| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2021/01859/И |
| Дугаар | 210/МА2021/01698 |
| Огноо | 2021-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2021/01698
Х б ХХК дахь банкны эрх хүлээн
авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02600 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х б ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч О.Эд холбогдуулан гаргасан 21 641 839 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол шуудан банк болон Х бны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 1 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Х бинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай Х б ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Х б ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Х бны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн байдаг. Банкны эрх хүлээн авагчаас Х бны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж, Х бны чанаргүй актив банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэнээс зээлдэгч О.Эд олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гарган, зээлдэгч О.Эгийн Монгол шуудан банктай 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх хуваариар төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 7 569.56 ам.доллар буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар хөрвүүлж бодоход 21 641 839 төгрөг 78 мөнгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна. Бид ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаагүй, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас зээл авсан гарын үсэг байгаа боловч энэ тухай огт санахгүй байна. Надад 10 жилийн өмнө ийм мэдээлэл өгөөгүй, жилийн өмнө над руу залгахаар нь миний бие муу байна гэж хэлсэн. Би ямар карт хэрэглэж байсан, энэ зээлийг хэзээ авснаа мэдэхгүй байна. Үүнээс болж эрүүл мэндээр хохирч, нойргүй болж сэтгэл санаагаар хямарч, дархлаа муудаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Эгөөс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4 379 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 17 261 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85 028 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4 379 900 төгрөг гаргуулж, нэхэмжпэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Гэтэл шүүх уг хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. О.Э болон Монгол шуудан банкны хооронд 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 4000 ам.долларын эрхтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд миний хувьд тухайн үед уг зээлийг төлөөд явж байсан бөгөөд одоогоос 16 жилийн өмнөх буюу 2005 онд байгуулагдсан зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж ойлгож явж ирсэн болно. Энэ хугацаанд нэхэмжпэгч байгууллагаас хариуцагчид хандаж албан ёсоор зээлийн төлөлт шаардаж байгаагүй, энэ талаар огт мэдэгдэж байгаагүй бөгөөд одоо гэнэт 16 жилийн дараа мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа болно. Хэрэв үнэхээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй байсан бол банк зээлдэгчээсээ зээлийн төлөлтийг шаардахгүй байх боломжгүй бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу 2008 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас гэрээний үүргийг шаардах ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу 3 жилийн хугацааг тоолох ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дууссан болно. Гэтэл нэхэмжлэгч нь хуульд заасан дээрх 3 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, 16 жилийн дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Нэхэмжпэгч 2008 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, шаардлага хүргүүлж байгаагүй, зээл төлөлтийн асуудал огт яригдаагүй байдаг юм. Иймд маргаан бүхий асуудлаар гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч О.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21 641 839 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Монгол шуудан банк, О.Э нарын хооронд байгуулагдсан 2005 оны 01 дугаар сарын 21-ний өдөр зээлийн картын 4217-6612-9823-5821 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Монгол шуудан банк нь 4 000 ам.долларыг зээлийн гэрээний 1.3, 4.3-т зааснаар төлөх нөхцөлтэйгөөр зээлийг гэрээг 30 хоногийн хугацаатай зээлдэгч О.Эд зээлдүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй.
Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4 379 900 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү нийт 7 569.56 ам.доллар буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож 21 641 839 төгрөгийг хариуцагч О.Эгөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаагүй бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 641 839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон болно.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан эсэх, хариуцагчаас уг зээлийн гэрээний үүргийг хожим гүйцэтгэж байсан, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.Эд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 21 641 839 төгрөг гаргуулах тухай Х б ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/02600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан О.Эд холбогдуулан гаргасан 21 641 839 төгрөг гаргуулах тухай Х б ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Д.ЦОГТСАЙХАН