Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

2024       05         22                                          2024/ДШМ/32

 

 

 

Б.М, Б.З,

С.Д, Б.У, С.Д,

Д.С нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                     Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч                                  С.Д, Б.У, Б.З, С.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч    М.Мэндбаяр, О.Энхсаруул, Н.Мөнхнаран

Нарийн бичгийн дарга             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Д, Б.З, Б.У, С.Д болон түүний өмгөөлөгч О.Энхсаруул нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.М нарт холбогдох 1825000700067 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Х тоот хашаанаас иргэн Г.Б-ийн 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  мөн Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

  Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Д-той харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн С.Д нь тухайн үед Д.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.М, Б.У, С.Д, Б.З, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

Б.М, Д.С, С.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, С.Д, Б.У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарт холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.М-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.З, С.Д, С.Д, Б.У нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.З-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.З-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Д, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ид Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/425 дугаартай тогтоолоор оногдуулсан ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Д-ийн эдлэх ялыг энэ тогтоолоос өмнөх ялыг эдэлж дууссан үеэс эхэлж энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ы цагдан хоригдсон 830 хоногийн хугацааг, шүүгдэгч Б.З-гийн цагдан хоригдсон 261 хоногийн хугацааг, шүүгдэгч С.Д-ийн цагдан хоригдсон 122 хоногийн хугацааг, шүүгдэгч Б.У, С.Д нарын тус бүр цагдан хоригдсон 85 хоногийн хугацааг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь тус тус хасаж,

 Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Уын өмчлөлийн цагаан өнгийн 24-92 ОРХ улсын дугаартай Мазда маркийн 5,200,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, С.Д нараас тус бүр 1,040,000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Уд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсан үлдээж,

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.З, С.Д, Б. У, С.Д, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдолдоо:

“… миний бие 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилээр зорчих эрхээ хязгаарлуулсан. Хулгай хийгээгүй, өвс ачиж байхад би хамт байсан бөгөөд хулгайн өвс гэж мэдээгүй. З, М нар зугтаасан, би зугтаагаагүй. Хар машинтай улсууд ирэхэд “тамхи байна уу” гэж тэр улсууд орилж байсан. Гэтэл эмэгтэй жолооч Уын машины түлхүүрийг авсан. М, З нар зугтаахад араас нь би гүйцэж очоод “чи хулгай хийж өвс өгөөд байгаа юм уу” гэхэд М “чамд хамаагүй” гээд над руу дайрсан. Замын хажууд зодолдсон. Би буцаж хар машинтай хүмүүс дээр очиход “дугуй хагарчихлаа, данхраад байна уу” гэж асууж байсан. Би хулгай хийгээгүй маш их гомдолтой байна. Тийм учраас үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдолдоо:

“... М манай эгч Дд өвс зарж Д ах, У эгч бид 3 ачилцаж өгсөн байдаг юм. Мыг хулгай хийж байгааг бид 4 мэдээгүй энэ талаар мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө үнэнээ хэлсэн байдаг.

М нь мэдүүлэхдээ “... Зтой хамт архи ууж байхад Згийн эгч Д залгаад өвс худалдаж авмаар байна ...” гэж яриад байсан Д намайг хулгай хийсэн гээд орой зодохоор нь уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ би өөрөө өвс ачуулсан, Д, Д, У, З нарт “миний өвс байгаа юм, та нарт худалдаж ав” гээд худлаа хэлээд ачуулсан юм. Эхний удаа З, Д, У нар явж өвсөө буулгачхаад эргэж ирээд дахиад очиж байхад хар машинтай хүн хажуу айлд ирэхээр нь З, Д бид 3 зугтаасан. Хашаанаас гарсны дараа Д надад “чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гэж хэрэлдсэн, тэр үед Д над руу уурлаж бид 2 машин замын хажуу талд зодолдсон, тэгээд салаад явсан. Би Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлсэн. Дгээс өвс авсан гэж ойролцоогоор 50,000 төгрөг авсан. Намайг хулгайн өвс ачуулж байсныг З, Д, Д, У нар мэдээгүй. Анхнаасаа үнэнээ хэлээд шийдүүлэх байсан юм гэж мөрдөгчид хэлсэн байна.

Би тухайн үед Мыг хулгайн өвс авч байгааг мэдэж байсан бол ах, дүү нартайгаа нийлж өвс ачихгүй байсан. Тухайн үед би тэнсэнтэй байсан учраас шоронд орно гэдгийг сайн мэдэж байсан учраас юу гэж хулгай хийх вэ. М нь өөрийн гэрт амьдарч байсан Мөнх-Ундраагаар худлаа мэдүүлсэн байсан. Мөнх-Ундраа энэ талаар шүүх хуралдааны өмнө мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн үнэн гэж тодорхой мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх Мтай нийлж хулгайн гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаад би гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцоно” гэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо:

“...Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна ... би 2 настай хүү, оюутан охинтойгоо амьдардаг. Би гэрээрээ юм оёж амьдралаа залгуулдаг. 2018 оны  01 дүгээр сарын 19-ний өдөр хадам эгч өвс ачаад өгөөч гэж гуйсан. Би цагаан сар дөхсөн оёдол ихтэй байсан боловч хадам эгч болох Дгийн нөхөр нь хүнд өвчтэй байсан учраас би өвсийг нь ачиж өгсөн. Тухайн өвсийг хулгайн өвс гэдгийг мэдээгүй. Би хүнд тусалсныхаа төлөө гэмт хэрэгтэн болж, шоронд 85 хоног хоригдож, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санаа зэргээр хохирч байгаадаа маш их гомдолтой байна. Миний өөрийн эзэмшлийн 24-92 ОРХ улсын дугаартай Мазда машиныг минь улсын орлого болгож байгаад гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж намайг цагаатгаж, машиныг минь буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч О.Энхсаруул нар давж заалдах гомдолдоо:

“...Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 90 дүгээр шийтгэл тогтоолыг эс зөвшөөрч, шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

1. Гэмт хэргийг хэн үйлдсэн. Анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 19- 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас 46 боодол өвс алдагдсан, өвс авах үед шүүгдэгч нар хамт байсан учраас үйлдлээрээ нэгдсэн, гэм буруутай гэдэг байдлаар нэгдсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хэн нь хулгайлах сэдэл, санаа зоригоор уг өвсийг ачсан, хэн нь хулгайн өвс гэдгийг мэдээгүй ачсан буюу гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг нарийн ялгаж тогтоогоогүй. 

Шүүх шийдвэрийнхээ эрх зүйн дүгнэлт хэсэгт шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Маас бусад шүүгдэгч нар хэргийн талаар зөрүүгүй, тогтвортой байдлаар мэдүүлсэн. 

Мөрдөгч хэргийн нөхцөл байдлыг тодруулах, үйл явдлыг тогтоох зорилгоор ялагдагчаас мэдүүлэг авах эрхтэй. Үүний дагуу Б.Маас мөрдөгчид /2 дугаар хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан/ өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт " ... өөрийн өвс гэж худлаа хэлсэн, зах зээлийн ханшаас багаар худалдана, тэд хулгайн өвс гэдгийг мэдээгүй, хашааны гадна машин ирэхэд зугтаагаарай гэж хэлэхэд С.Д, С.З хоёр мэдээд зугтсан, С.Д нь миний дүү нарт хулгайн өвс зарлаа гэж зодоход өширхөж худлаа мэдүүлэг өгсөн ... " гэх утгатай мэдүүлэг өгсөн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцохдоо дурдаж, үндэслэлээ болгож байгаа учир шүүгдэгч Б.Мы дээрх мэдүүлгийг яагаад үнэлэхгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Шүүгдэгч Б.Мы дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэг авагдсан дараах баримт, мэдүүлгээр батлагдаж байна гэж үзэж байна. 

1. Гэрч М.М, М.Б нарын мэдүүлэг. Хэдийгээр гэрч М.М нь мэдүүлгээ өөрчилж, өөр өөр мэдүүлэг өгч байгаа боловч Б.М-ыг "...шөнө дунд хүнд хүнд зодуулсан байдалтай орж гэрч М.Б нь "...Б.М шөнө дунд хүнд зодуулсан байдалтай цус болчихсон орж ирсэн, эхнэр нүүр амыг нь цэвэрлэж өгсөн..." гэж зөрүүгүй, өөрчлөөгүй мэдүүлсэн. 

2. Гэрч Б.Б-гийн “... М гэх залууг харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байгаа гэдгийг мэддэг хүн байгаа юм" гэх мэдүүлэг, 

3. Мөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд тухайлбал шүүгдэгч С.Д-ийн "...би М-ыг дүү нарт хулгайн өвс зарсан байна гэж уурлаад зодсон" гэх мэдүүлэг, 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчийн мэдүүлгүүдээр гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.М-ы хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /уг хашаанд өвс байгаа гэдгийг мэдэх ганц хүн, хулгайн өвс зарсан гэж Д-оор зодуулсан, шөнө дунд гэртээ ирсэн/ батлагдаж байхад шүүх Б.М-ы олон янзаар өгсөн мэдүүлгийн алийг нь үнэлсэн эсхүл үгүйсгэсэн байдлаа бичихгүйгээр шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 

2. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр. 

Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүх шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. 

С.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум руу өвс худалдаж авахаар орж ирсэн гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С.Дгийн Баян-Өндөр сум руу ирсэн зорилго нь өвс худалдаж авах байсан. Орж ирээд өөрийн төрсөн дүү С.З руу "өвс худалдаж авахаар ирлээ, хямд өвс зарах хүн байвал сураглаж байгаарай" гэж утсаар хэлсэн. С.З "хямд өвс зарах хүн байна" гээд С.Д хямд өвс худалдаж авахаар явж байгаа нь шунахайн сэдэлттэй гэмт хэрэг биш бөгөөд аль хямд зарж байгаа газраас чанартай олон тооны өвс худалдаж авч байгаа нь зах зээлийн үндсэн зарчмын дагуу явагдаж байгаа арилжаа юм. 

Гэтэл Орхон аймгийн Жаргалант суманд өвчтэй нөхрөө асран мал маллаж амьдардаг, өвс алга болсон гэх хашаанд өвс байгаа гэдгийг огт мэдэхгүй, хашаанд өвс байгаа гэдгийг мэдэх цор ганц хүн Б.Мтай огт уулзаж байгаагүй, танихгүй С.Д-г ирсэн өдрийнхөө шөнө нь шунахайн сэдэлтээр, хулгайлах зорилгоор, машин механизм ашиглан өвс хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 

3. Нотлох баримт үнэлэх. 

Шүүгдэгч С.Д-гийн хувьд 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө шүүгдэгч нарын хамт өвс алдагдсан гэх хашаанаас Б.У-ын бага оврын ачааны машинаар өвс очиж авсан үйл явдлын талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ талаар маргаагүй. Харин Б.М надад хулгайн өвс зарсан байна, би эхнээсээ өвс худалдаж авч байна гэж бодсон, би хулгайн өвс гэдгийг огт мэдээгүй талаар мэдүүлэг өгч маргасан. 

Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар зөвхөн тухайн хэрэг учрал буюу үйл явдал болсон гэдгийг тогтоосон. 

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Д-г Б.М-аас өвс худалдаж авсан, хулгайн өвс гэж мэдээгүй гэж мэтгэлцсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Т.Б, Э.Э, Б.Ч, Ү.Х нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. Дээрх гэрчүүд нь 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ... хашааны гадаа жижиг оврын ачааны машинд 2 эмэгтэй өвс ачиж байсан, бид очоод ямар өвс ачиж байгаа талаар асуухад манаачаас нь 5000 төгрөгөөр худалдаж авч байгаа, хулгайн өвс юм биш үү гэхэд тэгвэл бид энэ өвсийг яах уу, буулгах уу гэж асуухад “бид яаж мэддэг юм худалдаж авсан гэсэн биз дээ” гэхэд үлдэгдэл өвсийг нь ачаад яваад өгсөн ... " гэх агуулгатай мэдүүлэг өгсөн. 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон үйл явдал буюу С.Д, Б.У нарын өвс ачиж явсан үйлдлийг бататгасан мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар огт мэдүүлэг өгөөгүй. Хавтаст хэрэгт шүүгдэгч С.Д-г Б.М-аас өвс худалдаж авахаар очсон, хулгайн өвс гэдгийг мэдээгүй гэдгийг үгүйсгэх баримт огт авагдаагүй байхад шүүгдэгч С.Д-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа үндэслэлээр шүүгдэгч С.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д болон түүний өмгөөлөгч О.Энхсаруул нар биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг товыг урьдчилан мэдэгдэнэ үү…” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.З тайлбартаа: “... Б.М хулгайн өвс гэдгийг хэлээгүй. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: “... Намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.У тайлбартаа: “... Энэ хэргээс болж би маш их хохирсон. Тиймээс цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Д тайлбартаа: “... Туслах гэж очоод ийм хэрэгт орчихлоо. Түүнээс биш надад хулгай хийх хэрэгцээ байхгүй. Сүүлд нь хулгайн өвс гэдгийг мэдсэн. Тиймээс цагаатгаж өгөхийг хүсэж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран тайлбартаа: “... Зөвхөн хохирогч болон шүүгдэгч М-ы тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул тайлбартаа: “ ... Д-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү…” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр тайлбартаа: “ ... Б.З-гийн гомдлыг дэмжиж байна ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: “... шүүгдэгч Д, У, Д, З, өмгөөлөгч О.Энхсаруул нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Прокуророос шүүгдэгч Б.М, Б.У, С.Д, Б.З, С.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Б.М, Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д, Б.З, Б.У, С.Д, шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч О.Энхсаруул нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

 

           Шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаанаас иргэн Г.Б-ийн 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Д-той харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч С.Д нь тухайн үед Д.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

 

 мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б-ийн өгсөн “...хашаандаа наймаа хийх зорилгоор 6700 орчим боодолтой өвс худалдан авч буулгаад хамаатны дүүгээр харуулж байгаа, гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хашаанд байсан боодолтой өвснөөс хашаа давуулаад хулгайлаад аваад явсан байна ... Цагдаагаас надад 40 боодол өвсийг хүлээлгэн өгсөн, Д гэдэг эмэгтэй дахиад нэмээд 10 боодол өвс өгсөн, нийт 50 боодол өвс авсан ... Надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 43-44, 47/,

 

гэрч Т.Н-ийн өгсөн “... Би 18-49 тоотод ахынхаа хашааг харж, хэдэн малтай амьдардаг, ах Батхуяг, эхнэр Б нар нь хашаандаа 7.000 боодол өвс буулгаж түүнийг харж байгаа юм. Тэгтэл тэр өвснөөс өнгөрсөн шөнө хулгайч машинаар ачаад явсан байсан ... өглөө босоод гартал хураалттай байсан өвсний урд хэсэг нь нурчихсан байхыг хараад очоод үзтэл захаас нэлээдийг аваад хашаа давуулаад машинд ачаад явсан байсан ...” гэх  мэдүүлэг /1 хх 48-49/,

 

гэрч Б.Б-ийн өгсөн “ ... М гэж залууг зүс харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байдаг гэдгийг мэддэг хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /1 хх 64/,

 

гэрч Х.Э-ийн өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед бие засах замдаа хураалттай байсан өвс урд хэсгээрээ нурчихсан юм шиг байхаар нь гэртээ ороод нөхөртөө хэлэхэд “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрээс гарчхаад эргэж орж ирэхдээ “урд талын өвснөөс хулгайлчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 65/,

 

гэрч Ц.Ц-ийн өгсөн “... 2018 оны 01 дүгээр сарын эхээр юм шиг санагдаж байна. Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хашааны баруун хойд тал буюу манай хашаа руу ордог хаалганы хажуу талд боодолтой өвс буулгачихсан байсан ... Эхний өвс байснаас хойш бараг 10 гаран хоногийн дараа Уын гэрийн хажуу талын амбаарын харалдаа боодолтой өвс хураачихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 73/,

 

насанд хүрээгүй гэрч Д.Н-ийн өгсөн “... 2018 оны 01 дүгээр сарын эхээр буюу он гарсны дараахан ээж бид хоёрыг Вансэмбэрүү дэлгүүрийн харалдаа явж байхад өвс ачсан портертой нэг эрэгтэй таараад ээжтэй мэндлээд юм ярьж байхдаа танай хашаанд өвсөө буулгаж болох уу гэхээр нь би, ээж зөвшөөрөөд хашаандаа тэр ахын өвсийг буулгасан. Тэр ахын өвсийг байшингийн цонхны харалдаа буюу хашааны баруун талд буулгасан. Яг хэдэн боодол өвс буулгасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Портер машин дүүрэн өвс буулгасан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа өглөө сэрэхэд гэрийн ар талд байх амбаарны хажуу талд өвс буулгаад өрөөд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх 74/,

 

гэрч Т.Б-ын өгсөн “... Орхон аймагт 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 5 цагийн үед ирээд, гудамж руу ороход гудамжны баруун талын захын хашааны гадаа “Мазда” маркийн ачааны машиныг зам дээр тавьчихсан хоёр эмэгтэй өвс зөөгөөд, ачаад байхаар нь бид нар буугаад “юун өвс ачаад байгаа юм” гэхэд Чинбат хашаа руу очоод “нэг хүн хашаа руу зугтчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр эмэгтэйгээс “яагаад өвс аваад байгаа юм, хэнээс авч байгаа юм” гэхэд нэг эмэгтэй нь “манаачаас нь худалдан авч байна, нэг боодол өвсийг 5.000 төгрөгөөр худалдан авч байна” гэж ярьсан. Чинбат “эд нар хулгай хийж байна” гээд машины түлхүүрийг нь аваад “цагдаад дуудлага өгнө” гэхэд “манаачаас нь худалдан авч байгаа” гээд байхаар нь машины зургийг нь Эрхэмбаяр гар утсаараа дараад бид нар “одоо яах уу, энэ өвсийг буулгах уу” гэхээр нь “бид нар яаж мэддэг юм, та нар худалдаж авсан гэсэн биз дээ” гэхэд давуулаад шидчихсэн байсан өвсийг ачаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх 79-80/,

 

гэрч Э.Э-ын өгсөн “... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн Портер маркийн ачааны тээврийн хэрэгсэл зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвс хулгайлж байгаа юм болов уу” гээд очсон, тухайн үед Хүрэлбаатар, Батболд, Чинбат бид дөрөв хамт явж байсан. Би гар утсаараа машины урдаас зургийг нь дарчхаад “хэнээс өвс авч байгаа юм” гэхэд “5.000 төгрөгөөр худалдан авсан, хулгайн өвс биш” гэж хэлсэн. ...Бид нарыг очих үед хоёр эмэгтэй хүн өвс ачсан шинжтэй машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /1 хх 82/,

 

гэрч Б.Ч-ын өгсөн “... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн Портер маркийн ачааны машин зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвснөөс хулгайлж байгаа юм болов уу” гэж хоорондоо ярьж байгаад би түрүүлээд очиход хоёр эмэгтэй машин дотор сууж байсан ба машин асаалттай байсан. Би машиныг унтраагаад түлхүүрийг нь сугалж авчхаад “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гэхэд “үгүй, хулгай хийгээгүй” гээд байсан. Тэр үед Батболд миний араас ирээд “хэнээс өвс аваад байгаа юм бэ” гэхэд “бид нар 5.000 төгрөгөөр өвс худалдаж авч байгаа, хулгай хийгээгүй, өвс зарж байгаа хүн хашаан дотор байгаа” гэхээр нь би хашааны завсраар харахад хүн харагдахгүй байхаар нь “хүн байна уу” гэж хашхирахад хэн ч дуугарахгүй байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 83/,

 

гэрч Ү.Х-ын өгсөн “... Чинбат өвс ачиж байсан машины түлхүүрийг нь аваад “хаанаас авч байгаа юм бэ, хулгайн өвс юм уу” гэж асуухад “5.000 төгрөгөөр нэг боодол өвсийг худалдаж авсан” гэж тэр хоёр эмэгтэй хариулж байсан.” гэх мэдүүлэг /1 хх 84/,

 

гэрч М.М-ийн өгсөн “ ... М архи уучихсан, хүнтэй зодолдсон юм шиг цус болчихсон байсан ... Маргааш нь М орж ирээд “эрүүлжүүлэх байранд хоночхоод ирлээ” гэж хэлсэн, тэгээд бүтэн өдөр бие өвдөөд байна гэж хэвтэж байхад орой нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй эм барьчихсан орж ирээд М ахад өгсөн ... нэг эмэгтэй нь “цагдаад машинаа хураалгачихлаа” гэж хэлж байсан, З гэдэг эрэгтэй нь гараад нэг шил архи, тамхи авч ирээд “ахаа цагдаад баригдсан, та аргалаад өгөөч, би өөрөө тэнсэнтэй болохоор болохгүй байна” гэж ярьж байсан ... Тэр өдөр би согтуу байсан сайн мэдэхгүй байна. 2 эмэгтэй орж ирээд цагдаад машинаа хураалгачихлаа гээд байсан. Мы гэрт амьдарч байсан болохоор жаахан худлаа хэлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /1 хх 90/,

 

гэрч М.Б-ийн өгсөн “... би 2018 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Мы гэрт байсан ... тэр өдөр гаднаас З өөрөөсөө гадна хоёр эмэгтэйн хамт ирээд Мы биеийг асууж, өвчин намдаах эм авч өгч байсан. З “өвс ачиж байгаад баригдсан, та хамт явсан” гээд хоорондоо яриад байсан.

 ...Маргааш нь М цагдаа нарт баригдсан, тэрнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Мы гэрт З нөгөө өмнө хамт ирсэн хоёр эгч нарынхаа хамт гадаа харанхуй болчихсон байхад ирээд М-ыг “өвсний хэрэг даачхаач” гэхэд М “би хүний хэрэг дааж чадахгүй” гэж яриад байсан. Тэрнээс хойш 2018 оны 05 дугаар сарын үед Зтой таарахад “та цагдаа дээр очоод болсон асуудлын талаар мэдүүлэг өгөөч” гэхээр нь би “чадахгүй гэж хэлээд цагдаа дээр очоогүй. 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орой З болон түүний эгч нар Мы гэрт орж ирээд “өвс баригдчихлаа” гэж ярьж байхад нь “хулгай хийсэн байна даа” гэж дотроо бодсон. ...Мыг “хэрэг даачих” гээд З хэлээд байсан, ...З өөрөө “өмнө нь би хэрэгтэй болохоор одоо ял авах гээд байна” гээд Маас гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /2 хх 192-193/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-12/,  мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 13-17, 18-22/,

 

  хохирогч Д.С-гийн өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд үхрээ хариулаад явж байх үед зүс таних Д морьтой ирсэн, ирээд “муу пизда чи намайг хэдэн жилийн өмнө морь хулгайлсан гэж гүжирдсэн” гэж дайрсан. Тухайн үед намайг зодсон, унагааж өшиглөсөн, жалга руу чирч оруулаад цасаар булсан, “ална” гээд хутга мэт зүйл хайгаад байх шиг байсан. “Чамайг алчихсан байхад би цагдаа дээрээс зүгээр л гараад ирнэ, намайг халх Даваа гэдэг” гэж хэлээд миний толгой, нүүр хэсэг рүү өшиглөж цохисон...баруун талын нүд хавдсан, эмчид үзүүлэхэд “нүдэнд цус харвасан” гэсэн ...” гэсэн мэдүүлэг /6 хх 10-12/,

 

 хохирогч С.Д-ийн өгсөн  “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд С-тэй уулзаад “адуу байна уу” гэж асуусан, С “хараагүй” гэсэн, адуу маань цаана нь байхыг би харсан ...тэгэхээр нь “чи тэнд байгаа адууг яахаараа хардаггүй юм бэ” гэсэн, тэгэхэд манай адуу яг урд нь байсан, С “яахаараа харах ёстой юм” гэж уурласан, жоохон маргалдсан, гэтэл Сгийн уур нь хүрээд газар байсан модыг авч миний толгой руу цохисон ... ” гэсэн мэдүүлэг /6 хх 14-15/,

 

 гэрч Ө.Г-ийн өгсөн “... Би тэр өдөр малаа хариулаад явж байтал Баян-Өндөр уулын хаяанд Д, С хоёр байсан ... Сгийн гарт нэг мод байсан, С Дийг цохих шиг болсон, тэрнээс өөр асуудлыг хараагүй. ...Тэр хоёр намайг малдаа явж байгаад уулан дээрээс харахад л унаад, босоод ноцолдоод л байсан ...” гэсэн мэдүүлэг /6 хх 16-17/,

 

  Д.С, С.Д-ийн нарын биед гэмтэл учирсан талаарх Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтүүд /6 хх 28-29, 35-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч С.Д, Б.З, Б.У, С.Д нар нь тухайн үед хулгайн өвс гэдгийг мэдээгүй гэдэг боловч тэдгээрийн хэн аль нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн үйл баримтын талаар өөр хоорондоо харилцан зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

 

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож,

 

шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нарын үйлдлийг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, мөн шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарт холбогдох “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

   Түүнээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Б.Уын өмчлөлийн цагаан өнгийн 24-92 ОРХ улсын дугаартай Мазда маркийн 5,200,000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, шүүгдэгч нараас тус бүр 1.040.000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Уд олгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Харин шүүгдэгч Б.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн CVL2461010001002910 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.З, С.Д, С.Д, Б.У нарт оногдуулсан хорих ялуудыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэжээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Шүүгдэгч Б.У, С.Д, Б.З нар нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг болох нь нотлогдож байх ба анхан шатны шүүх тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн буюу хэт өргөн хүрээгээр тогтоосон байх тул давж заалдах шатны шүүх тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглохоор өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан дээрх ялаас тэдгээрийн цагдан хоригдсон хугацааг хасаж, эдлэх ялын хэмжээг тогтоолгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 261 хоногийг хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч С.Д-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 122 хоногийг хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Б.У, С.Д нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тэдгээрийн цагдан хоригдсон 85 хоногийг хасаж, тэдгээрийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 9 сар 5 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд

Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, Б.Тулга нарын хамтран гаргасан гомдлуудыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн 425 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул анхан шатны шүүх түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоол буюу 425 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Д, Б.З, Б.У, С.Д, шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.М /ГБ76052310/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч С.Д, Д.С нарт холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... ” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... ” гэж,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай” гэснийг “... Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “ ... эдлэх ялаас нь тус тус хассугай” гэснийг “... шүүгдэгч Б.Згийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар, шүүгдэгч С.Д-ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.У, С.Д нарын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 9 сар 5 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “Б.Мыг 3 жилийн хугацаагаар” гэснийг, 5 дахь заалтаас “Б.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар” гэснийг, 6 дахь заалтаас “Б.М-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар” гэснийг, 9 дэх заалтаас “Б.М-ы цагдан хоригдсон 830 хоногийн хугацааг” гэснийг 11 дэх заалтаас “Б.М” гэснийг, 13 дахь заалтаас “Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч” гэснийг тус тус хасаж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Д, Б.З, Б.У, С.Д, шүүгдэгч С.Д-гийн өмгөөлөгч О.Энхсаруул нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

 

                                               ШҮҮГЧ                                               Ц.АМАРЖАРГАЛ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               З.ХОСБАЯР