Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 69

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрэгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Д.Ганцэцэг,

            Хохирогч Д.М ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

            Шүүгдэгч Ч.Н  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулууны Н ид холбогох эрүүгийн 1826001110071 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ч.Н .

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н  нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн зүүн талын засмал зам дээр 15-26 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6.6, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 2 дугаар бүлгийн 2.2.а, 2 дугаар бүлгийн 2.3.в дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр өглөө гэрээсээ гараад найз Ууганаагийнд орсон. Тэгээд найзынхаасаа гараад эхнэрээ сундлаад Уугнаагийн аавынхаар орсон. Тэндээс гандангийн засмал уруудаад явж байтал өмнө 3 машин байсан. Гүйцэж түрүүлж гарах гэж яваад хамгийн урд явсан машинтай мөргөлдсөн. Тэгээд манай эхнэр, хүүхэд 2 гэмтсэн. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлөх талаар иргэний нэхэмжлэгчтэй тохиролцож гэрээ хийсэн. 2018 оны 05 дугаар сард 100000 төгрөг, 06, 07 дугаар саруудад үлдсэн мөнгийг нь хувааж төлөхөөр тохиролцсон. Нийт хохиролд 530000 төгрөг өгөх ёстой байгаа...” гэв.

Хохирогч Д.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Манай нөхөр найз Ууганаагийнд оччихоод ирье гээд дунд охиноо аваад мотоциклио унаад явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь би бага хүүхдээ унтуулчихаад араас нь очсон. Уугнаагийнхаас гараад аавынд нь очсон. Тэнд архи уугаагүй. Тэгээд харих гэж яваад машин гүйцэж түрүүлэх гэж яваад машинтай мөргөлдсөн. Нэг мэдсэн эмнэлэг дээр байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Д.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тэр өдөр 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байсан. Тухайн өдрийн өглөө 11 цагийн орчимд манай нөхөр болох Ч.Н  нь Арвайхээр сумын 3 дугаар багт байх найз Ууганаагийнд очихоор өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоцикльтой дунд охин болох Батжаргалын хамт гарсан. Гэрээсээ гарахдаа манай нөхөр ямар нэгэн архи дарс уугаагүй байсан. ... Тэгээд өдрийн 13 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь бага хүүхдээ унтуулчихаад санаа зовоод нөхөр охин хоёрынхоо араас явсан. Ганцаараа яваад Арвайхээр сумын 3 дугаар багт Ууганаа гэх найзынх нь хашааны үзүүрт зогсож байхад манай нөхөр Ч.Н  охинтойгоо хамт мотоцикльтой гудамжаар гараад ирсэн. Ч.Н  халамцуу л байх шиг байсан. Тэгтлээ согтоогүй байсан. Тэгээд би нөхрийгөө явъя гэхэд Ч.Н  “...Ууганаагийн аавынхаар нь орчихоод явъя...” гэхээр нь Гандангийн арын гудамжинд байх Ууганаагийн аавынд цуг орсон. Ууганаагийн аавынд ороход аав нь байхгүй ээж нь гэртээ байхаар нь ээжтэй нь золгочихоод л гарсан. Ууганаагийн аавынд юу ч уугаагүй. Тэгээд тэднийхээс гараад манай нөхөр Н  мотоциклио унаад охиноо дундаа суулгаад би ард нь суугаад гэр лүүгээ явсан. Тэгээд засмал замаар 3 машины ард явж байснаа гэнэт хаазлаад л тэр машинуудыг гүйцэж түрүүлтэл хамгийн урд явж байсан жижиг автомашин зүүн гар тийш эргээд л бид нарын сууж явсан мотоцикльтой мөргөлдчихсөн. ... Миний биеийн байдал одоо гайгүй байна. ... Хааяа эрүүгээр өвдөх юм. ... том ангайж болохгүй, толгой жаахан эргэж байна. ... Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн саарал өнгийн Suzuki sx 4 маркийн автомашиндаа хадам ээж Д.Н, эхнэр И.Б, 10 настай охин Н, ой 10 сартай хүү Ж нарыг суулгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Гандангийн засмал буюу 3, 8 дугаар багийн хооронд байрлах засмал замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш явж байгаад уулзвараар зүүн гар тийш эргэхэд миний автомашины зүүн урд талын крыло хэсэг рүү мотоцикльтой хүн ирээд мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод цагдаа эмнэлэг дуудсан. ... Би зүүн гар тийш эргэхдээ дохио өгсөн. ... Би биедээ гэмтэл аваагүй, автомашинд сууж явсан хүмүүс гэмтээгүй. ... Би осол болсны дараа авто машинаас бууж ирэхэд мотоциклийн жолооч надад хэлэхдээ жоохон хүүхэдтэй юм хүүхэд рүүгээ яваад хурдтай явж байгаад ийм зүйл боллоо гэж хэлсэн. Эхнэр нь болохоор мотоциклийн жолоочийг амжихгүй гээд байхад давхиад осолд орчихлоо гээд нөхрөө аашлаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч И.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчим нөхөр Б-н эзэмшлийн саарал өнгийн Suzuki sx 4 маркийн автомашиндаа ээж Д.Н, 10 настай охин Н, ой 10 сартай хүү Ж нарыг суулгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Гандангийн засмал буюу 3, 8 дугаар багийн хооронд байрлах засмал замаар уруудаад явж байсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагш явж байгаад уулзвараар зүүн гар тийш эргэхэд миний автомашины зүүн урд талын крыло хэсэг рүү мотоцикльтой хүн ирээд мөргөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод цагдаа эмнэлэг дуудсан. ... Би зүүн гар тийш эргэхдээ дохио өгсөн. ... Биедээ гэмтэл аваагүй, автомашинд сууж явсан хүмүүс гэмтээгүй. ... Осол болсны дараа автомашинаас бууж ирэхэд мотоциклийн жолооч надад хэлэхдээ жоохон хүүхэдтэй юм хүүхэд рүүгээ яваад хурдтай явж байгаад ийм зүйл болчихлоо гэж хэлсэн. Эхнэр нь болохоор мотоциклийн жолоочийг амжихгүй гээд байхад давхиад осолд орчихлоо гээд нөхрөө аашлаад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н-йн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Шинийн 8-ны өдөр байгаа юм. Охин Болормаа, хүү Бат-Эрдэнэ, хоёр ачийнхаа хамт тавуулаа Ганданд ном уншуулчихаад харихаар явж байсан. Тэгээд 3 дугаар хорооны засмал зам дээр явж байтал машин тас түс гээд л явчихсан. Хаанаас ч мотоцикль гараад ирснийг мэдэхгүй. Тэгээд машин, мотоцикль хоёр мөргөлдсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хохирогч Д.М ыг үзэхэд биеийн байдал дунд зэрэг ярьж чадахгүй, дохио зангаа, хэрэглэнэ, биеийн зовиур болон бусад зүйлийг асуухад хариулах боломжгүй байсан. Нөхөр Ч.Н ийн ярьсныг үзүүлэгч Д.М  нь толгой дохих байдлаар зөвшөөрч байсан тул дүгнэлтэнд нөхөр Ч.Н ийг тусгасан. ... Гэмтлийн хүндэвтэр зэрэгт доод эрүүний хугарал гэмтэл хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ 

Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай: “... 04-18 ӨВР улсын дугаартай Сузуки Sx4 маркийн автомашиныг жолоодож явсан Б.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 15-26 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль жолоодож явсан Ч.Н  нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6.6 дахь заалт “зохицуулдаггүй уулзвар буюу гарцан дээр /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “Согтууруулах ундаа мансруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, 2 дугаар бүлгийн 2.2.a дахь заалт “Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолооны эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байхыг, 2 дугаар бүлгийн 2.3.в дахь заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. 04-18ӨВР улсын дугаартай Сузуки Sx4 маркийн автомашиныг жолоодож явсан Б.Бат-Эрдэнийн ЙН80063011 регистрийн дугаараар Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд шүүхэд жолоочийн лавлагаа хүчинтэй, 15-26 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль жолоодож явсан Ч.Н ийн регистрийн дугаараар Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд шүүхэд жолоочийн лавлагаа хоосон гэж тус тус харагдаж байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдашийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ослын акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 89 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай: “... Д.М ын биед тархи доргилт, доод эрүүний зөрөөтэй хугарал, доод эрүүнд мэс заслын оёдол бүхий шарх, дух хамрын нуруу, зүүн хацрын төвгөр, дээд уруул, баруун гарын сарвуу хэсэгт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19, 22-24 дүгээр хуудас/,

Хохирогч Д.М ын 1154 дугаартай өвчний түүх /хх-ийн 48-66 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №02/33 дугаартай тайлан /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №03/42 дугаартай тайлан /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Н ийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас , Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар, №6201000566, №0000865441, №0419009 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, /хх-ийн 102-106 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Н ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Н  нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн зүүн талын засмал зам дээр 15-26 ӨВЗ улсын дугаартай “Хенсим” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6.6, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 2 дугаар бүлгийн 2.2.а, 2 дугаар бүлгийн 2.3.в дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Д.М ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н той хамт явж байгаад осолд орсон талаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Н ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтанд авагдсан “... Ч.Н  мотоциклио унаад охиноо дундаа суулгаад би ард нь суугаад гэр лүүгээ явсан. Тэгээд засмал замаар 3 машины ард явж байснаа гэнэт хаазлаад л тэр машинуудыг гүйцэж түрүүлтэл хамгийн урд явж байсан жижиг автомашин зүүн гар тийш эргээд л бид нарын сууж явсан мотоцикльтой мөргөлдчихсөн...” талаар өгсөн хохирогч Д.М ын мэдүүлэг. /хх-ийн 29-31/, “... шүүгдэгч Ч.Н ийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зам тээврийн осол гаргасан талаар...” өгсөн гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг. /хх-ийн 32-33/, “... Шүүгдэгч Ч.Н  2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчим зам тээврийн осол гаргасан талаар...” өгсөн гэрч И.Болормаагийн мэдүүлэг. /хх-ийн 34/, “... Хаанаас ч мотоцикль гараад ирснийг мэдэхгүй. Машин мотоцикль хоёр мөргөлдсөн байсан...” талаар өгсөн гэрч Д.Н-н мэдүүлэг /хх-ийн 40/, “...Шүүгдэгч Ч.Н ийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас хохирогч Д.М д гэмтэл учирсан талаар...” өгсөн шинжээч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /хх-ийн 69/, Шүүгдэгч Ч.Н ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоосон Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 89/, Шүүгдэгч Ч.Н ийн үйлдлийн улмаас хохирогч Д.М д хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай дүгнэлт. /хх-ийн 46/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-18/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19, 22-24/, Хохирогч Д.М ын 1154 дугаартай өвчний түүх /хх-ийн 48-66/, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №02/33 дугаартай тайлан /хх-ийн 74-75/, Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №03/42 дугаартай тайлан /хх-ийн 93-95/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 84-85/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 86-87/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Н ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ч.Н ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Н ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Н ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Н ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Ч.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.М  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Н ид оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Н ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н ид оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ч.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.М ын эрүү болон зүүн гарын шууны рентген зургийг хохирогч Д.М д буцаан олгож, шүүгдэгч Ч.Н ийн эзэмшлийн цагаан өнгийн “Хенсим” маркийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг,

Шүүгдэгч Ч.Н ид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч И.Б нь автомашинд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ч.Н оос 530.000 нэхэмжилсэн ба, шүүгдэгч нь 530.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Ч.Н оос 530.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Болормаад олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Ч.Н ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ч.Н ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Н ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н ид оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Н оос 530.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч И.Болормаад олгосугай.

10. Шүүгдэгч Ч.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.М ын эрүү болон зүүн гарын шууны рентген зургийг хохирогч Д.М д буцаан олгож, шүүгдэгч Ч.Н ийн эзэмшлийн цагаан өнгийн “Хенсим” маркийн мотоцикль битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Н ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР