмжээ, үл нийцлийг тооцоогүй нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.1 заалт “Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой сонголт хийх, эмчилгээний үр дүнд эргэн хяналт тавих”, 29.2.2 дахь заалт “эмийн тун, хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа, илэрч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах’’, Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 “Мэргэшсэн эмч нь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх”, 22.1.2 “эмийн жор бичих” гэж заасныг зөрчсөнийг шинжээч эмчийн дүгнэлтэд тэмдэглэсэн.
...эмч **** нь хохирогч ****ын ар гэрийнхнийг өвчний талаарх явц, хүндрэл зэргийг шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ташаа мэдээллээр хангаж, сэтгэл санааны хүнд байдалд оруулсныг хүү ****, гэрч **** нарын мэдүүлэг, өргөдөлд тэмдэглэгдсэн...” зэрэг үндэслэлүүдээр хуульд заасан мэргэшсэн эмчийн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан маргажээ.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, иргэн **** нь 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 30 минутад дотор муухайрах, огих зовиуртайгаар Уянга сумын эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд эмч **** нь үзэж, шинжилгээ авч, эм бичиж, зөвлөгөө өгч буцаасан. /яаралтай тусламжийн хуудас хх-24 хуудас, өвчний түүхийн лабораторийн шинжилгээ хх-27 ар тал/
7. Улмаар 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дахин эмнэлэгт ирж, эмч Б.**** өвчний түүх нээж, сувганцрын завсрын эдийн өвчнүүд, чихрийн шижин гэх үндсэн болон дагалдах оноштойгоор 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. /өвчний түүх хх-25-32 хуудас/
8. Энэ хугацаанд тухайн өвчтөнг эмч Б.**** /2025.07.24, 25-ны өдрүүд/, эмч **** /2025.07.28-ны өдөр/, эмч Б.**** /2025.07.28-ны өдөр/, эмч М.**** /2025.07.29-ний өдөр/ нар нь тус тус үзлэг хийж, лабораторийн шинжилгээг 2025.07.23, 24, 28, 29-ний өдрүүдэд авч, эмчилгээ хийсэн. /өвчний түүх хх-25-32 хуудас/
9. Гэвч өвчтөний биеийн байдал хүндэрч, 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс алсын дуудлагаар эмч ирж, тээвэрлэн авч явсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
10. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчлан заажээ.
11. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх чиг үүрэгтэй.
12. Хариуцагч улсын байцаагч нь гомдол мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх зэргийг гаргуулан авч, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд “1. Уянга сумын Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 сарын 15-ны өдрийн А/212 дугаартай Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 5.3 дахь хэсэг “Харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн эрэлт, зорилтот бүлгийн хүн амын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрэгцээг зөв тодорхойлж шаардлагатай лавлагаа шатлалын тусламжийн үйлчилгээнд илгээх, эргэх холбоо тогтоох ажлыг хугацаа алдалгүй зохион байгуулна”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 6.1.2-т “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, эх барихын тусламж, үйлчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэний холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээх, эргэх холбоо тогтоох, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах” гэсэн хэсгүүдийг баримталж ажиллаагүй байна. 2. **** нь Уянга сумын Эрүүл мэндийн төвийн дотрын тасагт 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 29-ний хооронд 5 хоног Сувганцрын завсрын эдийн өвчнүүд оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба 24, 25-ны өдрүүдэд биеийн байдал харьцангуй тогтвортой, 26, 27-ны амралтын өдрүүдэд биеийн байдлын талаар тэмдэглэл байхгүй, 28, 29-ний өдрүүдэд биеийн байдал хүндэрч бөөрний цочмог дутагдал гүнзгийрсэн байна. 2025 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд эмчлэгч эмч Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү тээвэрлэх санал гаргасан нь Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 5.3 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 6.1.2 дахь хэсгүүдтэй нийцэж байна. 3. Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 5.3 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 6.1.2 дахь хэсгүүдийг баримталж ажиллаагүйн улмаас эрүүл мэнд түр хугацаагаар сарнисан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэж дүгнэжээ.
14. Уг дүгнэлтээс үзвэл сумын эрүүл мэндийн төвд өвчтөнд хийгдсэн эмчилгээ, үзлэг, оношилгоо, зөвлөгөөнөөс шалтгаалан өвчтөнд ямар сөрөг нөлөө үзүүлсэн эсэх, үндсэн болон дагалдах онош зөв эсэх, сэтгэцэд нөлөөт эмийн тун, хэмжээ, үл нийцэл нь өвчтөнд хэрхэн сөргөөр нөлөөлсөн эсэх, бөөрний цочмог дутагдал гүнзгийрсэн тохиолдолд тээвэрлэх үеийн эрсдэл зэрэг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг шинжээч нь тогтоогоогүй байна.
15. Өөрөөр хэлбэл **** эмчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өвчтөний биеийн байдалд ямар нөлөө үзүүлсэн, өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хэрхэн зохих ёсоор биелүүлээгүй болохыг мэргэжлийн шинжээч дүгнээгүй.
16. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар сумын эрүүл мэндийн төв нь хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар холбогдогч сумын эрүүл мэндийн төвийн эмч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
17. Дээрх үндэслэлээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг тогтоохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж зөрчил нь тогтоогдсон эсэхийг шалган шийдвэрлэх шаардлагатай байхад нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
18. Зөрчлийн тухай хуульд Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчих зөрчлийг тус тусад нь хуульчилсан.
19. Хариуцагч нь зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1-ийн 2.1 дэх хэсэгт заасан зөрчлөөр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүнд зөрчилд нь шийтгэл оногдуулсан гэх боловч шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон шийтгэл оногдуулсан тул шүүх маргаан бүхий актад хууль зүйн үндэслэл болгосон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг зөрчих зөрчлийн хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ****гийн гомдлын шаардлагыг хангаж, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” **** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван /5/ хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ