| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0776/З |
| Дугаар | 128/ШШ2025/0923 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0923
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* овогтой Б*******, РД:*******, өмгөөлөгч:
С.А*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Г.Б*******, М.Л*******, Г.З,
Гуравдагч этгээд: А овогтой Ж, РД:,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Гуравдагч этгээд: С овогтой Э, РД:,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар.
“С.Б******* миний бие 2021 оны Сүхбаатар дүүргийн засаг даргын А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, гуравдагч этгээд А.Ж, гуравдагч этгээд С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01-01/632 тоот албан бичгээр “... танд дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар 400 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэхдээ газрын кадастрын мэдээллийн санд нийтийн эзэмшлийн гудамж талбайг хааж 996 мкв талбайгаар зөрчилтэй бүртгэсэн байна ... газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахдаа ... зөрчлийг арилгаж бодит байршилд шилжүүлэн шийдвэрлэсэн байна ... таны гомдолд дурьдсан байршилд нэр бүхий иргэнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна” гэсэн хариуг өгсөн.
1.2. С.Б*******аас дээрх хариуг эс зөвшөөрч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар дүгнэлтээр С.Б*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
1.3. Нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “С.Б******* миний бие 2021 оны Сүхбаатар дүүргийн засаг даргын А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн ны иргэн С.Б******* миний бие 2021 оны Сүхбаатар дүүргийн засаг даргын А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах. Учир нь Н.Эд хашаа хатгаагүй байшин бариагүй архивт байхгүй материал нэмж бүрдүүлсэн Газрын албаны тухай хуулийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг зөрчин 15 жил эзэмшээгүй иргэнд газрын албаны мэргэжилтэн ашиг сонирхлын зөрчлөөр хашаа татсан өмчлөхөөр бэлдсэн газар хууль бусаар давуу эрх олгож авсан болох нь иргэн С.Б******* миний тухайн үедээ хажуу талд байгаа сул газрыг хашаалан Сүхбаатар дүүргийн газрын албанд өөрийн хүүгийн нэр хувьчилж авах санаатай байгаа талаар танилцуулж удаа дараа хүсэлт гаргаж байсан. 400+596=996 мкв газрын төлбөрийг 2005 оноос 2024 он хүртэл төлөөд явж байсан баримт байгаа. Энэ газарт 2005 онд байшин барьж 996 мкв газрыг хашаалан өдий хүртэл амьдарч байсан, эргэн тойрны айлуудаас энэ хүн 15 жил амьдарч байсан үнэн ямар нэгэн газрын маргаан байхгүй гэсэн бичиг Сүхбаатар дүүргийн газрын архиваас үзэх, илүү 596 мкв газраа хүүгийнхээ нэр дээр авах гэж 2007 онд өргөдөл гаргаж байсан өргөдөл бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “М*******” ХХК-ийн захиралтай уулзан 996 мкв газартай зуслангийн модон хашаагаа төмөр болгож өөрчлүүлсэн гэрээ, газрын албаны мэргэжилтэн н.Чгийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгохдоо хашаа хураан авч журмын хашаанд хийсэн талаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хуралд гаргасан иргэн н.Чгийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03-14/4207 шийдвэрийг гараагүй, албажаагүй байна гэсээр 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дугаарын утсаар мэдэгдэхдээ гарын үсэг дутуу байгаа та хүрч ирээд аваарай гэсний дагуу гарын үсэг бүрэн болохыг хүлээж байгаад 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр н.Ж гэх Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн мэргэжилтнээс эрэл хайгуул хийж 96 дугаарт холбогдон гарын үсэг зурж хүлээн авсан тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 3.6 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан болохыг нотлох CD бусад хүлээн авсан. 2006 оноос хойш Х зуслангийн С.Б*******ын нэр дээр эзэмших эрхээр эзэмшиж байсан 997 мкв газрын 597 мкв газрыг ямар журмаар хэрхэн бусдад өгсөн, нэр дээр эзэмших эрхээр тухайн хүн хэрхэн яаж эзэмших болсон, урд өмнө уг байршилд газартай байсан эсэх гэрээ, кадастрын зураг, гэрчилгээг, татвар төлсөн баримтыг шалгах, 15 жил ашиглаагүй газарт яагаад газар олгох болсон Газрын тухай хууль яагаад үйлчлээгүй Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тодруулж шалгуулах.
Иргэн Н.Э, А.Ж нарын газар эзэмших гэрчилгээтэй боловч эзэмшээгүй хашаа хатгаагүй, байшин бариагүй архивт байхгүй материал нэмж бүрдүүлсэн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж 15 жил газар эзэмшээгүй иргэнд газрын албаны мэргэжилтэн ашиг сонирхлын зөрчлөөр хашаа татсан өмчлөхөөр бэлдсэн газар хууль бусаар давуу эрх олгож авсан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах, цуцлах.
2006 оноос хойш хашаа хашиж газрын төлбөр 2024 он хүртэл төлсөн ашиглаж эзэмшиж байсны хувьд нэмэлтээр газар өмчилж авах эзэмшихээр урьд өмнө гаргаж байсан миний хүсэлтийг биелүүлэх.
Хын зуслангийн 997 мкв газрын кадастрын зураг хийсэн CD эх хувиараа Газрын маргаан таслах зөвлөлд нэмэлт бүрдүүлбэртээ өгсөн боловч буцааж өгөөгүй тул эх хувиар нь авч хавтаст хэрэгт хавсаргах,
Газрын гэрчилгээ 2019 онд сунгах үед зуслангийн хажуу айлуудаас газрын маргаан байхгүй гэсэн зуслангийн иргэдийн тодорхойлолт гарын үсэг бүхий нотлох баримтыг Сүхбаатар дүүргийн газрын албанаас авч хавтаст хэрэгт хавсаргах,
Хууль бусаар газар эзэмших гэрчилгээ олгохдоо давуу байдал олгосон Төрийн албаны тухай хуулийн 37.1.12 дахь хэсэг, 37.1.15 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дэх заалтыг тус тус зөрчиж Төрийн албаны тухай хуулийн 37.1.13 дахь хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэнд тооцож хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдье гэсэн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-04/6161 иргэн С.Б*******ад хариу албан тоотын дагуу газрын албаны мэргэжилтэн н.Ч, н.Б, н.Э нарт хариуцлага тооцсон баримтыг зохих газраас нь авч хавсаргах хариуцлага тооцоогүй бол зохих газарт шилжүүлж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах.
Зуслангийн төмөр хашаа иргэний өмчлөх эрх эд хөрөнгөнд дураараа халдсан, эвдсэн, будаж өөрийн болгож авсан иргэний үйлдэл, газар зохион байгуулагч н.Б, н.Ч нарын үйлдлийн улмаас учирсан одоогийн үнэлгээ 5 сая төгрөгийн хохирлыг төлүүлэх.
2022 оноос хойш шүүх төр захиргааны байгууллагад хандсан бодит болон сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг төлүүлэх.
Сүхбаатар дүүргийн 3 хорооны иргэн С.Б******* миний бие 2005 онд Сүхбаатар дүүргийн нд 400 мкв газар эзэмшихээр авсан. Тухайн үедээ хажуу талд байгаа сул газрыг хашаалан Сүхбаатар дүүргийн газрын албанд өөрийн хүүгийн нэр дээр хувьчилж авах санаатай байгаа талаар танилцуулж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч та гудамж талбайтай зам дээр газар авсан тул газраа хойшлуулаад байршуулчих гэсэн. Би 400+596=996 мкв газрын төлбөрийг 2005 оноос 2024 он хүртэл төлөөд явж байсан. Энэ газар би 2005 онд байшин барьж 996 мкв газрыг хашаалан өдий хүртэл амьдарч байсан болно. Тухайн үед газрын албан хүмүүс та 996мкв газрын төлбөрөө төлөөд явж байхад ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан. Гэтэл газар эзэмших гэрчилгээний 15 жилийн хугацаа дуусч 2019 онд гэрчилгээ сунгагдах үеэр Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.Ч таны газар зөрчилтэй газар байна та эргэн тойрны айлуудаас энэ хүн 15 жил амьдарч байсан үнэн ямар нэгэн газрын маргаан байхгүй гэсэн бичиг авч ирээд газрын гэрчилгээгээ сунгуул гэсний дагуу тэр баримтыг нь авчирч өгөөд газрын гэрчилгээгээ 400 мкв талбай дээрээ сунгуулсан. Илүү 596 мкв газраа хүүгийнхээ нэр дээр авах гэсэн боловч та хүүдээ өгч болно оо гээд өнгөрсөн би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК захиралтай уулзан 996мкв газартай зуслангийн модон хашаагаа төмөр болгож өөрчлүүлсэн. Гэтэл 2023 онд гэнэт нэг айл гарч ирээд манай хүүдээ өгөх гээд хашаалсан байсан газар дээр байсан манай хашаа нураагаад контейнер тавиад байшингийн урдуур орох гарах гарц хааж хашаа хатгасан байсан. Үүнээс үүдэн 2023 оны 09 сард Нийслэлийн газрын албанд гомдол гаргаж эхэлсэн ба иргэн миний хашаа хатгасан хүүдээ өмчилж авахаар 15 жил эзэмшсэн газрыг урд өмнө хашаа өмчилж ашиглаж байгаа хүнд гэнэт өгсөн асуудал газрын албаны мэргэжилтэн Чгийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгож өгсөн гэж үзэн иргэн миний өмчлөх эзэмших эрхэд хууль бусаар халдсан энэ шийдвэр Сүхбаатар дүүргийн газрын албаны материал бүрдүүлэлтэд үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргасан захирамж, газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь захиргааны байгууллагаас гарсан шийдвэр гэж үзэн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анх 2006 оны 166 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Уг захимжаар газар эзэмшиж байсан этгээдийг нөхөн бүртгэсэн боловч 2006-2021 оны хугацаанд эзэмшээгүй гэдэг. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ашиглаагүй, хашаа байхгүй, газрын төлбөр төлөөгүй талаар надад мэдэгдэл хүргүүлсэн. Бүртгэгдээгүй өргөдлийг нөхөн бүртгэх ажлын хүрээнд Н.Эийн газрын мэдээллийг 2021 онд кадастрын сангийн нэгдсэн системд нөхөн бүртгэсэн байх бөгөөд гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар сунгасан. Газар зохион байгуулах албаны хувьд зөвхөн 2021 оноос хойших материал өгч байна. Миний хувьд 2005 оноос тухайн газрыг эзэмшиж байгаа боловч гуравдагч этгээдэд давуу эрх олгон газрын олгосон. Үүнтэй холбоотойгоор миний хувьд уг асуудлыг шалгуулахаар Авилагтай тэмцэх газарт гомдол гаргасан. Бүртгэлийн тухайд бодит байдал дээр газраа авах хүсэлт гаргахад бүртгэх байгууллага байдаггүй. Одоо байдаг болсон байж магадгүй сайн мэдэхгүй байна. Газар зохион байгуулалтын албаны хувьд өөрийн давуу эрхээрээ 400 м.кв болгож ир, үгүй бол бүртгэхгүй гэдэг. Миний хувьд 2005 оноос 2019 он хүртэл газрын татварыг төлсөн.
Газрын нэгдсэн системд 16 дугаартай гэрээгээр 997 мкв талбай бүхий газрыг эзэмшиж байсан, мөн татвар төлж байсан болох нь нотлогддог. 2021 онд давуу эрхтэйгээр газрыг олгон, намайг үйл ойшоож, дарамталсан нөхцөл байдалтай байгаа. Манай хашааг нурааж, өргөдлийг хүлээн авахгүй байгаа бөгөөд очиж уулзахаар н.Чтай уулз гэдэг. н.Чгийн хувьд бүх процессыг мэдэх, нотолж өгөх хүн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд сүүлд ажилд орсон, тус процессын талаар сайн мэдэхгүй. Магадгүй мэргэжлийн хүний хувьд анх яаж архивд орсон талаар сайн мэдэх байх. Мэргэжлийн бус бидний хувьд кадастрын зургийг хараад цэгийг тодорхойлж чадахгүй” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Газар эзэмшиж байсан гэрээ байхгүй байгаа бөгөөд өмнөх архивын баримт байхгүй байхад давуу байдал олгон, газар олгосон тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 2006 оноос 2021 он хүртэл 15-н жилийн хугацаанд газрын татвараа төлж, хашаагаа татан, барилга барин ашиглаж байхад гэр бүлийн хэрэгцээндээ газар авах гэхээр өгдөггүй атал гуравдагч этгээдэд давуу эрх олгон өгчихсөн. Гуравдагч этгээдтэй холбоотой архивын баримт байхгүй болох нь Газар зохион байгуулалтын ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Нэгдүгээрт, хэрэв байгаа тохиолд газар эзэмшиж буй гэрчилгээг үзүүлэв үү? Хоёрдугаарт, 2021 онд газрын хянан баталгаажуулалт хийхдээ хажуу хөрш айлуудаас ямар нэгэн маргаангүй талаар нэхэмжлэгчид бичиг өгсөн боловч хавтаст хэрэгт байхгүй байна. ... Гэтэл иргэн Н.Эийн хувьд ямар нэгэн байдлаар ашигласан зүйл байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх тус тус заалтыг биелүүлээгүй. Манай зүгээс гуравдагч этгээдүүдтэй маргаагүй, Газрын алба ашиглаагүй газрыг сунгаж өгсөнтэй маргаж байгаа ... Шийдвэрээ гаргахдаа тухайн газар дээр урьд өмнө ямар нэгэн газрын бүрдүүлбэр, архивын баримт байхгүй. Газрын тухай хуулиар газрыг 2 жил ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн заалтыг баримталж шийдвэрээ гаргана гэснийг харгалзаж үзнэ үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Иргэн Н.Э нь 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтад энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжаар иргэн Н.Эд 15 жилийн хугацаатайгаар 400 мкв газар эзэмшүүлсэн байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Э нь Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаар захирамжаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Э нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөх тухай хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/301 дүгээр захирамжаар 613 мкв болгож өөрчилсөн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.Э, иргэн А.Ж нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх бичиг баримт нь бүрэн, эрх шилжүүлэх гэрээ нь нотариатаар баталгаажсан, эрх хүлээн авч шилжүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээ эх хувиар материалд авагдсан тул дүүргийн Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байдаг. Дээрх газар нь иргэн С.Бын эзэмшлийн нэгж талбарын 1462*******1 дугаартай газартай ямар нэг байдлаар давхцаагүй мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд дүүргийн Засаг дарга 2021 оны А/105, 2021 оны А/301, 2022 оны А/161 дүгээр захирамжуудыг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуульд нийслэл Улаанбаатар хотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй 0.7 га газрыг эзэмшүүлнэ гэж байдаг боловч нэхэмжлэгч С.Б*******ын эзэмшлийн газрын хувьд уг хэмжээнээс илүү байна. Мөн 2005 оны захимжаар иргэн С.Б*******ад 400 мкв газрыг эзэмшүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч С.Б******* нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг зөрчиж, өөрийн 400 мкв-аас илүү талбайг авч эзэмшсэн. Үүнд тухайн үед Газар зохион байгуулалтын албанаас шинээр газар эзэмшүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Нөхөн бүртгэсэн тухайд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн газар зохион байгуулалтын албаны хувьд 2018 оноос эхлэн “Ланд Менеджэр” программ хангамж ашиглаж эхэлсэн. Үүнээс өмнө “Юби Жайс” мэдээллийн сангийн системийг ашиглаж, газрын үйл ажиллагаа явуулдаг байсан. Нөхөн бүртгэж оруулна гэдэг нь газрын мэдээллийг хуучин ашиглаж байсан мэдээллийн сангаас шинээр ашиглаж буй программ хангамжид хөврүүлэн оруулахыг хэлнэ.
Нэхэмжлэгч С.Б******* 2025 онд байшингаа барьсан гэж тайлбарладаг. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирсэн баримтаар нэхэмжлэгч нь өөрийн биш бусдын эзэмшил газар дээр байшингаа барьсан гэдэг нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д газрыг гэрээний үндсэн дээр эрхийг гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 57.4-т хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, аливаа иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж, ашиглахыг хориглоно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд С.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Миний нөхөр Н.Э нь 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт бичиж 2006 оны 07 дугаар сарын 25 өдрийн 164 тоот шийдвэрээр 400 мкв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар газар авч хашаагаа барьсан. 2021 онд 15 жилийн хугацаа дуусч 2021 оны 02 дугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Хын зусланд 699 мкв зуслангийн газар эзэмшдэг тул сунгаж өгнө үү гэж өргөдөл бичсэнээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105 тоот шийдвэрээр нэгж талбарын 146 дугаар бүхий 699 мкв газрын гэрчилгээ гарсан. А. Жт гэрээгээ шилжүүлэх үедээ манай газрын хашааны үүдний хавьд нэг байшин авчирч тавьсан байгаа, тэр байшин дээр газрын албанаас авч явахыг шаардсан шаардах хуудас наасан байгаа, ирээд авах байхаа гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрхээ шилжүүлэх гээд газрын албанд хууль журмын дагуу бэлтгэсэн бичиг баримтаа өгтөл Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн газрын маргаантай газар байна гээд хураан авсан. Кадастрын зурагт өөрчлөлт ору 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/301 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 146 дугаар бүхий 613 мкв газрын зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ гарсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ үйлдэж эрхээ шилжүүлсэн. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 01-04/6161 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд тодорхой бичсэн байна” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 онд тус газрыг худалдан авч, кадастрын зураг гаргуулсан. Уг кадастрын зургийн дагуу хоёр айл байсан бөгөөд манайх гуравдах нь болж хашаагаа барьсан. Гэтэл нэг сарын дараа эзэн нь тодорхойгүй байшин барьчихсан. Үүнтэй холбоотойгоор газрын албанд хандахад байшингийн эзнийг олно, шаардах хуудас наачих гэж хэлсэн. 700 мкв-ыг 613 мкв болгосон учир нь манай газарт байшин барьж, өөрийн эзэмшлийн газар болгон авсан. Жил болгон шаардах хуудас наасан боловч нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газар болгон авсан. Үлдсэн 600 гаруй мкв-ийг гуравдагч этгээд А.Жт зарсан бөгөөд гэрчилгээ нь хавтаст хэрэгт бий. Мөн бүх бичиг баримтыг шалгахад газрын татварыг төлж байсан болох нь тогтоогдоно. Манай зүгээс 6-7 жил хөөцөлдөн явж, 2 жилийн хугацаанд өвчний улмаас Солонгос Улсад эмчилгээ хийлгэн, хөөцөлдөж чадаагүй” гэв.
4.3. Гуравдагч этгээд А.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “А овогтой Ж миний бие зарын дагуу Н.Эөөс Хад байрлалтай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10 өдрийн А/105 тоот шийдвэртэй, нэгж талбарын 146 дугаар бүхий 700 мкв газрыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хууль журмын дагуу эрх шилжүүлэх гэрээ байгу, эрхээ шилжүүлэх үеэр Н.Эийн эхнэр С.Э манай газар дээр нэг байшин байгаа газрын албанаас байшингаа ав гэсэн улаан хөндлөн зураастай шаардах хуудас наасан байгаа байшинг удахгүй эзэн нь ирээд аваад явчихна гэж хэлсэн. Эрх шилжүүлэх бичиг баримтыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгөхөд зөрчилтэй газар байна гээд хураан авсан. Дараа нь дахин 2022 оны 02 дугаар сарын 23 өдөр Н.Этэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07 өдрийн А/301 тоот шийдвэртэй, нэгж талбарын 146 дугаар бүхий 613 мкв газрын гэрчилгээг зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шилжүүлэн, гэрээ хийж би авсан. Н.Э түүний эхнэр С.Э нь манай газар дээр нэг иргэн байшин авчирч тавиад манай газраас авчихсан гээд яриад байдаг. Энэ нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 22 Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хурлын асуулт хариултаас миний ойлгосноор Н.Эийн 700 мкв гэрчилгээтэй газар дээр нь С.Б******* нь зуны байшин байршуулаад газраас нь тасдаад авчихсан юм байна гэж ойлгосон. Энэ зуны байшин нь нилээд олон жил эзгүй байдаг байсан, хүн амьдрахааргүй нурсан байшин, би тэр хавьд худынхаа байшинд охиныхоо хүүхдүүдийг аваад зуншдаг байлаа. Хурлын асуулт хариултыг доор сийрүүлбэл: Хуралд гомдол гаргагч С.Б*******, оролцогчоор Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагч Н.Ч, миний бие А.Ж, нөхөр Д.С, Н.Эийн эхнэр С.Э, охин Э.Х, хүргэн Т.Б нар оролцсон.
Хурлын гишүүдэд хандан Н.Э түүний эхнэр С.Э нь 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 тоот шийдвэртэй 400 мкв газрын хуучны гэрчилгээг үзүүлэн, 15 жилийн дараа буюу 2021 онд газраа сунгу, гэрчилгээгээ авсан гэж ярьж танилцуулж байсан. Хурлын даргалагч: С.Б*******аас хуучны өмнөх гэрчилгээ нь байна уу гэж асуухад эхний удаа С.Б******* дуугараагүй, дахин хурал даргалагч энд чиний өмнөх гэрчилгээний хуулбар байхгүй байна чамд байна уу гэхэд С.Б******* байхгүй гэж хэлсэн. Мөн газрын төлбөрийн баримт байна уу гэж асуухад би хэрэгт өгсөн гэж хариулахад нь хурал даргалагч тэнд юу гэж өгөх юм бэ энд хуралд авчирч өгөх ёстой гэж хэлж байсан.
Хурал даргалагч: Н.Чгаас та нар хүмүүст газраа давхардуулж олгодог юм уу гэж асуухад Н.Ч “би мэдэхгүй, өмнөх газар зохион байгуулагч мэдэх байхаа гэж хариулж байсан. Энэ ярилцлага тухайн өдрийн хурлын тэмдэглэлд байгаа байх аа.
Миний бодлоор энэ асуулт хариултаас харахад: өмнөх гэрчилгээгүй С.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/396 тоот захирамжтай нэгж талбарын 1462*******1 дугаар бүхий 400 мкв газрын 000132615 дугаартай гэрчилгээтэй болсон байна. Цаашлаад миний худалдаж авсан 613 мкв газрыг авна гэж удаа дараа дарамталсан.
Манайх Н.Эөөс 613 мкв газрын эрхээ шилжүүлсний дараа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Б” ХХК-аар эргэлтийн цэгээ тодорхойлуулаад хашаагаа барьж амжаагүй байхад С.Б******* нь өөрийнхөө ногоон дээвэртэй, модон жижиг байшинг оруулаад манай авсан газрыг нийтэд нь хар өнгөтэй, төмөр хашаагаар хашаалсан байсан. Энэ ногоон дээвэртэй жижиг модон байшин нь С.Б*******ынх байсныг сүүлд мэдсэн.
Миний бие А.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд миний худалдаж авсан газар дээр 1,5 м өндөртэй, хар өнгөтэй төмөр хашаа барьсан байна гэж өргөдөл өгөхөд 14 хоногт асуудлыг шийдэлгүй удаж, удаж 8 сарын дундуур Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарсан гээд газар зохион байгуулагч Ч хашааг буулгаж журмын хашаанд хийнэ гээд машинаар ачаад аваад явсан.
2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “У” ХХК-аар ногоон өнгөтэй хашаа хийлгэж, С.Б*******ынхаар хамарлаж хашаалсан.
2023 оны 9 дүгээр сарын 22 өдөр зуслангийнхаа газар дээр ирэхэд С.Б*******ынхтай хамарласан 34м урттай 17 ш хашааг нурааж, тооны дэвтрийн цаасан дээр энэ миний өмч над руу залга // гэж бичээд гэрийн бүслүүрт хавчуулсан байсныг аваад тэр даруй цагдаад мэдэгдсэн.
С.Б******* нь цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ айл манай газрыг хууль бусаар өөрийн болгосон, мөн манай хар өнгөтэй хашааг ногоон өнгөөр будаад авчихсан байна гэж мэдүүлсэн байсан. Цагдаа ирж хашааг үзээд үндсэн өнгө нь ногоон юм байна гээд явсан. Миний нөхөр Д.С нь бүх нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Төмөр шонгуудыг хугалж, эвдэж, савх төмрүүдийг нь самбараас нь салгасан. Нураасан хашаа одоог хүртэл засагдаагүй савх төмрөөр нь төмөр хашаагаа түшүүлсэн байгаа.
С.Б******* манай хоёрын хамарласан хашааг гадны хүн яасан гэж эвдэж нураах билээдээ. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаагдсан.
2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай хашааны үүдэнд цагаан машин зогсчихсон хүн зураг дараад байхаар нь би гэрээсээ гараад очиход С.Б******* нь хашаанд орж ирж миний нүүр лүү нулимж, газраас шороо авч цацаад үхээчээ авгай минь зайлаад өгөөч гээд доромжилсон. Ингэж удаа дараа дарамталж айлгадаг.
С.Б******* нь Н.Эийн 700 мкв газар дээр зуны байшин байршуулж, 400 мкв газрыг нь тасалж авснаар, би худалдаж авсан 613 мкв газраа бүрэн гүйцэд эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа. Учир нь манай хойд талд байдаг айлууд манай газар дээгүүр машинаараа орж, гардаг. Иймд С.Б******* өмнөх гэрчилгээгүй, газрын төлбөр төлсөн баримтгүй, шинээр авсан гэрчилгээ болох 2019 оны 10 сарын 29-ны өдрийн А/396 тоот нэгж талбарын 1462*******1 дугаар бүхий 400 мкв газрын гэрчилгээ хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.4. Гуравдагч этгээд А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2021 онд тус 700 мкв талбай бүхий газрыг зар дээрээс харж худалдан авсан. Үүний дараа газрын алба хураан авч, 613 м.кв болгож 2022 онд эрхээ шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч байшин барьсантай холбоотойгоор өөрийн эзэмшлийн 613 м.кв талбай бүхий газраа авч чадахгүй байгаа. Хойд талын айлуудын хувьд орц гарцгүй учир манай газраар орж гарч байгаа.” гэв.
4.5. Гуравдагч этгээд А.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ маргаантай холбоотой газрын давхцал 2019 онд анх үүссэн. 2019 онд иргэн С.Б*******ад 400 мкв талбайтай газрыг олгохдоо кадастрын зургийн дагуу иргэн Н.Эд олгосон байсан газрыг олгосон. Энэ нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Үүний өмнө тухайн газар дээр ямар нэгэн давхцал байгаагүй. Нэхэмжлэгч нь өмнө нь тусдаа 996 мкв газрыг тухайн зураг дээр ягаан өнгөөр зурсан байна. Өөрийнх нь байшин нь ягаан газраасаа гараад, Н.Эд олгосон газар руу орсон нөхцөл байдалтай байгаа. 2019 оны байдлаар иргэн н.Эийн эрх зүйн байдал дордсон байсан. Захирамжаар олгосон газрын мкв кадастрын зурагтай зөрвөл ямар асуудал болох нь тусдаа асуудал юм шиг байна. Гэхдээ тухайн үед кадастрын зургаар газрын нэгдсэн санд орсон байсан. Үүний дараагаар иргэн Н.Э 2021 онд газраа сунгуулахаар очиход газрын алба энэ асуудлыг мэдэж байсан юм шиг байсан. Учир нь Н.Э гэх хүний газраас зарим хэсгийг нь авч С.Б*******ад эзэмшүүлсэн учраас Н.Эд ямар нэгэн байдлаар газрыг нэмж олгох хэрэгтэй гэж үзэж газрын хэмжээг сунгаж өгсөн үйл баримт харагдаж байна. Эцэстээ тухайн үеийн шийдвэрээр иргэн Н.Э нь анх 700 мкв газартай байсныг дараа нь 613 м.кв талбайтай болгож багасгаж газрын хэмжээ өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэн хуульд заасан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч талд өнөөдрийн байдлаар зөрчигдсөн эрх байхгүй. Газрын илүү төлбөрийн асуудал нь 990 мкв талбайтай байсан учраас 700 м.кв-аас илүү газар өгөхгүй, харин 900м болон 700 мкв талбайн зөрүүг төлөх боломжтой, ирээдүйд өмчилж авах боломжтой гэх санаа өгсөн. Илүү төлсөн газрын хувьд иргэн Н.Эийн газартай огт хамааралгүй. Зөвхөн өөрийн ягаан зургаар зурсан талбагийн төлбөрийг төлсөн. 700 м.кв дээш олгогдсоноос хамааран 200 м.кв-ийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэх асуудал яригдсан гэж ойлгосон. 2019 онд тухайн үедээ 400 мкв газрыг авсан болов ямар нэгэн гомдол гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хажуугийн газраа хүүхдүүдээ авах гэж байсан гэх тайлбар гаргаж байна. Хэрэгжүүлэх гэж бодож байсан нь өөрөө хуулиар олгогдсон ямар нэгэн объектив, субьектив эрх биш бөгөөд тухайн хүний өөрийн төсөөлөл болно. 2005 онд байшинг барихдаа одоо харуулж буй кадастрын зургаар өөрийнхөө газар дээр бариагүй. Байшингийн талбайн суурийн хувьд иргэн Н.Эийн газарт орчихсон бөгөөд 2006 онд албан систем цахимд шилжээгүй байсан учир кадастрын зураг давхцаж олгогдсон нөхцөл байдалтай байна. Тухайн газарт иргэн А.Жын субьектив эрх бий болсон, газрын магадлал бий болчихсон. Хоёр жил дараалан эзэмшээгүйтэй холбоотойгоор хүчингүй болгуулах эрх Засаг даргад олгогдсон бөгөөд хөндлөнгийн этгээдийн шаардлагаар, гомдлоор хэрэгжүүлэх агуулга байхгүй. Үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар хэрэгждэг эрх биш. Нэхэмжлэгч С.Бын хувьд өөрийн эзэмшлийн газрыг өөр хүн авчихлаа гэж байгаа боловч тухайн газар нь өөр болно. Би тухайн газарт башингаа барьчихсан гэх үндсэн аргумент хэлдэг. Тухайн үед гуравдагч этгээдүүд газрыг авсан эсэх нь өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээхэд ямар нэгэн байдлаар саад болохгүй. Магадгүй байшинтай холбоотой маргаан байсан тохиолдол Иргэний хэргийн шүүхээр сэргээлгэж болох байсан байх. Өнөөдрийн байдлаар тухайн газрыг иргэн С.Б******* өөрийн эзэмшилдээ авчихсан, тухайн үед барьсан гэж хэлж байгаа байшин нь өөрийнх нь газар дээр байж байна. Тухайн нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар эрх ашиг, хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн хуульд заасан хууль ёсны ашиг нөхцөл нь зөрчигдсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Б*******аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогду “Сүхбаатар дүүргийн засаг даргын 2021 оны А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний бодитоор эзэмшиж байсан газарт бусдад газар эзэмшүүлж, кадастрын зургийг нөхөж бүртгэсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1 Сүхбаатар дүүргийн Засаг даргын
3.1.1. 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн С.Б*******ад тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах 400 мкв талбайтай газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
3.1.2. С.Б******* болон Сүхбаатар дүүргийн газрын алба нар 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээ” байгуулсан байх ба гэрээний 2.1-т газрын хэмжээг “...400мкв”, “...997мкв” гэж зөрүүтэй тэмдэглэсэн байна.
3.1.3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/396 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хад байрлах нэгж талбарын 1462*******1 дугаар бүхий 400 мкв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
3.2. Мөн Засаг даргын
3.2.1. 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжаар мөн дүүргийн 15 дугаар хороонд байрлах 400 мкв талбай бүхий газрыг иргэн Н.Эд эзэмшүүлж шийдвэрлэсэн.
3.2.2. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 000 тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх ба эзэмшиж буй газрын хэмжээг 699 мкв гэжээ.
3.2.3. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Н.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.
3.2.4. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны А/301 дүгээр “Газар эзэмших эрхийн талбай хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай” захирамжаар Н.Эийн эзэмшил бүхий 400 мкв талбай бүхий газрын хэмжээг 613 мкв болгож нэмэгдүүлсэн.
3.2.5. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Н.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.Жт шилжүүлж шийдвэрлэсэн.
4. Газрын тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар эзэмших, ашиглах өмчлөх харилцаанд “тэгш байдлын зарчим”-ыг баримтлахаар, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах”-аар, 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгөх”-өөр тус тус зохицуулжээ.
5. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хад байрлах 400 мкв газрыг нэхэмжлэгч С.Б*******, 613 мкв газрыг гуравдагч этгээд А.Ж нар тус тус эзэмшиж байх ба тус газрууд нь зэргэлдээ байрлалтай, харин нэхэмжлэгч С.Б*******ын анх эзэмшиж байсан гэх С.Б******* болон Сүхбаатар дүүргийн газрын алба нарын хооронд 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан гэрээнд заасан нэгж талбарын 18641 дугаар бүхий 996 мкв талбай бүхий газар нь нэхэмжлэгчийн одоо эзэмшиж буй 400 мкв болон гуравдагч этгээдийн одоо эзэмшиж буй 613 мкв газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газраас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 2/3756 тоот албан бичиг, хавсралт зургаар тогтоогдов.
6. Мөн нэгж талбарын 18641 дугаар бүхий 996 мкв талбай бүхий газар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 тоот тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-д заасны дагуу 1 дугаартай болж өөрчлөгдсөн, өнөөдрийг хүртэл газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хашаалан маргаж буй Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хад байрлах газарт бус тус газрын урдуурх гудамжинд, авто зам дээр байрлаж байгаа болох нь egazar.gov.mn цахим хуудаст нийтэд ил нээлттэй харагдаж байхын зэрэгцээ, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газраас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 2/3441 тоот албан бичгийн хавсралт зургаар тогтоогдож байна/ https://egazar.gov.mn/map?parcel_no=1 /.
7. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт”-д С.Б*******ын эзэмшиж байгаа газрын хэмжээг 1036мкв талбайтай гэж тусгажээ/1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дахь талд/.
8. Нэхэмжлэгч С.Б*******аас “өөрийн эзэмшиж байгаа газрын хилийн зааг эргэлтийн цэгийг анх дүүргийн газар зохион байгуулагч н.Мээр заалгасан” гэж, 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,520 төгрөг, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 32,300 төгрөг, 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 64000 төгрөг, 2021 оны газрын төлбөр 50,571, 33,714 төгрөг, 2022 оны газрын төлбөр 17,530, 25,152 төгрөг, 2023 оны газрын төлбөр 17,568, 19,200 төгрөгийг газрын төлбөрт төлсөн баримтыг шүүхэд ирүүлж “газрын албаны зөвшөөрснөөр 0,07 га талбайгаас илүү эзэмшиж байсан газартаа газрын төлбөр төлж байсан” гэж тус тус тайлбарласан.
9. Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/7923 тоот, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/9155 тоот албан бичгүүдээр “... С.Б*******ын эзэмшиж буй газрын газар баталгаажилтын хувийн хэрэг, С.Б******* болон түүний эхнэр Б.Түмэнжаргал нараас маргаан бүхий байршилд газар эзэмших талаар гаргасан хүсэлтүүдийг ирүүлэх”-ийг мэдэгдсэн боловч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07-17/1508 тоот албан бичгээр “хүсэлт гаргаж байгаагүй” гэх хариуг ирүүлсэн.
10. Энэ тохиолдолд С.Б*******аас анх гаргасан газар эзэмших хүсэлт хадгалагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул С.Б******* нь аль байршилд хэдий хэмжээний газрыг эзэмшихээр хүсэлт гаргасныг шүүхээс тогтоох боломжгүй байна.
11. Түүнчлэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164 тоот захирамжаар Н.Эд 400 мкв газрыг эзэмшүүлсэн гэх боловч кадастрын зургийг 700 мкв талбайтайгаар үйлдэж мэдээллийн санд бүртгэсэн, уг зураг нь нэхэмжлэгчийн байшин байрлаж буй газартай давхцал үүссэнээс газрын хэмжээг 613 мкв болгож багасгасан байх тул Н.Эд эзэмшүүлсэн 400 мкв газрын бодит байршлыг мөн шүүхээс тогтоох боломжгүй байна/1 дүгээр хавтаст хэргийн 199 дэх талд/.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.
13. Иймд нэхэмжлэгчийн “...анх 997 мкв газрыг анх эзэмшсэн, гэрчилгээнд 400 мкв талбайтайгаар тусгасан боловч илүү талбайд төлбөр төлж эзэмшиж байсан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй, хариуцагч нь 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжийн дагуу С.Б*******ын бодитоор эзэмшиж байсан газарт гуравдагч этгээдэд 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 тоот захирамжаар давхцу газар/700 мкв талбайтайгаар үйлдэгдсэн кадастрын зургийн хувьд давхцалтай/ эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б*******ад 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот захирамжаар 400 мкв газрыг эзэмшүүлсэн гэх боловч гэрээнд газрын хэмжээг 997 мкв талбайтайгаар тусгасан, мөн гуравдагч этгээд С.Э/Н.Эийн эрх залгамжлагч/-д 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 тоот захирамжаар мөн 400 мкв газрыг эзэмшүүлсэн боловч Кадастрын зургийг 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 700 мкв талбайтайгаар үйлдэж хувийн хэрэгт хадгалсан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/105 дугаар захирамжаар Н.Эийн газар эзэмших эрхийн хугацааг 400 мкв талбайтайгаар сунгасан атлаа мөн оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000 тоот гэрчилгээнд газрын хэмжээг 699 мкв талбайтайгаар тусгасан, мөн С.Б*******ын эзэмшиж байсан гэх 997 мкв газрын кадастрын зураг нь 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн байгаа байгаагаас үзвэл, нэхэмжлэгчид 997 мкв газрыг анх эзэмшүүлэхээр зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
15. Иймд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь маргаан бүхий байршилд бус гудамжинд байгаагаар мэдээллийн санд бүртгэгдсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байх ба улмаар захиргааны байгууллага газрыг мэдээллийн санд үзэн зөв бүртгэх үүргээ хангалтай биелүүлээгүйгээс гуравдагч этгээдийн гаргасан 700мкв/2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 тоот захирамжаар 400 мкв талбайтайгаар олгогдсон/ газартай давхцал үүссэн, үүний улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд газрын маргаан үүссэн байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “С.Б******* нь анхнаасаа 400 мкв газар эзэмшсэн, тус газар нь маргаан бүхий газарт бус урьд талд давхцалгүйгээр байрлаж байсан” гэх тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэлээ.
16. Зүй нь Газрын тухай хууль/2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” үүргийг нь дүүргийн Газрын алба хэрэгжүүлэхээр, 31 дүгээр зүйлийн 31.3-т “эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газартай давхцаагүй байх” шаардлагыг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийг хариуцагч дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр тус тус хуульд зохицуулсан байсан байхад анхны кадастрын зургуудын хувьд давхцалгүй боловч бодит байдалд давхцалтайгаар газар эзэмших эрхүүдийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгожээ.
17. Улмаар бодит байдалд үүсэж буй энэхүү давхцалыг газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа 2019 болон 2021 онуудад залруулж, С.Б*******ын эзэмшиж буй газрын хэмжээг 400 мкв талбайтайгаар нэгж талбарын 1462*******1 дугаартайгаар, Н.Эийн эзэмшил газрын хэмжээг 613 мкв талбайтайгаар нэгж талбарын 146 дугаартайгаар мэдээллийн санд бүртгэсэн нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/3756 тоот лавлагаа, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 22 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдов.
18. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С.Б*******аас анх аль байршилд, хэдий хэмжээний газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан болох, дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар С.Б*******ад 400 мкв эсхүл гэрээнд заасан 997 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч нь хэдий хэмжээгээр илүү эзэмшиж байгаа газарт газрын төлбөрийг төлж байсан болох, С.Б*******ад маргаан бүхий байршлыг эсхүл гудамжинд байршиж байгаа нэгж талбарын 18641/шинэ дугаарлалтаар 1/ дугаар бүхий 996 мкв талбай бүхий газрыг дүүргийн Газрын албаны мэргэжилтнээс зааж, тэмдэгжүүлж өгсөн эсэх, нэгж талбарын 18641 /шинэ дугаарлалтаар 1/ дугаар бүхий 996 мкв талбай бүхий газар байршиж буй хэсэгт гудамж төлөвлөгдсөн байсан эсэх, эсхүл нэхэмжлэгч болно гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосноос хойш гудамж төлөвлөгдсөн эсэхийг тодруулсны үндсэн дээр бодит байдал дээрх газрын давхцалыг шийдвэрлэхээр, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.
19. Хариуцагч нь дээрх 18 дахь хэсэгт дурьдсан нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн давхцалыг шийдвэрлэх шинэ акт гаргах шаардлагатай байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164, 2021 оны А/105, А/301, 2022 оны А/161 дугаартай захирамжуудын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/301, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 дүгээр захирамжуудын Н.Э, А.Жт нарт холбогдох хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал зохих нөхцөл байдлуудыг шалгасны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/301, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 дүгээр захирамжуудын Н.Э, А.Жт нарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ